Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 933

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: С.Болорзул;

хохирогч: Н.Дуламханд, түүний өмгөөлөгч Б.Мянган;

гэрч: В.Мөнхжаргал;

шүүгдэгч: Б.П, түүний өмгөөлөгч С.Одгариг, Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

               Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Евро Ази” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,    урьд ял    шийтгэлгүй,    хэрэг    хариуцах    чадвартай,    Б.П.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.П нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хуурай мухар 1 дүгээр гудамж, 198 тоот /Хуурай мухар /14121/ 12 дугаар хэсэг гудамж, 1203 тоот/-д оршин суугч иргэн Н.Дуламхандын зөвшөөрөлгүйгээр дээрх хаягт байрлах байшингийн хаалганы цоожны голыг сольж нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, байшин доторх эд зүйлсийг нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү зөөх зэргээр дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “...Гэрчийн мэдүүлгүүд буруу ташаа байна. 2009 оноос барьцааны болон эрх шилжүүлэх гэрээгээр албан ёсоор газар, тухайн объектыг хүлээж авсан. Иргэн Цэцэгмаа худал мэдүүлэг өгсөн байна. Нотариатаар батлуулаад Сүхбаатар дүүргийн газрын албанд өргөдөл гаргаж байсан. Тухайн өргөдлийн үндсэн дээр эрх шилжүүлэх гэрээг нотариатаар баталгаажуулаад тухайн газар албан ёсоор ирсэн. 2009-2012 оны хооронд 2 удаа гэрээгээ алга болгоод хагас жил хөөцөлдөөд цагдаагийн байгууллагад хандаж 2 удаа сунгаж байсан. Гэрээнд “үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй, нэг сарын дараа гаргаж өгнө” гэж бичсэн байгаа. Миний хувьд тухайн байшинг өөрийн өмч гэж ойлгосон. 2015, 2019 онд Н.Дуламхандтай асуудал болж байхад надад гэрчилгээ харуулж байгаагүй. Хэргийн материалтай танилцахдаа Н.Дуламханд өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэдгийг ойлгосон. 2020 оны 08 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад Цэцэгмаа гэх хүн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байж таараад бид нарыг давхар давхар залилсан гэж ойлгосон. Цоожны гол сольсон асуудлын хувьд би очих болгондоо цаас наадаг байсан нь үнэн. Гэтэл үндсэн шалтгаан нь Цэцэгмаатай холбоотой асуудал дурдагдахгүй байна. Би өөрийн өмч гэж ойлгоод хамгаалсан. Насанд хүрээгүй хүүхдийн хажууд тухайн байшинг онгойлгосон зүйл байхгүй. Миний хувьд юмыг аль болох хуулийн дагуу хийхийг оролддог. 2009 онд байгуулсан гэрээнд “үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө” гэсэн байгааг анхаарч өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Дуламханд мэдүүлэхдээ: “...2014 оны намар Адъшаа, Саранчимэг нартай зусланг нь худалдаж авахаар ярилцаад 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөхийн гэрчилгээг Саранчимэгээс шилжүүлж авсан. 2015 оны зунаас хүүхдүүдээ зусланд гаргасан. Тухайн үед би Адъшаагаас газрын гэрчилгээг асуухад “зохицуулаад өгнө” гэж хэлсэн бөгөөд найзууд учраас тоогоогүй. Эмэгтэй, эрэгтэй хоёр хүн шууд орж ирээд дээд давхар руу гараад “манайх маргаашнаас засвар оруулна” гэж хэлсэн байсан. Тэгээд цагдаа дээр очоод тухайн газрыг газрын маргаантай гэдгийг мэдсэн. 2015 онд тухайн газрыг авахад 15 дугаар хороо байсан 2017 онд хороо солигдсон байсан. Тэр үед давхцал гарч ирэхгүй учраас Б.П үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан байсан. Анх 2010 онд улаан тоосгон байшин байсан бөгөөд Адъшаа гадна талыг нь шавардаад шар өнгөтэй болгосон. Би шар өнгийн байшин байхад нь авсан. Б.П тухайн байшинд нэг ширхэг ч тоосго оруулаагүй. Миний хувьд Б.Пыг танихгүй, Б.Птой ямар нэгэн маргаан байхгүй. Цэцэгмаа гэдэг хүнд залилуулсан гэж ойлгосон. 2019 онд цоожны гол сольсон байсан. Тухайн байшин өвөл байх боломжгүй учраас зун ирэн очин байдаг. Хүүхдүүд “цоожны гол солиод тавилгуудыг нааш цааш нь хөдөлгөсөн байна” гэж хэлсэн. Тэгээд дараа нь би цоожоо солих гээд очиход том тавилгуудыг үлдээгээд бусад тавилгуудыг дээд давхарт өрөөнд хийгээд цоожилсон байсан. 2015 оны 08 дугаар сард цагдаа дээр Б.Птой таарахдаа “надад бас гэрчилгээ байгаа” гэдгээ хэлж байсан. Тэгээд Адъшаад “чи надад газрыг зарсан болохоор энэ асуудлаа зохицуулж өг” гэж хэлээд орхиод явсан. Үл хөдлөхийн гэрчилгээтэй, хүүхдүүд амьдарч байхад газрын маргаанаасаа болж орон гэр рүү дайрч байгаад гомдолтой байна. Хүүхдүүд айгаад зусландаа гарч чадахгүй байгаа. Гэр орондоо тайван байж чадахгүй байна. Хууль ёсны байраа өөрийн болгож авах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч В.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “...Тухайн зуслангийн газарт 2015 оноос эхэлж зун гардаг байсан. 2015 онд бид нар тухайн байшинд засвар хийж байхад Б.П ирсэн. Тэр үед энэ асуудлын талаар мэдсэн. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.П нь байшинд очиж цоожны гол сольсон байсан. Миний хувьд хөдөө ээжтэйгээ цуг ажил хийдэг байсан. Б.П нь зуслангийн байшинг лацдаж бичиг наагаад явсан байсан. Байшин дотор байсан тавилгуудыг дээд давхар луу гаргаад нэг өрөөнд нь хийсэн байсан. Б.П нь тийм олон удаа бичиг нааж байгаагүй. 1 удаа л наасан байсан. Тэгээд утас руу нь залгахад утсаа авдаггүй байсан. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бид нар гэртээ байгаагүй. Б.П “гэр лүү чинь орлоо шүү” гэдэг талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Б.Пт миний утасны дугаар байсан тул мэдэгдэх боломжтой байсан. Хаалганы гол солихоос өмнө миний утсыг мэддэг байсан. Тэрнээс хойш би зурвас бичихэд хариу бичдэггүй байсан. Тэгээд би нэг өдөр байшин дээрээ очиход машинтай хүмүүстэй ирчихсэн байшинг үзүүлэх гээд байж байсан. Энэ зун бид нар өөрсдөө гарсан. Тухайн цоожийг дахиж бид нар өөрсдөө сольсон. Цоожийг дахиж сольсон он сарыг сайн санахгүй байна” гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Н.Дуламхандын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсралт /хх-ийн 19-22/, эд зүйл, баримт бичиг, ...бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 40-50, 51-54/, хохирогч Н.Дуламханд /хх-ийн 57-59, 60-62/, гэрч В.Мөнхжаргал /хх-ийн 69-71/, гэрч Л.Цэцэгмаа /хх-ийн 72-74, 80-81, 94-96/, Б.Лхагваням /хх-ийн 75-76/, гэрч Л.Даваасүрэн /хх-ийн 77-79/, гэрч Э.Өнөрхүү /хх-ийн 83, 84/, гэрч Я.Саранчимэг /хх-ийн 87-89/, гэрч Ц.Уянга /хх-ийн 90-93/, гэрч Ц.Тулга /хх-ийн 97-98/ нарын мэдүүлэг, Хот байгуулалт, хөгжлийн газрын албан бичиг, хавсралт /хх-ийн 115-123/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архиваас ирүүлсэн баримтууд /хх-ийн 129-151/, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, хавсралт /хх-ийн 153-175/, Б.Пын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, хавсралт /хх-ийн 178-181/, Б.Пын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-7, 8-12/, Б.Пын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 101, 105-106/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хуурай мухар 1 дүгээр гудамж, 198 тоот /Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар /14121/ 12 дугаар хэсэг гудамж, 1203 тоот/-д оршин суугч иргэн Н.Дуламхандын зөвшөөрөлгүйгээр дээрх хаягт байрлах байшингийн хаалганы цоожны голыг сольж нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, байшин доторх эд зүйлсийг нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү зөөх зэргээр дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

 хохирогч Н.Дуламхандын /хх-ийн 57-59, 60-62/: “...Би 2014 оны намар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар 12 дугаар хэсэг гудамж 1203 тоотод байрлах амины орон сууцыг найз Адъшаа болон түүний гэр бүлийн хүн Саранчимэг нараас 60 сая төгрөгөөр худалдаж аваад 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргуулж авсан. ...Б.П гэх хүн энэ бичиг баримтыг яаж бүрдүүлж авсныг мэдэхгүй. ...Манайх 2015 оноос одоог хүртэл байгаа. Миний өмнө манай найз Адъшаагийх 4 жил амьдарсан. Тэднийх нүүгээд манайх зөрөөд нүүгээд орсон. 2015 онд санаж байна, Б.П гэх хүн ирээд “энэ миний байшин, танайх нүү, манайх засвар хийх гэж байна” гэж хүүхдүүдийг байхад ирсэн байсан. Тэгэхээр нь би тэр дор нь Адъшаад хэлэхэд “за, би учрыг нь олъё” гэсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа цагдаагийн хэлтэс дээр   дуудагдаад   ирэхэд   Адъшаа, Б.П, Цэцэгмаагийн   нөхөр   нь  гээд  нэг  хүн ирчихсэн байсан. Цэцэгмаагийн нөхөр Б.П 2 хоорондоо маргалдаад  байсан. Надад хамааралгүй байсан учир тэр хэдийн ярианд оролцоогүй. Би Б.Пт “чи яагаад хүний байшин руу дураараа ордог юм бэ” гэж хэлэхэд “танд хамаагүй, Цэцэгмаа 10 сая төгрөг зээлчихээд өгөхөгүй байгаа, энэ байшинг нь авна” гэж хэлж байсан. ...Тэрнээс хойш 4 жилийн дараа 2019 оны 06 дугаар сард гарч ирээд эзэнгүй байхад манай хаалган дээр бичиг наагаад манаачид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг өгчихөөд яваад өгсөн байсан. Удалгүй бас эзэнгүй байхад манай гэрт 2 машинтай 5-6 хүмүүстэй очиж 3 хоносон байсан. ...хэд хоногийн дараа дахин очоод байшингийн цоожны гол солиод доторх тавилгуудыг дээд давхарт бүгдийг нь хураагаад явсан байсан. Тэгэхдээ бичлэг хийсэн юм шиг байгаа юм. Фэйсбүүкт “зарна” гэсэн зар тавьчихсан байсан. Би Улсын бүртгэлийн газар очиж шалгуулахад банк бус байгууллагад 45 сая төгрөгийн барьцаанд тавиад зээл авсан байсан. Энэ хүн яаж үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж авсныг мэдэхгүй. Цэцэгмаа гэх хүнтэй мөнгө төгрөгийн авлагатай гэсэн. Тэр асуудлаа өөрсдөө шийдэхгүй дур мэдэн айлын байшин руу хууль бусаар орсонд гомдолтой байна. ...над руу Б.П ерөөсөө залгаагүй. Манай хүүхэд рүү мэссэж бичсэн байсан. ...тухайн байшинг худалдаж авахад гэрчилгээгүй авсан. Адъшаа болон Саранчимэг хоёрт газрын гэрчилгээ яасан бэ гэхэд “за, зохицуулж өгье” гэхээр нь найзууд болохоор тэр үед тоогоогүй орхисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч В.Мөнхжаргалын /хх-ийн 69-71/: “...2014 оны сүүлээр ээжийн найз Саранчимэг гэх хүнээс 60 сая төгрөгөөр худалдан аваад 2015 оны 01 дүгээр сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган авч байсан. Анх 2016 оны үед байх гэж санаж байна. Б.П манай зуслангийн байшинд ирээд “та нар гарцгаа, энэ миний байшин” гэхээр нь “юу болоод байгаа юм, цагдаа дээр очъё” гээд цагдаа дээр ирээд мэдүүлгээ өгсөн. Тухайн үед Цэцэгмаа, Адъшаа, Б.П, манай ээж бид нар байсан ба Б.П, Цэцэгмаа 2 хоорондоо 10 сая төгрөгийн өглөг авлагатай болж таараад “энэ асуудлаа та 2 шийд” гээд бид нар явцгаасан. Тэрнээс хойш нэг ч удаа холбогдож манайд ирж байгаагүй хэрнээ гэнэт 2019 онд гарч ирээд манай байшинд байсан хүүхдүүдийг хөөж гаргаад цоожны гол солиод хаалган дээр цаас наачихаад банк бус байгууллагад барьцаанд тавьчихсан байсан. Манайх 2015 оны зунаас эхлээд зуны турш байдаг байсан. Б.П нь надтай холбогдож яриагүй харин над руу “Хуурай мухарт ирж байрандаа орлоо шүү, манаачийг байлцуулж байгаад цоожийг солилоо, эд хогшилоо яаралтай авна уу” гэсэн утгатай мэссэжийг бичсэн. Би эргүүлээд өөрийнх нь утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь цагдаад хандсан.  Өөр янз бүрийн утаснаас залгахад утсаа авахгүй байсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой 20 цаг өнгөрч байхад зуслангийн байшиндаа очиход нэг хүн манай байшинг хүмүүст үзүүлэх гээд байж байхаар нь тэр хүнийх нь утсаар Б.П руу ...залгахад “яасан нөгөө хүмүүстээ үзүүлсэн үү” гэхэд нөгөө хүн нь “байрны эзэн нь ирчихсэн байна шдээ” гэж хэлэхэд Б.П чимээгүй болсон. Би “хөөе чи хаана байна, цагдаа дээр очиж уулзаач” гэхэд утсаа шууд салгасан. нөгөө хүн нь ...“Б.П “Гурван гал” худалдааны төвд байрлах оффис дээрээ байгаа” гэж хэлчихээд хурдан машиндаа суугаад яваад өгсөн. Би “Гурван гал” худалдааны төвийн 6-н давхарт очиход “манайд тийм хүн ажилладаггүй” гэсэн хариулт өгсөн. Б.П надтай “тохиролцъё” гээд утсаар ярихаар нь “чамтай яаж тохиролцох юм, чи айлын өмчид халдчихаад” гэж хэлэхэд нэг нөхөр утсаар намайг хэл амаар доромжлоод байсан ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Даваасүрэнгийн /хх-ийн 77-79/: “...Намайг гэртээ байхад Б.П гэх хүний аав, ээж нь, цоож сольдог хүн, дүү нь гээд нэг эмэгтэйтэй нийт 7 хүн ирээд намайг дагуулж яваад тэр байшинд очоод “В.Мөнхжаргал гэх хүн манай байшинд хууль бусаар амьдарч байгаа, тийм болохоор бид нар өөрсдөө ирж байшингийнхаа цоожийг солих гэж байгаа юм” гээд байшингийн цоожийг солиод эхнэр гэх эмэгтэй хүн нь гар утсаараа бичлэг хийгээд хананд байсан зургийг нь буулгаад шкапанд байсан хувцас, хүүхдийн өрөөний тоглоомыг аваад боогоод дээд давхарт нь хураагаад байсан. Тэгээд байшингийнхаа цоожны голыг сольчихоод мэдэгдэх хуудас гэсэн бичиг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ канондсан хувийг надад өгөөд бүгд явцгаасан. ...Эхнэр гэх эмэгтэй нь “цагдаа байлцуулж байгаа шүү” гээд нэг залууг заасан. Тэр залуу нь энгийн хувцастай байсан. Надад ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Өнөрхүүгийн /хх-ийн 83, 84/: “...Б.П гэх хүн энэ байшинд амьдарч үзээгүй. Бид нартай уулзаагүй байж гэнэт гарч ирээд байшин дээр бичиг бичиж наагаад уулзах гэхээр олдохгүй, гадаадад байдаг гээд байдаг. 10 сая төгрөг зээлсэн өрөндөө хүү алданги гэж 60 сая төгрөг нэхээд хууль бусаар газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авчихаад сүүлд бид нарыг байшиндаа их цэвэрлэгээ хийлгүүлэхээр дүү нарыгаа явуулсан байхад Б.П гэх хүн очоод дүү нарыг маань хөөж гаргаад “хаалгыг скочдоод ямар их хог тарьдаг юм” гэж загнаад, “мэдэгдэл” гэсэн юм цаасан дээр бичиж наачихаад яваад өгсөн байсан. ...Тэрнийхээ дараахан манаачийн насанд хүрээгүй хүүхдийг байлгаж байгаад цоож сольдог хүн аваачаад цоожны гол солиулчихсан байсан. ...цоож онгойлгодог хүн дагуулж очоод онгойлгуулаад цоожны голоо солиулж орсон чинь тавилганаас бусад бидний хувцас хунар, эд хогшлыг бүгдийг нь зөөж нэг өрөөнд хийж орхиод явсан байсан. ...бидний амьдарч байсан байранд хууль бусаар нэвтэрч орсонд гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Цэцэгмаагийн /хх-ийн 72-74, 80-81, 94-96/: “...Энэ зуслангийн байшингийн газрын гэрчилгээ нь гараагүй байхад нэг хүнээс 10 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Намайг авахад үл хөдлөх газрын гэрчилгээ гараагүй байсан бөгөөд өөрөө хөөцөлдөж байгаад өөрийн нэр дээр үл хөдлөх болон газрын гэрчилгээг гарган авсан. Үл хөдлөх гэрчилгээг Адъшаа гэх хүнд зараад түүний эхнэрийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн. Газрын гэрчилгээг Б.Пт эрх шилжүүлэх гэрээ гэж ойлгохгүй, зээлийн гэрээ хийж байна гэж ойлгоод гарын үсэг зураад Б.Пын нэр дээр шилжсэн байсныг сүүлд мэдсэн. Би Адъшаа гэх хүнд үл хөдлөхийн гэрчилгээтэй байшин зарсан. “Газрын гэрчилгээ байхгүй, хүнээс аваад шилжүүлээд өгнө” гэж хэлээд 55 сая төгрөгөөр зарсан. Би 55 сая төгрөгнөөсөө 10 сая төгрөгийг Б.Пт өгөөд газрын гэрчилгээг буцаан авна гэж бодоод зарсан. Адъшаа гэх хүн цаашаа бас нэг өөр хүнд зарсан байсан. ...би газрын гэрчилгээг 2012 онд Б.Пын нэр дээр шилжүүлсэн. Үл хөдлөхийн гэрчилгээг тэрний дараа шилжүүлсэн. Яг хэдэн он гэдгээ санахгүй байна. 2012 онд дахиж намайг дуудаад барьцаа болгох юм өгчих гээд байхаар нь одоо энэ хэрэг тариад байгаа Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хуурай мухарын зуслангийн газрын гэрчилгээг өгөөд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэдгийг би хийгээд өгчихсөн. Тухайн үед би “нэр шилжчихнэ” гэж бодоогүй “зээлийн гэрээгээ сунгаж байна л” гэж бодсон. Мэдсэн бол юу гэж тийм гэрээ хийж өгөх вэ. Тэгтэл надгүйгээр газрыг шилжүүлээд авсан байсан. 10 сая төгрөг нь одоо хүү алдангитайгаа 60 сая төгрөг болчихоод байгаа юм. ...Би Б.Поос авсан 10 сая төгрөгөө өгчихсөн. ...надаас дахиж мөнгө төгрөг нэхээгүй, харин миний газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад газар байгаа байшин дээр дахин үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авсан байсныг энд ирээд мэдсэн. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Хуурай мухар” 1 дүгээр хэсэг 198 тоотод байрлах зуслангийн зориулалттай байшин болон газар Б.Пт ямар ч хамаарал байхгүй. Б.П газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн дахиад үл хөдлөхийн гэрчилгээг яаж гарган авсныг мэдэхгүй байна. Манайхыг авахад модон байшин байсан. Манайх аваад улаан тоосгоор тоосголоод засвар хийгээд Саранчимэгт зарсан...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Я.Саранчимэгийн /хх-ийн 87-89/: “...анх би нөхрийн хамт очиж үзэхэд Хадаа гэх хүн эхнэрийн хамт байсан. Тэр хүний эхнэрийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ байсан. Бид нар ярилцаж тохиролцоод 55 сая төгрөгөөр авахаар болсон.  Төлбөрийг бэлнээр хийсэн. Тухайн үед Хадаа гэх хүний эхнэр Цэцэгмаагийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ байсан. Би өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед газрын гэрчилгээг нэхэхэд “удаахгүй өгнө” гэхээр нь бид нар байшиндаа засвар хийгээд хүүхдээ салхинд гаргах гээд газрын гэрчилгээг авахаа мартсан. ...2013 онд манай хүүхэд өвдөөд байхаар нь зуслангийн байшинг зарах шийдвэр гаргаад 2014 онд Н.Дуламхандад 60 сая төгрөгөөр зарсан. Бид нар найзууд тул Н.Дуламханд надаас газрын гэрчилгээ шаардаагүй. Үл хөдлөхийн гэрчилгээгээ Н.Дуламхандын нэр дээр шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

          гэрч Ц.Уянгын /хх-ийн 90-93/: “...Үл хөдлөх гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт, өргөдөл, газрын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөхийн фото зураг, эд хөрөнгийн план зураг, ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон албан ёсны хаяг зэргийг үндэслээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон. Урьд нь бүртгэлтэй байсныг мэдэх боломж байхгүй. Өмчлөгчийн гаргасан мэдээлэлд дурдагдсан албан ёсны хаяг өмчлөгчийн регистрийн дугаараар хайлт хийж мэдээллийн санд шалгадаг бөгөөд дээрх иргэний мэдүүлэгт гаргасан албан ёсны хаягаар мэдээллийн санд шүүлт хийхэд давхардалд гарч ирээгүй. Учир нь иргэн Н.Дуламхандын хувийн сууцны хаяг нь хороо, хэсэг, гудамж, тоот, зип код нь зөрүүтэй байсан байна. Тийм учраас мэдээллийн санд гарч ирээгүй тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухайн хуулийн 14-р зүйлд заасан буцаах үндэслэл тогтоогдоогүй тул эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон. 2 гэрчилгээ нь хоёулаа жинхэнэ, бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ байгаа. Аль нэг нь хуурамч гэсэн юм бол байхгүй. Улсын бүртгэлд бүртгэгдээд гэрчилгээг авсан. Харин нэг үл хөдлөх хөрөнгө дээр 2 гэрчилгээ гарсан байсныг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Н.Дуламханд гэх хүн хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “миний байшинг гаднаас хүн ирээд миний өмч гээд гэрчилгээ үзүүлээд байшингийн цоож солих зэргээр өмчлөлийн маргаан үүсээд байна” гэхээр нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 19.4 дүгээр зүйлд зааснаар өргөдөл хүсэлт дээр үйл явдлын талаар тодорхой бичүүлээд мэдээллийн санд оруулсан. Дээрх хүсэлтийг Б.Пын Ү2203037541 болон Н.Дуламхандын өмчлөлийн Ү2203016742 дугаартай   хувийн   хэрэгт   тус   тус   хийж хавсаргасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Тулгын /хх-ийн 97-98/: “...энэ гарын үсэгтэй албан тоот миний гарын үсэгтай албан бичиг мөн байна. Манай байгууллагад иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасны дагуу хаягийн тодорхойлолт олгодог. Тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийг тодорхойлдоггүй, зөвхөн байршлын хувьд хаана байгааг гаргаж өгдөг. 2010 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/48 тогтоолоор Сүхбаатар

дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр хороо болон өөрчлөгдсөн тул тухайн иргэний хүсэлтээр хороо өөрчлөгдсөн талаарх тодорхойлолтыг 2017 оны 04/4454 албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгөд 2007 онд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо 198 тоот гэсэн хаяг өгснийг 2007 оны 11 дүгээр сарын 13-ны 04/1888 албан тоотоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн байсан. 2017 оны 04/4454 албан тоотоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо 198 тоот хаяг нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухар /14121/ 12 дугаар хэсэг 1203 гэсэн дугаартай болсныг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 181 дугаар тогтоолоор өөрчлөгдсөнийг үндэслэн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. 2014 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 181 дугаар тогтоол батлагдсанаар 2014 оноос өмнө олгогдсон хаяг дугаарыг өөрчлөх шаардлагатай болсон. Үүний дагуу манай байгууллага иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хаяг өөрчлөгдсөн талаар тодорхойлолт гаргаж өгч байгаа...” гэх мэдүүлгээр,

 

Б.Пын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8-12/: “...2009 онд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Хуурай мухар”-т байрлах 18642328993713 кадастрын дугаартай газар болон түүн дээр байрлах үл хөдлөхийн гэрчилгээ гаргаагүй байсан үл хөдлөх хөрөнгийг Цэцэгмаа нь зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьсан. ...2012 онд Цэцэгмаа төлбөр тооцоогоо барагдуулж чадахгүй байсан учраас шилжүүлж өгсөн. Тухайн үед Цэцэгмаа нь “ойрын хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулж өгнө” гэж хэлээд алга болсон. Би тогтмол Монголд байдаггүй ирэн очин байдаг учраас байнга энэ газраа очиж чадахгүй байсаар байгаад ирэх болгондоо Цэцэгмаа руу залгаад хайгаад олдоггүй байсан. 2015 оны 06 дугаар сард “Хуурай мухар”-т байрлах өөрийн эзэмшлийн газар болон түүн дээрх байшинг эргэхээр очтол ямар ч бичиг баримтгүй үл таних хүмүүс “дөнгөж сая худалдаж аваад байна” гээд байж байхаар нь гомдол гаргасан. ...Цэцэгмааг олж ирээд цагдаатай уулзуулсан. Тухайн үед Цэцэгмаа гуйгаад “энэ хүмүүстэй өөрөө учраа ольё, надад хугацаа өгөөч, чамайг хохиролгүй болгоё” гэж хэлээд тэр үед шалгаж байсан байцаагчийн хажууд гарын үсэг зураад материалд хавсаргуулсан. Би хүн чанар гаргаад итгээд орхисон. Тэр үедээ төлбөрөө төлж барагдуулах график гаргаад бичиж  өгсөн. 2016-2017 оны үед миний бие өвдөөд эмчилгээнд яваад бас тогтмол хүнгүй байж байгаад ирээд Цэцэгмааг дахин хайгаад олдохгүй болохоор “нэг мөсөн энэ асуудлаа шийдье” гэж бодоод албан ёсоор нь газрын эрхтэй учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. Ямар ч давхцал ямар ч асуудал байхгүй байсан. Хуурай мухарт байрлах байшин, газар нь албан ёсоор миний өмч учраас миний эзэмшлийх гэж зуун хувь ойлгож байна. 2019 оны хавар 4-5 удаа тухайн байшинд ирэх болгондоо манаачтай уулзаад утсаа үлдээгээд “тухайн байгаа гэх хүмүүсийг надтай холбоо бариарай” гээд явсан. 2019 оны 05-06 дугаар сард байшингийн хаалган дээр өөрийн гар утсаа бичсэн цаасыг наагаад гэрчилгээний хуулбарыг манаачид үлдээсэн. Ингэхдээ “2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор байшин суллаж өг” гэсэн цаас наагаад явсан. Цоож онгойлгодог компанид дуудлага өгөөд өөрийн иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзүүлээд солиулсан. Газрын гэрчилгээг Цэцэгмаа гэрээний дагуу төлбөр тооцоогоо хийж чадаагүй учраас газар болон түүн дээрх байшинг гэрээний дагуу шилжүүлэн өгсөн...” гэх зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хаалганы цоожны голыг сольж халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж,  байшин доторх эд зүйлсийг нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү зөөх зэргээр дураараа авирласныг хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч нараас “Орон сууцны хэн нь жинхэнэ өмчлөгч, оршин суугч эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, тухайн орон байр нь оршин суугчийн өмчлөлийнх гэдэг нь тогтоогдсоны эцэст бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох асуудал яригдах учиртай. Б.П нь хууль ёсны өмчлөгч мөн тул өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах эрхтэй. Ийм учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол хүсэлтэд дараах байдлаар хариу өгч тайлбарласугай.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “...Иргэний хувийн ба ...орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван гуравдугаар бүлэгт “хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг” гэмт хэргүүдийг хуульчилж өгсөн.

 

Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл юм.

 

Энэ нь орон сууц өмчлөх эрхээс ангид ойлголт бөгөөд орон сууц хэний өмчлөлд байхаас үл хамааран тухайн орон сууцыг эзэмшигч этгээд орон байрны халдашгүй эрхийг эдэлнэ.

 

Иргэн Н.Дуламханд нь 2014 онд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хуурай мухар 1 дүгээр гудамж 198 тоот (Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар /14121/ 12 дугаар хэсэг гудамж 1203 тоот)-д байрлах амины орон сууцыг худалдан авч,  2015 оноос хойш уг орон сууцыг зуслангийн зориулалтаар эзэмшиж оршин сууж байсан нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ нь Н.Дуламхандыг уг орон байранд оршин суугч гэж үзэх үндэслэл болно.

 

Хэдийгээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухар /14121/ 12 дугаар хэсэг гудамж, 1203 тоотод байрлах амины орон сууцны өмчлөгчөөр Б.Пын нэр бүртгэлтэй боловч прокурор тухайн орон сууцыг иргэн Н.Дуламхандын өмчлөлийнх, түүний өмчлөх эрхийг зөрчиж орон байранд нь хууль бусаар нэвтрэн орсон гэж Б.Пыг буруутгасан бус оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдлийг нь гэмт хэрэг гэж үзсэн болохыг дурдаж байна.

 

Б.П, түүний өмгөөлөгч нарын гомдолдоо заагаад байгаа өмчлөх эрхээ хэрэгжүүлсэн, тухайн орон сууцыг суллаж, чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан гэсэн нь түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах учиртайг нотолж буй хэрэг болохоос бус тухайн орон байрны хаалганы цоожны голыг сольж нэвтрэх, дотор нь буй бусдын эзэмшлийн тавилгуудыг хурааж,  өөр өрөөнд зөөвөрлөн оруулах эрх мэдэл түүнд тухайн үед байсан болохыг харуулахгүй бөгөөд энэ үйлдлийг хийхдээ Б.П оршин суугчийн зөвшөөрөлгүй хэрэгжүүлсэн нь хүний орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн.

 

Ийм учраас шүүгдэгч, түүний  өмгөөлөгч нарын санал хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөн Улсын бүртгэлийн байгууллага нэг объектод өмчлөх эрхийн бүртгэлийг давхардуулан бүртгэсэн нь тухайн объектын хаягийн бүртгэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өмчлөгч этгээд давхардсан үйл баримт тогтоогдсон тул Улсын бүртгэлийн холбогдох албан тушаалтнуудыг гэмт хэрэг үйлдсэн гэж энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй юм.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байрны хаалганы цоожны голыг сольж хууль бусаар нэвтрэн орж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, оршин суугчийн эд зүйлсийг зөөж дураараа авирлаж буй Б.Пын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч Б.Пыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Б.П нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдах замаар нийгэмд тогтсон ёс суртахуун, иргэдийн амар амгалан амьдрах, бусдын эрхийг үл хүндлэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн боловч тогтвор суурьшилтай эрхэлсэн ажилтай, гэмт хэргийн улмаас хохирол төлбөр учраагүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнд мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.   

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.П нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ