Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 958

 

 

 

 

 

 

 

 

2020         11         10                                     2020/ШЦТ/958     

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: М.Отгонбаатар,

Шүүгдэгч Д.Ж (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян-Өндөр овогт Д.Ж-д холбогдох эрүүгийн 2009 00000 1372 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, “Язгуур” веб сайтад ажилладаг гэх, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25-89 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овгийн Д.Ж,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Самгимсал рестораны үүдэнд Б.Н-ыг эмэгтэй хүнтэй зүй бус харьцлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан өдүүлж, улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр хуриманд очоод гараад явж байсан. Тэгтэл тэр залуу эмэгтэй хүнийг дээрэлхээд байх шиг болохоор нь болиулах гэж байтал маргаан үүссэн. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч Б.Н-ын “...2020 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн орчимд Ганцэцэгийг ажлаас нь авах гээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Самгимсал экспресс гэх газар очсон. Тэгээд нэг давхарт эхнэр Ганцэцэгтэй юм яриад зогсож байтал танихгүй хоёр залуу ирээд нэг нь шууд намайг цохисон. Тэгээд манай эхнэр салгасан. Тэгсэн тэр залуус дээшээ гарсан... дахиж бууж ирээд намайг дахиад зодсон. Тэгсэн эхнэрийн ажлын залуу Золбоот бууж ирээд салгах гэхэд Золбоотыг бас цохиж зодож байхад гаднаас 2-3 хүн орж ирээд тэр хоёр залууг салгаж аваад гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6/,

 

Гэрч Г.Ганцэцэгийн ”... Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Самгимсал экспресс д 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тараад цэвэрлэгээ хийж байхад манай нөхөр намайг ирж авахаар доор ирсэн байсан ба би нөхөртэйгөө юм ярьж зогсож байхад гадаа тамхи татаж байсан хүмүүс орж ирсэн. Тэгсэн шаргал өнгийн костюмтай залуу манай нөхрийг чи эмэгтэй хүнийг дээрэлхлээ гээд гараараа мангасдаад мөргөсөн. Тэгэхээр би салгаад чамд ер нь ямар хамаатай юм бэ гээд тэр залууг гаргасан. Тэгээд нөхрийнхөө цусыг арчаад зогсож байхад манай тогооч дүү Золбоот дээрээс бууж ирээд манай нөхөр болон Золбоотыг дахиж цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 11395 дугаартай дүгнэлт:

 

1. Б.Н-ын биед тархины доргилт, баруун чамархай, баруун нүдний доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 

3. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, баруун чамархай, баруун нүдний доод зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын цус хуралт, шарх нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 12-13/

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Самгимсал рестораны үүдэнд Б.Н-ыг эмэгтэй хүнтэй зүй бус харьцлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан өдүүлж, улмаар түүнийг зодож, бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.Ж-гийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Н-ын “...Тухайн өдөр Самгимсалын нэг давхарт эхнэр Ганцэцэгтэй юм яриад зогсож байтал танихгүй хоёр залуу ирээд нэг нь шууд намайг цохисон. Тэгээд манай эхнэр салгасан...”  гэх мэдүүлэг, Гэрч Г.Ганцэцэгийн ”... Тухайн үед шаргал өнгийн костюмтай залуу манай нөхрийг чи эмэгтэй хүнийг дээрэлхлээ гээд гараараа мангасдаад мөргөсөн. Тэгэхээр би салгаад чамд ер нь ямар хамаатай юм бэ гээд тэр залууг гаргасан…” шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11395 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Ж-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Д.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Ж-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хх-ийн 33 /-аар тогтоогдсон ба энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Иймд Д.Ж-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биенээ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж хохирогч Б.Н-д эмчилгээний төлбөрт 2600.000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн ба хохирогч нь гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Д.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ДАРЬСҮРЭН