| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0365/э |
| Дугаар | 2020/ШЦТ/440 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/440
2020 10 21 2020/ШЦТ/440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Багшнар Отгонбаатарын О.М-т холбогдох эрүүгийн 2034002230336 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О.М, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, СЖ90525265 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.М-ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатар /хх 29/, иргэний нэхэмжлэгч Г.Үүрцайх /хх 31-32, 33-34, 48-49/, гэрч О.М /хх 35-36, 42-43/, гэрч Л.Мэгзэр /хх 37-38, 46-47/, гэрч Э.Хосбаяр /хх 39-41, 44-45/, шүүгдэгч О.М /хх78-80/, иргэний нэхэмжлэгч Ш.Ууганбаяр /хх 204-205, 206/ нарын өгсөн мэдүүлгүүд,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 52-64/, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 78-80/, Хан Үнэлэмж ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 209-201/, О.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 86-88, 218-219/, О.М-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 90-84/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.М нь молдок, мотор зэрэг эд зүйлийг урьдчилан бэлтгэн очиж, ашиглан 2020 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар баг, Эрдэнэтолгой ар буюу Халиугчин гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, 34 килограмм алтны агууламж бүхий шороог ухаж авч, Г.Үүрцайхын эзэмшлийн /Subaru Forester/ Субару форестер маркийн 10-420 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 198 705 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч О.М-ын өгсөн: Миний хувьд Улаанбаатар хотод байж байгаад Үүрдмандах, Хосбаяр, Мэгзэр нарын хамт 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой уулзаад Төв аймгийн Баянцогт сум руу алт гарч байна гэхээр нь очиж үзэхээр шийдээд Үүрдмандахын 10-42 УНР улсын дугаартай форестер маркийн машинтай явсан. Тэгээд Төв аймгийн Баянцогт сумын нутагт очиход хүмүүс алт ухаад бужигнаж байсан бөгөөд бид нар багаж байхгүй байсан тул хүмүүсийн багажийг гуйгаад хүмүүсийн орсон нүх рүү нь би ороод жоохон шороо аваад гарсан. Тэгээд цагдаад баригдсан. Миний хувьд нүх рүү орж шороо авсан. Үүрдмандах, Хосбаяр, Мэгзэр нар машиндаа байж байсан. Би санаачилж явсан. Тухайн мотор нь Ууганбаяр гэдэг хүний мотор. Харин молдок нь миний өөрийн молдок байгаа юм гэх мэдүүлэг /хх 86-88, 218-219/,
Иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатарын өгсөн: Тухайн газарт 1983 онд хайгуулын судалгаа л хийгдэж байсан тэрнээс биш ямар нэгэн байдлаар олборлолт хийгдэж байгаагүй эрүүл газар байсан. Тухайн газарт пост гаргасан, алба хаагч нарын хоол хүнсний зардал мөн шатахууны зардал гэж байгаа. Хамгийн анх 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлож эхэлсэн юм. Түүнээс хойш техник ашиглаж 6 удаа нөхөн сэргээлт хийсэн. Гар аргаар 4 удаа нөхөн сэргээлт хийсэн боловч дахин хүмүүс ирж нүх ухаж гаргаж байсан. Тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй гэх мэдүүлэг /хх 29/,
Иргэний нэхэмжлэгч Г.Үүрцайхын өгсөн: Би О.М, Г.Үүрдмандах, Э.Хосбаяр, Л.Мэгзэр нарыг бүгдийг нь танина. Г.Үүрдмандах бол миний төрсөн дүү. Манай дүүгийн найзууд. 10-42 УНР улсын дугаартай машин миний машин. Уг машиныг надаас манай дүү гуйж авч яваад ийм асуудалд орсон байна гэх мэдүүлэг /хх 32/,
Гэрч Г.Үүрдмандахын өгсөн: Би Улаанбаатар ХУД-ийн 4-р хороо Вива сити N13-3-6 тоотод дүү нарын хамт амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд байх 10 жилийн найзууд болох Хосбаяр, О.М, Мэгээр ах бид хэд хоорондоо утсаар ярьж байгаад Төв аймгийн Баянцогт суманд алт гарч байгаа талаар ярьж байгаад бөөндөө тийшээ явж үзэхээр шийдсэн. Тэгээд би өөрийн 10-42 УНР улсын дугаартай Subaru Forester маркийн тээврийн хэрэгсэлтэй эхлээд БЗД-ийн 16-р хороо орж О.М-ыг авсан. Тэндээсээ Дамбадаржаагийн тоосгоны үйлдвэр орж Мэгзэр ахыг аавынх нь гэрээс очиж аваад бид гурав 6 буудал орж түрээсийн мотор авсан. Тэгээд Хосбаярыг 11-р хорооллоос авч тэндээсээ бид дөрөв Төв аймгийн Баянцогт сум руу явсан. Бид нарыг Төв аймгийн Баянцогт сумын алт гарч байгаа гэх газар 23 цагийн орчим очиход 100-150 орчим хүмүүс машинтай ирчихсэн газар ухаж байхаар тухайн нүх ухаж байсан хүмүүсийн хажууд нүх ухаж шороо авсан. Тэгээд тухайн шороогоо аваад 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруун хараа гэх газарт очиж термдүүлэхээр явж байгаад 09 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын засмал замын гүүрний орчимд шалгалт хийж байсан цагдаагийн алба хаагч нарт саатуулагдсан. Бид нар Төв аймгийн Баянцогт суманд алт гарч байна гэхээр очиж үзээд болбол шороо авах зорилгоор явсан. Надтай хамт явсан Хосбаяр, О.М, Мэгзэр нар нь утсаар ярихдаа Төв аймгийн Баянцогт суманд алт гарч байгаа сураг байна тийшээ явъя гэж ярьсан. Бид 4 хоёр ширхэг 25 кг-ийн шуудайны ёроолоор чулуу авсан. Өөр шороо, чулуу байхгүй. Бид нарт зөвшөөрөл байхгүй,
...Бид нарыг очиход тэнд маш олон хүн байсан бөгөөд Мэгзэр бид хоёр машинаасаа гараагүй машиндаа л сууж байсан. Бид нар мотор, молдок хоёртой явсан бөгөөд тэрийгээ ажиллуулах ч боломж олдоогүй бөгөөд бид нар болихоор шийдээд буцах гэж байтал О.М гүйж яваад хоёр шуудайны ёроолоор шороо олоод ирсэн байсан. Миний хувьд нүх рүү орж шороо чулуу авахад оролцсон зүйл байхгүй. Бид нар мотор, молдокоо ажиллуулаагүй. Тухайн газар маш олон хүн байсан бөгөөд цагдаа сэргийлэх ирэх гэж байгаа гэсэн яриа байсан тул больсон юм. О.М бид нарт хэлээд л явж үзэхээр шийдээд гарцгаасан. Тухайн үед бүгд л ажилгүй ажил зогсчихсон байсан гэх мэдүүлэг /хх 33-34, 48-49/,
Гэрч Л.Мэгзэрийн өгсөн: Би Эрдэнэс Таван толгой ХХК-нд том машины жолооч хийдэг бөгөөд одоогоор ажил зогсоод гэртээ байгаа. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр манай нутгийн дүү болох О.М над руу утсаар залгаж би Төв аймгийн Баянцогт сум руу хүн хүргэж өгөөд ирлээ тэнд алт гарч байна гэсэн сураг байна, хэдүүлээ явах уу гэж асуухаар нь ярилцаж байгаад манай нутгийн дүү нар болох Г.Үүрдмандах, О.М, Э.Хосбаяр бид дөрөв хамт явахаар болсон. Тэгээд орой нь намайг гэртээ байж байхад 19-20 цагийн орчим Г.Үүрдмандах, О.М хоёр машинтай ирж аваад бид гурав манайхаас 11-р хороолол орж Э.Хосбаярыг авахаар явсан. Замдаа 6 буудал дээрээс түрээсийн мотор өгдөг гэх газарт орж тэнд бичиг баримтаа үлдээж хоногийн 50 000 төгрөгөөр 1 мотор түрээсэлж авсан. Тэндээсээ Э.Хосбаярыг нь 11 хороолол орж аваад шууд Төв аймгийн Баянцогт сум руу явсан. Бид нарыг тухайн газарт 23 цагийн орчимд очиход ойролцоогоор 20 орчим тээврийн хэрэгсэл, 100 гаруй хүн байх шиг байсан ба тэдгээр хүмүүс нь газар ухаж байсан. Бид дөрөв тухайн ухаж байгаа газрын ойр орчимд эхлээд явж судалж үзээд өөрсдөө ухах хүрз, багаж байхгүй зөвхөн мотор, молдок байсан учир тэнд байсан цөөхөн хүнтэй хүмүүстэй хамтарч хэсэг газар ухсан. Тэгээд ухсан газраас 2 ширхэг 25 кг-ийн шуудайны ёроолоор чулуу аваад тэрийгээ Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд аваачиж термдүүлэх зорилготой 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр явж байгаад Төв аймгийн Борнуур суманд саатуулагдсан гэх мэдүүлэг /хх 37-38, 46-47/,
Гэрч Э.Хосбаярын өгсөн: Би Улаанбаатар хотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Эрдэнэс таван толгой ХХК-нд том машин барьдаг. Одоогоор ажил зогсоод гэртээ ажилгүй байгаа. Миний цагдаад шалгагдах болсон учир нь гэвэл 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр над руу 10 жилийн найз болох О.М утсаар ярьж Төв аймгийн Баянцогт суманд алт гарч байгаа сураг байна хэдүүлээ явж үзээд ирэх үү гэж хэлсэн. Тэгээд энэ талаар Г.Үүрдмандах, нутгийн Л.Мэгзэр нарт О.М хэлээд бид дөрөв явахаар болж орой 19-20 цагийн орчим 11-р хорооллоос намайг Г.Үүрдмандах, О.М, Л.Мэгзэр нар машинтай ирж аваад бид дөрөв Төв аймгийн Баянцогт сум руу явсан. Бид нарыг тухайн газарт очиход орой 23 цаг өнгөрч байсан ба тэнд ойролцоогоор 20 гаран машин, 100 гаран хүмүүс ирчихсэн газар ухаж байсан. Би нар тухайн үед багаж муутай хүрз, жоотуу байхгүй байсан учир тэнд байсан хүмүүстэй хамтарч нүх ухаж ухсан нүхнээсээ 2 ширхэг шуудайны ёроолоор чулуу авсан. Тэгээд өглөө болж 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр авсан чулуугаа Сэлэнгэ аймгийн Баруун хараа сум руу авч очиж термдүүлэхээр яваад Төв аймгийн Борнуур суманд гарч байсан эргүүл, шалгалтын цагдаа нарт саатуулагдсан. Манай найз О.М нь Төв аймгийн Баянцогт суманд алт гарсан сурагтай байна очиж үзье гэхээр нь мөнгө хэрэгтэй болохоор явсан юм. Надтай О.М 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр утсаар ярихдаа Төв аймгийн Баянцогт суманд алт гарч байгаа талаар хэлсэн. Бид дөрөв тухайн газраас 2 шуудайны ёроолоор чулуу авсан. Бид нарт албан ёсны бичиг баримт гэх зүйл байхгүй. Бид нарын чулуун тээвэрлэж явсан 10-42 УНР улсын дугаартай Subaru Forester маркийн тээврийн хэрэгсэл нь Г.Үүрдмандахын эгчийнх нь тээврийн хэрэгсэл байх гэх мэдүүлэг /хх 39-41, 44-45/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Ууганбаярын өгсөн: Би Төв аймгийн Баянцогт сумаас хууль бусаар алт олборлосон хүмүүст өөрийн мотороо түрээслэн хохирсон тул уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. 2020 оны 02 дугаар сарын 20-ны үед байсан байх над дээр Мэгзэр гэх хүн ирээд зам засварын ажилд мотор хэрэг болоод байна та мотороо түрээсэлчхээч гэж гуйхаар нь өдрийн 50,000 төгрөгөөр бодоод мотороо өгөөд явуулсан тэрнээс хойш сураггүй байж байгаад саяхан нь миний моторыг цагдаад хураалгасан талаараа хэлсэн юмаа. Лутай гэсэн нэртэй шар өнгийн банктай 220 гаргадаг цахилгаан үүсгүүр байсан. Би мотороо 3 сая төгрөгөөр үнэлнэ. Миний хувьд гомдолтой байгаа гэх мэдүүлэг /хх 204-205, 206/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 52-64/, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 78-80/, Хан Үнэлэмж ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 209-201/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч О.М-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч О.М-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, байгаль орчинд учруулсан 198 705 төгрөгийн хохирлын төлж барагдуулсан болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул тэнссэн хугацаанд хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2034002230336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иргэн Г.Үүрцайхын эзэмшлийн /Subaru Forester/ Субару форестер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5 424 000 /таван сая дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг, моторын үнэ 3 000 000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч О.М-аас гаргуулж улсын төсөвт оруулж,
шүүгдэгч О.М-ын эзэмшлийн 500 000 төгрөгийн үнэ бүхий молдокыг хураан авч улсын төсөв оруулж, гэмт хэрэг үйлдэж олсон 0,26 гр алтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэх,
Субару форестер маркийн 10-42 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч Г.Үүрцайхад, моторыг эзэмшигч Ш.Ууганбаяр нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.М-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж байгаль орчин түүний баялагт 198 705 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар О.М-ын тэнссэн нэг жил нэг сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн иргэн Г.Үүрцайхын эзэмшлийн /Subaru Forester/ Субару форестер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5 424 000 /таван сая дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг, моторын үнэ 3 000 000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч О.М-аас гаргуулж улсын төсөвт оруулсугай,
6.Эрүүгийн 2034002230336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.М-ын эзэмшлийн 500 000 төгрөгийн үнэ бүхий молдокыг хураан авч улсын төсөв оруулж, гэмт хэрэг үйлдэж олсон 0,26 гр алтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлсүгэй.
7.Субару форестер маркийн 10-42 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4-р хороо Вива сити 3-17-4-2 тоотод оршин суух Эрхэт Ганбатын Үүрцайх /РД:СЖ88051707/-ад, моторыг түүний эзэмшигч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 14-р хороо 21-529 тоотод оршин суух Харчин Шагдарын Ууганбаяр /РД:ЦЕ76012471/-т тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8.Шүүгдэгч О.М-ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ