| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0814/э |
| Дугаар | 851 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 851
2020 11 03 2020/ШЦТ/851
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Улсын яллагч: М.Энхбаатар,
Шүүгдэгч Б.П- /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О овогт Б.П холбогдох эрүүгийн 2011015460992 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ..... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, О овогт Б.П, /РД:ЙЮ701107../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 748 дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.П- нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... зуслангийн ..... тоотод байх гэртээ өөрийн танил болох Э.З-тай архи ууж байхдаа түүнийг согтуу машин унуулахгүй гэх шалтгаанаар маргаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2011015460992 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.П- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Орой явна гээд түүнээс болж маргаан үүссэн. Би 2-3 удаа цохисон гэв.”
Хохирогч З.З-гын “...Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо ..... тоот зусланд байх П-гийн гэрт бид 2 хамт очсон юм. Тэгээд тэндээ бид 2 архи болон пиво хувааж уусан ба хоорондоо ажлын ойр зуурын зүйл ярилцаад сууж байсан. Би урьд нь П-гээр байшин бариулах ажил хийлгэж байсан ба энэ талаараа болон бид 2 хоорондоо ажлын талаар ярилцаж байгаад хоорондоо маргалдахад П- гэнэт миний толгой руу гараараа цохиод 10 гаруй удаа толгойноос түлхээд намайг газар унагаасан, тэгээд намайг газар унахад гутлын өсгийвчөөр миний бие рүү удаа дараа цохиод байхаар нь би зугтаагаад гэрээс гараад автомашиндаа суух гэтэл П- миний автомашины түлхүүрийг аваад намайг явуулахгүй гээд миний автомашины түлхүүрийг мурийлгасан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан... Миний зүүн нүд, дух хөхөрч хавдсан, баруун, зүүн, ташаа, гуя, 2 өвдөг, шилбэ, гарын тохойн хэсгүүд бүгд хөхөрч хавдсан...намайг П- ямар нэг шалтгаангүйгээр цохиж зодсон. Гараараа намайг цохиод газар унагаасан. Тэр үед бид 2 хоёулахнаа байсан. Бид 2 хамтдаа архи ууж сууж байгаад маргалдсан юм. Тэгсэн П- намайг гэнэт л цохиж зодсон. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ би нээх архи уугаагүй болохоор гайгүй байсан харин П- маш их согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-21 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9676 дүгнэлтэнд:
1. З.З-гын биед зүүн нүдний дээд зовхи, зүүн тохой, шуу, зүүн гарын 1-р хуруу, зүүн ташаа, зүүн гуя, шилбэ, баруун, зүүн өвдөгний цус хуралтууд, баруун тохой, шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, хохирогч З.З-гын хүсэлт /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.П- нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... зуслангийн ..... тоотод байх гэртээ өөрийн танил болох Э.З-тай архи ууж байхдаа түүнийг согтуу машин унуулахгүй гэх шалтгаанаар маргаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.З-гын мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9676 тоот шинжээчийн дүгнэлт”, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.П-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.П-г бусдын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.П-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч З.З- нь гомдол саналгүй /хх-ийн 53 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Б.П-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч З.З- нь гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 53 дугаар хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.