| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0482/э |
| Дугаар | 2020/ШЦТ/457 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн 2034000000568 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Ц, 1975 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймагт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НД73569874 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Ц-гийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэх,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч З.З-ын өгсөн мэдүүлэг /хх 14-15/, хууль ёсны төлөөлөгч А.М-ын өгсөн мэдүүлэг /хх 16-17, 32-33/, гэрч Г.Батчимэгийн өгсөн мэдүүлэг /хх 29-30/, гэрч Ш.Баатархүүгийн өгсөн мэдүүлэг /хх 35/, шүүгдэгч Б.Цгийн өгсөн мэдүүлэг /хх 37-38, 49-50/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №541 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 40-41/,
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх 8-9/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 19-21/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 54-55, 58-64/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 68/, зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь хөдөө гэртээ очсон 6 нас 4 сар 5 хоногтой З.З-ыг өвөр дээрээ суулгаж чамд боожгой байна уу, тамхилъя гэж хэлж түүний бэлэг эрхтэнээс гараараа татсан улмаас З.З-ын эрүүл мэндэд бэлэг эрхтэн шодойгоос арагш 8х0,2 см язарч, шодой орчим цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т заасан хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч А.Цгийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн нутаг Шунхлай гэх газар өөрийн гэртээ 6 нас 4 сар 5 хоногтой З.Зын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь бэлэг эрхтэнд оёдолтой язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;
Шүүгдэгч Б.Ц-гийн өгсөн: "2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой манай хөдөө гэрт миний танил Баатархүү өөрийн эхнэр болон бага насны 3 хүүхдийн хамт манайд ирсэн. Манайх Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар баг Шунхлай гэх газар нутагладаг. Ингээд маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө гүүгээ бариад манайд ирсэн хүмүүс айраг цагаа ууцгаасан. Бид айраг ууж байгаад Баатархүү эхнэртэйгээ хажуугийн гэрт орсон байсан. Манай эхнэр Янжиндулам өвөлжөөн дээр ажил хийж байсан. Манай гэрт манайд ирсэн 3 хүүхэд мөн манай 1 хүүхэд нийлээд тоглож байсан. Тухайн үед барагцаагаар 15-аас 16 цаг болж байсан байх. Би хүүхдүүдтэй тоглож айгаад манайд ирсэн 1 эрэгтэй хүүхдийг барьж өвөр дээрээ суулгаад алив чамд боожгой байна уу, алив нэг тамхилъя гэж хэлээд түүний өмдний цаанаас нь бэлэг эрхтнээс нь зөөлхөн татчихсан чинь нөгөө хүүхэд уйлахаар нь яагаад уйлж байгаа юм бэ гэж хэлээд нөгөө хүүхдийг өргөөд орон дээр тавьсан. Тухайн үед нөгөө хүүхэд надтай юм ярихгүй чимээгүй байж байгаад 18 цагийн үед Баатархүү эхнэрийнхээ хамт нөгөө хүүхдүүдийг аваад Багануур явсан. Гэтэл тэр орой 22 цаг өнгөрч байгаад Багануурын цагдаагаас 1 цагдаа залгаад Багануурт ирж уулз гэсэн. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Хүүхдүүдтэй тоглож байгаад тэр жаалыг барьж аваад алив нэг тамхилъя гэж хэлээд өмдний цаанаас шодойноос нь гараараа бариад татсан. Манай хүү Билгүүн болоон Багануураас ирсэн 3 хүүхэд нар байсан. Тухайн үед би хохирогч хүүхэдтэй тоглож байсан юм. Тоглоод бэлэг эрхтнээс нь татах үедээ би түүний биед гэмтэл учирна гэж бодоогүй. Түүний биед гэмтэл учруулахыг хүсээгүй. Би тэр хүүхдийг загнаж зандарсан асуудал огт байхгүй. Зүгээр тоглох гэж барьж аваад хүүхдийг гэмтээчихлээ. Би архи уугаагүй байсан. Айраг л уусан байсан. Айргаа уугаад бага зэрэг халсан байсан. Согтсон зүйл байгаагүй. Би хүүхдийн эмээ А.М гэх хүнтэй уулзаж уучлалт гуйсан. Хүүхдийн эмээ А.М хот руу явж үзүүлэн эм тариа авсан гэж хэлэхээр нь та бүх гарах зардлаа надад хэлчих би хохирлыг нь төлж өгье гээд 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 5750115353 дугаарын Хаан банкны данс руу 700 000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч З.З-ын өгсөн: "Өчигдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би найз Бөмбөөлэй, Бабуужин хоёртой хамт гадаа тоглож байсан чинь тэр хоёр найз маань надад хандан бид хоёр аав, ээж хоёртойгоо хамт самранд явлаа, чи хамт явах уу гэхээр нь би эмээгээсээ асууя гэсэн чинь Бабуужин намайг дулаан хувцсаа өмсөөд эмээгээсээ асуугаад гараад ир гэсэн. Тэгэхээр нь би гэрт ороод буурай эмээ Нямцэрэндээ хэлсэн чинь яваад ир, яваад ир гээд дулаан хувцсыг маань өмсгөөд явуулсан. Тэгээд би Бөмбөөлэй, Бабуужин хоёр болон тэр хоёрын аав Баатархүү, ээж Батчимэг нарын хамт Эстима маркийн машинтай явсан. Бид нар яваад нэг өндөр уулан дээр самар түүж байсан чинь аймаар устай бороо мөндөр орсон. Тэгээд бид нар бороо зогсохыг хүлээж байгаад зогсонгуут нь дахиж машинаасаа гараад өндөр уул руу явган алхаад самраа түүчхээд машин руугаа буцаж очоод машиндаа суугаад явсаар байгаад нэг айлд очоод тэнд унтацгаасан. Тэгээд бид нар өнөөдөр буюу 2020.9.13-ны өглөө босоод байж байгаад буцаад Багануур руу явах гэж байх үед би Бөмбөөлэй, Бабуужин нартай хамт гадаа тоглож байгаад тэр хөдөөний айлын гэрт нь орсон чинь тэр гэрт нь 7-р ангийн ax, Бабуужин, Бөмбөөлэй, бас нэг жижигхэн хүүхэд байсан. Тэр айлын эзэн гэх ах согтуу байсан. Тэр гэрт тэр ахаас өөр том хүн байгаагүй. Би тэгээд гэрт ороод гэрийн зүүн талд нь Бабуужингийн хажууд сууж байсан чинь тэр согтуу ах миний гарнаас татаж аваад өвөр дээрээ суулгаад чамд ер нь боожгой байгаа юм уу гээд боожгой руу гараа хийснээ нэг гараараа толгойг маань доошоо дараад боовоо харж байна уу гэхээр нь харахгүй байна гэсэн чинь өвдтөл маань улам доошоо дарснаа ард талаас маань салтаан доогуур гараа оруулаад боожгойг маань аймаар хүчтэй татахаар нь би өвдөөд ёо ёо гээд уйлсан чинь Бөмбөөлэй ирээд тэр ахыг салгасан. Тэгсэн чинь тэр ах намайг өргөөд нуруугаар маань ор руу шидсэн. Тэгэхэд миний нуруу аймаар өвдсөн. Тэр үед намайг уйлж байхыг болон тэр ах намайг өвтгөхийг Бөмбөөлэй, Бабуужин, 7-р ангийн ах харж байсан. Тэгээд би гадагшаа гараад машинд нь суухдаа чанга уйлаагүй бөгөөд нулимсаа арчаад явж байхад Батчимэг эгч, Баатархүү ах эд нар намайг ерөөсөө хараагүй. Намайг яагаад уйлсныг ч асуугаагүй. Тэр ах миний боожгойг татаж өвтгөсний дараа харсан чинь миний боожгойноос цус гарсан байсан. Тэгээд би Багануурт ирээд гэртээ орохдоо уйлаад эмээдээ боожгойгоо харуулсан. Миний боожгой урагдсан байна гээд эмч оёдол тавьсан. Боожгойноос их цус гарсан. Бас нуруу жаахан өвдөөд байна. Бас зүүн талын гуя маань хөндүүртэй байгаа. Бөмбөөлэй ээждээ хэлээд байсан. Тэгсэн чинь хүүгийнхээ хэлж байгааг сонсохгүй тоохгүй яваад байсан. Би бол хэлээгүй. Би их өвдсөн. Одоо миний боожгой явахад, шээхэд өвдөөд байгаа нэг хэсэг би хөлөө ингэж явсан гээд баруун хөлөө чирээд явж үзүүлэв. Миний боожгойг өвтгөсөн болохоор тэр ахад гомдож байна. Тэр ах эмнэлэг дээр явж байхад нь би айгаад харсан ч хараагүй юм шиг зөрөөд явсан." гэх мэдүүлэг /хх 14-15/,
Хууль ёсны төлөөлөгч А.М-ын өгсөн: "Миний зээ хүү 3.З.З миний ээж Нямцэрэн бид 3 Улаанбаатар хотын Багануур дүүргийн 1-р хороо 3-р байрны 38 тоотод хамт амьдардаг. З.З-ын төрсөн аав нь Эрдэнэт хотод эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Төрсөн ээж нь Солонгос улсад суралцдаг. Сая хөл хорио гээд ирж чадахгүй байна. Миний зээ хүү 1 жил гаран ээж бид хоёртой хамт байж байгаа. Би 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу найзуудтайгаа явсан миний зээ 3.З.З манай өндөр настай ээж манай бага охин нар гэртээ үлдсэн. 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед зээ хүү З.З хөдөөнөөс ирээд орж ирснээ уйлсан миний хүү яасан гэхэд нь эмээ миний боожгойноос цус гараад байна гэхээр нь өмдийг нь тайлаад үзсэн чинь турсик нь цус болчихсон байсан. Тэгээд яасан юм бэ гэхэд нь би тайвшруулж байгаад асуугаад яасан талаар мэдсэн. Тэгээд зээ хүү З.З-ыг аваад эмнэлэг яваад 7 оёдол тавиулсан. Миний утсан дээр бүх зураг бичлэг нь байгаа их цус гарсан. Эмчилгээний зардал болгож 700 000 мянган төгрөг өгсөн. Өнөөдөр бас би Төв аймаг руу явж мэдүүлэг өгөхөөр явах гэж байна. Зардлын мөнгө өг гэхэд 100 000 төгрөг явуулсан. Надад эмчилгээний зардлын баримт байгаа. Би гомдолтой байна. Хүүхэд их айдаг аймхай болсон. Сэтгэл санаа сэтгэхүйн талаас их гэмтсэн гэж бодож байна. Би хүүхдийн сэтгэл зүйг үзүүлэх, сэтгэцийн эмчид хандаж үзүүлэх мөнгийг нэхэмжилж байна. Мөн том болоод бэлгийн үйл ажиллагаа сулрах, хэлбэр дүрс алдагдах гээд гарч болох бүх эрсдэлийг би одоо мэдэхгүй байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна." гэх мэдүүлэг /хх 16-17, 32-33/,
Гэрч Г.Батчимэгийн өгсөн: "Би өчигдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед өөрийн нөхөр Баатархүү, хүү Итгэлт 8 настай, Эрдэмтөгс 6 настай нар болон үеэл эгч А.М-ын зээ хүү З.З нарын хамт өөрийн эзэмшлийн Эстима маркийн тээврийн хэрэгсэлтэй агаарт гарах гэж явсан. Бид нар Хуцаагийн амын хадан хошуугаар дээшээ гараад мод руу явж самар түүж байгаад орой 19 цагийн үед уулнаас буугаад замаасаа төөрч явсаар байгаад Баяндэлгэр сумын цаад талын фермийн дээд талаас бууж ирээд засмал зам руу нийлээд явж байгаад Архуст суманд гүү барьдаг айл болох Б.Ц гэх айлд очиж хоночхоод маргааш буцъя гэж нөхөр бид хоёр ярилцаад Архуст сумын нутагт мал маллаж амьдардаг Б.Ц-гийн гэрт очсон. Тэдний гэрт очиход Б.Ц, эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тэгээд бид нар тэднийд айраг ууцгааж байгаад хоноод маргааш нь буюу 2020.09.13-ны өглөө босоод явах гэсэн чинь Б.Ц том гэрээ нүүлгэчихмээр байна урд талын өвөлжөө рүү буулгалцаад өгөөч гэхээр нь за тэгье гээд байж байсан чинь гадаа салхилаад эхлэхэд өнөөдөртөө больё гэхээр нь 14 цагийн үед бид нар Багануур руу хөдлөөд 15 цагийн үед Багануурт ирээд З.З гэх хүүхэд машинаас буунгуутаа гэр рүүгээ орсон. Харин нөхөр бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт гэртээ дөнгөж ороод хувцсаа тайлаад байж байсан чинь хаалга нүдэхээр нь хэн юм бол гээд онгойлгосон чинь А.М эгчийн охин нь орж ирээд та нар хүүхэд ямар аймаар болгочихсон юм бэ гээд уйлж орилж орж ирэхээр нь яагаа ч үгүй шдээ гэсэн чинь бид нарыг хараад эрүүл саруул болохоор жаахан тайвширсан уу яасан, тэгээд гараад явсан. Тэгээд орой эмнэлэг дээр очоод боожгойг нь харсан чинь нүд халтирмаар болчихсон байна лээ. Би өөрийн хүү Итгэл болон З.З нараас асуухад бид нарыг Б.Ц-гийн гэрээс хөдлөхийн өмнөхөн л ийм асуудал болсон юм шиг яриад байна. З.З гэхдээ машин дотор ерөөсөө уйлаагүй. Би хэрвээ уйлсан бол яав ийв гээд харах л байсан байх. Би хүү Бөмбөөлэй /Итгэлт/-өөс асуусан чинь бид нар гэрт тоглож байсан чинь Б.Ц ах З.З-ыг чи эрэгтэй юм уу, эмэгтэй юу боожгойг чинь үзье гээд толгойг нь дараад байхаар нь би З.З-ыг татаж авсан гэж хэлж байсан. Миний хувьд үнэхээр энэ асуудлыг огт мэдсэнгүй. Хэрвээ мэдсэн бол тухайн үед нь арга хэмжээ авах байсан юм. З.З, Итгэлт нарын аль аль нь надад ийм юм хэлээгүй. З.З ч гэсэн ийм аймаар болчхоод огт уйлахгүй яваад байдаг нь их сонин байгаа юм. Гэртээ ороод эмээгээ хараад л уйлсан гэсэн. Б.Ц гэх хүний бүтэн овог нэрийг нь мэдэхгүй. Энэ хүн манай хүргэн ах Бадам гэх хүний малыг 20 гаран жил маллаж байгаа хүн байгаа юм. Уг нь бол архи дарс уугаад байдаггүй томоотой л хүн байгаа юм. Энэ хүний холбогдох утас нь 88836046. Эхнэр Янжаагийнх нь утас 90545436. Архи дарс уугаагүй байсан. Харин айраг уусан байсан байх гэж бодож байна." гэх мэдүүлэг /хх 29-30/,
Гэрч Ш.Баатархүүгийн өгсөн: "...Тэгээд бид нар хүү Итгэлээс асуусан чинь Б.Ц ах боовыг нь үзнэ гээд дарсан гэж хэлсэн. Энэ З.З гэдэг хүүхэд ерөөсөө уйлж бариагүй, ийм асуудал болсныг ч бид нарт хэлээгүй. Сая цагдаа дээр ирээд зургийг нь харсан чинь арай л аймаар болчихсон байна. Тэгээд З.З-аас асуусан чинь Б.Ц боовыг нь татсан гэж хэлсэн. Эхнэр бид хоёрын хувьд үнэхээр ийм асуудал болсныг нь тухайн үедээ огт мэдсэнгүй. Би Багануур дүүрэгт ирээд З.З-аас ахын дүү ядарсан уу гэсэн чинь ядарсан гэж хэлээд л гэр рүүгээ орсон. Тэрнээс өөрөөр бол уйлж орилсон болон өвдөж хавдаж байна гэж огт ярихгүй байсан." гэх мэдүүлэг /хх 35/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №541 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.З.З-ын биед бэлэг эрхтэнд оёдолтой язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд, мохоо зүйлийн үйлчлэлээр болон татах, зулгаах үед нэг удаагийн үйлдлээр учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд нөлөөлөхгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хх 40-41/,
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх 8-9/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 19-21/, нас тоолсон тэмдэглэл /хх 12/, З.З нь 2014.4.18-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсний гэрчилгээний хуулбар /хх 13/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Насанд хүрээгүй хохирогч З.З-ын хууль ёсны төлөөлөгч А.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгчээс эмчилгээний болон унааны зардалд нийт 800 000 төгрөг авсан, З.З-д цаашид сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдүүлсэн байх тул Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц нь насанд хүрээгүй хохирогч З.З-д учруулсан хохирлоо нөхөн төлж хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Б.Ц-д оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 800 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2034000000568 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2034000000568 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ