Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 219

 

Н.Ж, Г.А нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Д.Агар,

            Шүүгдэгч, хохирогч Г.А,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 301 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Н.Ж, Г.А нарт холбогдох эрүүгийн 1706013780008 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.А нь Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Г.А нь 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 31-61 УНТ улсын дугаартай “Тоёота Клүгэр” загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Н.Жийг албаны зохих шаардлага тавихад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Н.Ж нь 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 31-61 УНИ улсын дугаартай “Тоёота Клүгэр” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Атай маргалдан, улмаар түүнийг саатуулах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Г.А, Н.Ж нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Хавтаст хэргийн 8 дугаар талын ар талд 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хохирогч Н.Жаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “...энэ Г.А гэх хүн миний ажлын багаж хэрэгслүүдийг бүгдийг нь эвдэж хаясан байгаа. Тэгэхээр тэр ажлын багаж хэрэгслээ гаргуулж төлүүлж авмаар байна” гэж мэдүүлж байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн дээр мэдүүлсэн цагдаагийн байгууллагын тоног төхөөрөмж, радио станцын эвдрэл гэмтэл, үнэлгээний талаар ямар нэгэн ажиллагааг огт хийгээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг нотолж ирүүлээгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргаж ирүүлсэн боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хангаж ирүүлээгүй гэж дүгнэв. Иймд хуульд заасан дээрх ажиллагааг хийлгэхээр прокурорт хэргийг буцаах нь зүйтэй” гэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Г.А нь хэрэг учрал болох үед хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой эсэргүүцэл үзүүлэхдээ түүний хэрэглэж байсан албаны тоног төхөөрөмж рүү чиглэж халдсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй, харин хууль сахиулагчийг эсэргүүцэх үйлдэл хийх явцад цагдаа Н.Жийн хэрэглэж байсан холбооны хэрэгсэл унаж гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Г.Аыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой эсэргүүцсэн үйлдэл хийх явцдаа түүний албаны тоног төхөөрөмжинд халдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Яллагдагч Г.А, Н.Ж нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан заасан хэргийн харъяалалд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасанчлан шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлэх ба мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт шүүхээс дээрх хэргийг хянан шийдвэрлээд гаргах эрх зүйн баримт бичиг нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна гэж заажээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай болон мөрдөгч дээрх үндэслэлээр шүүхээс буцаасан хэргийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаарх хуулийн зохицуулалтгүй байхгүй билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дахь хэсэгт “...зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ. ...” гэж хуульчилж өгсөн байхад мөн хуулийн 17.5 дахь хэсэгт заасан “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” хэргийг дээрх хуулийн заалтыг баримтлан прокурорт буцаасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчлөө гэж үзэхээр байна. Иймд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 301 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.             

Шүүгдэгч Г.А “шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбаргүй” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Н.Ж, Г.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоод зогсохгүй шүүх хуралдааны явцад ч нотолж болохоор зохицуулсан байх бөгөөд энэ хэргийн хувьд хохирсон гэх субьект нь иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох, нотлох баримт гаргах зэргээр өөрийн эрх ашгаа хамгаалах байдлаар шүүх хуралдаанд оролцож, гэм хорын хохирлоо шийдвэрлүүлэх боломжтой байна.  

Түүнчлэн, хохирсон гэх субьект нь иргэний шүүхийн журмаар гэм хорын хохирлоо шийдвэрлүүлэх эрх нээлттэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж,

мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж,

мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалт хамаарна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргаж, тогтоол үйлдээгүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх байр суурьтай байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6 дахь даалтад заасан нөхцөл байдлыг хангаж ирүүлээгүй гэх үндэслэлээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 301 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Ж, Г.А нарт холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхэд буцаав.