Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

 

 

 

С.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Одончимэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 238 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Э.Одончимэгийн бичсэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлээр С.Тт холбогдох эрүүгийн 1705014290320 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт С.Т, 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, архитектор инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

Шүүгдэгч С.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах LM караокений үүдэнд Х.Б зодож эрүүл мэндэд зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч С.Тт мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх”, 7.6 дугаар зүйлд “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх”, гэж заасан яллагдагчийн эрх, мөн хуулийн 7.7 дугаар зүйлд “гомдол хүсэлт гаргах”, 7.8 дугаар зүйлд “шүүх хуралдаанд оролцох” гэж заасан яллагдагчийн эрх, мөн хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан “яллагдагчийн үүрэг” тус тус танилцуулаагүй нь яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй гэж үзнэ.

Яллагдагч С.Тт Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх, үүргийг танилцуулж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах нь зүйтэй.

Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил болох бөгөөд эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Одончимэг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаартай прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэжээ.

Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/59 дүгээр тушаалын хавсралтаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг баталж мөн өдрөөс одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Тушаалын хавсралтаар Мөрдөгчөөс гаргах эрх зүйн хэлбэрийн жагсаалтад “Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийн маягтыг Улсын Ерөнхий Прокуророос баталж өгсөн бөгөөд уг хэрэгт мөрдөгч нь батлагдсан маягтын дагуу яллагдагчаас мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн.

Хэрэгт авагдсан баримтаар буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч мэдүүлэхдээ, мөрдөгч түүнээс байцаалт авахын өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3-7.8-д заасан яллагдагчийн эрх, 7.9-д заасан яллагдагчийн үүргийг тус тус хуулиас уншиж өгөн өөрт нь уншуулж танилцуулсан тухай мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасан байна. Дээрхи хэрэгт, шүүхээс уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг албан ёсоор тогтоож, зар гаргаагүй ба шүүх хурлын өмнөх өдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 18 цагийн орчимд шүүгчийн туслахаас прокурорын гар утасны дугаар луу залгаж “маргааш 13:30 цагаас Тт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгтэй” гэж мэдэгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурьдсан заалтыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.

ХЯНАВАЛ:

Прокуророос С.Т холбогдох  хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заажээ.

Хавтаст хэргээс үзэхэд  хэргийн 38 дугаар хуудсанд  “сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг” , 44 дүгээр хуудсанд  “яллагдагчаар авсан мэдүүлэг”-ийн маягтанд Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, сэжигтэн, яллагдагчийн эрх болон үүргийг  бичжээ. Уг тэмдэглэлийг яллагдагч С.Тт танилцуулж,өмгөөлөгчтэй байцаалт өгөх эсэхийг тодруулсан байх бөгөөд яллагдагч нь эрх, үүрэг, мэдүүлгүүдтэй танилцаж гарын үсэг зуржээ.

 Яллагдагч С.Т шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлээс 7.9 дүгээр зүйл хүртэл хуульд заасан    эрх болон үүрэгтэйгээ танилцсан гэж мэдүүлсэн байх тул  хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заажээ.

Гэтэл шүүх хурлын урьд өдөр товыг мэдэгдэж хууль зөрчжээ.

            Мөн шүүх хурлын тов мэдэгдсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

Иймд прокурор Э.Одончимэгийн гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, С.Тт холбогдох хэргийг шүүхээр  хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 238 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Тт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

            ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ