Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/458

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,

Улсын яллагч А.Азжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч М.Баднайнямбуу,

Хохирогч М.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,

Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.С-д холбогдох эрүүгийн 2034000000558 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Х.С, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 38 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод оршин суух, Ахмад настны үндэсний төвд жижүүр ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, НБ80587898 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.С  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Х.С-гийн өгсөн: Ярих зүйл байхгүй. Архи уусан байсан ийм зүйл хийсэндээ харамсаж байна гэх мэдүүлэг,

Хохирогч М.Б-ын өгсөн: Оросын хонхор гэх газраас доошоо Цогоо, Сайнаа хоёртой явсан. Тэгээд шөнийн 1 цаг өнгөрч байхад ирээд 2 шил архи авчирч уусан. Оройны 4 гэхэд Би Баянгол баг орсон. Тэгээд оройны 9 гэхэд гэртээ хариад өглөө нь хотод эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч М.Б-ын өгсөн мэдүүлэг /хх 4-5/, гэрч Б.Банзрагчийн өгсөн мэдүүлэг /хх 6-7/, Г.Чойжилдоржийн өгсөн мэдүүлэг/хх 8-9/, А.Цоггэрэлийн өгсөн мэдүүлэг /хх 10/, Х.С-гийн өгсөн мэдүүлэг /хх 11, 38-39/,

            Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 30/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-43/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:  

 

Шүүгдэгч Х.С нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Оросын хонхор гэх газар 2020 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр иргэн М.Б-ыг үгэнд орж унтсангүй, агсарч дайрлаа гэх шалтгааны улмаас толгой болон биед нь усны гутал болон гараараа цохиж эрүүл мэндэд нь тархины духны зүүн хэсэг, зулайн дэлбэнгийн зайнд цусан хураа, тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, духанд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:  

 

            Шүүгдэгч Х.С-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хадлан дээрээ байж байтал М.Б 2 шил архитай ирсэн. Тэгээд авч ирсэн архийг нь хувааж ууж дуусгачхаад хадлангаа хадаж дуусгачхаад хадлангаасаа буух болсон чинь чиргүүлийн дугуй хагарсан. Тэгээд Цоггэрэл бид хоёр сүлжээнд гараад утсаар яриад олгой хаймар, 3 шил архи захисан. Тэгээд Батаа олгой хаймар, 3 шил архи авчирсан. Тэгээд Батаа, М.Б, Чойжилдорж, Цоггэрэл бид нар хувааж ууцгаасан. Харин Банзрагч архи уугаагүй. Батаа архи уугаад байж байтал явна гээд орилоод байсан. Тэгээд би явуулахгүй гээд гутлыг нь тайлаад Банзрагчид гутлыг нь өгсөн. Тэр үед Болдоо Батаа руу агсраад дайраад байсан. Тэгэхээр нь Болдоог чимээгүй бай гээд хэлсэн чинь агсарсан. Тэгэхээр нь би Болдоог унт гэж хэлсэн чинь унтахгүй байсан. Болдоо намайг эхлээд цохихоор нь би усны гутлаар толгой руу 2 удаа цохисон. Тэгээд би унтчихсан байсан. Толгой дээр нь шалбарчихсан байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би М.Б-ын эмчилгээний зардалд 3 200 000 төгрөг өгсөн байгаа. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү." гэх мэдүүлэг /хх 11, 38-39/,

 

Хохирогч М.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Надад асуух зүйл байхгүй. 2020.09.06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Оросын хонхор гэдэг газар руу хадланд ганцаараа явсан. Тэгээд би хадлан дээр байгаа хүмүүс дээр очсон. Шөнө нь тавуулаа 0,75 литрийн 2 шил Хараа архи хувааж уусан. Тэгээд би архи уугаад нэлээд согтсон байсан нэг мэдсэн чинь хүмүүс цохиод байсан юу болсныг нь санахгүй байна. Тэгээд намайг сэрхэд өдөр болчихсон, тракторын чиргүүл дээр хэвтэж байсан. Тэгээд босох гэсэн чинь босож чадахгүй байж байгаад Сайнаагаар трактороор дэлгүүр хүргүүлээд би гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ хоночхоод 2020.09.08-ны өглөө Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт очиж томограф авхуулаад тэндээсээ цагдаа дээр очоод, Төв аймгийн Шүүх эмнэлгээр ороод Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд үзүүлсэн чинь хагалгаа хийх шаардлагатай хэвт гэж хэлсэн. Цогоо, Сайнаа, Баян Батаа, Чойжоо, Базараа нартай хамт архи уусан. Чойжоо, Базараа бол огт архи уугаагүй. Би тэд нарын дугаарыг нь мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор би хэн гэдгийг нь мэдэхгүй. Хоёр мөр, толгой дийлдэхгүй өвдөөд байгаа. Эмнэлэгт үзүүлсэн чинь толгойны баруун урд тал 10х5 см хэмжээтэй 2 мм-ийн өргөнтэй цус хуралттай байна гэсэн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Шүүгдэгч эмчилгээний зардалд 3 200 000 төгрөг өгсөн. Одоо шүүгдэгчээс эмчилгээний болон унааны зардалд 530 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан 1 500 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Мөн дахин хагалгаанд орох тул хагалгааны зардлаа нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулан гэвэл гомдолгүй."  гэх мэдүүлэг /хх 4-5/,

            Гэрч Б.Банзрагчийн өгсөн: "2020.9.02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол гэдэг газарт хадланд гарсан. Тэгээд 2020.9.06-ны өдөр М.Б нь Чойжилдорж, Х.С, Цоггэрэл, Батаа /баян/ бид 5 дээр 11 цагийн орчим нэмэгдэж ирсэн. М.Б 0,75 литрийн 2 шил Хараа архитай ирээд тэр архийг нь Цоггэрэл, Х.С нар хувааж ууж дуусгачхаад М.Б-ын хадланг хадаад орой 20-21 цагийн орчим хадлангаасаа буугаад орой тракторын дугуй хагарахаар нь Х.С, Цоггэрэл нар утсаар ярина гээд сүлжээтэй газар руу явчхаад ирж байж байгаад дуудсан хүнийхээ урдаас явна гээд явсан. Тэгээд би архи уудаггүй болохоороо унтаад өгсөн бөгөөд хүмүүс орилолдохоор нь сэрсэн чинь Чойжилдорж, Цоггэрэл нар согтчихсон хэвтэж байгаад унтсан. М.Б, Батаа ах хоёр унтахгүй гэр рүүгээ согтуу явна гээд орилолдоод байсан. Тэгээд би босоод хүмүүсийг унтуулах гээд хэвтүүлсэн. Тэгсэн чинь Болдоо ах орилж босож ирээд байсан. Тэгсэн Сайнаа ах тэр хоёр юм ярьж байснаа Сайнаа ах уурлаад Болдоо ахын толгой руу усны гутлаар толгой руу нь 2-3 удаа цохисон. Тэгээд унтах гээд хэвтэцгээсэн чинь Болдоо ах гарч шээмээр байна гэхээр нь шээлгэчхээд хэвтүүлсэн чинь ахиад архи гаргаж ирээд Сайнаа ах, М.Б ах хоёр хуваагаад уусан. Тэгээд уугаад сууж байснаа Сайнаа ах М.Б ахыг унт гээд алгадсан, Сайнаа ах Болдоо ахыг ахиад 1 удаа гутлаар толгой руу нь цохисон чинь тэр хоёр зууралдахаар нь би салгаад хэвтүүлсэн. Тэрнээс Хойш юу болсныг нь санахгүй байна, би унтчихсан байна лээ. Тэгээд өглөө хүмүүс бүгдээрээ сэрчихсэн архи нь гараагүй байсан. Өглөө ахиад М.Б ахыг Сайнаа ах цохисон. Тэрийг Цоггэрэл ах харчхаад “Энэ нэг амьтныг яах гээд байн байн цохиод байдаг юм дээ" гээд үглээд яваад байсан. М.Б-ын толгойны баруун шанаа нь нил цус болчихсон, баруун хацар нь хавдчихсан, алхаж чадахгүй байсан. Х.С, М.Б хоёр маргалдаж муудалцаагүй. М.Б орилоод унтахгүй байсан болохоор л Х.С уурлаад цохисон юм шиг байна лээ. Х.С нь "Надад Батаа гэж хүн 2 шил архи авчраагүй, намайг авчирсан гэж хэлээрэй, юм асуувал мэдэхгүй л гэж хэлээрэй” гэж надад хэлсэн. Х.С өөр нэгэнд гэмтэл учруулаагүй." гэх мэдүүлэг /хх 6-7/,

 

            Гэрч Г.Чойжилдоржийн өгсөн: "2020.9.06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн нутаг хүрхэрээ гэдэг газарт хадланд Банзрагч, Цогоо, Х.С, Төмөрөө, Отгонбаатар, Бямбаа бид нар гарчихсан байхад М.Б ах 2 шил архи авч ирээд Х.С, Болдоо ах, Төмөрөө ах, Отгонбаатар 4 хувааж уусан. Тэгээд орой болох үед Төмөрөө ах, Бямбаа ах, Отгонбаатар 3 яваад өгсөн. Цогоо ах, Банзрагч, Х.С, Болдоо ах бид нар үлдсэн. Тэгээд тракторын дугуй Х.С ах захисан чинь Батаа 3 шил архи, олгой хаймартай авчирсан. Тэгээд тэр архийг нь Сайнаа ах, Цогоо ах, Батаа, Болдоо ах 4 уугаад Банзрагч бид хоёр унтаж байтал намайг Сайнаа ах дуудахаар нь би босоод 2-3 хундага уугаад унтсан. Тэгээд би гадаа шээгээд зогсож байгаад эргээд хартал Сайнаа ах М.Б ахыг 3 удаа гутлаар толгой руу цохисон. Тэгээд би эргэж байшинд ороод унтсан. Тэгээд маргааш өглөө нь бид нар хадлангаасаа бууцгаасан. Болдоо ах орилж босож ирээд байсан юм. Тэгсэн чинь Сайнаа ах унт гээд дарж хэвтүүлээд байсан. Тэрнээс болоод л цохисон байх. Сайнаа ах М.Б-ын толгой руу гутлаар 3 удаа цохисон. Өглөө босож ирэхэд Болдоо ахын толгойноос цус гарчихсан, баруун хацар нь хавдчихсан, нүд нь хавдчихсан байсан." гэх мэдүүлэг /хх 8-9/,

 

            Гэрч А.Цоггэрэлийн өгсөн: "...3 шил архийг нь Х.С, Чойжилдорж, Батаа, М.Б бид нар хувааж уусан. Тухайн үед Банзрагч архи уугаагүй. Тэгээд архиа дуусаагүй байхад нь би унтчихсан. Тэгээд өглөө босоод ирсэн чинь М.Б-ын толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүсээс нь асуусан чинь Банзрагч Сайнаа ах цохчихсон юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х.С-д чи яах гээд цохчихдог юм бэ гэж хэлсэн чинь согтуурхаад байхаар нь хаячихсан юм. Цохисныг хараагүй, Х.С л М.Б-ыг цохчихсон юм шиг байна лээ, би Х.С-д яах гээд цохчихсон юм бэ л гэж хэлсэн. Батаа урт усны гуталтай ирсэн. Өөр хүн усны гутал өмсөөгүй байсан. Өглөө босож ирэхэд Болдоо ахын толгой нь хагарчихсан байсан." гэх мэдүүлэг /хх 10/,    

           

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.М.Б-ын биед тархины духны зүүн хэсэг, зулайн дэлбэнгийн зайд цусан хураа, тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд хэсэгт зулгаралт, баруун чихэнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, духанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэжээ /хх 30/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

 

            Шүүгдэгч Х.С-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийг Х.С нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн. Учир нь: Гэмт үйлдэл бол нийгэмд аюултай, хуульд заасан, хүний ухамсар, хүсэл зоригийн дагуу хийгдсэн субъектийн зан үйлийн илрэх гадаад хэлбэр болох биеийн хөдөлгөөн. Шүүгдэгч Х.С нь хэд хэдэн удаагийн үйлдлээр хохирогч М.Б-ын эрх чөлөөнд гараараа болон усны гутлаар халдсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Х.С-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б нь 3 890 478 төгрөгийн хохирлын баримт хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн байна. Үүнээс хавтаст хэргийн 49-р хуудсанд авагдсан 14 300 төгрөгийн үнэ бүхий гурил, 6 200 төгрөгийн үнэ бүхий жигнэсэн гурил, 55-р хуудсанд авагдсан 117 200 төгрөгийн үнэ бүхий гурил, тамхи, жигнэмэг г.м, 81-р хуудсанд авагдсан 38 500 төгрөгийн үнэ бүхий чихэр, салфетка, 00-ийн цаас г.м нийт 176 200 төгрөгийн баримтад авагдсан эд зүйл нь хүний өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн авсан байх тул хангах үндэслэлгүй, мөн өмгөөллийн хөлс 1 500 000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй тул нийт 1 676 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2 214 278 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 3 200 000 төгрөгийг өгсөн болох нь хэргийн оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхих нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Х.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгээс шүүгдэгч Х.С нь үйлдсэн гэмт хэргээ үнэн шударгаар хүлээн мэдүүлж, гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг, ар гэрийн байдлыг харгалзан 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Х.С нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн болох нь хавтаст хэргийн 12-16-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож, уг ялаа биелүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд ШШГА дууссан талаарх тэмдэглэлээр /хх 12/ тогтоогдсон.

Шүүгдэгч ам бүл 5, эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт СХДүүрэг 10-р хороо, Зүүн баян уулын 16Б-19 тоотод оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, уг хаягтаа оршин суудаг талаарх Иргэний үнэмлэхийг лавлагаа, Оршин суух хаягийн лавлагаа /хх 19, 21/, Д.Орхонтуултай 2004.10.11-нд гэр бүл болсныг батлах Гэрлэснийг бүртгэх лавлагаа /хх 20/, Ахмад настны үндэсний төвд жижүүр ажилтай, сард 524 574 төгрөгийн сарын цалинтай талаарх тус байгууллагын албан тоот, тодорхойлолт,  СХДүүрэг 10-р хороо, Зүүн баян уулын 16Б-19 тоотод байршилтай 180 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд авагджээ.  

   

Шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн" эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Х.С-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал түүний шүүх хуралдаанд гаргасан "нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгөөч" гэх хүсэлт, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, түүний хөрөнгө орлогын байдлыг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Ийнхүү шүүгдэгч Х.С-г нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын хүнлэг бус, хэрцгий шинжгүй байх зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн 2034000000558 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.С-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-г 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан 10 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2034000000558 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ