Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/391

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2020             9                22                                                 2020/ШЦТ/391

                                          

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга,

Шүүгдэгч С.Э, Н.Т, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э, Х.Б, Н.Т нарт холбогдох эрүүгийн 2034003160339 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Э, 1985 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймагт эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЮ56252525 регистрийн дугаартай.

Монгол улсын иргэн, Х.Б, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймагт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РЕ32323232 регистрийн дугаартай.

Монгол улсын иргэн, Н.Т, 1985 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ГЙ45857565 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э, Н.Т, Х.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч С.Эгийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.Т-ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Х.Б-ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч С.Э /хх 68-70/, шүүгдэгч Х.Б /хх 73-75/, шүүгдэгч Н.Т /хх78-80/, иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатар /хх 15/, гэрч О.Содонгэрэл /хх 23/ нарын өгсөн мэдүүлгүүд,

 

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31-43/, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн /хх 48-49/, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх55-57/, Х.Б, С.Э, Н.Т нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 82-84/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч С.Э, Н.Т, Х.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2-р багийн нутаг дэвсгэрт Эрдэнэтогтохын ар гэх газраас 2020 оны 3 дугаар сарын 30-31-ний хооронд зохих зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 207 941 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч С.Э-гийн өгсөн: Миний хувьд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Н.Т, Х.Б нарын хамт Улаанбаатар хотод ирчихсэн байсан. Тэр үед Төв аймгийн Баянцогт сумын нутагт алт гарч байна хоёр өдөр тавиад өгчихсөн байна гэсэн яриа байна гэж сонсоод хоорондоо ярилцаж байгаад явахаар болоод Н.Т-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй Н.Т, Х.Б нарын хамт Төв аймгийн Баянцогт сумын нутаг руу явсан. Уг газарт очоод алт ухаж байгаа газрыг үзэхэд баахан хүмүүс байсан бөгөөд тухайн хүмүүс мотор, молдок тавьчихсан ухаж байсан. Бид нарын хувьд ямар нэгэн багаж байхгүй байсан тул Н.Т машиндаа үлдээд, Х.Б бид хоёр машинаас буугаад хүмүүсийн гаргаад тавьчихсан байсан чулуунаас хоёр үүрэг чулуу аваад мөн хажуу талын нүхнээс хүмүүс гаргаад тавьчихсан цагдаа ирлээ гээд зугтахдаа үлдээчихсэн байсан нэг үүрэг чулууг аваад машиндаа хийгээд зугтаж байгаад баригдсан. Миний хувьд гадаа байсан хоёр үүрэг чулууг аваад Н.Т-гийн машинд Х.Б-ын хамт аваад хийсэн. Н.Т машиндаа сууж байсан гэх мэдүүлэг /хх 68-70/,

Шүүгдэгч Х.Б-ын өгсөн: Миний хувьд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр С.Э, Н.Т нарын хамт Улаанбаатар хотод ирчихсэн байсан. Тэр үед С.Э Төв аймгийн Баянцогт сумын нутагт алт гарч байна хоёр өдөр тавиад өгчихсөн байна гэсэн яриа байна гэж хэлхээр нь хоорондоо ярилцаж байгаад явахаар болоод Н.Т-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй С.Э, Н.Т нарын хамт Төв аймгийн Баянцогт сумын нутаг руу явсан. Уг газарт очоод алт ухаж байгаа газарт нь үзэхэд баахан хүмүүс байсан бөгөөд тухайн хүмүүс мотор, молдок тавьчихсан ухаж байсан. Бид нарын хувьд ямар нэгэн багаж байхгүй байсан тул Н.Т машиндаа үлдээд, С.Э бид хоёр машинаас буугаад хүмүүсийг гаргаад тавьчихсан байсан чулуунаас хоёр үүрэг чулуу аваад мөн хажуу талын нүхнээс хүмүүс гаргаад тавьчихсан цагдаа ирлээ гээд зугтахдаа үлдээчихсэн байсан. Нэг үүрэг чулууг аваад машиндаа хийгээд зугтаж байгаад баригдсан. С.Э надтай хамт чулуу хамж шуудайлсан. Н.Т машиндаа сууж байсан гэх мэдүүлэг /хх 73-75/,

Шүүгдэгч Н.Т-ын өгсөн: Миний хувьд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр С.Э, Х.Б, Хүрэлтулга нарын хамт Улаанбаатар хотод ирчихсэн байсан. Тэр үед С.Э Төв аймгийн Баянцогт сумын нутагт алт гарч байна хоёр өдөр тавиад өгчихсөн байна гэсэн яриа байна гэж хэлхээр нь хоорондоо ярилцаж байгаад явахаар болоод Н.Т-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй С.Э Х.Б нарын хамтаар Төв аймгийн Баянцогт сумын нутаг руу явсан юмаа. Уг газарт очоод алт ухаж байгаа газарт нь үзэхэд баахан хүмүүс байсан бөгөөд тухайн хүмүүс мотор, молдок тавьчихсан ухаж байсан. Бид нарын хувьд ямар нэгэн багаж байхгүй байсан тул би машиндаа үлдээд С.Э, Х.Б хоёр машинаас буугаад хүмүүсийн гаргаад тавьчихсан байсан 1 чулуунаас хоёр үүрэг чулуу аваад мөн хажуу талын нүхнээс хүмүүс гаргаад тавьчихсан цагдаа ирлээ гээд зугтахдаа үлдээчихсэн байсан нэг үүрэг чулууг аваад машиндаа хийгээд зугтаж байгаад баригдсан гэх мэдүүлэг /хх78-80/,

Иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатарын өгсөн: Тухайн газар өмнө нь 1983 онд хайгуулын судалгаа л хийгдэж байсан тэрнээс биш ямар нэг байдлаар олборлолт хийгдэж байгаагүй эрүүл газар байгаа. Тухайн газарт пост гаргасан алба хаагч нарын хоол хүнсний зардал, шатахууны зардал гэж байгаа тухайн зардлаа нарийвчлан гаргаж өгнө. Хамгийн анх 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлож эхэлсэн. Түүнээс хойш техник ашиглаж 6 удаа нөхөн сэргээлт хийсэн. Гар аргаар 4 удаа нөхөн сэргээлт хийсэн боловч дахин хүмүүс ирж ухаж гаргаж байсан гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч О.Содонгэрэлийн өгсөн: 2507 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 онд Да хүрээ захаас хувь хүнээс худалдан авч байсан. Уг машиныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нар сарны технологи гэдэг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан. Би Н.Т-тай эхнэр нөхрийн холбоотой болоод 3 жил болж байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай нөхөр уг машиныг жолоодож явдаг. Намайг хөдөө ажлаар явж байхад л хөдөө алтанд явж үзчихээд ирнэ гэж хэлээд явсан байсан гэх мэдүүлэг /хх 23/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31-43/, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн /хх 48-49/, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх55-57/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

         Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

         Иймд шүүгдэгч  С.Э, Н.Т, Х.Б нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

         Шүүгдэгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

         Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, байгаль орчинд учруулсан 207 941 төгрөгийн хохирлын төлж барагдуулсан болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:  

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Э, Н.Т, Х.Б нар анх удаа хөнгөн гэмт үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул тэнссэн хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж  үзэв.

 

Эрүүгийн 2034003160339 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон гэмт хэрэг үйлдэж олсон 2,64 гр алтыг хурааж,

мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн О.Содонгэрэлийн эзэмшлийн Toyota Highlander маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх тул хуульд заасан журмын дагуу дээрх тээврийн хэрэгслийн үнэ 12 171 600 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Э, Х.Б, Н.Т нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчин түүний баялагт 207 941 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Х.Б, Н.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар  тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар  шүүгдэгч С.Э, Х.Б, Н.Т нарын тэнссэн хоёр жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э, Х.Б, Н.Т нар нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан хэрэг битүүмжлэгдсэн “Нар сарны технологи” ХХК-ны эзэмшлийн Toyota Highlander маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12 171 600 төгрөгийн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Эс 4 057 200 төгрөг, шүүгдэгч Х.Боос 4 057 200 төгрөг, шүүгдэгч Н.Т-аас 4 057 200 төгрөг тус тус гаргаж улсын төсөвт оруулсугай,

 

6.Эрүүгийн 2034003160339 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.64 гр алтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт оруулсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185.2, 186.1-т зааснаар шүүгдэгч С.Эгийн тэнссэн хугацаанд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Х.Б-ын тэнссэн хугацаанд Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Н.Т-ын тэнссэн хугацаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

8.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э, Х.Б, Н.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ