| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0466/э |
| Дугаар | 2020/ШЦТ/462 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Э, С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Илжигэн Баяраагийн Б.Э, Иөншөөбү Сүнжидийн С.М нарт холбогдох эрүүгийн 2034000000466 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б.Э, 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа Улаанбаатар хотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Бүрдэл Майнинг" ХХК-нд өндөр хүчдэлийн цахилгаанчин ажил эрхэлж байсан, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТА96102565 регистрийн дугаартай.
2. Монгол Улсын иргэн, С.М, 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, ахын хамт Сэлэнгэ аймагт оршин суух, одоо эмээгийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын Энх тал гэх газар мал маллан амьдрах, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТА97856595 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э, С.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Э-ын өгсөн: 8 дугаар сарын 06-нд Төв аймгийн Заамар сумаас ээлжээс буугаад Дархан орох хэрэг гарсан. Машин олдохгүй тэгээд С.М луу яриад машинд чинь суух зай байна уу? гэхэд байна гээд намайг ирж авсан. Дархан явах замдаа мотоциклтой хүнээс зам асуугаад тэгээд цаашаа явж байтал замд ланд-80-тай ах эхнэрээ зодоод байгаа юм шиг байхаар нь хэлсэн. Эхнэрээ зодоод байх шиг байна гэхэд манай жолооч явъя явъя гээд. Тэгээд хүүхэд орилоод байхаар нь машинаа зогсоогоод очоод салгасан чинь С.М зодолдоод тэгээд би араас нь очоод С.Мыг салгасан чинь араас зуураад авахаар нь би эргэж хараад гараа савсан чинь П.Эийг оносон. Тэгээд С.Мыг аваад Дархан луу явсан. Маргааш нь Төв аймгийн цагдаагаас над руу ярьсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.М-ын өгсөн: 8 дугаар сарын 06-нд манай ажлын ороосторын 10 хоногийн амралт эхлээд Гэрэлчулуун гээд манай ажлын цахилгааны ах Дархан явна гэхээр нь цуг явж байтал Б.Э ярихаар нь буцаж очиж Б.Э-ыг авсан. Б.Э бид гурав Худгийн булаг гэх газар Ланд-тай хүмүүстэй таарсан. Эхнэр нь хүүхдээ барьцан нөхөр нь тэгүүл чи наадхаа чаддаг юм бол алчхаач гээд байхаар нь зогсооч эхнэр хүүхдээ зодоод байгаа юм биш үү гэхэд зогсохгүй болохоор нь би өөрөө хаалгыг онгойлгоод буусан. Тэгээд очоод юу болоод яагаад эхнэр хүүхдээ зодоод байгаа юм бэ? гэхэд миний нүүрнээс базаад авсан. Тэгээд би гарын цохиж салгаад нүүр лүү нь цохисон. Тэгээд Д.Э хойшоо яваад машинаа налаад суусан тэгсэн чинь эхнэр нь чи яагаад миний нөхрийг зоддог юм гээд миний үснээс зулгаагаад би гарын тавиулсан чинь хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Б.Э-ын хойноос нь зулгаагаад тавихгүй болохоор нь гараа савахдаа цохичих шиг болсон. Эхнэрийг нь Б.Э цохисон. Тэгээд бид хоёр машинд нь суулгаж өгөөд өөрсдөө гэрийн зүг явсан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.Э /хх 4/, хохирогч П.Э /хх 6/, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийсайхан /хх 8/, гэрч Д.Э /хх 9-10/, гэрч П.Э /хх 11-12/, гэрч Л.Гэрэлчулуун /хх 13-14/ нарын өгсөн мэдүүлэг,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 450 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-21/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 451 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 22-24/,
“Fair valuation” LLC-ны 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 6238 дугаартай үнэлгээний тайлан /хх 33-38/,
Төв аймгийн Заамар сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх 1-2/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 91-92/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.М нь Д.Э-ыг эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн чамархай, хамар, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн эгэм, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт,
шүүгдэгч Б.Э нь П.Э-ийн эрх чөлөөнд халдаж зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцралт үүсгэжээ.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл танхай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний халдашгүй байдалд халдаж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.М нь согтуугаар Д.Э-ыг эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг Худагийн гол гэх газар П.Э-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн чамархай, хамар, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн эгэм, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол,
шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг Худагийн гол гэх газар П.Э-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Э-ын өгсөн: “Би Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бүрдэл майнинг ХХК-нд 2020 оны 3 дугаар сараас хойш өндөр хүчдэлийн цахилгаанчны ажил хийж байгаад 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай ажлын 10 хоногийн амралт эхлээд Дархан-Уул аймагт очиж найзтайгаа уулзах шаардлага гарсан. Унаа хайж байтал ажлын найз болох С.М над руу утсаар залгаж чи Дархан явах юм уу би Гэрэлчулуун ахтай хамт машинтай нь Дархан орох гэж байна гэхээр нь би хамт явъя хүрээд ир гэхэд тэр хоёр яваад ирсэн. Тэгээд би машинд нь суугаад Дархан-Уул аймаг явж байтал С.М 1 шил 0,5 литрийн Экс архи гаргаад ирэхээр нь С.М-тай хувааж уусан. Жолооч Гэрэлчулуун уугаагүй цааш явж байгаад мотоциклтой хүнээс Дархан явах зам асуусан мөн цааш явж байгаад 30-аад минутын дараа байх замын урд талдаа зогсож байсан Ланд крузер-80 маркийн машинтай хүмүүс дээр очоод Дархан явах зам асуух гээд очтол машиныхаа хойно эхнэр, нөхөр бололтой хүмүүс маргалдаад хажууд нь 16-17 орчим насны охин байсан мөн 3 настай болов уу гэмээр хүүхэд уйлаад байж байхаар нь замаа асуулгүй өнгөрөөд явж байтал С.М хүүхэд уйлаад байна зогсоод өг гэхэд машин аажуухан явсан. Гэтэл С.М зогсож амжаагүй байхад буугаад явсан араас нь очтол С.М нь нөхөртэй нь заамдалцаад зогсож байсан хажууд нь эхнэр нь С.М-ын үснээс зулгаачихсан байж байхаар би очоод нөхрийг нь татаад салгасан. С.М нь эхнэрийнх нь гарыг татаад үснээсээ тавиулаад та яагаад байгаа юм бэ таныг өмөөрч байхад гэхэд бид нарын амьдрал та нарт хамаагүй гудамжны архичдаа гээд орилсон. С.М нөхөр болох хүнтэй нь дахин барьцалдаад зодолдсон. Гэтэл охин нь та найзыгаа авчих бид нар явмаар байна гэхээр нь би очоод салгах гэтэл эхнэр нь С.М-аас зууралдаад салгахгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрийг нь түлхтэл жолоочийн эсрэг тал хаалга онгорхой байхад нь ар нуруугаараа налж унаад босож ирэхэд нь би С.М-ыг аваад өөрийн машин руугаа алхаж байтал араас эхнэр гүйж ирээд миний цагаан өнгийн майкны араас зуурахаар нь би эргэж хараад та хоёр больчих л доо гээд баруун гараараа эхнэрийнх нь нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгэхэд нөхөртэйгөө зууралдаад газар унасан. Тэгээд бид машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Тухайн Ланд-80-тай хүмүүс бас цаашаагаа яваад өгсөн. Эхнэрт нь С.М огт гар хүрж зодоогүй би нэг удаа гараараа нүүрэн тус газарт нь цохисон. Жолооч Л.Гэрэлчулуун нь бидний дэргэд байгаагүй. Эхнэр нь С.М-аас үснээс зулгаасан өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг бол хэн хэн нь цохиогүй. Надад бэртсэн зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 17-18/,
Шүүгдэгч С.М-ын өгсөн: "Би Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бүрдэл майнинг ХХК 2018 оны 6 дугаар сараас хойш ус шүүрүүлэхийн насосчин ажил хийж байгаад 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай ажлын ороосторын 10 хоногийн амралт эхлээд Дархан Уул аймагт байх гэртээ харих гээд ажлын ах Гэрэлчулуунтай утсаар ярьж зардал мөнгийг нь өгөөд хамт явахаар болсон. 4163 ДАР улсын дугаартай Пледер маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд Хайлааст 3 дугаар багийн төв орж дэлгүүрээс би 2 шил архи, 2 ундаатай аваад хамт ажилладаг Б.Э руу утсаар залгаж чи Дархан явах унаа олсон юм уу гэж асуухад унаа олоогүй гэхээр нь Гэрэлчулуун ахтай би хамт явж байна цуг явах юм уу гэхэд тэгье гэхээр нь буцаж ажил дээр очоод Б.Э-ыг аваад 3-лаа Дархан явсан. Замдаа Б.Э бид хоёр Экс нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Жолооч Гэрэлчулуун архинаас уугаагүй замдаа явж байгаад төөрөөд мотоциклтой хүнээс зам асуусан мөн цаашаа явж байгаад замын урд талд зогсож байсан Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс дээр очиж зам асуухад эхнэр, нөхөр хоёр машиныхаа ар талд хэрэлдэж байсан. Хажууд нь 3 орчим насны хүүхэд уйлаад байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад нөхөрт нь яагаад эхнэр хүүхдээ зодоод байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм гээд миний нүүрнээс базаад түлхсэн. Тэгэхээр нь би баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиход нөхөр нь машинаа налаад зогссон. Гэтэл эхнэр нь ирээд миний нөхрийг зоддог хэн бэ чи гээд миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би таныг өмөөрч байхад яагаад байгаа юм бэ гээд гарыг нь татаад үснээсээ салгуулсан. Гэтэл эхнэр нь миний амьдрал та нарт хамаагүй гудамжны архичдаа гээд орилсон. Тэгтэл Б.Э хажуу талаас орж ирээд доромжлоход нь уурлаад эхнэрийг гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Цохиход эхнэр нь газарт унасан. Тэгээд би Б.Э-ыг чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гээд хойшоо татаж аваад явсан. Гэтэл машинаас нь 16-17 насны орчим нэг охин бууж ирээд аав ээжийгээ машиндаа суулгаад хөдлөөд явсан. Би Б.Э-ыг аваад өөрийн явж байсан машиндаа суугаад Дархан явсан." гэх мэдүүлэг /хх 9-10/,
Хохирогч Д.Э-ын өгсөн: "Миний нүдний яс хугарахдаа наашаагаа овойгоод гараад ирчихсэн байна. Би үүнийгээ эмчлүүлмээр байна. Эрүүний яс, нүдний хугархайн яс хугарсан. Намайг цохиход нь л би нүүр рүү нь 1 удаа түлхсэн юм. 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хутгийн гол гэдэг газар намайг зодсон. Тэр хүмүүс зам асууж ирсэн. Тэгээд бид хоёрыг муудалцаж байна гээд л зодсон. Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Намайг эрүү нүүрний мэс засалд ор гэсэн." гэх мэдүүлэг /хх 4/,
Хохирогч П.Э-ийн өгсөн: "Би нөхөр Д. Д.Э, охин Э.Энхчимэг, хүү Э.Цэлмэг нарын хамт Ланд крузер маркийн 33-77 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Заамар сумын Хайлааст 3 дугаар багаас Заамар сумын Тосон 1 дүгээр багийн Сэрүүн гэх газарт байх гэртээ очихоор 2020 оны 8 дугаар сарын 06-ны орой явж байгаад 20 цагийн үед Тосон багийн худгийн гол орчим зогсож хүүхдүүдээ бие засуулахаар машинаасаа буусан. Тэгэхэд саарал өнгийн жижиг машинтай 4163 ДАР улсын дугаартай дотроо жолоочоос гадна 2 эрэгтэй хүн суулгасан машин ирээд Дархан явдаг зам асуухаар нь манай нөхөр зам зааж өгөхөд тухайн хүмүүс яваад өгсөн. Тэр үед манай нөхөр Д Д.Э нь машинаас 1 шил Хараа архи аваад уух гэхээр нь машин барьж явж уулгахгүй гэртээ хариад уу гээд тухайн архийг булаацалдаж байгаад би аваад зугтаахад намайг манай нөхөр явган хөөж байхад нөгөө машинтай хүмүүс буцаж ирээд дотроос нь цээжиндээ шивээстэй залуу бууж ирээд манай нөхөр Д. Д.Э-ыг яагаад эхнэр хүүхдээ зодоод байгаа юм гээд нүүрэн тус газар нь цохиход нь манай нөхөр газар унасан. Тэгээд нөгөө шивээстэй залуу дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөөр нь би дундуур нь ороод хүн аллаа болиоч гэхэд нөгөө шивээстэй залуу та холдоод өг гээд миний зүүн нүд рүү мөн дух руу гараараа 2 удаа цохисон. Дахиад манай нөхрийг өшиглөх гэхээр нь би баруун гараараа хамгаалж нэг удаа гар руугаа өшиглүүлсэн. Мөн 30 орчим насны нэг залуу байсан. Нөхөр бид хоёрыг цохиж зодоогүй тухайн залуусыг боль гээд хорьж байгаад салгаад аваад явсан. Тухайн өдөр манай нөхөр нь Заамар сумын Хайлааст багаас гарахдаа 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи найз Зориг гэх залуутай хувааж уугаад гэр рүүгээ явж байх замдаа хүүхдүүдээ бие засуулж байхдаа машинд байсан Хараа нэртэй архийг би авч уух гэхээр нь би архийг уулгахгүй гээд аваад зугтаасан миний араас нөхөр явган хөөж байтал тухайн хүмүүс буцаж ирээд эхнэр хүүхдээ зодож нүддэг хэн бэ гээд зодсон. Тухайн үед манай бага хүү Цэлмэг унтаж байгаад сэрээд уйлсан. Би нөхрөөсөө зугтааж таараад тухайн хүмүүст зодолдож байгаа сэтгэгдэл төрүүлсэн байх. Миний зүүн нүд болон дух хөхөрсөн одоогоор толгой, гар өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Машины хаалгыг шивээстэй залуу манай нөхрийг суух гэхэд нь түлхэж савуулж эвдсэн. Би гомдолтой байна. Мөн машины хаалга засуулж авмаар байна." гэх мэдүүлэг /хх 5-6/,
Гэрч Л.Гэрэлчулууны өгсөн: "...Б.Э, С.М хоёр замдаа зогсоож нэг шил архи хувааж уугаад цааш явж байтал замын урд талд хар хөх өнгийн Ланд 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс зогсож байсан. Дархан явах зам асуух гэж очтол нэг залуу эхнэртээ агсам тавиад хэрэлдээд байсан. 3 орчим настай хүүхэд уйлж байсан. Тэгтэл С.М машинаас буугаад нөхөртэй нь эхнэр хүүхдэдээ яагаад агсам тавиад байгаа юм гээд маргалдаад зууралдаад байсан. Б.Э салгах гээд буусан. Тэгэхээр нь би та нар болио би явлаа шүү гэхэд С.М орхиод явахгүй юу гээд байсан. Би машинаа 20 орчим метр холдуулаад машиндаа байж байхад 10-20 минутын дараа тэр хоёр алхаад ирсэн. Дархан-Уул аймагт шөнийн 03 цагт очсон. Намайг хамгийн анх зогсоод зам асуухад тухайн хүмүүс нүүрэндээ ил харагдах шарх сорвигүй. Хоорондоо маргалдаад эхнэрээ зайл гээд байсан байсан. Бага хүүхэд нь уйлаад 18 орчим насны нүдний шилтэй охин дүүгээ тэвэрчихсэн зогсож байсан." гэх мэдүүлэг /хх 13-14/,
Иргэний нэхэмжлэгч Б.Өлзийсайханы өгсөн: ’’Надад иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Энэ тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. 1996 онд Да хүрээ автомашины худалдааны захаас 17 сая төгрөгөөр худалдаж авсан. Миний тээврийн хэрэгслийг манай найз Д.Э унаж хэрэглэж байсан. Миний тээврийн хэрэгслийн зүүн талын урд талын хаалганы нугас, крыло эвдэрсэн байсан. Тээврийн хэрэгслийн нугасыг засварлуулсан. Бусад нь хэвээрээ байгаа.’’ гэх мэдүүлэг /хх 8/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 451 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.П.Э-ийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэжээ /хх 22-24/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 450 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Д.Э-ын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн чамархай, хамар, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн эгэм, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэжээ /хх 20-21/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э, С.М нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдаж,
шүүгдэгч Б.Э, С.М нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар хохирогч Д.Э, П.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулсан байх бөгөөд, хохирогч нар гэм хорын хохиролд эрүүл мэндэд учирсан хохиролд 220 000 төгрөг, тээврийн хэрэгсэлд хавтаст хэргийн 35-р хуудсан дахь үнэлгээний тайлангаар 490 000 төгрөг, 48-р хуудсан дахь зарлагын баримтаар крыло болон хаалганы нугасны үнэ гэх 600 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар төлж барагдуулсан /хх 106-107/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч Б.Э, С.М нар ямар нэг санал гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э, С.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлын нөхөн төлсөн зэрэг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч нар нь урьд эрүүгийн хариуцлага татагдаж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 91-92/, Б.Э нь эх, дүү нарын хамт, С.М нь эцэг, ах нарын хамт амьдардаг зэрэг тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн 2034000000466 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Э, С.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.М нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.М нарт тус бүр оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2034000000466 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э, С.М нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ