Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 930

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Есөн дэлбээ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

                                                                                                              

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00546 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Есөн дэлбээ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Монголмаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 41 357 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Эрдэнэчулуун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Чанцал,

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Ариунжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршооны гишүүн Э.Монголмаа нь 2015 оны 10 сарын 15-ны өдөр 360 хоногийн хугацаатай, 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 26 000 000 төгрөгийг, Баянгол дүүрэг, 4 хороо, Голденпарк 107 байр, 75 тоот, 31 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан зээлж, 64 тоот зээлийн гэрээ байгуулсан. Э.Монголмаа нь 26 000 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатай зээлсэн боловч зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 26 000 000 төгрөг, үндсэн хүү 417 хоногийн 16 986 667 төгрөгөөс хариуцагч 2 531 500 төгрөгийг төлсөн тул үлдэх 14 455 667 төгрөг, 130 хоногийн нэмэгдүүлсэн хүү 901 333 төгрөг нийт 41 357 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 434 141 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ мөнгөн дүнг би төлөх боломжгүй. Нэхэмжлэгч байгууллага надад анх 30 000 000 төгрөгийг зээлсэн бол би 26 000 000 төгрөгийнхөө өрийг төлөөд үлдэх мөнгөөр нь өөрийн ажлаа үргэлжлүүлэн хийж өрөө төлж болох байсан. Би зээлийн гэрээний төлөлт болох 31 250 550 төгрөгийг төлөх боломжтой байна. Миний бие хүнд өвчтэй бөгөөд Бээжин хотод эмчлүүлж байгаад эмчилгээнээсээ саяхан Монгол Улсад ирсэн. Би байраа худалдаад ч нэхэмжлэлийн шаардлагыг төлж чадахгүй. Энэ байдлыг минь харгалзан үзнэ үү гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Монголмаагаас 41 357 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Есөн дэлбээ" хадгаламж зээлийн хоршоонд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн                    Ү-2205036590 дугаартай, Баянгол дүүрэг, 4 хороо, Голден парк хотхон /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 107 байр, 75 тоот, 31 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434 160 төгрөгөөс 364 735 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 69 425 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.Монголмаагаас 364 735 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "Есөн дэлбээ" хадгаламж зээлийн хоршоонд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                 Хариуцагч Э.Монголмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Э.Монголмаа 2015 оны 10 сарын 15-ны өдөр "Есөн дэлбээ" ХЗХ-оос 25 945 000 төгрөг бэлнээр авч зээлсэн. Гэтэл "Есөн дэлбээ"  ХЗХ нь 2017 оны 2 сарын 16-ны хүртэл надаас үндсэн зээл 26 000 000 төгрөг, үндсэн хүү 14 455 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 901 333 төгрөг нийт 41 1357 000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Энэ нь үндсэн зээлийг нэмж бодсон, тухайн хугацаанд миний төлж байсан хүүг огт хасаагүй. Мөн хүү хасагдаагүй тул нэмэгдүүлсэн хүү ч мөн буруу бодогдсон байдаг. Иймээс үндсэн зээл 25 945 000 төгрөг, хүү нь миний төлсөн өөрсдөө зөвшөөрч байгаа 2 531 000 төгрөгийг хасч, бэлнээр авсан 25 945 000 төгрөгөөс бодоход сард 1 037 000 төгрөгөөс бодоход  хүү нь 5 009 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1 030 000 төгрөг нийт 31 000 000 төгрөг байдаг. Шүүхийн шийдвэрээр хангасан нэхэмжлэлийн дүнгийн 10 000 000 төгрөг нь үндэслэлгүй байдаг тул би шүүхийн шийдвэрээр хангасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 10 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, энэ нь шүүх зөвхөн хэт нэг талын эрх ашгийг хамгаалж, нотлох баримтыг дутуу үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Э.Монголмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41 357 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршооны гаргасан нэхэмжлэлээс “зээлийн гэрээний үүрэгт 41 357 000 төгрөг гаргуулах” шаардлагад иргэний хэрэг үүсгэж, “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай шаардлагыг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцэхгүй болно. /хх-ийн 9 дүгээр тал/

                              

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн зарим шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй, талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гаргасан атлаа хариуцагчид шүүх хуралдааны товыг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн байгаагаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтыг бодитой хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 28-29 дүгээр тал/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5  дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ