Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 931

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00273 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Улам-Энхтуяад холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53 935 226 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Багахүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Чандагбал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Түмэнбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

 Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн П.Улам-Энхтуяатай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 89/3 тоот хаягт байрлах 260 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, улсын бүртгэлийн Ү-2205026481 дугаартай уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчид болсон юм. Бидний зүгээс үл хөдлөх хөрөнгийн төлбөрт 330 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрт Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/3-2 байрны 602 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах 16 тоот авто зогсоол хамт 120 000 000 төгрөгт тооцож, “Ланд крузер 200” маркийн тээврийн хэрэгслийг 100 000 000 төгрөгт тооцож шилжүүлсэн бөгөөд нийт 550 000 000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Гэвч П.Улам-Энхтуяагаас худалдан авсан дээрх үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ нь 260 м.кв биш 213 м.кв буюу 47 м.кв талбайн хэмжээгээр дутуу болохыг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсоны дараа мэдсэн бөгөөд П.Улам-Энхтуяад м.кв-ын зөрүүтэй болохыг хэлэхэд талбайн хэмжээ нь дутуу байгаа нь үнэн, би мөнгийг чинь хэрэглэчихсэн миний зоорийн давхарыг худалдаж ав, үнийг нь харилцан тохиролцье гэдэг санал тавьсан. Бидний зүгээс үл хөдлөх хөрөнгий төлбөрт нийт 550 000 000 төгрөгийг бүрэн төлж, өмчлөгч болсон байсан тул түүний саналын дагуу П.Улам-Энхтуяагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн худалдан авахаар болсон. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр П.Улам-Энхтуяатай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, энхтайваны өргөн чөлөө, 89/3 дугаар байр хаягт байрлах, 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Бидний зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв-ыг 1 147 558 төгрөгөөр тооцож, нийт 298 365 402 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний м.кв зөрүү болох 47 м.кв талбайн зөрүүг 98 365 402 төгрөгөөр тооцож, үлдэх 200 000 000 төгрөгийг П.Улам-Энхтуяад шилжүүлсэн юм. Дээрх гэрээний дагуу төлбөрийг бүрэн барагдуулсан тул Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 89/3 дугаар байр хаягт байрлах, 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, зоорийн даврхын үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон юм. Бидний зүгээс П.Улам-Энхтуяад итгэж, биднийг дахин хуураагүй гэж итгэн дээрх улсын бүртгэлийн Ү-2205026481 дугаартай зоорийн давхрын 260 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Гэтэл П.Улам-Энхтуяа нь биднийг дахин хуурч, гэрээнд заасан хэмжээнээс 47 м.кв талбайгаар бага талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн болохыг мэргэжлийн байгууллагаар акт гаргуулсны үндсэн дээр мэдсэн юм. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 89/3 дугаар байр хаягт байрлах, 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгө нь 260 м.кв бус 213 м.кв буюу дахин 47 м.кв талбайгаар дутуу болохыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №15/195 дугаар бүхий “Барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон акт”-аас олж мэдсэн юм. П.Улам-Энхтуяагийн биднийг хуурч мэхэлсэн дээрх үйлдлийг шалгуулахаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан боловч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №1434 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. П.Улам-Энхтуяа нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.1, 1.2, 3.1-т Иргэний хуулийн 243.1, 243.2, 251.1-т хэсгийг тус тус зөрчиж гэрээнд заасан хэмжээнээс 47 м.кв талбайгаар бага талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг бидэнд шилжүүлсэн тул 47 м.кв талбайн зөрүү болох 53 935 226 /1 м.кв-ын үнэ болох 1 147 558 * 47 м.кв = 53 935 226/ төгрөгийг хариуцагч П.Улам-Энхтуяагаас гаргуулж өгнө үү. Зоорийн давхрыг худалдсан үнийг 298 365 402 төгрөг биш 200 000 000 төгрөг гэж хариуцагч тал маргаж байх тул бодитоор шилжүүлсэн 200 000 000 төгрөгөөр худалдсан гэдэгт маргахгүй.Иймд уг үнээс 1 м.кв-ын үнийг тооцоолж нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжтой гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чандагбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нартай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээнд гэрээний үнийг тогтоохдоо гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 89/3 дугаар байр хаягт байрлах обьектын зоорийн давхараар нь тохиролцож, нэгж талбай буюу метр квадратаар үнийг тогтоогоогүй. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлд заасны дагуу талууд хэлэлцэн тохиролцож гэрээний үнийг тогтоосон. Иймд үнийн зөрүү нэхэмжилж буй үндэслэлгүй юм. Гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нарт уг үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заагдсан хэмжээнээс бага гэдгийг мэдэгдсэн бөгөөд м.кв  дутна гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж анхны үнээс хямдруулан худалдан авсан бөгөөд энэ тухай “Мастер пропертес” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаний зуучлагч М.Энхзаяа надтай хамт очсон дүү Ц.Батболд нар гэрчилнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй нь миний буруу. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах, эд хөрөнгийг хүлээн авах үед тухайн хөрөнгийн хэмжээний тухай мэдсэн боловч хүлээн авсан нь худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

    Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар П.Улам-Энхтуяагаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53 935 226 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

                 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн үндэслэх нь хэсэгт “Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 15/195 дугаар талбайн хэмжээ тогтоосон актаар нэхэмжлэгчийн худалдан авсан зоорийн давхрын талбайн хэмжээ 213 м.кв хэмжээтэй болохыг тогтоосон байх ба хариуцагч гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй, доголдолтой гэдэгт маргаагүй байна” гэжээ. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чандагбал нь "Барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээ тогтоосон акт" нь үндэслэлгүй, 213 м.кв байх боломжгүй, тооцоолол нь буруу байна, би өөрөө энэ чиглэлийн хүн учраас хэрхэн яаж бодох арга, аргачлалыг мэднэ гэж тайлбарлаж, тооцоолол гаргаж ирсэн бөгөөд энэхүү акт дээр маргаж байсан. Ийнхүү нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцоолол дээр хариуцагч маргаж байхад шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан шинээр нотлох баримт гаргуулан, хөндлөнгийн шинжээч томилох боломжтой байсан. Гэтэл хариуцагч нь м.кв дутуу гэдэг дээр маргаагүй байна хэмээн үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн байна. 2015 оны 11 сарын 06-ны өдрийн гэрээг байгуулахад хариуцагч яг дээрхийн адилаар би мэргэжпийн хүн, м.кв дутуу биш гэж итгүүлэн худалдсан байдаг. Энэ талаараа шүүх хуралдаан дээр дахин тайлбарласан боловч шүүхээс үүнийг анхаарч үзэлгүйгээр доголдлыг мэдэх боломжтой байсан гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч нар нь зоорийн давхрыг худалдаж авахаар хоёр дахь гэрээг байгуулахдаа нэгдүгээр давхрын хэмжээ дутсан болохыг мэдсээр байж хэмжиж үзээгүй, худалдагчид итгэл үзүүлэн худалдан авсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй гэжээ. Шүүхийн дүгнэж байгаачлан нэг давхар нь дутуу бол түүний доор байрлах зоорь нь мөн адил дутуу байхыг хэн ч мэдэх боломжтой боловч нэг давхрын хувьд 2 талаасаа шат орсон байрлалтай, харин зоорийн хувьд хэмжээ хасагдах ямар нэгэн боломжгүй буюу цэлийсэн 4 хана байсан. Өөрөөр хэлбэл 1 давхарт шат нь ороод 260 м.кв-аас хасагдсан буюу дутуу гэдгийг нүдээр хараад мэдэх боломжтой харин зоорийн хувьд мэдэх боломжгүй байсан. Анхан шатны шүүхийн зүгээс нэг давхар нь дутуу гэдгийг мэдсэн атлаа зоорийн давхрыг дутуу гэдгийг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан мэдсэн буюу мэдэх боломжтой нөхцөл гэж үзнэ гэж дүгнэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Яагаад гэвэл ямар нэгэн багаж хэрэгсэлгүйгээр, нүдэн баримжаагаар м.кв-ын дутуу, илүүг тогтоох боломжтой бол түүнийг мэдэх боломжтой тохиолдолд хамааруулах нь зүйн хэрэг. Гэтэл дээд давхар нь дутуу бол доод давхар нь дутуу байхыг мэдэх боломжтой гэж үзэж, шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөөр байхад эрх зөрчигчийг урамшуулсан шударга бус шийдвэр гарсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нар нь хариуцагч П.Улам-Энхтуяад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53 935 226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч П.Улам-Энхтуяа нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 89/3 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, нэхэмжлэгч Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нар нь 330 000 000 төгрөг төлөх, мөн 3 өрөө орон сууцыг 1 автомашины зогсоолын хамт 120 000 000 төгрөгт тооцож, “Ланд крузер 200” маркийн автомашиныг 100 000 000 төгрөгт тооцож шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, талууд гэрээний үүргийг биелүүлсэн талаар маргаагүй байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

Талууд дахин 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч П.Улам-Энхтуяа нь дээрх 89/3 дугаар байрны зоорийн давхарт байрлах 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, нэхэмжлэгч Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нар нь 50 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 11 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Талууд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг 50 000 000 төгрөг гэж бичгийн гэрээнд тусгасан байх боловч 298 365 402 төгрөгөөр тохиролцож худалдсан үйл баримтын талаар зохигчид хэн аль нь тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Түүнчлэн мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай  өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ 213 м.кв болох нь “Инженер геодези” ХХК-ийн талбайн хэмжээ тогтооосн актаар тогтоогдсон, гэрээнд заасан хэмжээнээс дутуу байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө нь доголдолтой байна. /хх-ийн 18-19 дүгээр тал/

 

Харин худалдагч нь эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь 47 м.кв-аар дутуу, зөрүүтэй байсан тул энэ тухай хариуцагчид мэдэгдэхэд зоорийн давхрыг хямдралтай үнээр худалдаж авах санал тавьсан. Үүний дагуу хариуцагчид дахин итгэж зоорийн давхрыг 2015 оны 11 сарын 06-ны өдөр худалдаж авсан боловч талбайн хэмжээ дахин 47 м.кв-аар дутсан тул уг талбайн зөрүү төлбөрийг гаргуулна” гэж тодорхойлжээ. Талуудын хооронд өмнө нь уг байранд тухайн зоорийн давхрын дээд талын хэсгийн 260 м.кв талбай дутуу талаар маргаан үүсч, харилцан тохиролцон шийдвэрлэж байсан болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгч нар нь зоорийн давхрын уг үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг гэрээгээр тохирсон хэмжээнээс бага байж болохыг эд хөрөнгийг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байжээ. Тодруулбал, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний зүйл нь доголдолтой байсныг мэдсэн атлаа зоорийн давхрыг дахин худалдан авах үедээ  доголдолтой эсэхийг мэдэх боломжтой байсан гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад талбайн хэмжээ,  хэмжилтийн талаар маргаж байсан нь  дээрх үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт болохгүй.

 

Иймд анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авснаар нэхэмжлэгч нарыг шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй болно.

                                                 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ