Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01381

 

Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00533 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1009 дүгээр магадлалтай,                                                                                                   

             Б ын нэхэмжлэлтэй,

             Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох

        Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б  нь Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2013 оны 01 сарын 07-ны өдрийн тушаалаар Архив мэдээллийн дэд сангийн зохицуулагчаар томилогдон ажиллаж, 2014 оны 08 сарын 25-ны өдрийн 41 тоот тушаалаар Улаанбаатар аэрологийн өртөөний техникчээр дэвшин ажилласан. Б ыг хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлэн 2016 оны 08 сарын 23-ны өдрөөс эхлэн Энэтхэг Улсын Ахмедабад хотод Цаг уурын хиймэл дагуул ба дэлхийн уур амьсгал сэдэвт мэргэжил дээшлүүлэх 9 сарын сургалтад суралцуулсан. Ингээд 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Б/24 тоот тушаалаар аэрологийн техникчээр эгүүлэн томилогдсон. Гэтэл 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/30 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Б ыг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбарт: Б  нь 2017 оны 08 сарын 26-ны өглөөний 07 цаг 30 минутын ажил тасалсны улмаас олон улсын мэдээ тасарч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан. Олон улсын солилцооны мэдээ тасалсан талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн газраас 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 2/265 тоот албан бичигт 8 сарын 26-ны өдрийн өглөөний 07 цаг 30 минутын хөөргөлт шалтгаангүй тасарсан тул мэдээний ирцээс 10 хувийг хасаж дүгнэсэн гэсэн байсан. Байгууллагын удирдлагын зүгээс Байгууллагын дотоод журмын 3.4.2.3, 3.4.3-т зааснаар тушаал гаргаж, 3 гишүүнтэй комисс томилж гэнэтийн шалгалт хийсэн бөгөөд ерөнхий технологич инженер Н.Идэрчулуун, Б  нар нь ажлын байрыг дур мэдэн орхин явдаг, ажил тасалдаг, өөр хоорондоо амаар тохиролцон ажилдаа ирдэггүй, хөөргөлтийг хийхдээ технологийн алдаа гаргадаг зэрэг зөрчлүүд 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 01/АГШ201709 тоот актаар тогтоогдсон. Мөн дээрх зөрчлүүд нь баримтаар нотлогдсон. Иймд Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                               

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00533 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Б ын гомдол буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1009 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.01-ний өдрийн 184/ШШ2018/00533 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.30-ны өдрийн 1009 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хууль хэрэглээний асуудлыг "гомдлын материаллаг эрх зүйн шаардлага" болгож хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт "зөрчил илэрснээс хойш "1" сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэж маш тодорхой хуульчлан заажээ. Гэтэл ажлаас халсан тушаал 2017.10.04-ний өдөр гарсан байна. Харин ажлаас халах үндэслэл болсон гэх зөрчил нь 2017.08.26-нд гарч, тэр өдрөө илэрчээ. Үүнээс үзвэл зөрчил илэрснээс хойш 37 хоног өнгөрчээ. Иймд ажил олгогч дээрх хуулийн заалтыг зөрчиж, бүтэн 7 хоногийн дараа ажлаас халах тушаал гаргасан нь илт хууль бус болжээ. Дээрх байдлууд нь ажил олгогчийн 2017.10.04-ний өдөр гаргасан Б/30 дугаар бүхий "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" тушаал, түүнд дурдсан "2017.08.26-ны өглөөний 07 цаг 30 минут" гэх зэрэг "бичигдмэл" зөрчил гаргасан болон зөрчлийг илрүүлсэн огноонууд болон ажилтан Б ын 2017.08.27-ны өдөр гаргасан өргөдөлд "2017.08.26-ны өглөө ээлжтэй байсан боловч хөөргөлт тасалсан" гэж бичсэн огноонуудаар тус тус нотлогддог.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай МУ-ын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33-р тогтоолын 15.4.2-т "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид ... эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон ... байхыг ойлгоно" гэж заажээ. Гэтэл шүүх хариуцагчийн "олон улсын мэдээ мэдээллийг өгөх, дамжуулах нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг бөгөөд уг мэдээлэл тасарснаар манай нэр хүндтэй шууд холбоотой тул байгууллагад хохирол учраагүй гэж үзэж болохгүй" гэсэн үгэн тайлбарыг үндэслэл болгов. Үүнээс үзвэл хууль хэрэглэх үндэслэл болсон Улсын дээд шүүхийн тайлбарыг бус харин ямар ч эх сурвалж, нотолгоогүй ажил олгогчийн амаар хэлсэн тайлбарыг шүүхийн шийдвэр гаргах гол үндэслэл болгосон явдлыг буруу гэж үзэж байна. Учир нь шүүх хариуцагчийн тайлбарын оронд Улсын дээд шүүхийн тайлбарыг үндэслэл болгосон бол "ноцтой зөрчил нь заавал гэм хор - хохирол шаарддаг" гэдгийг ойлгон мэдэх байсан ба энэ үндсэн дээр хуулийг зөв хэрэглэж чадах байлаа. Иймд "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" тушаалыг хууль бус болохыг тогтоон өгч, анхан ба давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, иргэн Б ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б  хариуцагч Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил буюу олон улсын солилцооны мэдээ тасалсан, зөрчлийн актаар технологийн алдаа гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн гэж маргажээ.

Ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 3.2.5.1, 3.2.5.5, 3.2.5.9, 3.2.5.11, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3.2, 6.2.3, 6.2.13, Улаанбаатар хотын УЦУОШГ-ын Аэрологийн шинжилгээний Улаанбаатар өртөөнд гэнэтийн шалгалт хийх тухай 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/АГШ201709 тоот актыг тус тус үндэслэж, 2017 оны 8 дугаар сарын 26-ны өглөөний 07 цаг 30 минутын радиозондын хөөргөлт болон олон улсын мэдээ солилцооны хөтөлбөрт ажлыг тасалсан, 8 дугаар сарын 19-ний өдрийн хөөргөлтийн нэгдсэн мэдээг 2 хоног хугацаа хоцроож дамжуулсан, гадаадад суралцсан хугацааны тайлангаа танилцуулаагүй, гэрээ болон дотоод журамд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажил олгогчоос нэхэмжлэгчийн ажиллаж байсан Аэрологийн шинжилгээний Улаанбаатар өртөөнд гэнэтийн шалгалт хийсэн 01/АГШ201709 актаар 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөөргөлт хийгдээгүй мэдээ тасарсан, техникч Б  ээлжтэй байсан, унтаж хөөргөлт тасарсан, олон улсын солилцооны мэдээг тасалсан гэх дүгнэлт, нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын УЦУОШГазарт гаргасан 2017 оны 8 дугаар сарын 26-ны өглөө ээлжтэй байсан боловч өөрийн буруугаас хөөргөлт тасалсан, миний өөрийн буруу тул хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн тайлбар, энэ үйл баримтын тухай гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Б  нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажиглалтын мэдээг хугацаанд нь дамжуулах, мэдээ таслах, хугацаа хоцролт гаргахгүй байх үүргээ зөрчсөн нь тогтоогдсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлсэн байна.

 Ажилтантай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 3.2.5.5-д ...цаг агаарын урьдчилсан мэдээг санаатай хоцроосон, огт өгөөгүй..., 3.2.5.9-т ажлын байраа орхиж явсан, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3.1, 5.1.3.2, 5.1.3.5, 6.2.3-т ажиглалт мэдээг таслах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног, түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцжээ. Иймд дээрх зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00533 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1009 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.             2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН