Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/451

 

 

 

 

 

 

 

 

 

                             

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

Шүүгдэгч Б.З өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

Шүүгдэгч Ц.Г өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Б.З, Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Ц.Г, Б.З нарт холбогдох эрүүгийн 2009000000905 дугаартай, 2 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б.З, 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт Дорноговь аймагт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ЕЮ90566525 регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Ц.Г, 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Төв аймагт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

-Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, НН95682335 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З, Ц.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.З-ыг өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэх,

 

Шүүгдэгч Ц.Г өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэх,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Шүүгдэгч Б.З яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх 45-46, 47-48, 2-р хх 125-126/,

Шүүгдэгч Ц.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх 41-42, 43, 131-135, 2-р хх 127-128/,

Хохирогч Б.Бын өгсөн мэдүүлэг /1-р хх 24-26, 27/,  

Гэрч Т.Алтанзулын өгсөн мэдүүлэг /1-р хх 28-29/,  

Гэрч Б.З өгсөн мэдүүлэг /1-р хх 30-31, 2-р хх 88-90/,

Гэрч Ц.Г өгсөн мэдүүлэг /1-р хх 32-33, 105-106, 2-р хх 40-42, 85-87/,

Хохирогч С.Б өгсөн мэдүүлэг /1-р хх 85-86, 87-88, 153-154/,

Гэрч И.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /1-р хх 89-90/,

Гэрч Б.Энхбатын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 91-92/,

Гэрч Э.Өлзийхүүгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 93-94/,

Гэрч Ч.Баатархүүгийн өгсөн мэдүүлэг /1-р хх 95-96, 155-156/,     

Гэрч Т.Эрдэнэхүүгийн өгсөн мэдүүлэг /1-р хх 97-98/,

Гэрч А.Бадамчимэгийн өгсөн мэдүүлэг /1-р хх 99-100/,

Гэрч Т.Анхбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх 101-102/,

Гэрч Ш.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1-р хх 103-104/,

Гэрч Т.Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1-р хх 138-139/,

Гэрч Г.Батхүүгийн өгсөн мэдүүлэг /1-р хх 140-141/,

Гэрч Ч.Энхтүвшиний өгсөн мэдүүлэг /1-р хх 237-238/,

Хохирогч Э.О өгсөн мэдүүлэг /2-р хх 14-15

Гэрч Н.Маргад-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /2-р хх 37-38/,

Гэрч Э.Ө өгсөн мэдүүлэг /2-р хх 65-66/,

Хохирогч Э.Өлзийхүүгийн өгсөн мэдүүлэг /2-р хх 78-79/,

Гэрч Б.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /2-р хх 81/,

Гэрч Ө.Өсөхбаярын өгсөн мэдүүлэг /2-р хх 82/,

Иргэний нэхэмжлэгч Н.Маргад-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /2-р хх 136/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 6-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 65-71/, хэргийн мөрдөн шалгах харьяаллыг өөрчлөн тогтоох тухай Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын тогтоол /1 хх 76-77/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 хх 78-79/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 80/, 10 литр А-80 авто бензинийг 14 500 төгрөг, БНХАУлсад үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг 1 500 000 төгрөгөөр үнэлсэн “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 481 дугаартай үнэлгээний тайлан /1хх 108/, мотоцикл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 112-115/, Т.Приус 30 тээврийн хэрэгслийг 13 541 640 төгрөгөөр, тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 615 000 төгрөгөөр үнэлсэн тухай “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 09/336 дугаартай үнэлгээний тайлан /1 хх 192-207/, LG-Q6 загварын гар утсыг 200 000 төгрөгөөр үнэлсэн тухай “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 584 дугаартай үнэлгээний тайлан /1 хх 242-243/, хохирогч Э.О эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй талаарх Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02/0142 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 248/, /, LG-Q6 загварын гар утсыг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх 18-19/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /2 хх 34-36/, Ц.Г эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 116/, шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 118-123/, Б.З эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 185/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 61-63/, Монел брэндийн 32 инчийн зурагтыг удирдлагын хамт хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх 69-70/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /2 хх 71-74/, 32 инчийн Монел брэндийн зурагтыг 160 000 төгрөгөөр үнэлсэн тухай “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-820/032 дугаартай үнэлгээний тайлан /2 хх 93-95/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Б.З, Ц.Г нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.Ө Мааньзавын 6-25 тоот гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Монел /Monel/ брэндийн зурагт хулгайлж 160 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Спарк рестораны авто машины зогсоол дээр иргэн Б.Б 3631 УАЕ улсын дугаартай Т.Приус 30 маркийн автомашинд унтаж байхад нь нэвтрэн орж автомашинд нь суулган Төв аймгийн Архуст сумын нутагт аваачин хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж тээврийн хэрэгсэл болон бэлэн 400 000 төгрөг дээрэмдсэн,

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн нутаг Өндөр ил гэх газар байрлах гэрийн гаднаас хохирогч С.Б эзэмшлийн Даюун маркийн мотоцикл, 10 литр бензинийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 514 500 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэн Э.О Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мааньзавын 7-1900 тоот гэрт орж, түүний 200 000 төгрөгийн үнэ бүхий LG-Q6 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь;     

 

Шүүгдэгч Б.З яллагдагчаар өгсөн: "Би Дорноговь аймгийн Сайншанд сумын Мааньзавын 11-13 тоотод эцэг, эхийн хамт амьдардаг. Би 2020 оны 5 дугаар сарын сүүлээр намайг гэртээ Дорноговь аймагт байж байхад миний танил дүү Отгоо гэх залуу Ц.Г-г дагуулаад манай гэрт ирсэн. Тэгээд бид ярилцаад хотод ажил хийхээр явахаар болсон. Тэгээд бид 3 Улаанбаатар хотод очсон. Тэндээ эрхэлсэн тодорхой ажилгүй байж байгаад 2020 оны 6 дугаар сарын 18-ны 04 цагийн үед би Ц.Г-гийн хамт Хан-Уул дүүрэгт байх Зайсан руу алхаад Хан-Уул дүүргийн Энхтайваны гүүр даваад явж байхад Ц.Г 1 приус-30 маркийн саарал өнгийн автомашины хажуугаар зөрж гарахдаа дотор нь хүн байхыг хараад намайг очоод цаг асуугаадах гэж хэлсэн. Тэгээд би тэр автомашин руу очоод цаг асуух гэтэл жолооч дотор нь согтуу унтаж байсан. Тэгээд би Ц.Г-д дотор нь жолооч нь согтуу байна гэж хэлэхэд Ц.Г тэр автомашин руу явж очоод жолоочийг сэрээгээд жолооны ардаас босгоод жолоочийн хажууд суудал дээр суулгасан. Ц.Г жолоочийг таньдаг хүн шиг нь болж гэр лүү чинь хүргээд өгье ах гэж хэлээд хажуу суудал дээр суулгасан. Тэгээд бид машинд суугаад Ц.Г жолоодоод явж байтал Ц.Г жолоочид хандан “ах би найзыгаа Налайхад хүргээд өгье” гэж худлаа хэлээд Налайх руу аваад явсан. Тэгээд Налайх ороогүй байхдаа хээр зогсоод Ц.Г жолоочийг буулгаж ирээд хавирч унагаад “мөнгө өг” гэхэд жолооч тэгье гэж хэлтэл Ц.Г чи машинд сууж бай гэж хэлсэн. Тэгээд намайг машинд сууж байхад Ц.Г бид хоёрыг хүргэж өгөөд машинаа ав гэж хэлсэн. Тэгээд явж байгаад Ц.Г жолоочоос чи надад 150 000 төгрөг өгчих гэтэл жолооч 100 000 төгрөг өгье гэсэн. Налайхын тэнд байх шатахуун түгээгүүрээс 50 000 төгрөгөнд машинд нь бензин хийгээд АТМ-ээс мөнгө авах гээд Налайх орж Хаан банкны АТМ-ээс мөнгө авсан. Ц.Г надад жолоочийн виза картыг өгөөд бүх мөнгийг нь авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Г-гийн хэлснийх нь дагуу дансанд нь байсан 400 000 төгрөгийг авсан. Мөнгө авчхаад Налайхаас гараад нэлээд зүүн урагш явж байгаад овооны энгэрт очиж зогсоод Ц.Г жолоочийг машинаас буулгаж ирээд дарамталж байгаад гутлыг нь тайлуулж машинд хийгээд жолоочийг гүйлгээд араас нь машинтай нь хөөж жоохон явж байгаад жолоочийг хээр орхиод явсан. Тэгээд явж байтал Ц.Г Бор-Өндөр явах уу гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Бор-Өндөр суманд приус-30 маркийн саарал өнгийн автомашинтай 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ирээд Бор-Өндөр суманд гэр хорооллын дэлгүүр ороод талх, тамхи, идэж уух юм мөн 1 шил архи авсан. Тэгээд бид 2 тэр өдрийн орой нь Говьсүмбэр аймаг ороод Ц.Г танил хүнтэйгээ уулзаад буцаад Бор-Өндөр суманд 2020 оны 6 дугаар сарын 19-ний 01 цагийн үед ирээд уулын бэлд хоносон гэх мэдүүлэг /1-р хх 45-46/, ...Налайх 2 гэдэг гэсэн би яг нэрийг нь мэдэхгүй байна тэр газар руу орж байхад замын дээр 2 тал нь төмөр хаалга байсан тэр хаалган дээр Багахангай 30 жил гээд бичсэн байсан байх би сайн мэдэхгүй байна. Тэгээд тийшээ ороод АТМ-с 400 000 төгрөг аваад машинд нь суугаад нэлээн хол зүүн урагшаа яваад Ц.Г тэр хүнийг машинаас нь буулгаад тэр хүнийг дарамтлаад 2-3 удаа цохисон тэгээд гутлыг нь тайлуулаад гүйлгэсэн. Яг хаана ямар газар гэдгийг нь мэдэхгүй байна. Манай найз Ц.Г мэднэ." гэх мэдүүлэг /1 хх 47-48/,

"2020 оны 6  дугаар сарын 08-ны өглөө үүрээр Ц.Г Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн урд талд байдаг ногоон хашааны хаалгатай айл нь хүнгүй байдгийг мэдээд бид хоёр тэр гэр рүү орохоор болсон. Тэгээд хашаанд нь ороод автомашины эвдэрхий амортизатор Ц.Г олоод тэрүүгээрээ гэрийнх нь цагаан дөрвөлжин цоожийг эвдээд Ц.Г гэр рүү ороод би гэрийн гадаа хүн хараад зогсож байсан. Тэгээд гэрээс Ц.Г зурагт тэврээд гараад ирсэн. Тэгээд би буцаж гэр рүү ороод удирдлагыг нь авч гараад бид хоёр 36-р байрны балгасанд очиж хулгайлсан зурагт, зурагтын удирдлага хоёроо нууж орхичхоод гадуур явж байгаад буцаж очоод зурагтаа аваад Жеррид 100 000 төгрөгөөр зарсан. Бид хоёр зурагт хулгайлж олсон мөнгөө аваад Замын-Үүд яваад Ц.Г найз охинтойгоо уулзана гэж очоод чадаагүй буцаад явсан. Бид хоёр тэр 100 000 төгрөгөөр архи, дарс аваад уугаад л дуусгачихсан. Би дээрх гэмт хэргүүдийг Ц.Ггийн хамт үйлдсэн. Ц.Г машин унах дуртай болохоор авсан. Ц.Ггаас айгаад би хамт явсан. Ц.Г хулгай, дээрэм хийх санааг гаргасан. Би өөрийн үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө. Би одоогоор цагдан хоригдож байгаа болохоор төлж чадахгүй байна." гэх мэдүүлэг /2-р хх 125-126/,

Шүүгдэгч Ц.Г яллагдагчаар өгсөн: "Би Дорноговь аймгийн Сайншанд суманд ээж Оюун-Эрдэнэ, дүү Бат-Ирээдүй нарын хамт оршин суудаг. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр найз Золбаярын хамт вагоноор Улаанбаатар хотод очиж ажил хийж байр хөлсөлж амьдрах гээд явсан. Улаанбаатар хотод очоод Дэнжийн мянгын "Цагаан байр"-нд байдаг Дорноговь аймгийн харьяат найз Отгоогийн гэрт очсон. 2020 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Зайсан толгой" дээр найз Золбаярын хамт гарчхаад буцаад Энхтайвны гүүрний урд талын төв "Хаан банк”-ны замын эсрэг талд явж байтал автомашины ил зогсоол дээр саарал өнгийн "Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл цонх нь онгорхой гэрэл нь асаалттай жолооч нь тээврийн хэрэгслийнхээ рулыг дэрлэчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь Золбаярыг очоод цаг асуучхаад ир гэсэн. Золбаяр буцаж ирээд жолооч нь согтуу тасарчихсан унтаж байсан гэсэн. Тэгээд бид хоёр нөгөө машин дээр очиход жолооч нь шал согтуу унтаж байсан би жолоочийг нь сэрээгээд ах хойшоо суучих гэр лүү чинь хүргээд өгье гээд машиных нь ар талын суудал дээр суулгаад би машиныг нь жолоодож Золбаярыг машины эзний хамт ард талд нь суулгаад Дорноговь аймаг руу явах гээд уулын замаар хөдлөөд явж байтал 05 цагийн үед байх Налайх дүүрэг дээр явж байтал машин эзэн сэрээд хаашаа явах гэж байгаа юм гэхээр нь ийшээ хүн хүргэж өгье гэж хэлчхээд хатуу хучлагатай замаас буугаад 3-4 километр яваад хөдөө хээр зогсож машины эзнийг машинаас нь буулгаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл чамд 200 000 төгрөг өгье миний машиныг өгөөд явуулчих гээд гуйгаад байхаар нь буцаж хөдлөөд зам дагуу Төв аймгийн Баян сум руу очиж Хаан банкны АТМ дээр очиж зогсоод машины эзэн ногоон өнгийн Хаан банкны виза карт гаргаж ирээд Золбаярт өгөөд нууц дугаарыг нь хэлээд 200 000 төгрөг аваарай гээд АТМ рүү оруулсан. Удалгүй Золбаяр гарч ирээд дансанд нь 400 000 төгрөг байна тэрийг нь бүгдийг нь авчихлаа гэж надад хэлсэн. Сумаас хөдлөөд засмал замыг хөндлөн гараад 10 гаруй километр яваад хөдөө хээр эзэнгүй газар машинаа зогсоогоод би машины эзэнд хандаж машинаас буу писда минь гээд машинаас буулгаад гутлаа тайл гээд гутлыг нь аваад ийшээ гүйгээд явж бай гэж хэлээд цаашаа гүйгээд явахаар нь хөдлөөд шороон замаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явсан. Замаараа Хэнтий аймгийн Дархан суман дээр очиж 30.000 төгрөгөнд шатахуун хийгээд сумын төвийн дэлгүүр орж 25 литрийн савлагаатай "Сэрүүн" пиво 1 ширхгийг аваад Бор-Өндөр сум руу хөдөлсөн. Замдаа явж байхдаа зогсоод худалдаж авсан пивоо уусан. Бор-Өндөр сумын төвд ирээд сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд чигт Жижгээ гэх найзынх руугаа явж байтал замдаа дугуй хагарчихаар нь дугуйгаа солиод буцаж Бор-Өндөр сумын төв рүү орж ирж дугуйгаа нөхүүлж тавьчхаад тус сумын 3 дугаар багт байрлах "Дэнжийн Дэлгүүр лүү би ороод 0.5 литрийн савлагаатай “Титэм” архи нэг шилийг, тамхи, ундааны хамт аваад Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Далан түрүү"-ний рашаан луу явж худалдаж авсан архиа Золбаярын хамт хувааж уусан. 17 цагийн үед архиа ууж дуусгачхаад тэндээсээ Даланжаргалан сумаар дамжиж засмал замаар Говьсүмбэр аймаг руу очиж 425 дугаар хорих ангийн хянагч Одбаяртай уулзсан. Би Говьсүмбэр аймгийн шоронд ял эдэлж байх үедээ Одбаяртай танилцаж байсан болохоор очиж том пиво 1, 2-г Золбаярын хамт хувааж уучхаад 22 цагийн үед буцаад Бор-Өндөр сумын төв рүү гарч 01 цагийн үед Бор-Өндөр сумын төвд ирээд сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун тийш 2-3 километр зайд уулын суганд очиж машин дотроо хоносон." гэх мэдүүлэг /1-р хх 41-42, 43/,

"Би Улаанбаатар хотод байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр галт тэргэнд суугаад 2020 оны 4 дүгээр сарын 08-ны шөнө 03 цагийн орчин Сайншанд суманд ирээд найз Өлзийхүүгийн аав болох Энхбатын гэрт 04 цагийн үед очиж "Ямаа самнах айл олж өгөөч би ямаа самнах ажил хиймээр байна” гэж хэлтэл тэрээр зөвшөөрсөн ба би тэндээ унтаж амарсан. Тэгээд өглөө нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн орчим Энхбат ахтай хамт шуудангийн унаанд суугаад Хөвсгөл сум руу яваад өдрийн 13 цагийн орчим очсон. Тэндээ нэг айлд байж байгаад 18 цагийн үед Өлзийхүү гэх хүн хүрч ирээд Энхбат ах бид хоёрыг аваад хөдөө явж байгаад Боргил гэх айлд намайг үлдээсэн. Үлдээхдээ Энхбат ах надад "Чи энэ айлд байж бай орой чамайг Баатараа гэх хүн ирж авна, тэдний гэрт ямаа самнаарай." гэж хэлсэн. Тэндээ байж байтал орой 22 цагийн үед Баатараа гэх хүн хүрч ирээд намайг аваад гэртээ аваачсан. Тэр өдрөө тэгс гээд амарсан. Тэгээд маргаашаас нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл буюу 10 хоног эр ямааг 6 000, эм ямааг 5 000 төгрөгөөр бодож нийт 70 гаруй ямааг самнасан. Эхний 50 ямаа самнасан мөнгөө 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 200 000 төгрөг авсан. Дараа нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сарантуяа эгчээс 40 000 төгрөг авсан. Ингээд нийтдээ 240 000 төгрөг авсан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажилчихаад 19 цагийн үед буугаад илүү гэрт нь амарсан ба 2020 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө 03 цагийн үед босоод гэрээс гарч Фургон маркийн тээврийн хэрэгсэл дотор байсан 10 литрийн савтай шатахууныг аваад гэрийн зүүн хойд зүгт байх малын хашааны үүдэнд байсан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг бусад хүмүүст мэдэгдүүлэхгүй байх зорилгоор 100 гаран метр түрж байгаад гэрлийг нь асаалгүй унаад сумын төв ордог зам хүртэл явсан. Тэгээд зам руу ороод гэрлээ асаагаад Хөвсгөл сумаар дайраад Сайншанд суманд ирсэн ба замаараа Зүүнбаян баг дээрээс шатахуун нэмсэн. 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө Сайншанд суманд ирчхээд арын Депогийн байранд байдаг гаргүй Цэнгэл гэх айлд очиж тэндээ ямар нэг хийцгүй 2 хоносон ба 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сайншандаас Айраг сум руу мотоциклийг зарах санаатай явсан. Айрагт очоод төмөр замын вокзал дээгүүр явж байгаад танихгүй хүнтэй уулзаж "Мотоцикл авах уу эсхүл авах хүн байна уу” гэж асуухад манай нэг найз авна гэж байсан гэж хэлээд утсаар ярьж авна гээд байгаа найзыгаа дуудсан. Удалгүй тэр найз нь гэх залуу хар өнгийн ачааны жийптэй ирээд үзэж харж байгаад бэлэн 450 000 төгрөгөөр авсан. Надад мотоцикл зарахад тусалсан ахын гэрт очиж “Зарж өгсөнд баярлалаа" гээд 1 шил архи хувааж уусан. Дараа нь нөгөө ах ч гэсэн нэг шил архи гаргаж ирээд бид 2 ууцгаасан ба би тасраад унтаад өгсөн. Тэгээд оройхон сэртэл миний 450 000 төгрөгийн 200 000 төгрөгийг нь тэр ах аваад явсан байсан. Учир нь сэрээд тоолоод үзэхэд байхгүй байсан. Тэр гэр дотор бид 2 л байсан учраас тэр ах л авсан байх гэж би бодсон. Тэгээд буцаад Сайншандад ирж байж байгаад цагдаад баригдсан. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хөдөө амьдардаг найз руугаа явах гээд тухайн мотоциклийг авсан. Мөн тэндээ оччихоод авсан мотоциклоо зарна гэсэн төлөвлөгөөтэй байсан. 450 000 төгрөгийн 200 000 төгрөгийг нь хамт архи ууж байсан танихгүй ахад алдчихсан. Үлдсэн 250 000 төгрөгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Би өөрийнхөө бүтэн нэрээс санаа зовоод, ичээд байдаг учраас Төгөлдөр гэж танилцуулсан. Учир нь миний нэр эмэгтэйлэг байгаа юм. Мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм гэж хэлээд зарсан. Найз руугаа явмаар санагдаад ийм үйлдэл хийчихсэн. Би хохирол огт төлөөгүй явж байгаа." гэх мэдүүлэг /1 хх 132-135/,

"2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Б.З бид хоёр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн урд талд байх төмөр ногоон өнгийн хашаатай Э.Өгийн гэрийн гадаа очоод дөрвөлжин цагаан өнгийн цоожийг эвдэж гэр рүү ороод би зурагтыг нь Б.З удирдлагыг нь авч гараад 36 дугаар байрны урд талд зурагтыг нь авч нуучхаад маргааш нь Б.З-ын таньдаг хүнд нөгөө хулгайлсан зурагтаа, удирдлагынх нь хамт 100 000 төгрөгөөр зарсан. Тэгээд зурагт зарсан мөнгөөрөө архи, дарс уугаад л дуусгасан." гэх мэдүүлэг,

 "2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би Б.З-ыг хайж явж байгаад Э.О-ын гэр рүү орсон чинь Э.О гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд би Э.О-аас утсаа өгч бай, ганц ярьчихъя гэж хэлээд утсыг нь аваад хашаанаас нь утсаар нь ярьж байгаа юм болж гараад Э.О-ыг түлхээд хашааны хаалганых нь гаднах түгжээг түгжээд гүйгээд явчихсан. Тэгээд би Э.О-аас авсан утсаа Маргад гэх хүнд 60 000 төгрөгөөр зарсан. Би айлаас зурагm авах, согтуу хүн дээрэмдэх гэмт хэргүүдийг Б.З-ын хамт үйлдсэн. Харин утас авсан үйлдлээ ганцаараа үйлдсэн. Би машин хулгайлах гэмт хэргийг Б.З бид хоёр хонох газаргүй болчхоод явж байгаад согтуу хүн тааралдахаар нь машиныг нь унаж яваад Сайншандад очоод машинтай нь хаячихъя гэж бодож байсан. Харин айлаас зурагт хулгайлсан, утас авсан гэмт хэргүүдийг үйлдсэн шалтгаан нь надаас хүн зээлүүлсэн мөнгөө нэхээд байсан юм. Тэгээд би энэ хоёр гэмт хэргийг үйлдсэн. Гэхдээ би зээлсэн мөнгөө өгөлгүй, Б.З-тай хамт архи уучихсан. Б.З бид хоёр ярилцаж байгаад хулгай, дээрэм хийхээр болсон. Би өөрийн үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлуудаа нөхөн төлж байгаа. Би Э.О гар утсыг утсаар чинь ярьчихъя гэж хэлээд булааж авсан. Надаас утсаа авах гэхээр би нэг удаа л түлхсэн, өөр ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй." гэх мэдүүлэг /2-р хх 127-128/,

 

Хохирогч Б.Б-ын өгсөн: "2020 оны 06 дугаар сарын 17-ноос 18-ныг шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Спарк рестораны гадна авто машины зогсоол дээр 00:30 цагийн орчим согтуу машиндаа унтаж байсан чинь 04 цагийн орчим сэрээд ухаан орсон чинь миний машиныг үл таних эрэгтэй хүн бариад ард бас нэг эрэгтэй суугаад явж байсан. Тэгээд энэ одоо юу болж байна гэсэн чинь та бид хоёрыг хүргэж өгнө гээд байсан гэж хэлсэн. Тэгээд намайг тэр 2 залуу налайх өнгөрөөд явж байхдаа машинаас буулгаж зодоод чимээгүй суу чамайг алаад булчих нь шүү гэж сүрдүүлсэн. Бид хоёрт 100 000 төгрөг өг тэгээд гэрт хүргэж өг гэж тулгасан. Замдаа миний машинд бензин хийнэ гээд 40 000 төгрөг миний картаас авч уншуулсан дараа нь Багахангайн АТМ ороод бэлнээр мөнгө авсан яг хэдийг авсныг мэдэхгүй байна дансанд 500 000 төгрөг байсан. Миний пин кодыг аваад АТМ-с нэг нь мөнгө аваад намайг Багахангайгаас Төв аймгийн Баян сумын нутагт засмал замаас салаад 25 км орчим явж байгаад ямар ч хүнгүй хээр талд буулгаад зодож байгаад миний гутлыг тайлж аваад гүйгээд яв гээд араас машинаар хөөгөөд дайрна шүү гэж сүрдүүлж байгаад буцаад эргээд явсан. Би 5 цаг алхаж байж төмөр замын гарам дээр очиж цагдаад дуудлага өгсөн. Тухайн 2 хүн баруун гаран дээрээ шивээстэй бор царайтай өндөр, хөмсөгтэй байсан нөгөөдөх нь цагаан царайтай залуу байсан сайн анзаараагүй. Миний духны дээд хэсэг зулгарсан, баруун гарын бугуй хөндүүр мөн эрхий хурууны хумс хугарч шалбарсан зүүн гарын тохой шалбарсан." гэх мэдүүлэг /1-р хх 24-26, 27/,

 

Хохирогч С.Б өгсөн: "2020 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай гэрийн гадаа байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй улаан өнгийн өндөр Даюун маркийн мотоцикл гэрийн зүүн талд малын саравчтай хашааны үүдэнд данхраадаад босгоод тавьсан байсан. Мотоциклын суудал дээр хүрэн эсгий тохом байсан. Кундакторт нь түлхүүр зоолттой аваагүй байсан. Манай гэрт ямаа самнахаар ирсэн Төгөлдөр гэж өөрийгөө танилцуулсан залуу ямаагаа самнаж дуусаад урд илүү гэрт Ч.Баатархүү ахын хамт унтаж амарч байгаад 2020 оны 4 дүгээр сарын 18-19-н шилжих шөнө 03 цагаас 06 цагийн үед машинаас савтай байсан 10 литр А-80 авто бензин аваад гэрээс зүүн хойд зүгт мотоцикл түрээд аваад явсан байсан. Сүүлд нэрийг нь Ц.Г гэж мэдсэн. Би мотоциклоо 2019 оны 6 дугаар сард Дорноговь аймгийн төвөөс 2 150 000 төгрөгөөр Сэрболд гэх хүнээс шинээр нь худалдаж авч байсан. Тухайн үед гаалийн бичигтэй байсан. Одоо гаалийн бичгээ олохгүй байна. 3 сард авсан мотоциклоо 1 650 000 төгрөгөөр үнэлээд зөрүү мөнгийг нь нэмж өгч авсан. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн, улсын дугааргүй, тольгүй, шар өнгийн хэгээстэй обудтай, суудал дээрээ хүрэн өнгөтэй эсгий тохомтой, рулэндээ хятад хар өнгийн нударгатай байсан. Ц.Г  нь эр ямааг 6 000 төгрөг, эм ямааг 5 000 төгрөг, борлонг 4 000 төгрөгөөр самнахаар тохирч ямаа самнуулж байсан. Эр ямаа 10, эм ямаа 19, борлон ямаа 31-ийг самнасан. Нийт 279 000 төгрөг авах ёстой байснаас 240 000 төгрөг авсан.   Миний хувьд гомдолтой байна. Малдаа унадаг ганц унаа, бас 10 литр бензин зэргийг нэхэмжилмээр байна" гэх мэдүүлэг /1-р хх 85-86/, "...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө гэртээ унтаж байгаад сэрэхэд манай малчин Ч.Баатархүү урд гэрт хамт унтаж байсан Төгөлдөр гэгч алга байна. Баатараагийн мотоцикл алга, машины хаалга онгорхой байна 10 литрийн савтай бензин алга байна гэсэн. Тэгээд би гараад мөрий нь хартал мотоцикл түрээд гэрийн зүүн хойд зүгт явсан мөр байсан. Тухайн хүн нь өөрийгөө Төгөлдөр гэж танилцуулсан. 2020 оны 4 дүгээр сарын 08-ны шөнө ямаа самнах зорилгоор замын унаагаар ирсэн. Уг хүнийг огт танихгүй. Би ямаа самнуулна гэсэн зар тавьсны дагуу манай хүргэн Б.Энхбат ах ямаа самнах хүн байна гэж ээжтэй утсаар ярьсан байсан" гэх мэдүүлэг /1 хх 87-88/, "...Миний хулгайд алдагдсан мотоциклийг цагдаагийн байгууллага бүрэн бүтэн буцааж олж өгсөн. Харин Ц.Г ямар нэгэн нөхөн төлбөр юу ч өгөөгүй." гэх мэдүүлэг /1 хх 153-154/,

 

Хохирогч Э.О өгсөн: "2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзав 7-1900 тоотод байрлах гэртээ ганцаараа байхад 14 цагийн орчим гаднаас Ц.Г гэх зүс таних залуу манай гэрт орж ирээд "За сонин сайхан юу байна" гэснээ ширээн дээр байсан миний LG-Q6 маркийн гар утсыг аваад намайг цуг гэрээс гаръя гээд дагуулаад гарсан. Тэгээд хашааны хаалганы үүдэнд зогсож миний утсыг гартаа бариад өгөхгүй байхаар нь би “Чи яах гээд байгаа юм миний утсыг өг" гэхэд миний толгойн тус газар гараараа 1 удаа цохиод зугтаачихсан. Тэгээд би Ц.Г-гийн араас гүйсэн боловч би гүйцээгүй. 7-8 жилийн өмнө манай гэр Дорноговь аймгийн Сайншанд сумын барилгын 36 дугаар байрны хашаанд амьдардаг байхад Ц.Г гэх залуу манай гэрээр орж гардаг танил байсан юм. Түүнээс хойш манайх Сайншанд сумын 3 дугаар баг руу нүүж холбоо тасарсан. Ц.Г хулгайн гэмт хэргээр ял эдэлж 2020 онд суллагдсан сурагтай байсан. Миний биед гэмтэл учраагүй. Миний алдсан утсыг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр манай ээж Эрдэнэчимэг Сайншанд суманд гар утас худалдан борлуулдаг Намын хороон дахь гар утасны лангуунаас авч өгсөн." гэх мэдүүлэг /2-р хх 14-15/,

 

Хохирогч Э.Өлзийхүүгийн өгсөн: "Би тухайн үед Замын-Үүд суманд байсан. Манай эгч болох Э.Ө нь гэртээ байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан байсан. Эгч одоо хөдөө мал дээр байгаа болохоор энэ мөрдөн шалгах ажиллагаанд оролцож чадахгүй болохоор би оролцож байна. Тухайн зурагтыг Номин худалдааны төвөөс 2018 оны 12-р дугаар  сарын сүүлээр 350 000 төгрөгөөр авч байсан. Одоо 350 000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрийнхэн хөдөө Хөвсгөл суманд мал маллаж байгаа." гэх мэдүүлэг /2-р хх 78-79/,

 

Гэрч Т.Алтанзулын өгсөн: "Б.Б нь манай Спарк ресторанд ахлах тогоочоор ажиллаад 1 сар болж байна. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 10 цагт ажилдаа ирж ажлаа хийж байгаад орой 21:40 цагт хувцсаа солиод гадагшаа гарсан. Өнөөдөр өглөө 08 цагт манай ресторанд цөөхөн хүнтэй үсний найрын арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж өглөө 07 цагт тогооч нар ажилд ирэх ёстой байсан боловч Б.Б ирээгүй. Тэгээд Б.Б-ын утас руу залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байхаар нь эхнэрийнх нь дугаарыг анкет дээрээс нь хараад 89951171 дугаар луу залгахад “Хүмүүс авто машиныг нь дээрэмдээд, хөдөө аваачаад өөрийг нь орхисон байна” гэж хэлсэн. Б.Б нь ажил тасалдаггүй байсан. 2 өдөр ажиллаад 2 өдөр амардаг байсан. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээр ирж байгаагүй мөн ажилд орсны дараа архи уугаагүй, би хараагүй." гэх  мэдүүлэг /1-р хх 28-29/,

 

Гэрч И.Сарантуяагийн өгсөн: "2020 оны 4 дүгээр сарын 19-ны өглөө гэртээ унтаж байгаад сэрэхэд манай малчин Ч.Баатархүү урд гэрт хамт унтаж байсан Төгөлдөр гэгчийг ямаа самнахаар гарсан уу гэж сурж орж ирсэн. Тэгээд эргэж гараад буцаж орж ирээд Баатараагийн мотоцикл алга, машины хаалга онгорхой байна 10 литрийн савтай бензин алга байна гэсэн. Тэгээд мотоциклоо хулгайд алдсанаа мэдсэн. Цагдаагийн 102-т дуудлага мэдээлэл өгсөн. Тэгсэн 102 цагдаа сумынхаа төлөөлөгчид хэл гэсэн. Тухайн хүн нь өөрийгөө Төгөлдөр гэж танилцуулсан. 2020 оны 4 дүгээр сарын 08-ны шөнө манайд ямаа самнах зорилгоор замын унаагаар ирсэн. Уг хүнийг огт танихгүй. Манай дүүгийн нөхөр Б.Энхбат гэгч миний утсаар яриад ямаа самнах нэг таньдаг залуу авчирсан танайх ямаагаа самнуулах уу гэсэн. Тэгэхээр нь ямар учиртай хүн бэ гэхэд манай хүү Өлзийхүүгийн таньдаг залуу байна гэсэн. Тэгээд манайх руу унаанд суулгаад явуулсан байсан. Сүүлийн үеийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн шар хэрээстэй обудтай өндөр Даюун маркийн мотоцикл мөн савтай 10 литр бензин байсан." гэх мэдүүлэг /1-р хх 89-90/,

 

Гэрч Б.Энхбатын өгсөн: "Би 2020 оны 4-р сарын 08-ны өглөө Дорноговь аймаг Сайншанд сум 3-р баг МЗ 6-25 тоот гэртээ унтаж байтал өглөө 06 цагийн үед Төөгөө орж ирээд Өлзийхүү байна уу гэхээр нь би хөдөө гэртээ байж магадгүй гэсэн. Тэгсэн би Замын-Үүдээс айлд ямаа самнаж байгаад ирлээ ямаа самнах айл байна уу гэж асуухаар нь би олдох байхаа гэтэл цуг явж болох уу гээд шуудангийн унаанд суугаад хамт Хөвсгөл суманд ирсэн. Хөвсгөл суманд ирээд би Сарантуяа эгч рүү залгаад ямаа самнах хүн авчирсан танайх авах юм гэж асуухад авна хүрээд ир гэхээр нь Боргиогийнд орхичлоо ирээд аваарай гээд үлдээгээд би гэрээ рүүгээ явсан. Төөгөөг танихгүй ээ. Манай хүүхэдтэй дүү нь найз гэж байсан. 3-4 жилийн өмнө манай Сайншанд сумын гэрт нэг ирсэн харагдаж байсан. Тэгээд зүс харсан хүн байсан болохоор туслах санаатай ямаа самнуулах айл олж өгсөн. Өөрөөр бол танихгүй бүтэн нэрийн мэдэхгүй. Гэр нь хаана байдгийг бас мэдэхгүй. Эцэг эх, дүүгийн ч танихгүй. Нэг ядарсан хүнд тус болох санаатай л авчирсан. Манайд ирэхдээ Замын-Үүдэд айлд ямаа самнаж байгаад ирлээ, ямаа самнах айл байвал хэдэн ч хоног байсан хамаагүй самнамаар байна гээд байсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92/,

 

Гэрч Э.Өлзийхүүгийн өгсөн: "Би Төөгөө гэх хүнийг таньдаг. Жинхэнэ нэр нь Б. Ц.Г гэдэг. Ах, дүү төрөл садангийн холбоо байхгүй. Манай найз Б. Гэрэлбаатарын төрсөн ах. Баатараагийнд Улаан өнгийн Даюун маркийн мотоцикл байдаг. Төөгөө урьд нь манай хөдөө гэрт огт ирж байгаагүй. Манайд ирээгүй холбоо бариагүй. Би сүүлд 2020 оны 01 дүгээр сарын эхээр Дорноговь аймгийн Сайншанд сумын төв зааланд Ц.Г-тай таараад уулзаад Сайншанд 2-р баг Эмнэлгийн 27 айлын арын орцны 25 тоотод гэрт нь очиж байсан. Тэр үед дөнгөж шоронгоос гарч ирлээ гээд явж байсан. Тэр үед эцэг, эх нь хамт байсан. Би дүү Гэрэлбаатартай нь МСҮТ-д суралцаж байхдаа танилцсан. Төрсөн ах Ц.Г нь Бор-Өндөрөөс ирсэн гээд хамт байдаг байсан. Тэр үеэс л таньдаг болсон. Би ямаа самнаж байгааг нь мэдсэн. Манай аав танай найз Гэрэлбаатар ямаа самнах гээд суманд ирсэн гэж утсаар хэлхээр нь очиж хартал Ц.Г нь байсан. Наадах чинь дэмий буцаагаад явуул гэж аавд хэлэхэд аав нэгэнт ирсэн юм чинь одоо яахав дээ гэхээр нь би яваад өгсөн. Тэгсэн аав Баатараагийнд ямаа самнуулахаар явуулсан байсан. Мотоцикл унаад явсан өглөө нь над руу Баатраа ах залгаад миний мотоциклыг Төөгөө гэж танай найз унаад явсан байна гэж залгасан. Анх хүний утас луйвардаж аваад мотоцикл хулгай хийгээд шоронд орсон гэж байсан. Ц.Г-г хаана байгаа талаар мэдэхгүй байна. Шанд орвол дэнжийн 36 айлаар байж магадгүй. Баар саваар их явдаг. Голдуу ганцаараа хүн залилаад явж байдаг." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94/,

 

Гэрч Ч.Баатархүүгийн өгсөн: "2020 оны 4 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед унтсан. Шөнө 2:30 цагийн үед гарч бие засаад орж ирэхэд хажууд унтаж байсан. Тухайн өдөр Шороо шуураад, өглөө нь бороо ороод хүйтэн муухай байхаар нь 06:30 цагт босоод хартал Төгөлдөр байдаггүй. Малд явсан байж магадгүй гэж бодоод арын байшинд ороод И.Сарантуяа эгч С.Б нарт Төгөлдөр алга ямаанд явсан уу гэхэд үгүй гэхээр нь гараад мотоцикл харсан алга машины хаалга онгорхой голд нь байсан 10 литрийн савтай бензин алга байсан. Тэгээд мотоциклоо хулгайд алдсанаа мэдээд гэрт орж хэлсэн. Бид нарт Төгөлдөр гэж нэрээ хэлсэн. Урд нь харж байгаагүй  танихгүй. Жижиг гэрт хойд газраар ор засаад зэрэгцээд унтсан. Миний чих хатуу учраас сонсоогүй, босоод явахад нь мэдээгүй. Намайг бие засаад орж ирэхэд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтэж байсан. Тухайн өдөр шороо шөнөжин шуураад өглөө нь бороо ороод хүйтэн байсан болохоор явахдаа амбаарт байсан миний Улаанбаатар гурил гэсэн хуучин муу цагаан куртик давхарлаж өмсөөд явсан байсан. Тухайн мотоцикл сүүлийн үеийн БНХАУлсад үйлдвэрлэсэн улаан өнгийн шар хэрээстэй обудтай өндөр Даюун маркийн мотоцикл мөн савтай 10 литр бензин байсан." гэх мэдүүлэг /1-р хх 95-96, 155-156/,     

 

Гэрч Т.Эрдэнэхүүгийн өгсөн: Ц.Г-гийн нэрийг мэдэхгүй зүс харж байсан. Манайд 20-оод хоногийн өмнө Цогоо гэгчтэй ирж байсан. Сүүлд 2020 оны 4-р сарын 19-ний оройн 19 цагийн үед намайг нохойгоо хооллох гээд гадаа зогсож байтал мотоциклтой хүн ирээд ах намайг таньж байна уу гээд маск нүдний шил зүүсэн байснаа аваад би Цогоо ахтай ирж байсан гэхээр нь аан заа гээд гэртээ ортол араас дагаад гэрт орж ирсэн. Хаана байж байгаад ирсэн бэ гэж асуухад Хөвсгөл суманд ямаа самнаж байгаад ирлээ Цогоо ах байгаа юу гэж асуусан. Би хөдөө ажлаар явсан байх гэтэл ах дүү нь мотоциклоо зараад хойшоо явна гэхээр нь мотоцикл ах нь мэдэхгүй авах хүн байвал асуугаад хэлье гэсэн. Тэгтэл манай найз Одмөнх буюу Бажгай найз орж иртэл мотоцикл авах уу гэж асуутал хэдээр зарах гэж байгаа юм гарч харж үзэж болох уу гэтэл гараад мотоцикл дээрх эсгий тохмоо авахад нь зар дээр тавьсан мотоцикл мөн харагдаж байсан. Од-Мөнх авахгүй гээд яваад өгсөн. Ц.Г буцаж орж ирээд үүдэнд сууж байсан. Би гэрээс гартал манайхаас гараад мотоциклоо асаагаад урд 60 гэр байр луу давхиад явсан. Явчихлаа гэж бодтол орой 22 цагийн орчим буцаад ганцаараа гоймон, 2 ундаа бариад ирсэн. Тэгээд ундаагаа уугаад ус буцалгуулж гоймонгоо идчихээд кино үзэж байгаад цагаан өнгийн утас гаргаж ирээд оролдоод суугаад байхаар нь манайд унтах юм уу, явах юм уу гэтэд дүү нь хойшоо зүлэгт явна гэж байгаад гэнэт гараад явсан. Дахиж манайд ирээгүй. Өглөө босоод гутлаа өмсөх гэтэл пүүз байхгүй байсан. Миний пүүзийг цүнхлээд явсан байсан." гэх мэдүүлэг /1-р хх 97-98/,

 

Гэрч А.Бадамчимэгийн өгсөн: "Би одоогоос 3-н сарын өмнө Facebook-ээр танилцсан. Төгөлдөр Төгөлдөр гэсэн хаягтай байсан. Жинхэнэ нэрийн мэдэхгүй. Миний facebook чат руу танилцаж болох уу гэж чат бичээд харилцаж байсан. 2020 оны 4 сарын дундуур чат бичихлээр нь зайл алга бол гэж би чат бичсэн. Хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр face хаягаасаа хаана байна гэхээр нь би хотод байна гээд худлаа бичсэн чинь уулзах уу, би хотод 3-р хороололд байна гэхээр нь би хариу чат бичээгүй. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны орой 20:30 цагт миний 90970123 дугаар луу 90774491 гэсэн дугаар залгасан байсан. Би утсаа сонсоогүй. Тэгээд өнөөдөр нөгөө дугаар луу нь 12:59 цагт залгаж ярихад Төгөлдөр байна гэсэн. Тэгээд залгаад яасан гэж асуухад чи намайг алга бол гэсэн биз дээ. Тэгээд би алга болж байна гэхээр нь утсаа тасалчихсан. Хаана байгаа талаар нь асуугаагүй. 2020 оны 4 дүгээр сарын 19-ны орой 23 өнгөрөөгөөд манай гадаа мотоциклтой хүн ирээд Чимгээ гээд дуудаж байгаад явсан гэж 2 хүүхэд хэлж байсан. Би тэр үед нь найзуудтайгаа уулзах гээд явсан байсан. Бид урд нь 2020 оны 3-р сард нэг удаа уулзсан. Тэр үедээ уурхайн нэрийг нь санахгүй байна Бор өндрийн уурхайд ажилладаг гэж хэлж байсан. Гэр бүлээ, хаана амьдардаг талаар огт хэлээгүй. Би нөхрөөсөө салаад 3-н жил болж байна. Том нь 5 настай бага нь 4 настай. Би Төгөлдөрийг айлаас мотоцикл унаад явсныг мэдээгүй байсан. Тэгсэн Face дээр хайж байна гэсэн зар хараад мэдсэн." гэх мэдүүлэг /1-р хх 99-100/,

 

Гэрч Т.Анхбаярын өгсөн: "Би 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр 17:00 цагийн үед гэрээсээ гараад гарааш руу явж байтал мотоцикл унасан залуу над дээр хүрээд ирсэн. Тус залуу надаас Сайхандулаан суманд айлын ямаа самнаад буцах санаатай явж байна. Зардлын мөнгө байхгүй болчхоод энэ унаж яваа мотоциклоо хямдхан зарах гэсэн юм. Худалдаад авчихаар хүн мэдэхгүй биз гэсэн. Манай найз Пүрэвсүрэн хямд мотоцикл зарах хүн байвал мэдэж байгаарай гэж надад хэлж байсан болохоор би найз Пүрэвсүрэн рүү залгаад энэ талаар хэлсэн юм. Тэгтэл манай найз очиж үзье гээд хөдөө гэрээсээ сумын төв дээр хүрээд ирсэн. Тэгээд Гэрэлээ гэх залуутай манай найз Пүрэвсүрэн уулзсан ба үнэ хөлс тохиролцоод худалдаж авахаар болсон байсан. Пүрэвсүрэн Хаан банкны АТМ ороод 450 000 төгрөг Гэрэлээ гэдэг залууд өгсөн." гэх мэдүүлэг /1-р хх 101-102/,

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Пүрэвсүрэнгийн өгсөн: "Би 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр 17:00 цагийн үед Айраг сумаас хойшоо 8 км байх хөдөө гэртээ байсан ба Анхбаяр гэх манай найз над руу залгаад мотоцикл зарах гээд нэг танихгүй залуу сумын төв дээр байна. Үнэ хямд, тэгээд хуучраагүй шинэвтэр юм байна. Чи ирж үзэх үү гэхээр нь би 19:00 цагийн үед ирээд тус мотоциклийг зарах гэж байсан залуутай уулзсан. Тэгээд тэр залуугаас ямар үнэтэй талаар нь асуухад 500 000 төгрөгөөр өгнө гэхээр нь би худалдаж авсан. Тухайн үед мотоциклийн бичиг баримтыг нь асуухад дугаар аваагүй юмаа, миний эрүүл мэндийн дэвтэр байна, та миний зургийг авчих гэхээр нь би утсан дээрээ уг эрүүл мэндийн дэвтрийн зураг болон өөрийнх нь зургийг утсан дээрээ дарж авсан. Уг дэвтэр дээр Ц.Г гэсэн нэртэй байсан ба тухайн залуу өөрийгөө Ц.Г гэдэг гэж надад хэлсэн. Би 450 000 төгрөгөөр худалдаж авсан. Тус мотоциклийг зарах гэж байсан Ц.Г гэх залуугаас "Чи хаанахын хүн бэ, хулгайн мотоцикл зараагүй биз. Хэзээ худалдаж авсан" гэх зэрэг асуултуудыг асууж байгаад авсан. Ц.Г гэх залуу нь надад хэлэхдээ "Би айлд ямааг нь самнаж өгөөд хөлсөндөө авсан юм. Ноолуураа зарж чадахгүй болохоор надад өгсөн юм. Ямар нэгэн асуудал байхгүй. Та санаа зоволтгүй" гээд байсан. Би тэр Ц.Г гэдэг залууд мотоциклийг мөнгийг Хаан банкны АТМ-ээс бэлнээр авч өгсөн. Би хулгайн мотоцикл гэдгийг нь мэдээгүй. Тиймээс тэр Ц.Г гэдэг хүнээс 450 000 төгрөгөө буцааж авах саналт хүсэлттэй байна." гэх мэдүүлэг /1-р хх 103-104/,

 

Гэрч Н.Маргад-Эрдэнийн өгсөн: "2020 оны 6 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд намайг Дорноговь аймгийн Сайншанд сумын Намын хорооны байрны гадна эхнэр Дорждэрэмийн хамт явж байхад танил дүү болох Золоо гэх залуу өөрийн найз гэх туранхай, 170-175 см өндөртэй цайвар шар царайтай 20-25 орчим настай нэг залуутай хамт явж байсан. Тэгээд эхнэр бид хоёроос Золоо “Та хоёр 5 ханатай гэр авах уу гэр зарах гэсэн юм" гэж асуусан эхнэр бид хоёр тухайн үед хоорондоо ярилцаад зарна гэх гэрийг нь очиж үзэхээр болж Сайншанд сумын 6 баатарын ар гудамжинд байрлах нэг хашаанд байсан тэр хоёрын зарна гэх гэрийг үзтэл их удсан, муудсан мөн дээрээс нь 5 ханатай биш 4 ханатай монгол гэр байсан. Тэгээд эхнэр бид хоёр 4 ханатай гэр байна худалдаж авахгүй гээд явсан. Гэртээ очоод байж байтал Золоо над руу утсаар яриад “60 000 төгрөгт андройд үйлдлийн системтэй эвдрэл гэмтэлгүй утас авах уу гэсэн тэгэхээр нь би ямар утас юм манайд хүрээд ир гэж хэлээд гэртээ дуудсан. Тэгсэн удалгүй Золоо өөрийн найз гэх цуг явж байсан залуутайгаа ирэхдээ хар өнгийн хавтастай /гэртэй/ LG-Q6 маркийн гар утас авчирсан ба тухайн утсыг шалгаж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан болохоор би худалдаад авчихсан. Худалдаж авахдаа Золоо болон тэр нэг залуугаас нь ямар нэгэн хулгайн эд зүйл биш биз гэж асуухад үгүй миний өөрийн утас гэж хэлж надад зарсан. Би тэр залууг урьд өмнө харж байгаагүй залуу байсан. Гэхдээ одоо харвал танина. Үзүүлсэн зураг дээрх залуу тухайн үед Золоотой хамт явж байсан залуу мөн байна. Би авсан утсаа эзэнд нь эргүүлж өгөөд Ц.Г, Золоо нараас 60 000 төгрөгөө буцаагаад авчихсан одоо надад өр төлбөрийн асуудал байхгүй. гэх мэдүүлэг /2-р хх 136, 2-р хх 37-38/,

 

Гэрч Э.Ө өгсөн: "2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22:53 цагт өөрийн гэр болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 6-25 тоотоос гарсан. Тэгээд найз Өнөрсайханы Аршандын Мандахнаран хороололд хамт хоносон. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17:20 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг хөшсөн байдалтайгаа онгойлгон хаалганд зүүсэн байдалтай байсан. Мөн хашааны хаалга нээлттэй байсан. Тэгээд гэр рүүгээ ороход манай гэрийн баруун хойд хэсэгт байсан 32 инчийн МОНЕЛ брэндийн зурагт байхгүй байсан. Тэгээд би гэрт хулгай орсон байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Анх Номин худалдааны төвөөс 2018 оны 12-р дугаар сарын сүүлээр 350 000 төгрөгөөр авч байсан. Одоо 350 000 төгрөгөөр үнэлж байгаа. Тухайн өдрүүдэд би гэртээ ганцаараа байсан. Манай гэрийнхэн 2020 оны 02 дугаар сард хөдөө Хөвсгөл суманд мал маллаж байгаа. Би гэртээ одоохондоо ганцаараа байгаа. Ойрын хугацаанд сэжиг бүхий хүн ирээгүй. Найз Өнөрсайханы хамт гэртээ хааяа ирдэг. Ихэнх хугацаанд гэртээ хонодог байсан." гэх мэдүүлэг /2-р хх 65-66/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаярын өгсөн: "Би тэр зурагтыг 2020 оны 6-р сард өөрийн ажил болох зах дээр байхад Золбаяр гэх ажилчдын найз гэх залуу авчих гээд гуйгаад байсан. Тухайн би 2 удаа эсэргүүцсэн. Тэгсэн гуйгаад байсан болохоор Өсөхбаяр гэх хүний дансаар 100 000 төгрөг шилжүүлж худалдаж авсан. Золбаяр өөрийнхөө зурагт гэж хэлээд зарсан. Мөнгөний хэрэгцээ гарсан гээд гуйгаад байсан." гэх мэдүүлэг /2-р хх 81/,

 

Гэрч Ө.Өсөхбаярын өгсөн: "Тухайн өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын дундуур манай ажлын Мөнхбаяр гэх залуу миний карт байгаа юу мөнгө шилжүүлээд авчихъя гэж хэлээд миний Хаан банкны 5027369890 дугаарын данс руу 100 000 төгрөг шилжүүлээд АТМ-ээс бэлэн мөнгө авсан." гэх мэдүүлэг /2-р хх 82/,

 

Гэрч Ч.Энхтүвшингийн өгсөн: “Манай гэр Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Мааньзав 7-1900 тоотод оршин суудаг. Манай дунд хүү болох Э.О нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй буюу тархи толгойн өвчтэй, үе үе ухаан алддаг өвчтэй групп-т байдаг. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн эхнэр болох Эрдэнэчимэгийн хамт 14 цагийн орчимд Мааньзавт байрлах гэрээсээ хоол хүнсний зүйл цуглуулахаар дэлгүүр явсан. Гэрт манай хүү Э.О нь ганцаараа үлдсэн. Эхнэр бид хоёр 15 цагийн орчимд буцаад гэр лүүгээ явж байтал Тамхи-Со дэлгүүрийн урдаас манай хүү Э.О гүйж ирсэн. Хүүгээсээ юу болсон талаар асуухад “Та хоёрыг гарч явсан дараа манай гэрт зүс таних Ц.Г гэх залуу орж ирээд миний толгой руу гараараа цохиж, гарыг минь мушгиад ширээн дээр байсан гар утсыг минь аваад гэрийн хойд талын овоо даваад явчихсан" гэж хэлсэн тэгээд гэртээ очтол гэрийн хаалга онгорхой манай гэрт хүн байгаагүй. Гар утас авч явсан гэх залуу манай хүүгийн толгой, тархи руу цохисон гэхээр нь айж Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиж эмчид үзүүлсэн урьдчилсан байдлаар ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Манай хүүгийн алдсан гэх утсыг 2020 оны 05 дугаар сард манай бага охин болох Оюунжаргал Сайншанд сумын Намын хорооны гар утас зарж борлуулдаг лангуунаас 200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Ц.Г-г тийм ч сайн танихгүй. Манайхыг 2005-2006 оны хооронд Сайншанд сумын барилгын 36 нэршилтэй байранд амьдардаг байхад манай хажуу талд Ц.Г нь ээж, хойд аав, дүүгийн хамт амьдардаг байсан юм. Түүнээс биш манай хүүтэй ямар нэгэн найз нөхдийн холбоо байхгүй, манайхантай ах, дүү, хамаатан садан цусан төрлийн холбоотой хүмүүс бол биш.” гэх мэдүүлэг /1 хх 237-238/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 6-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 65-71/, 10 литр А-80 авто бензинийг 14 500 төгрөг, БНХАУлсад үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг 1 500 000 төгрөгөөр үнэлсэн “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 481 дугаартай үнэлгээний тайлан /1хх 108/, мотоцикл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 112-115/, Т.Приус 30 тээврийн хэрэгслийг 13 541 640 төгрөгөөр, тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 615 000 төгрөгөөр үнэлсэн тухай “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 09/336 дугаартай үнэлгээний тайлан /1 хх 192-207/, LG-Q6 загварын гар утсыг 200 000 төгрөгөөр үнэлсэн тухай “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 584 дугаартай үнэлгээний тайлан /1 хх 242-243/, LG-Q6 загварын гар утсыг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх 18-19/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /2 хх 34-36/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 61-63/, Монел брэндийн 32 инчийн зурагтыг удирдлагын хамт хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх 69-70/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /2 хх 71-74/, 32 инчийн Монел брэндийн зурагтыг 160 000 төгрөгөөр үнэлсэн тухай “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-820/032 дугаартай үнэлгээний тайлан /2 хх 93-95/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв. 

 

Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Иймд шүүгдэгч Ц.Г, Б.З нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Шүүгдэгч Б.З, Ц.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

 Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос иргэний нэхэмжлэгч Ш.Пүрэвсүрэнд учруулсан 450 000 төгрөгийг, хохирогч Б.Б-т учруулсан 400 000 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй байх тул дээрх хохирлыг шүүгдэгч Ц.Г-гаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ц.Г, Б.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Б.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулах,

шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.З нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Г нийт эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Г, Б.З нар нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс шүүх хуралдаан эхлэх өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 135 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.

 

 Эрүүгийн 2009000000905 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Б.З-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч Ц.Г-г дангаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ялаар,

Шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил хорих ялаар,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/  жил хорих ялаар тус тус тогтоосугай.  

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Б.З  нарын тус бүр цагдан хоригдсон 135 /нэг зуун гучин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-гаас 865 000 төгрөг гаргуулж, Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг Баруун бэлх гэх газар оршин суух иргэний нэхэмжлэгч Гүнчин Шүхэртийн Пүрэвсүрэн /РД:ЕЦ72032375/-д 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, Хан-Уул дүүрэг 4-р хороо Арцатын 10-673 тоотод оршин суух хохирогч Б.Б /РД:УЗ97052419/-т 415 000 /дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

 7.Эрүүгийн 2009000000905 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З, Ц.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ