| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2016/01584/И |
| Дугаар | 182/ШШ2017/00222 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2017/00222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамж, 799А тоотод оршин суух, Баяжих овогт Ордосын Эрдэнэцэцэг /РД:ХЕ58071801/-ийн хүсэлттэй,
“Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч О.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “О.Эрдэнэцэцэг миний бие 1984 оны 08 дугаар сарын 01-нээс 1992 оны 08 дугаар сарын 30-н хүртэл хуучин нэрээр Ажилчны районы 10 жилийн 34 дүгээр бүрэн дунд сургуульд багшаар томилогдон ажиллаж байсан тушаал огт байхгүй 34 дүгээр дунд сургуулийн архивт байхгүй, мөн Нийслэлийн архиваас шүүгээд ч гарч ирэхгүй байгаа боловч 1987 оны 08 дугаар сарын 21-нээс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 12 жилийн 34 дүгээр сургуульд зураг-хөдөлмөрийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж О.Эрдэнэцэцэг би тэр үеийн нэрээр ажилчны районы 10 жилийн 34 дүгээр дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 21-нээс 1992 оны 08 дугар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан байсан жилийг тогтоож өгнө үү.
1987 оны 08 дугаар сарын 21-нээс 10 жилийн 34 дүгээр дунд сургуульд үйлчлэх-хөдөлмөрийн багшаар томилогдон 1992 оны 08 дугаар сарын 30-ныг хүртэл ажиллаж байсан” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч О.Эрдэнэцэцэг нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
О.Эрдэнэцэцэг нь 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ажилчны районы 34 дүгээр дунд сургуулийн Үйлчлэх хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан О.Эрдэнэцэцэгийн 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатарын районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсээс олгосон Хөдөлмөрийн дэвтэр, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/2029 дугаар архивын лавлагаа, Хан-Уул дүүрэг Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 138 дугаар албан бичиг, гэрч З.Алтанцэцэг, Д.Дуламжав нарын мэдүүлэг, түүний ажиллаж байх үедээ авахуулсан фото зураг зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч О.Эрдэнэцэцэгийн улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баяжих овогт Ордосын Эрдэнэцэцэг /РД:ХЕ58071801/ нь 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ажилчны районы 34 дүгээр дунд сургуульд Үйлчлэх хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС