Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0470

 

 

Б.З-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч Б.З-

Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Н-д холбогдох хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/277 дугаар захирамжийн Б.Д, Т.Онарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А

Гуравдагч этгээд Д.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0023/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.З- нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан “Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Н-д холбогдох хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/277 дугаар захирамжийн Б.Д, Т.О нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр:

2.1. “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 4.2.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Н-д холбогдох хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/277 дугаар захирамжийн Б.Д, Т.Онарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Чингэлтэй дүүргийн иргэн Б.З- нь худалдаж авсан маргаан бүхий газрынхаа Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт заасны дагуу "кадастр хийлгэсэн газрынхаа эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлээгүй болно.

3.2. Мөн Б.З- нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс газрын мэдээллийг бүртгэх болсон Газрын кадастрын мэдээллийн сан /LM/ программд уг газрын кадастрын зургийг бүртгүүлээгүй. Харин хүчингүй болсон буюу хуучин CCLIS мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Ийнхүү Б.З-ийн 18609327638985 нэгж талбарын дугаартай кадастрын зураг нь бүртгэлийн зөрчилтэй хууль бус акт юм.

3.3. Харин Д.Б-ын О, Н, Д нараас худалдаж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан 4116036152, авсан 4116036153, 4116036154 нэгж талбар бүхий газруудыг хуулийн дагуу албан ёсны газрын мэдээллийн санд бүртгүүлсэн.

3.4. Ийм ч учраас албан ёсны мэдээллийн санд Д.Б-ийн дээрх өмчилж авсан газрууд бүртгэлтэй харагдах бөгөөд харин Б.З-ийн өмчилж авсан 18609327638985 нэгж талбарын дугаартай кадастрын зураг бүхий газар байхгүй байсан болно. Иймээс Засаг дарга Д.Б-ийн нэр дээр дээрх дугаар бүхий газруудыг өмчлүүлсэн байдаг буюу Д.Б нь хууль ёсны дагуу өмчилж авсан.

3.5. Ийнхүү газрыг бүртгэлийн нэгдсэн нэг системд бүртгэх үүргийг Газрын кадастрын алба болон Улсын бүртгэлийн байгууллага бүрэн биелүүлээгүйн улмаас иргэн Д.Бын эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна.

3.6. Гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлага хууль бус болохыг нотлохын тулд нотлох баримт бүрдүүлэх тухай хэд хэдэн хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй, мөн шүүх талуудын тэгш эрхтэй мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Тухайлбал, Б.З-ийн өмгөөлөгч А.М-н тайлбарыг бүрэн сонсдог, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, туүний өмгөөлөгч М.Ц, хариуцагч М.А нарын тайлбарыг шууд таслан зогсоож, бүрэн сонсохгүй, загнаж аашилдаг тул мэтгэлцэх боломжийг бүрэн хэрэгжүүлээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  118  дугаар

зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/47 дугаар захирамжаар Г.О-д тус сумын Замтын ар нэртэй газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг өмчлүүлж, Газрын кадастрын мэдээллийн санд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэгж талбарын 18609327638985 дугаарт бүртгэн 3 дугаар баг, Замтын адаг 17 дугаар гудамжны 179 тоот хаягт бүртгэсэн байна.

3.2. Үүний дараагаар иргэн Г.Отгонжаргал нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Б.З-тэй “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулан дээрх газрыг худалдсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэгж талбарын 18609327638985 дугаар бүхий 700 м.кв газрын өмчлөгч нь Б.З- болохыг тогтоон эрхийн улсын бүртгэлийн Г-1426003930 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000511205 дугаартай гэрчилгээг түүнд олгосон байжээ.

3.3. Гэтэл хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Замтын ар нэртэй газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар А/276 дугаар захирамжаар Ж.Н-д, А/277 дугаар захирамжаар Б.Д, Т.Онарт тус тус 700 м.кв газрыг өмчлүүлсэн ба Ж.Н-, Б.Д, Т.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн Д.Б нь гуравдагч этгээд Б.Б-хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянмөнхтэй “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр байгуулж, Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэс Баянчандмань сумын Замтын адаг 17 дугаар гудамжны 1714, 1716, 1718 тоот хаягт байршилтай газруудыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Д.Бын өмчлөлд улсын бүртгэлийн Г-1426004390, Г-1426004389, Г-1426004419 дугаарт тус тус бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000618859, 000618857, 000618860 дугаартай гэрчилгээнүүдийг олгосон байна.

3.4. Нэхэмжлэгчээс “иргэн Б.З-ийн өмчлөлийн газар дээр 3 хуваан кадастрын зураг хийж газрын нэгдмэл санд бүртгэсэн. Өмнөх өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж түүний авсан газар дээр давхардуулан кадастрын зураглал хийж газар олгосон гэсэн үндэслэлээр ба Ж.Н-, Б.Д, Т.О нарт газар өмчлөх эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргаж байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны шийдвэр илт хууль бус байх үндэслэлүүдийг тусгайлан заасан бөгөөд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар нэхэмжлэгчид маргаан бүхий акт чиглэсэн, нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэлгүй бол илт хууль бус болох ба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар хүсэлт гаргагчид газар эзэмшүүлэхэд тухайн газар өөр этгээдийн газартай давхцалгүй байх хуулийн зохицуулалттай.

3.6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх иргэн Г.О-д хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/47 дугаар захирамжаар газар олгосны дагуу Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн тухайн газрыг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр кадастрын мэдээллийн хуучин сан болох CCLIS санд бүртгэсэн боловч хожим газрын кадастрын мэдээллийн шинэ сан болох Лэнд менежер программд нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүртгэж, тоон хувийн хэрэг үүсгэх ажлыг “Ж” ХХК гүйцэтгэх явцад Б.З-ийн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өмчилж авсан 3-р баг, Замтын адаг 17 дугаар гудамжны 179 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайн мэдээллийг бүртгээгүйн улмаас тус газартай давхцуулан Ж.Н-, Б.Д, Т.О нарт газар олгон Лэнд менежер программд бүртгэсэн болох нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 07/847 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар, түүнд хавсаргасан бүртгэлийн мэдээлэл, кадастрын зургуудаар нотлогдож байна.

3.7. Хэдийгээр гуравдагч этгээдээс давж заалдах гомдолдоо “...Б.З- нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн сан /LM/ программд бүртгэж эхэлсэн байхад уг газрын кадастрын зургийг бүртгүүлээгүй. Харин хүчингүй болсон буюу хуучин CCLIS мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Ийнхүү Б.З-ийн 18609327638985 нэгж талбарын дугаартай кадастрын зураг нь бүртгэлийн зөрчилтэй хууль бус акт...” хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэгчийн бус хариуцагчийн буруутай үйлдлээс хамаарч байх тул иргэн Б.З-ийг буруутгах боломжгүй.

3.8. Тодруулбал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:” 20.3.4-д “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.” гэж тус тус зааснаар газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зургийг хүсэлтдээ хавсаргах ба нэхэмжлэгч нь “Б ХХК-ийн үйлдсэн кадастрын зургийг үйлдүүлэн хавсаргаж уг үүргээ биелүүлсэн. Харин тус мэдээллийг газрын мэдээллийн санд бүртгэх үүргээ хариуцагч захиргааны байгууллага зөрчсөн байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.9. Мөн Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” гэж зааснаар Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/47 дугаар захирамжаар иргэн Г.О хүсэлт гаргаж өмчлөх эрх олж авсан бөгөөд нэхэмжлэгч Б.З-т хууль ёсоор шилжүүлсэн байх тул энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих ба хэдийгээр гуравдагч этгээдээс давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх талуудын тэгш эрхтэй мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэх боловч шүүх хуралдаанд хэргийн оролцогчид оролцсон, тайлбар үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн байх ба хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

3.11. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий боловч Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 07/847 дугаар тайлбарт хавсаргасан кадастрын зурагт нэхэмжлэгчийн өмчлөх эрх бүхий 700 м.кв талбай нь гуравдагч этгээд Д.Бийн болон өмнө нь өмчилж авсан этгээдүүдийн өмчлөх эрх бүхий газрын зарим хэсгээр давхцалтай байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 дугаар захирамжийн Ж.Н-д холбогдох хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/277 дугаар захирамжийн Б.Д, Т.О нарт холбогдох” гэсний ард “хэсгийн иргэн Б.З-ийн газартай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээн гуравдагч этгээд Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА