Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 871

 

2020         11          17                                     2020/ШЦТ/871     

 

 

                       

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Г.Анармөнх,

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,  

Шүүгдэгч: Б.Н түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б.Н-д холбогдох эрүүгийн 2011000000968 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг .. дүгээр хороо ... тоотод оршин суудаг, Н овогтой Б.Н, /РД:ВИ870610../,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт Р.О-ийг “...дүү П.М-т нь цэцэрлэгийн үндсэн багшийн үнэмлэх гаргуулж өгнө...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2011000000968 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Н “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн гэв”

Хохирогч Р.О-ийн “...Манай төрсөн дүү Н-ын эхнэр П.М- нь Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн туслах багш ажил хийдэг юм. Одоогоос 1 жилийн өмнөөс үндсэн багш болчих юмсан янз бүрийн сургууль байдаг болов уу дипломтой болчихвол багш болчих  юм байна лээ гэж ярьж байсан. Тэгээд танил дүү Н-тай тааралдаад түүнийг энд тэнд танилтай болохоор дүүгийнхээ асуудлын талаар ярьж асуухад Н- нь би таньдаг хүнээсээ асууж сураглаад өгье болох байх гэж хэлээд миний утасны дугаарыг авч үлдсэн. Хэд хоногийн дараа буюу 2020 оны 3 сарын эхээр Н- миний утас руу залгаад ахаа нөгөө асуугаад байсан зүйл чинь болох юм байна 6.000.000 төгрөг гэж байна гэхээр нь арай үнэтэй байна болилоо гэж хэлээд орхичихсон. Тэгээд дараа нь 3 дугаар сарын дундуур Н- миний утасруу залгаад цэцэрлэгийн үндсэн багшийн үнэмлэх, диплом гаргаж өгч болж байна харин та 5.000.000 төгрөг өгчих тэгээд би асуудалгүй гаргаад өгье гээд байхаар нь ярьж байгаад орхисон. Дараа нь Н- миний утасруу дахин залгаад та боломжгүй байгаа бол ядаж тал мөнгийг нь надад өгчих тэгвэл би яаж ийж байгаад гаргаад өгнө өө, диплом гаргаж өгснийхөө дараа тал мөнгийн нь авъя гээд залгаад байхаар нь би ер нь цаад хүнтэй чинь уулзмаар байна, ямар хүнтэй ярилцаад байгаа юм бэ нүүр тулж уулзая гэж хэлтэл Н- та санаа заволтгүй надад итгэхгүй байгаа юм уу найдвартай гаргана гэсэн тэгээд би  түүнд итгээд өөрт байсан 2.300.000 төгрөгийг Н-гийн Хаан банкны 50420451.. дугаартай дансруу шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш 10-20 удаа Н-гийн 860610.. дугаартай утасруу залгаж холбогдоход одоохон шийдээд өгнө маргааш нөгөөдөр гэж явсаар байгаад шийдэж өгөөгүй. Цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаад явсны маргааш миний утас руу 2.300.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч П.М-ын “...2020 он гаргаад цэцэрлэгийн үндсэн багш болчих санаатай нөхөртөө болон түүний ах О нарт хэлж байсан тэр үед О ах надад хэлэхдээ боломж байж магадгүй ах нь  хэрхэн яаж ямар байдлаар  үндсэн багш болох талаар асууж сураглаад өгье гэж хэлж байсан ба  2020 оны 4 билүү 5 дугаар сард О ахаас та хүн амьтнаас нөгөөхөө  асуусан уу гэсэн чинь ах нь нэг хүнтэй ярьчихсан байгаа удахгүй болчих байхаа гэж тэр хүн маань хүлээж байгаарай гэж хэлж байна гэж ярьсан. Тэгээд цэцэрлэг орох дөхүүлээд О ахруу дахин яриад ахаа цэцэрлэг орох гээд байна шүү дээ та надад нөгөө хүнтэйгээ яриад яг болох эсэх талаар асуугаад өгөөч гэхэд эхэндээ болох гэж байгаа хүлээж байгаарай гэж байна гэж хэлж явсаар сүүлдээ 08 сарын сүүлээр нөгөөх чинь бүтэхээ больсон байна гэж хэлж байсан би О ахыг ямар хүнтэй ярьсан талаар мэдэхгүй. Би О ахад нэг ч төгрөг өгөөгүй  ба ах нь мөнгө төгрөг өглөө гэж ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16 хуудас/,

Дансны хуулганд үзлэг хийсэн “...Б Н- гэсэн нэртэй Хаан банкны 50420251.. дугаартай дансны хуулга байх ба 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэрэгт хамаарал бүхий байж болох 54470278.. дугаартай дансаас “О-с” гэсэн утгатай 2.300.000 төгрөгийн орлого орсон байна...” гэсэн тэмдэглэл /хх-8 хуудас/,

Хохирогч Р.О-ийн гомдол саналгүй /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт Р.О-ийг “...дүү П.М-т нь цэцэрлэгийн үндсэн багшийн үнэмлэх гаргуулж өгнө...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.О-ийн мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Нгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Нг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.      

Шүүх шүүгдэгч Б.Нд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа. 

Шүүх  Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь  хохиролын мөнгө 2.300.000  / хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.