Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 22

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Нэхэмжлэгч Ч.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандмаа

Хариуцагч:Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  улсын байцаагч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар    Ч.Г-н нэхэмжлэлтэй,  Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсд холбогдуулан гаргасан “ Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Жоов овогт Ч.Г-н төрсний бүртгэлийн лавлагааны мэдээллийг залруулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Г нь 1966 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрөөд 15 хоногийн дараа Хайрхандулаан сумынхаа улсын бүртгэлд бүртгүүлээд 4 дугаартай төрсний гэрчилгээ авсан байдаг.

 Тэр нь эх хувиаараа энд байна. Хуулбарыг нь хэргийн материалд хавсаргасан байгаа.

Тус гэрчилгээнд Ч овогтой Г эрэгтэй, 1966 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын төрөх газар төрснийг 1967 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сумын бүртгэгч  4 дугаартай бүртгэлээр Наяхүү овгийн Чимэдтогтохын Ганбат гэж бүртгэсэн байна. Ингэж бүртгүүлээд төрсний гэрчилгээгээ үндэслээд иргэний паспорт, хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах зэрэг бичиг баримт дээр Ч.Г гэж 1966 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн гэж явж байсан.

Гэтэл шинээр цахим иргэний үнэмлэх олгох үед Улсын бүүртгэлийн газар байдаг лавлагаа нь зөрөөд тэнд юу гэж бичсэн байсан бэ? гэхээр 1966 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн төрөлтийн 4 дугаарт бүртгэгдсэн хүйс нь эмэгтэй Наяхүү овогтой Чимэдтогтохын Энхтуяа гээд эмээ, ээж нь овог нэр зөв боловч нэр нь болон хүйс нь эмэгтэй гэж бичигдсэн лавлагаагаа  гарч ирсэн.

Улсын бүтгэлийн хэлтэс засвар хийхээс татгалзсан хариу өгсөн байдаг. Ийм учраас шүүхэд хандсан.

Ч.Г нь цахим үнэмлэх гарснаас хойш огт иргэний үнэмлэх авч байгаагүй. Ямар ч бичиг баримтгүй, оршин суух хаяггүй, өнөөдрийг хүрсэн байна. Яагаад Захиргааны хэргийн шүүхэд хандсан бэ? гэхээр Улсын бүртгэлийн лавлагаан дээр нь залруулга хийхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох, Ч.Гын төрсний гэрчилгээнд залруулга хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа:Тухайн иргэн маань 2018 оны 12 дугаар сарын  22-ны өдөр тус хэлтэст хандаад одоог хүртэл регистерийн дугааргүй, иргэний үнэмлэхгүй явж байна.

Төрсний гэрчилгээгүй байна, регистерийн дугаартай болж Монгол улсын иргэн болмоор байна гэсэн хүсэлт тавьсан. Иргэний бүртгэлээс тухайн иргэний талаар хайлт хийсэн.

Тухайн мэдээлэл дээр Хайрхандулаан сумын дэсийн 4 дугаар дээр 1966 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн Чимэдхүүгийн Энхтуяа,  хүйс эмэгтэй гэсэн нэрээр бүртгэсэн нь бүртгэлээс гарч  ирсэн.

Ингэхдээ тухай лавлагааг Ч.Г гуайд танилцуулсан. Манайхаар таныг мөн гэдэг чинь нотлогдохгүй байна. Тийм учраас шүүхээр өөрийнхөө насыг тогтоолго гэсэн зөвлөгөө мэдээллээр хангаж ажилласан. Иргэний бүртгэлийн тухай хууль болон Улсын бүртгэлийн хуулиудын багц хууль маань 11 дүгээр сарын 01-нээс эхлэн шинэчлэгдэн найруулагдаж мөрдөгдөж эхэлсэн.

Энэ хүнд бол өмнөх хуулийн зүйл заалтаар тайлбарлаж өгсөн байгаа. Иргэний бүртгэлийн 34.1 дэх хэсэгт зааснаар ажилтан болон улсын бүртгэгчийн хяналтын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тогтооно гэж заасан байсан.

 Гэвч энэ шаардлагыг биелүүлэх гэсэн боловч төрсөн он, сар,  овог, нэр нь зөрүүтэй байсан.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 34.2 дахь хэсэгт зааснаар иргэний анхны болон төрсний гэрчилгээнд бичилт байхгүй талаар сум, дүүргийн Засаг даргын тамгын  газраа өгсөн баримтыг үндэслэн  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай өргөдлийг шүүхэд хандаж гаргана гэсний дагуу та өөрийнхөө хүсэлтийг шүүхэд хандаж гаргана уу? гэж зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Одоогийн багц хуулиар 21.3 дахь хэсэгт зааснаар иргэний улсын бүртгэлийн иргэний мэдээллийн санд иргэний холбогдох мэдээллийн санд бичиг баримт байхгүй бол тухай иргэний бичиг баримтыг үндэслэн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу иргэний улсын бүргэгч хөтлөнө гэж заасан нь энэ талаар нотлогдохгүй байсан.

Иймд шүүхээр шийдвэрлүүлэх байр суурьтай байна. Ч.Э, Ч.Г нар нь Н.Ч-н төрсөн хүүхдүүд буюу эгч дүүс байх боломжтой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар  “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Жоов овогт Ч-н Г-н төрсний бүртгэлийн лавлагааны мэдээллийг залруулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай“ гэсэн шаардлага   бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Жоов овогт Ч-н Г-г 1966 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хайрхандулаан суманд төрсөнийг 1967 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 04 дугаартай төрсний гэрчилгээг олгосон бөгөөд Төрсний гэрчилгээний хуулбар, Хөдөлмөрийн дэвтэр, эх Ч.Ч-н Олон хүүхэдтэй эхийн хувийн хэрэг, хуучин иргэний паспортын хуулбар зэрэгт Хүү Ч.Г бичигдсэн нь нотариатын баталгаатай хуулбаруудаар нотлогдож байна.

Харин Ч.Г нь иргэний үнэмлэхийн лавлагаагаа  Улсын бүртгэлийн хэлтсээс авахад 1966 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн 04 дугаарт бүртгэгдсэн хүн нь хүйс эмэгтэй, Наяхүү овогт Ч.Э гээд буруу бичигдсэн байсан бөгөөд олон жилээр иргэний үнэмлэхийн олгохгүй хохироож иржээ.

Иймд нэхэмжлэгч Ч.Г-н “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Жоов овогт Ч.Г-н төрсний бүртгэлийн лавлагааны мэдээллийг залруулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дугаарт  зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуучин хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дугаарт зааснуудыг баримтлан иргэний үнэмлэх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Жоов овогт Ч.Г-г 1966 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хайрхандулаан суманд төрсөнийг хүйс эрэгтэйгээр бүртгэж иргэний үнэмлэх олгохыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дүгээрт   тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын  бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-д олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.