| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0467/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/461 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.А-д холбогдох эрүүгийн 2034000000467 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.А, 1978 оны 01 сарын 01-ны өдөр Баян-өлгий аймгийн Толбо 6-р баг Бураат гэх газар төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-өлгий аймгийн Толбо сумын 6-р багт засаг захиргааны бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд;
1.Баян-өлгий аймгийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3, 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 08 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг, Улсын Дээд шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаартай магадлалаар 5 жилийн хорих ял болгон өөрчилсөн,
2.Налайх дүүргийн Шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,
3.Баян-өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 29-ны өдөр 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 233 дугаар зүйлийн 233.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, БЙ77895621 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х.Аын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Г.М /хх 8-10/, гэрч Н.Ганчөдөр /хх 11-12/, гэрч Г.Нямжав /хх 15-16/, гэрч М.Жимимаа /хх 17-18/ нарын өгсөн мэдүүлэг,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлт гэжээ /хх 20/,
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 32-35, 36-38, 39-45/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Х.А нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож зулайд шарх, дух, эрүү, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад язарсан шарх, хэлний үзүүрт язарсан шарх, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт үүсгэжээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл танхай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний халдашгүй байдалд халдаж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.А нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газар Г.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Х.А-ын өгсөн: "2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Г.М болон бид нар хамт Г.М-ынд архи уусан. Би Төв аймгийн Сэргэлэн сумын ногооны талбай манадаг юм. Тэгсэн чинь намайг мал хөөдөг гээд тэнд байсан хүмүүс над руу дайраад байсан. Би Г.М-ын ахтай муудалцсан тэр үед салгах гээд Г.М дундуур ороод ирэхээр нь би Г.М-ын шанаа руу нь 2 удаа цохисон. Тэрнээс өөр газар буюу гэртээ бол би цохиж нүдсэн асуудал байхгүй. Би 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 06 цагт боссон чинь манай ногооны талбайн хажууд Г.М эгчийн нэг азаргатай адуу байхаар нь би хөөсөөр байгаад гэрийнх гадаа аваачиж өгчхөөд Төв аймгийн төв рүү Даваа ахынхаас мах ногоо авах гээд очсон. Тэднийд очсон чинь Даваа ахын охин хоол хийгээд тэрийг идчихээд өдөр 16 цагийн үед буцахдаа Төв аймгийн Од хүнсний дэлгүүрээр ороод VODKA 05 литрийн архи, 2 000 нэгж аваад тэгээд шууд ирсэн. Гэртээ ирж нөгөө авсан нэг шил архиа үлдээчхээд, тариан талбайн хажууд байсан үхэр орсон байхаар нь тэрийг хөөчхөөд Даваагийнд очсон чинь Даваа, Г.М, Нямжав, Нямжавын авгай, Гамбаа нар 0.75 литрийн ерөөл архийг уугаад эхэлж байсан. Би тэр архинаас нь уучхаад байж байтал Нямжавын эхнэр уурлаад гэр лүүгээ алхаад яваад өгсөн чинь араас нь Нямжав Г.М эгчийг сундлаад, намайг замаараа манай эхнэрийг аваад гэрт хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэрийг нь замаараа аваад гэрт нь хүргэж өгсөн. Гэрт очоод байж байтал Нямжавынд мотоциклтой хоёр залуу ирээд 0.75 литрийн хараа архи гаргаж ирээд тэр шилтэй архийг бид хэд хувааж уусан. Тэгээд нөгөө архи авч ирсэн хоёр залуу Нямжавыг агсан тавиад байхаар яваад өгсөн. Тэгээд би явах гэтэл Г.М эгч намайг хүргээд өгчих гээд байхаар нь би за тэгье гээд мотоциклоо асаасан чинь Нямжав гэрээс гарч ирээд миний мотоциклийн буруу талын толийг салгаад авахаар би яаж байгаа юм бэ гэсэн чинь муу хасаг чамайг ална гээд толиороо нуруун дээр нэг удаа цохисон. Тэгэхээр нь мотоцикл дээрээсээ буугаад Нямжавтай барилцаж аваад хоорондоо хэд хэд цохилцсон. Бид хоёрыг барилцаж байх хооронд Г.М эгч дундуур ороод чи миний ахыг цохидог хэн бэ гэтэл Нямжав ах нөгөө толиороо намайг цохих гэж байгаад Г.М эгчийг цохисон, харин би бас Нямжав ахыг цохих гэж байгаад Г.М эгчийн шанаа руу нэг удаа цохисон. Шөнө харанхуй дээрээс нь бид хэд бүгд согтуу байсан болохоор хэн хэнийгээ цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Тэгтэл Нямжавын эхнэр гэрээсээ гарч ирээд Нямжавыг гэр лүү нь аваад орсон. Би Г.М эгчийг сундлаад гэртээ ирсэн. Гэрт миний өдөр төвөөс авч ирсэн тал шил архи байсан. Тэрийг Г.М эгч том аяганд хийж уучхаад миний унтдаг баруун талын орон дээр өөрөө хувцсаа тайлаад хэвтээд өгсөн. Тэгээд байж байтал Нямжавын хүү ирээд Г.М эгчийг аваад явсан. Тэр хэдийг явсны дараа Сэргэлэнгийн цагдаа ирээд намайг Төв аймаг руу аваад явсан. Маргааш нь 8 дугаар сарын 07-ны өдөр би Цагдаагийн гадаа мэдүүлэг өгөх гээд байж байтал Г.М эгч ирээд би урд Нямжавын гадаа зодолдсон талаар яриагүй шүү, чи намайг гэртээ аваачаад хоёр цохисон гээд хэлсэн шүү, Нямжав, Нямжавын эхнэр хоёрыг чирээд яахав гэж хэлээд яваад өгсөн." гэх мэдүүлэг,
Хохирогч Г.М-ын өгсөн: "Манайх Төв аймгийн Сэргэлэн сум Хөшиг 3-р баг Цагаан толгой гэх газар хүү Нямдаваагийн хамт нутагладаг. Би өдөр гэрт байхдаа 13 цагийн үед манай бага дүү Жаргайгийн хамт 0,33 литрийн хараа архи уусан. Тэгээд өдөр 17 цагийн үед манай төрсөн ах Нямжавынд, хүү Даваагийн найзаар хүргүүлээд очсон. Би тэднийд очихдоо би нэг ундааны сав айрагтай очсон. Намайг тэднийд очиход Нямжав ах эхнэртэйгээ хоёулаа байсан. Тэгээд би нөгөө гэрээсээ авч ирсэн айргаа уугаад байтал манай саахалт айлын залуу Х.А мотоциклтой ирсэн. Би Х.А-ыг хүргээд өгчих гэсэн чинь за тэгье гээд намайг мотоцикл дээрээ сундлаад явж байснаа манай гэрэл асаалттай байна манайхаар ороод гаръя гээд гэр лүүгээ аваад орсон. Би гэрт нь ороод баруун талын орон дээр сууж байсан чинь миний тархи толгой руу шууд цохиод эхэлсэн. Би тэгээд чи яагаад байгаа юм бэ хүргэж өгөхгүй бол би өөрөө алхаад явчихъя гээд байж байтал манай ахын хүү Ганчөдөр ирээд намайг аваад явсан. Гэрт нь очтол манай хүү Нямдаваа Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм." гэх мэдүүлэг /хх 8-10/,
Гэрч Н.Ганчөдөрийн өгсөн: "Би Улаанбаатар хотоос 22 цагийн үед эхнэр Батмөнхийн хамт Төв аймгийн Сэргэлэн суманд эцэг, эх хоёр дээрээ ирсэн. Намайг гэрт ирсэн чинь манай Нямжав, Г.М эгчийг чинь Бек гээд залуу гэрт нь хүргэж өгнө гээд аваад явсан чи очоод үзээдэх гэхээр нь Бек гэж ямар залуу байдаг юм гэсэн чинь аав хойд талын хашааны харуул байгаа юм гэсэн. Тэгээд би өвөлжөөн дээрх гэрт нь очиход Г.М эгч гэртээ байхгүй байсан. Тэгээд би доошоо уруудаад ногоон талбайн хойд хэсэгт байгаа Бекын гэрийн 1 гадаа очоод 5 минут орчим сигналдаад хүн гарч ирэхгүй байхаар нь хаалгыг нь тогшсон чинь хүн дуугарахгүй байсан. Тэгээд гэнэт гэр дотроос чимээгүй байгаарай ална шүү писда минь гэсэн чимээ гарсан. Тэгэхээр нь би хаалганы хавтсаар нь хараад хаалгаа онгойлго гэсэн чинь Бек хаалгаа онгойлгосон. Намайг гэрт ороход эгч Г.М баруун талын орон дээр сууж байсан. Г.М эгчийн толгойн зүүн хэсэг хацрын баруун шанаа хэсэг хавдсан байсан. Тэгсэн чинь Г.М эгч Бек намайг гэртээ авчраад хаалгаа түгжээд зодсон гэж хэлсэн. Тэгээд би эгчийг аваад гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь хүргэж өгсний дараа Г.М эгчийн том хүү Нямдаваа Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан." гэх мэдүүлэг /хх 11-12/,
Гэрч Г.Нямжавын өгсөн: "Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3-р баг Шар жалга гэх газар нутаглаж байгаа юм. Манай дүү Г.М-ынх манай ард Цагаан толгой гэх газар зусаж байгаа. 8 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед дүү Г.М-ынд үхрээ авах гээд эхнэр Жимимаагийн хамт очсон. Тэднийд очсон чинь Г.М эгчийн хүү Даваагийн найзууд ирчихсэн 0,5 литрийн архи уугаад сууж байсан. Би тэр архинаас нь 2, 3 татсан. Бид хоёр Даваагийнд очиход Х.А айраг уучихсан согтуу байж байсан. Тэгээд манай эхнэр үхрээ туугаад явган яваад өгсөн. Би араас нь явах нь гэтэл Г.М эгч цуг явъя гээд ундааны саванд айраг хийгээд аваад явсан. Тэгээд явж байтал Х.А бид хоёрын хажуугаар дайрчих шахам гараад манайд очсон. Тэгээд манай эхнэр Жимимаа, Г.М эгч, Х.А бид дөрөв байж байтал манайхаас дээр бензин аваад явсан хоёр залуу ирээд 0,5 литрийн ерөөл архи авчирч өгөөд тэрийг бид хэд хуваагаад уучхаад байж байтал нөгөө хоёр залуу яваад өгсөн. Би тэр хоёрыг явсны дараа хонио харчхаад ирсэн чинь Х.А яваагүй байсан. Тэгээд гэрт ороод байж байтал Х.А орж ирээд над руу чи миний мотоциклийн толийг эвдсэн байна гээд бид хоёр нэлээн маргалдсан. Тэр мотоцикл нь газар нойтон байсан болохоор унасан байх би ерөөсөө мотоциклд ойртоогүй. Манай эхнэр намайг гэрээс гаргахгүй гээд хориод байсан. Бек манай гэрийн гадаа байж байгаад цагдаа дуудлаа шүү гэсэн чинь Г.М эгчийг хүргэж өгье гээд сундлаад яваад өгсөн байсан. Тэгээд манай хүү Ганчөдөр Улаанбаатар хотоос ирэхээр нь би Г.М эгч чинь гэртээ байна уу хараад ир гээд явуулсан юм. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх 15-16/,
Гэрч М.Жимимаагийн өгсөн: "Манах Төв аймгийн Сэргэлэн сум Хөшиг 3-р баг Шар жалга гэх газар нутаглаж байгаа. Манай дүү Г.М-ынх манай ард Цагаан толгой гэх газар зусаж байгаа. 8-р сарын 06-ны өдрийн 17 цагийн үед дүү Г.М-ынд үxрээ авах гээд нөхөр Нямжавын хамт очсон. Бид хоёрыг очиход Г.М эгчийн хүү Даваагийн найзууд ирсэн гээд тэр хэд архи уугаад сууж байсан. Тэрнээс манай нөхөр 2, 3 татсан. Тэгээд би гэр лүүгээ үхрээ туугаад явж байтал манай нөхөр Нямжав эгч Г.М-ыг сундлаад араас яваад ирсэн чинь Х.А бас дагаад цуг яваад ирсэн. Манайд байж байтал манайхаас дээр бензин аваад явсан хоёр залуу тал шил архи авчирч өгөөд тэр архийг тэр хэд хувааж уучхаад яваад өгсөн. Манай хүн тэгээд хонио харж ирчхээд Х.А-ыг яв гэсэн чинь явахгүй байсан. Гэрийн гадаа байсан Бекын мотоцикл унаад толь нь хагарсан байсан чинь манай нөхөр Нямжавыг унагааж эвдсэн гээд дайраад байсан. Би тэгэхээр нь Х.А-ыг гэрт оруулахгүй гээд хаалгаа дараад зогсож байгаад хүү Ганчөдөр лүү утсаар залгаад цагдаа дуудах гээд байж байтал Г.М эгчийг сундлаад баруун урагшаа давхиад яваад өгсөн. Тэгээд хүүг хотоос ирэхээр нь Г.М эгчийгээ хараад ир гээд явуулсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх 17-18/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Г.М-ын биед зулайд шарх, дух, эрүү, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад язарсан шарх, хэлний үзүүрт язарсан шарх, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй." гэжээ /хх 20/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Х.А улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдаж,
шүүгдэгч Х.А-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Г.М гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох саналыг,
Шүүгдэгч Х.А ямар нэг санал гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал,гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
тэрээр 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн шүүх хуралдаан эхлэх өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2034000000467 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ыг 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ын цагдан хоригдсон 36 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүнд оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
4.Эрүүгийн 2034000000467 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Х.А-ыг энэ өдрөөс эхлэн сулласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ