Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0440

 

“ИТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     захиргааны хэргийн тухай

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС .ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”,

 Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М,

Хэргийн индекс: 128/2021/0858/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ИТ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ИТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “ ... Анхан шатны шүүх “... “ИТ” ХХК-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хий зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 17 дугаар зүйлийн 17.3-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж заасныг зөрчиж газар ашиглах эрхийг олгосон гэснээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тохиолдолд хүчингүй болгохоор заасныг зөрчсөн байна” гэжээ.

3.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон, уг хуулийн 11 дүгээр зүйлд /дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд/ байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд “... дархан цаазат газарт хоригдох үйл ажиллагаа”-г тус тус тусгайлан заасан. Хуулийн уг зохицуулалтаар дархан цаазат газрын хамгаалалтын болон хязгаарлалтын аль ч бүсэд аливаа зориулалтаар “цогцолбор, барилга байгууламж” барьж байгуулах, ийм зориулалтаар газар ашиглах эрх олгохыг зөвшөөрөөгүй, уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул “дархан цаазат газарт хууль зөрчин газар ашиглах эрх олгосон” гэх үндэслэлээр “ИТ" ХХК-д газар ашиглах эрх олгосон БОАЖС-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

3.3. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг хуулиар тогтоосон дэглэмд нийцэхгүй, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсэд иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгож ирсэн, мөн хуулиар хүлээсэн “дархан цаазат газар нутагт хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, дархан цаазат газарт “барилга байгууламж бариулах”-аар гэрээ байгуулж, эрхийг баталгаажуулж ирснээс Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нь уг хуульд зааснаар хамгаалагдаж ирээгүй нь нийтэд илэрхий үйл баримт боловч энэ нь хүчин төгөлдөр хууль, хуулиар тогтоосон журмыг цаашид мөрдөхгүй байх учир шалтгаан, үндэслэл болохгүй юм.

3.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь барилгын эскиз, байгаль орчны үнэлгээ зэргийг батлуулсан мөн холбогдох барилгын ажпын зөвшөөрлийг авсан байхад нь анх олгосон хууль бус тушаалыг хүчингүй болгосон нь хууль ёсны итгэл хамгаалах зарчмаар буруутгагдах учиргүй юм.

3.5. Анхан шатны шүүх “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдвол мөн тухайн тусгай хамгаалалттай горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 ... тохиолдлуудад газар эзэмших эрх дуусгавар болохоор, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгохоор тусгайлан заасан ... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалтыг зааж өгсөн, энэ үндэслэлд хамаарагдахгүйн дээр сайдын 2017 оны А/87 дугаар тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй ... гэж үйл баримтуудыг дүгнэсэн тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй, шүүхээс дахин дүгнэх шаардлагагүй байна” гэжээ.

3.6. Өмнөх шүүхийн шийдвэрээр “ИТ” ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны актыг хянаагүй буюу Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу Бурхан багшийн хөшөөний эдэлбэрт газрыг нийтийн зориулалтаар ашиглахаар “ИТ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг хянаж, хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.7. Түүний өмнө “Голден дрийм" ХХК нь “ИТ” ХХК-д олгосон тушаалтай маргаж байгаад давж заалдах шатны шүүх дээр талууд эвлэрч хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг танилцуулж байхдаа өмнө нь тус хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай огт нийцэхгүй байна.

3.8. Өөрөөр хэлбэл, анх олгосон тушаалыг хуульд нийцсэн эсэхийг шүүхийн ямар нэгэн хүчин төгөлдөр шийдвэрээр хянаж тогтоогоогүй байхад нэгэнт шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Хууль зөрчсөн захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хүчингүй болох, цуцлагдах боломжтой, хэргийн оролцогчдоос дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон нь “хууль ёсны эсэх” талаар маргаж буй энэ тохиолдолд шүүх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр “хуульд үндэслэх” зарчимд нийцэх юм.

3.9. Тус хэрэгтэй ойролцоо төрлийн шүүхийн маргаануудыг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөгдөх үйл ажиллагааг нэгэнт хуульчлан тогтоосон байх тул хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зориулалтаар газар ашиглуулахаар олгосныг хууль бус гэж үзнэ хэмээн хуулийг хэрэглэсэн байдаг.

3.10. Иймд анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, мөн зарим хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгч “ИТ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан гаргасан “БОАЖС-ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

2.1. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, анх нэхэмжлэгч “ИТ” ХХК-д БОАЖС-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 0160746 дугаар гэрчилгээг олгож, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр газар ашиглах гурвалсан гэрээг “ИТ” ХХК болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай 5 жилийн хугацаатай байгуулжээ.

2.2. БОАЖС-ын нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон 2017 оны А/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар “Голден дрийм” ХХК нь БОАЖС-д .холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан байх бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр БОАЖС-ын 2017 оны А/87 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “Голден дрийм” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Үүний дараа БОАЖС .ын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаар “ИТ” ХХК-д 2017 оны А/87 дугаар тушаалаар олгосон 0.44 га газар ашиглах эрхийг дахин дуусгавар болгож шийдвэрлэсэн байх боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 344 дүгээр шийдвэрээр уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

2.4. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрээс даруй 1 жил 4 сарын дараа БОАЖС .ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн маргаан бүхий А/286 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “... Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин ... сайдын 2017 оны ... А/87 дугаар тушаалаар 0.44 га газар ашиглах эрх авсан ... Богдхан уулын дархан цаазат газрын 2021 оны ... 1249 тоот саналын дагуу ...” гэсэн үндэслэл шалтгаанаар дахин “ИТ .” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.5. Хариуцагч маргаан бүхий актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гэж заасныг үндэслэсэн байх бөгөөд тушаалын 1 дэх заалтаар мөн хуулийн 17 дугаар зүйлийн 3/-т “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж заасныг зөрчин Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон ... Богдхан уулын дархан цаазат газрын 2021 оны 1249 тоот саналын дагуу ...” гэх зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

2.6. Учир нь, дээрх маргаан бүхий актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гэж заасныг баримталсан байх боловч мөн зүйлийн хэсгийн нийт хориглосон 11 төрлийн үйл ажиллагаанаас нэхэмжлэгч аль үйл ажиллагааг явуулсан гэж үзсэн талаар тушаалд заагаагүй байхаас гадна мөн хуулийн 17 дугаар зүйлийн 3/-т “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй, маргаан бүхий актын үндэслэл зөрчилтэй байна.

2.7. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын дээрх үндэслэлээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч “ИТ” ХХК-ийг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн эсэх, эсхүл анхнаасаа хууль зөрчиж тус компанид газар ашиглах эрх олгосон гэж үзэж байгаа эсэх нь ойлгомжгүй байхаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжлэгч “ИТ” ХХК-ийн хууль ёсны дагуу ашиглахаар эрх үүссэн газар дээр аялал жуулчлалын төв барихаар хийсэн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, мөн 2017 оноос 2021 оныг хүртэл төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулсан атлаа газар ашиглах эрх олгосноос хойш 4 жилийн дараа Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар ашиглах олгосон гэж үзсэнийг үндэслэлтэй, хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.

2.8. Түүнчлэн маргаан бүхий актад “... Богдхан уулын дархан цаазат газрын 2021 оны 1249 тоот саналын дагуу ...” гэсэн үндэслэлийг заасан байх боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглагчид олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах талаар санал гаргах эрхийг тусгайлан зааж хуульчлаагүй, хариуцагчаас энэ талаарх хууль эрх зүйн үндэслэлийг шийдвэрт тусгаагүй, мөн энэ талаарх үндэслэлийг шүүхэд тайлбарлаагүйг дурдах нь зүйтэй байна.

2.9. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, мөн зүйлийн 1-ийн 1/-т “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах шийдвэр гаргахдаа дархан цаазат газрын болон байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны саналыг авч шийдвэр гаргахаар байх бөгөөд газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болгохоор хуульчилсан байна.

2.10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон, уг хуулийн 11 дүгээр зүйлд /дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд/ байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд ... дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тус тус зааж хуульчилсан бөгөөд хуулийн эдгээр зохицуулалтаар дархан цаазат газрын хамгаалалтын болон хязгаарлалтын аль ч бүсэд аливаа зориулалтаар цогцолбор, барилга байгууламж барьж байгуулах, ийм зорилгоор газар ашиглах эрх олгохыг зөвшөөрөөгүй.

2.11. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааны 7/-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж зөвшөөрсөн байх бөгөөд хариуцагч нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосоор ирсэн, газар ашиглагчид тус газруудад аялал жуулчлалын болон үйлчилгээний зориулалтаар тэрч байтугай орон сууцны зориуулалтаар олон тооны барилга байшин барьж ашиглалтад оруулсан зэрэг нь нэгэнт нийтэд илэрхий үйл баримт байна.

2.12. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж ирсэн байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий албан тушаалтнууд нь уг хуулиар тогтоосон дэглэмд нийцэхгүй, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгож ирсэн, мөн хуулиар хүлээсэн дархан цаазат газар нутагт хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, дархан цаазат газарт барилга байгууламж бариулахаар гэрээ байгуулж, эрхийг баталгаажуулж ирснээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүс нь уг хуульд заасны дагуу хамгаалагдаж ирээгүй нь нийтэд илэрхий үйл баримт байх боловч энэ нь хүчин төгөлдөр хууль, хуулиар тогтоосон журмыг цаашид мөрдөхгүй байх учир шалтгаан, үндэслэл болохгүй, хуулийг зөрчсөн нь тэгш байдлын зарчмаар зөвтгөгдөх учиргүй.

2.13. Гэвч тэгш байдлын зарчим нь энэ тохиолдолд хүчин төгөлдөр хууль тогтоомжийг нийтээрээ, тэгш мөрдөх агуулгаар тайлбарлагдана, хууль зөрчсөн захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хүчингүй болох, цуцлагдах боломжтой, хэргийн оролцогчдоос дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон нь хууль ёсны эсэх талаар маргаж буй энэ тохиолдолд шүүх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хуульд үндэслэх зарчимд нийцэх юм.

2.14.   Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөх бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.1-т “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.2.3-т “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, 48.2.5-д “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэж тус тус заасан.

2.15. Нэхэмжлэгч “ИТ” ХХК-д анх Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 0.44 га газрыг ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын БОАЖС-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгож буй БОАЖС .ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан “эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл”-д хамаарахгүй байна.

2.16. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч “ИТ” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий актад “хууль, захиргааны хэм хэмжээний актаар эсхүл аливаа захиргааны актад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар заасан, эсхүл бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, анх газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргуулахдаа хуурч мэхэлсэн, айлган сүрдүүлсэн, авлига өгөх болон бусад хууль бус арга хэрэглэсэн нь тогтоогдсон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” зэрэг үндэслэлийг тусгаагүй энэ талаарх шалтгаан нөхцөл бүрдсэн талаар тайлбарлаагүй, холбогдох баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүхийн “хариуцагчийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг зөрчсөн” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... захиргааны байгууллагаас анх нэхэмжлэгчид газар олгохдоо хууль зөрчсөн тушаал гаргасан учраас уг тушаалаа хүчингүй болгосон ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар газар ашиглах зөвшөөрөл олгосон нь тус хуулийн 12 дугаар зүйлд  заасан хуулийг зөрчсөн ... өөрөөр хэлбэл дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зорилалтаар олгосон нь үндэслэлгүй ...” гэж тайлбарлан маргасан байх боловч энэ талаарх хууль зүйн үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасантай дүйцүүлэн тайлбарлаагүй, холбогдох баримт нотолгоог шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байна.

2.18. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахдаа тухайн салбарын харилцааг зохицуулсан хууль, журамд нийцүүлэхээс гадна Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон үндэслэлд журамд нийцүүлэх, шийдвэр чиглэгдсэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлтэй эсэхийг нарийн нягт хянан тогтоож, хууль зүйн үндэслэлтэй, бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргах үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээр дурдсан үндэслэлүүдээр “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар  дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг хуулиар тогтоосон дэглэмд нийцээгүй, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зорилгоор дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсэд ... газар ашиглах эрх олгож ирсэн ... хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй ... барилга байгууламж бариулахаар гэрээ байгуулж ирснээс дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нь ... хуульд зааснаар хамгаалагдаж ирээгүй нь нийтэд илэрхий боловч энэ нь хүчин төгөлдөр хууль, хуулиар тогтоосон журмыг цаашид мөрдөхгүй байх үндэслэл болохгүй ... нэхэмжлэгчийг ... холбогдох барилгын ажлын зөвшөөрөл авсан байхад нь анх олгосон хууль бус тушаалыг хүчингүй болгосон нь хууль ёсны итгэл хамгаалах зарчмаар буруутгахдах учиргүй ... хууль зөрчсөн захиргааны ... шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хүчингүй болгох, цуцлагдах боломжтой ... ” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна. 

2.19. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч “ИТ” ХХК эрх бүхий этгээдийн газар ашиглах эрх олгосон шийдвэрийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 07 дугаар сарын 18-нд МЗХ2017/14-31 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, мөн аялал жуулчлалын төвийн барилгын эскиз зургийг баталж, цахилгааны холболт хийх 1865/2017 дугаартай техникийн нөхцлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, дулааны шугамын 85/2017 дугаартай техникийн нөхцлийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрчим хүчний яамнаас тус тус олгосон, улмаар ажлын зураг төслийн баримт бичигт Барилгын хөгжлийн төв 103/2018 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-нд 060/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг олгосон үйл баримтууд тогтоогдсон талаар болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “... нэхэмжлэгч ... компани аялал жуулчлалын төв барихаар эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авч үйл ажиллагаа явуулж байсан, төсөлд 1.319.751.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогдож байна ...” гэх зэрэг үйл баримтуудын талаар үндэстэй зөв дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй байна.

2.20. Түүнчлэн хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1/-т “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” заасан бүрэн эрхийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгох талаар шийдвэр гаргахдаа хууль журамд нийцэж байгаа эсэхийг нягтлан хянах үүрэгтэй байхад нэхэмжлэгчид 2017 онд нэгэнт газар ашиглах эрх олгох шийдвэр гаргасан, улмаар нэхэмжлэгчийн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг баталгаажуулж байсан атлаа, газар ашиглах эрх олгосноос хойшхи 4 жилийн хугацаанд нэхэмжлэгчээс газар ашиглах талаар эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрөл, дүгнэлт гаргуулсан, түүнчлэн уг   хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэртэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад тус шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны А/87 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон буюу хэрэгсэхгүй болгосон хэргийн шүүхийн шийдвэрийг иш татаж шийдвэр гаргаж байсан, улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0344 дүгээр шийдвэрээр тус газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад дахин “... хууль зөрчин газар ашиглах эрх олгосон” гэсэн үндэслэлээр тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан зэргээс үзвэл хариуцагчийг нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох чиг хандлагыг зөвхөн баримталж байна гэж ойлгохоор байхаас гадна хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл тоосон байдал гаргаж байна гэж үзэхээр байгааг мөн дурдах нь зүйтэй.

2.21. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                              Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ