| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0485/э |
| Дугаар | 2020/ШЦТ/460 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Т-д холбогдох эрүүгийн 2034000000585 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Т, 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЭ85878998 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сүрлэгийн гудамжинд 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Б-г зодож түүний биед хэвлий, зүүн гуя, зүүн нүдний зах хэсэгт цус хуралт, баруун сарвууны гадна хэсэгт зулгаралт, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Т-ын өгсөн: Тухайн үед ажлаасаа ирчхээд 2, 3 хоног нойргүй замд явсан. Тэгээд найзтайгаа таараад нэг шил архи уучхаад согтсон байсан гэх,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Г.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх 3-4, 25-26/, шүүгдэгч Д.Т-ын өгсөн мэдүүлэг /хх 20-21, 22-23/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №574 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 14-15/,
Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх 16/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 31-35/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 37/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 41/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сүрлэгийн гудамжинд 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр Г.Б-г зодож түүний биед хэвлий, зүүн гуя, зүүн нүдний зах хэсэгт цус хуралт, баруун сарвууны гадна хэсэгт зулгаралт, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Д.Т-ын өгсөн: "Тухайн өдөр би гэртээ байж байсан чинь манай найз Доржсүрэн над руу залгаад би Төв аймагт байна намайг ирээд аваад гэрт хүргээд өгөөч гэсэн. Би тухайн үед жаахан юм ууцан байсан тул эхнэр Г.Б-гаар машин бариулаад Төв аймагт ирээд Цагдаагийн газрын хойно байрлах буудалд байна гэхээр нь яваад орсон чинь Доржсүрэн, Батмөнх хоёр хэдэн танихгүй хүнтэй сууж байсан. Би нөгөө хоёр найзаа аваад Батмөнхийг гэрт нь хүргэж өгөх гээд явсан Батмөнх нэг шил архи, ундаатай аваад дүүгийнх нь гэрийн гадаа зогсоод тэрийг нь задлаад дээрээс нь бид хоёр ганц хундага татсан. Доржсүрэн тухайн үед согтуу байсан Батмөнхтэй муудалцаад байхаар нь би салгах гэж оролдсон. Тэгээд бид гурав хоорондоо маргалдаад байж байсан манай эхнэр Г.Б намайг салгах гээд араас татсан би боль гээд гараа хойш савсан чинь нүд рүү нь тохой хэсгээрээ цохисон. Тэгээд манай эхнэр машинаа унаад яваад өгсөн байсан. Өмнө нь жаахан асуудал байсан юм аа. Тэгээд эхнэрээ Батмөнхтэй хардсан. Намайг цэрэгт явсан хойгуур уулздаг байсан юм байна лээ, Батмөнхөд хандаж чи одоо миний эхнэртэй унтахад бэлэн байгаа биз дээ гэсэн Батмөнх тийм зүйл байхгүй гэсэн. Тэгээд маргалдсан. Эхнэрээ хэл амаар доромжлоогүй тохойлдсон уйлаад суусан өөр зүйл болоогүй. Би энэ хэдийг орхиод хоёулаа гэртээ харъя гэсэн намайг машинд оруулахгүй байсан. Тэгээд хаалга руу нь нэг цохисон тэгээд хөдлөөд яваад өгсөн." гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Б-гийн өгсөн: "2020 оны 9 дүгээр сарын 23-ны орой гэртээ манай нөхөр Д.Т хөдөөнөөс ирсэн Сандагсүрэн ахын хамт 2 литр "Боргио” нэртэй пиво хуваан уусан байсан. Тэгсэн Төв аймгаас машиныг нь зассан найз Доржсүрэн нь согтуу байна ирээд аваач гэсэн. Тэгээд нөхөр архи уусан байсан тул би жолоо бариад хамт Төв аймагт ирсэн. Тэгээд манай нөхөр нэг буудалд ороод Доржсүрэн болон Батмөнх гэх хоёр найзыгаа дагуулаад нэг шил архи, ундаа бариад гарч ирсэн. Тэгээд нөгөө архиа уучхаад явна гээд хамт явсан Батмөнх гэх найзынхаа гэрийн гадаа очоод уусан нөгөө найз Доржсүрэн нь мэдрэлгүй тасарсан байсан. Манай нөхөр Батмөнх хоёр архиа хувааж ууж байснаа та хоёр явалддаг унтаж хэвтдэг гээд хий хардаж эхэлсэн. Тэгэхээр нь би гэртээ харъя машинаас буу гэсэн чинь манай нөхөр Д.Т над руу хандан ална шүү писда минь, гичий минь чи одоо ч гэсэн Батмөнхтэй унтахад бэлэн байгаа биз дээ гээд миний ам руу салаавч гаргасан. Тэгэхээр нь би буугаач гээд түлхсэн чинь чи намайг түлхлээ гээд над руу дайрсан тэгсэн Батмөнх салгаад манай нөхөрт хандан бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн чинь манай нөхөр машинаас буугаад явсан. Тэгээд би Батмөнх болон Доржсүрэн хоёрыг машинаас буу гэсэн чинь Доржсүрэн нь би гэртээ харина гээд буухгүй байсан. Манай нөхөр буцаж ирээд ...машины шил, хаалга эвдэх гээд цохиод байхаар нь буусан чинь шууд зүүн нүд хэсэгт гараараа цохиод үснээс зулгааж газарт унагааж нуруу, хөл хэсгүүдэд хөлөөрөө цохиж эхэлсэн. Доржсүрэн ирээд салгахаар нь машиндаа суугаад зугтаасан. Зүүн нүд доор хөхөрсөн, зүүн бөөрөнд хөхөрсөн, хоёр гуя хөхөрсөн байна. Гарын үе өвдөж байна. Бид хоёр баталгаатай гэр бүл бөгөөд 12 жил хамт амьдарч байгаа. 4-12 насны 4 хүүхэдтэй. Өмнө нь миний биед халдаж байсан. Би нэг удаа Цагдаагийн байгууллагад хандаж байсан. Одоогоос 5 жилийн өмнөөс хий хардаад байдаг болсон. Тухайн үед хардаад зодож байсан. Тэгээд би салаад ээж дээрээ очиж 7 хоног амьдарч байсан араас ирээд дахин зодохгүй гээд нийлж байсан. Хамгийн сүүлд, 2020 оны 7 дугаар сарын 20-ны үед нөхөр Д.Т-ын хамаатан садантай хамт Тэрэлж гэх газарт амарч яваад архи уугаад ямар шалтгаанаар зодсоныг нь ойлгоогүй надаа гар хүрсэн." /хх 3-4, 25-26/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №574 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Г.Б-гийн биед хэвлий, зүүн гуя, зүүн нүдний зах хэсэгт цус хуралт, баруун сарвууны гадна хэсэгт зулгаралт, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэжээ /хх 14-15/,
Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх 16/, аюулын зэргийн үнэлгээ 5 оноотой буюу дунд гарсан тухай тэмдэглэл /хх 6-7/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Г.Б-д учруулсан хохирлоо нөхөн төлж хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Д.Т-д оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Д.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2034000000585 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2034000000585 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ