| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2018/0016/З |
| Дугаар | 20 |
| Огноо | 2018-10-30 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 20
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ц.Нэргүй даргалж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Т.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч , тус хэлтсийн дотоод аудит хяналтын тасгийн дарга, хяналтын улсын байцаагч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар О.М-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсэсд холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 50, 51 тоот илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 50, 51 тоот актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. О.М нь 2015 онд өндөр насны тэтгэвэрт гарсан байгаа. 50, 51 тоот актууд гарсан байгаа. Тухайн акт нь ямар үндэслэлээр гарсан бэ? гэхээр Хөдөлмөр хамгаалалтын а/301 А/11 тушаалаар батлагдсан ажлын удирдамжийн дагуу аймгийн тэтгэвэр авагчдын бүх хувийн хэргийг шалгасан.
Тухайн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харъяат А.Ч, Д.Т гэх 2 хүний тэтгэвэр илүү олгосон гэдэг. Тус актанд А.Чн 4246800 төгрөг, Д.Т 9928445 төгрөгний илүү бодогдсон тэтгэвэрийг О.М-ээр төлүүлэх акт гаргасан байдаг.
О.М нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.Т нь 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон бусад хяналт шалгалтаар хянуулсны үндсэн дээр сарын 275136 төгрөгөөр тэтгэвэр тогтоолгосон байдаг.
Түүнийг тогтоосноос хойш 3 сарын дараа шалгалт ирсэн байдаг. Тухайн шалгалтаар хувийн хэрэгтэй танилцаж шалгасан. Д.Т гэдэг хүний тэтгэвэр тогтоох ёстой байсан он нь 2005 он гэж оруулах ёстой байсныг 2003 он гэж оруулсан байсан.
Энэ алдаа дутагдалаа өөрөө засч залруулж даатгалын санд 15 хоног илүү олгосон 56000 төгрөг төлж зөрчилгүй болгосон байгаа. Тухайн хувийн хэрэгт алдаагаа засаж ажилласан байхад 7 жилийн дараа 9928445 төгрөгийг төлүүлэх нь үндэслэлгүй байна.О.М нь А.Ч-д 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хянуулж 225697 төгрөгөөр тогтоон олгосон байгаа.
Гэтэл 2011 оны 02 дугаар сард тэтгэвэр тогтоосноос хойш 5 сарын дараа хяналт шалгалт хийсэн. Тухайн үед зөрчил илрээгүй байсан. Дараа нь дахин хяналт шалгалт ирсэн байдаг. А.Ч-н хувийн хэрэгт хяналт, шалгалт хийхэд алдаа дутагдал илрээгүй байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа метариалыг нь бүрдүүлээд шаардлагатай материалыг хувийн хэрэгт нь баталгаажуулж тухайн иргэний өндөр насны тэтгэвэрийг тогтоодог байгаа. Зөвхөн байцаагч дангаараа тогтоох боломжгүй юм.
Гэтэл дээрх 2 хүний тэтгэвэр тогтоосны дараа илүү олгогдсон гэх зүйл гарч ирж байгаа нь компьютерийн програмын алдаа гэж бодож байна. Мөн яг энэ нэхэмжлэлтэй төстэй Нацаг нь захиргааны хэрэгт нэхэмжлэл гаргасан байдаг. Нацаг нь тухайн үед энэ алдаа гарч байгаагүй гэсэн тайлбар хийсэн байдаг. 4240846 төгрөгийг О.М-ээр төлүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. О.М нь тэтгэврийн байцаагчаар 3 жилийн хугацаанд ажилласан байдаг. О.М нь 3 жилийн хугацаанд ажиллахдаа 1000 гаруй хүнийг тэтгэврийн ямар ч алдаа дутагдалгүй гаргасан байдаг.
Иймд Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 50, 51 тоот илүү олгосон тэтгэвэрийг төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 50, 51 тоот актанд илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай гэсэн захиргааны акт нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах гэж нэхэмжлэл гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааж өгсөн байгаа. Мөн тус хуулийн 40.3 дахь хэсэгт хууль зүйн үндэслэлд захиргааны акт гаргах эрх олгогдсон этгээдийг тодорхой заана гэж заасан байдаг.
Нийгмийн даатгалын хууль тухайн захиргааны акт гаргах эрх олгосон эрхийн заах ёстой байсан. 50, 51 тоот актанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг. Гэтэл ямар нэгэн эрх олгогдоогүй хамаагүй хуулийг үндэслэсэн байгаа. Иймд хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох нэхэмжлэл шүүхэд гаргасан гэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бадамсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 А/319, 2017 оны А/11 тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу манай аймагт бүх тэтгэвэр авагч буюу 15000 гаруй хүнд 2017 оны 1-3 дугаар сарын хооронд хяналт шалгалт хийсэн.
15000 гаруй хүнээс 15 хүнд зөрчил илэрсэн байдаг. Үүнээс хамгийн өндөр зөрчил нь О.М-тэй холбоотой гарсан. Үүнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харъяат иргэн А.Ч, Д.Т нарт холбоотой зөрчил илэрсэн. А.Ч-д 225697 төгрөгийн тэтгэвэр анх тогтоогдсон.
Үүнээс шалгалт явуулсан хугцааанд 6 жил 6 сарын хугацаагаар 4248460 төгрөг илүү авсан зөрүү гарсан. Д.Т-н хувьд 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цэргийн хэвийн тэтгэвэр тогтоогдсон. 29 жил 5 сар 18 хоногоор сарын 319917 төгрөг тогтоолгосон.
2005 оны 11 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл 6 жил 2 сар 0 хоног 9928445 төгрөг илүү авсан тооцоо гарсан.
Үүнийг үндэслэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг барьсан боловч 29.2 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэн Д.Т-н 9928445 төгрөг 51 тоот улсын байцаагчийн акт, А.Ч-д 4204846 төгрөгийн зөрүү гарч 50 тоот актууд тус тус О.М бичигдсэн байгаа гэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Ниймгийн даатгалын хяналт шалгалтын улсын байцаагчийн акт нь тухайн үед 50 тоот улсын байцаагч дээр 2005 оноос хойш цалин шивж оруулах байсан байгаа. Гэтэл 2003 оноос цалингийн шивэлтийг бичсэн байдаг. А.Ч-д 6 удаагийн нэмэгдэл оруулсан. Он андуурч шивэгдсэн учир ийм зөрүүнүүд гарсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдаанаар О.М-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсэсд холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 50, 51 тоот илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч О.М нь 2010 онд Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсэсд байцаагчаар ажиллаж байхдаа иргэн А.Ч-н тэтгэврийг тогтоон цалинг шивэхдээ он сольж 1 оноор урагшлуулан шивж бодсоноос тэтгэврийн зөрүү 4204846 төгрөг илүү олгогджээ.Мөн өндөр настан цэргийн тэтгэвэр авагч Д.Т-н тэтгэврийг тогтоон цалинг шивэхдээ 2 он урагшлуулан бодсоноос тэтгэврийн зөрүү 9928445 төгрөг илүү олгогджээ.
Тухайн зөрчлийг Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчаар О.М ажиллаж байхдаа ажилдаа хайнга хандаж, компьютерийн програмдаа буруу шивэн оруулсан боловч тухайн тэтгэврийн материалыг шалгаж баталгаажуулсан дарга, албан тушаалтанууд илрүүлэн засах боломжтой байжээ.
Иймд тус зөрчлүүд нь 2017 онд шалгалтаар илэрч тус шүүхэд маргаж байгаа 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 50, 51 дугаартай актуудыг Нийгмийн даатгалын байцаагч нар О.М-р төлүүлэхээр гаргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дүгээрт зааснаар “Төрийн албан тушаалыг эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дугаарт “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмыг баримтална” гэж тус тус хуульчилжээ.
Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээрт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч ....гэм буруутайд тооцож үл болно” гэж, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дугаарт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэврийг гэм буруутай албан тушаалтан хариуцахаар заасан байх ба О.М нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд “нийгмийн даатгалын байцаагч” биш “иргэн” хэмээх статустай байгаа бөгөөд түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй болох нь Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор тогтоогдож байна.
Иймд хариуцагч нар нь маргаан бүхий актад дурьдагдсан зөрчлийн улмаас тэтгэврийн сангаас илүү олгосон мөнгийг анх зөрчил үүсгэсэн гэх агуулгаар зөвхөн иргэн О.М-ээр бүхэлд нь төлүүлэхээр акт тогтоосон нь буруу байна.
Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгаж үзэхэд хариуцагч нар нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29 дугаар зүйлийн 2 дугаарт ззасныг үндэслэн энэхүү 50, 51 дүгээр актыг гаргажээ.Энэхүү хуулийн заалтанд “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг тогтооно” гэжээ.Энэ хуулийн заалт нь А.Ч, Д.Т нарт илүү олгосон тэтгэвэрийг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлнэ” гэх агуулгыг илэрхийлээгүй хуулийн буруу заалт барьж акт тогтоожээ.
Тус актанд тусгагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэсэн хуулийн зохицуулалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтад тусгагдсан байна.
Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 50, 51 дугаартай актыг гаргахдаа үндэслэл болгосон хуулиа буруу хэрэглэсэн, О.М-ийн үйлдэл нь төрийн албан хаагч буюу албан тушаалтанаар ажиллаж байх хугацаандаа гаргасан “Алдаа” байх ба энэхүү үйлдэлд нь гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дүгээрт зааснаар А.Ч, Д.Т нарт илүү олгосон тэтгэвэрийн 14133291 төгрөгийг төр хариуцахаар байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107, 108 дугаарт зааснуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дугаарт зааснаар Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 50, 51 дугаартай О.М-д холбогдох “Илүү олгосон тэтгэвэрийг нөхөн төлүүлэх тухай 14133291 төгрөгийн акт”-ыг хууль бус болохыг тогтоож, актыг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дүгээрт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.