| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0061/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч Г.Г,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Мд холбогдох эрүүгийн 2007001180055 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй ................................ ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ............................................ тоотод оршин суух, урьд Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн ....................... дугаартай, ******* овогт Б.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь *******-ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 31-1а тоотод эхнэр Г.Ггийн толгой руу аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Эхнэрийн эгчийн төрсөн өдөр болоод бөөнөөрөө ууцгаасан. Тэгээд би гэртээ ирээд хоолоо хийгээд сууж байхад эхнэр оройтож ирсэн. Тэгээд маргалдаад аяга аваад шидсэн чинь духан дээр нь оночихсон” гэв.
Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Эгчийн төрсөн өдөр болоод би оройтож ирээд хоорондоо маргалдсан. Тэгээд аяга авч шидсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02-р сарын 29-ний өдө эхнэрийн төрсөн эгч Гы төрсөн өдөр болоод би эхнэрийн эгч Г.Ггийн гэрт нь хамт 14 цаг өнгөрч байхад очсон. Эхнэрийн хамаатнууд цуглараад бид нар 2 шил архи юм ярьж суунгаа уусан. 18 цагийн үед эхнэрийг явъя гэхэд найзыгаа хүргэж өгнө гээд явахгүй байхаар нь би түрүүлээд гэр рүүгээ ганцаараа харьсан. Гэртээ хариад хоол ундаа хийж идсэн. Эхнэр 21 цагийн үед гаднаас орж ирсэн юм ярьж сууж байгаад эхнэртэй маргалдсан. Муудалцаж байх явцдаа эхнэр рүү ширээн дээр байсан хоолны жижиг шаазан аяга аваад шидсэн чинь духан дээр нь оночихсон. Духнаас цус гараад эхлэхээр нь би сандраад цагдаа болон түргэнд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 73-74 дүгээр хуудас/
Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр манай эгч Гы төрсөн өдөр болоод нөхөр Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүүргийн 3-р хороо Нарангийн 31-1а тоот гэртээ надтай эгч дүүсийнхээ сайн муухайг нь ярьж байгаад хэрэлдээд муудалцсан тэгтэл нөхөр ширээн дээр байсан шаазан аягыг ширээн дээр байсныг аваад миний толгойн духны баруун хэсэгт онож хагалсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч М.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******-ний өдөр ээж, аав хоёр ээжийн эгч Гы гэр рүү өдөр явсан. Би гэртээ дүү нараа хараад үлдсэн. Аав 18 цагийн үед гэртээ ирсэн. Бид нар хоолоо хийж идсэний дараа 21 цагийн үед ээж гэрт ирсэн. Аав ээж хоёр хоорондоо маргалдаад аав ээж рүү аяга авч шидсэн чинь духан дээр оноод цус гарсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/163 дугаар:
“1. Г.Ггийн биед тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны хуйх, хамарт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь *******-ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 31-1а тоотод эхнэр Г.Гтай маргалдан улмаар толгой руу аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “. Муудалцаж байх явцдаа эхнэр рүү ширээн дээр байсан хоолны жижиг шаазан аяга аваад шидсэн чинь духан дээр нь оночихсон.” гэх, Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “гэртээ надтай эгч дүүсийнхээ сайн муухайг нь ярьж байгаад хэрэлдээд муудалцсан тэгтэл нөхөр ширээн дээр байсан шаазан аягыг ширээн дээр байсныг аваад миний толгойн духны баруун хэсэгт онож хагалсан” гэх, Насанд хүрээгүй гэрч М.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Аав ээж хоёр хоорондоо маргалдаад аав ээж рүү аяга авч шидсэн чинь духан дээр оноод цус гарсан.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/163 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаад уг торгох ял болон хэмжээ нь тохирсон гэж үзэн оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД