| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0121/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/121 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай,
хохирогчийн өмгөөлөгч С.Батзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
хохирогч М.М,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1807004330171 дугаартай хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын *******-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 1256 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, хувиараа том тэрэг барьдаг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт, ....................................................... тоотод оршин суух, ******* овогт Б.Б /РД:......................../
Урьд Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнссэн.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнийн 05 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ ******* дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 5 дугаар гудамжинд Г.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаалтай учруулсан,
2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн Дурсахуй баарны гадаа М.Мыг боох, түлхэх, хавсарч унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эмчилгээний зардалд нийт 5 сая гаран төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирол төлбөрт 3,500,000 төгрөг авсан одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийн талаар өмнө шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр ярьсан. Одоо нэмж хэлэх зүйлгүй. Энэ хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Эмчилгээтэй холбоотой банкнаас зээл авсан байсныг төлж дууссан. Одоогийн байдлаар эмчилгээнд гарсан 5 сая гаран төгрөгийг Б.Баас авсан. Цаашдаа гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар тухайн үед нь нэхэмжлэнэ ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар гудамжинд архи хэрэглэсэн байдалтай байхад зүс таних Г.Э гэх залуу ирээд хэрүүл хийж муудалцаж байгаад би Г.Эыг хавсарч унагаад нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж зодсон нь үнэн...,
...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 22-23 цагийн орчимд найз Золбаяртай уулзах санаатай ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд хүнтэй уулзах санаатай очсон юм. Тэгээд уг баарны гадаа Булгантөр, Төөгий нартай тааралдаад би ганцаараа уг бааранд ороод Золбаяртай уулзаад гарч явах үед М.М гарах хаалганы дотор зогсож байгаад намайг хараад би цаст уулын цагаан барс байна хийдэг зүйлээ хийгээд суугаад гараад ирсэн хүн шүү гэх мэтийн зүйл яриад надтай зууралдаад баарнаас гарсан юм. Тэгээд гадаа гараад уг баарны төмөр хайсны гадна талд би М.Мыг заамдаж аваад хойш нь түлхэх үед М.М бөгсөөрөө газар суугаад үлдсэн би цаашаа явж байхад дахин араас гүйгээд ирэхээр нь барьцгүй хөлийг нь хавсарч цээж рүү нь гараараа түлхэх үед М.М нь хойшоо саваад газар унах үед нь Золбаяр ирээд намайг салгаж аваад явсан. Тэгээд бааранд нь ороод тэнд байж байгаад буцаад гараад ирэх үед М.М явсан байхаар нь гэртээ харихаар явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 116,108 дугаар хуудас/
Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр унтаж байхад 04 цагийн үед танил гэдэг хүүхэн над руу залгаад 1 дүгээр хорооны улаан булантай гудамжнаас ирж аваад гэр рүү хүргээд өгчих гэхээр нь би Б.О руу залгаж дуудаад ордны урд уулзаж 1 дүгээр хорооны Улаанбулангийн засмалтай гудамжинд очоод авах гэсэн чинь ******* гэх залуу согтуу машины хажууд ирээд маргах юмаа олж ядаад хоёулаа үзье гээд байхаар нь би согтуу байнаа чамтай маргалдах шаардлага алга гэхэд ******* машиндаа суугаад хөдлөөд явсан. Бид нар ч явцгаах гээд дөнгөж хөдлөөд явах гэхэд ******* машинтайгаа урд ирж зогсоод бууж ирээд намайг дуудахаар нь би буухгүй явах гэж байна гэхэд өөрөө хаалга онгойлгож буугаад ир гээд байхаар нь бууж очтол ******* дагуулж ирсэн дүү бололтой залуудаа энэ танай үеийн бацаан биз дээ үзнээ гээд машины урд гаргаж би эргээд харахад ******* нь эхлээд нүүрний зүүн шанаа хэсэгт цохиж дүү нь гэх залуу араас тэвэрч аваад өргөөд хөл хавсарч унагаж улмаар хоёр талаас цохиж өшиглөж байхдаа 1 нь нүүр рүү өшиглөхөд нүдний дор язарсан бололтой цус гараад эхэлсэн. Би тэр үед нүүрээ дарж хамгаалаад хэвтчихсэн байсан болохоор хэн хэдэн удаа хаана өшиглөж зодсоныг мэдээгүй. Ойролцоогоор 10 гаруй удаа хоёр талаас өшиглөсөн. Хоёр талаас зэрэг өшиглөөд байгаа нь мэдэгдсэн. Тэгээд би арай гэж босоод машинаа тойроод ард нь гарахад ******* нь араас ирж барьцалдаад газар унагаж 4-5 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би найзууд болох *******, *******, *******, болон тэд нарын найз гэх хоёр залуутай 1 дүгээр хороо улаан булангийн гудамжинд машинд нь архи уусан юм. Тэгээд би тэд нараас салж явъя гэж бодоод хуурай дүү болох Г.Э руу залгаж намайг ирээд аваач гэж дуудсан юм. Тэгээд удалгүй Г.Э ирээд намайг аваад явах гэтэл ******* нь намайг явуулахгүй гэж зууралдаж байснаа болиод “за за яв яв” гээд намайг явуулсан. Тэгээд би Г.Этай түүний найзын машинтай хөдлөөд явах гэтэл ******* нь машинтайгаа буцаж ирж зогсоод машинаас ******* өрөөсөө гадна нэг залуутай бууж ирээд Г.Эыг гаргаад ир гэж дуудсан. Тэгсэн Г.Э машинаас гараад уулзтал нөгөө ******* гэх залуу Г.Эыг хамт ирсэн залуутайгаа бүлэглэж зодож байгаад зугтаагаад яваад өгсөн юм. Тэр үед би машинаас бууж Г.Эыг зодохыг болиулах гэсэн боловч намайг тэр ******* гэж залуу нүүр рүү минь алагдаж зам руу унагаасан юм. Би газар унахдаа зам дээр нүүрээрээ унаж миний нүүр шалбарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55 дугаар хуудас/
Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 01 цаг өнгөрч байхад ******* ах над руу залгаж ирээд машин бариад өг ах нь согтуу байна гэхээр нь би гэрээсээ гарч М клаб баарны гадна очиж *******тай уулзан цуг явж байсан 3 эмэгтэйн хамт Цайз руу явсан. Дараа нь 1 дүгээр хорооны засмал замтай гудамж руу очиж 1 эмэгтэйг нь буулгаж өгөхөөр хашааны үүдэнд зогссон. Тэр үед нүдэн верна машин ирж зогсож 1 залуу бууж ирээд *******тай тусдаа уулзаж нилээд удсан. Тэгээд машинтай ирсэн залуу явж ******* бид хоёр ч машинтайгаа хөдөлж Өвөршандын гудамжнаас дүү ыг авч буцаж 1 дүгээр хорооны засмалтай гудамжинд очоод нөгөө машинтай залуучууд дээр очиж ******* ах бууж очоод нэг залууг нь дуудаж гаргаж ирээд маргалдаад зодолдоод эхэлсэн. Би машинаас бууж очих гэсэн чинь нэг залуу нь цагдаа үнэмлэх үзүүлээд чи цаашаа бай дараа нь өөрөө хэрэгт оров гэхээр нь би буцаж машины цаана зогсоод дахиж ойртоогүй. Буруу хараад зогсчихсон болохоор хэн нь хэнийг яаж зодсон гэдгийг хараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56 дугаар хуудас/
Гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед байх М.Н, түүний найз ******* гэх эмэгтэй бид 3 М Клаб бааранд пиво ууцгаасан. 01 цагийн үед танил *******, нар ирж 1 шил архи авч ууцгаасан. Тэгээд уугаад сууж байгаад нэг мэдсэн чинь тэд байхгүй би ганцаараа үлдсэн байхаар нь баарнаас гарч гэр рүүгээ алхаад харьсан. Гэртээ ороод унтаж амарч байтал гэрийн гадаа хүмүүс шуугилдаад орилолдоод байхаар нь гараад очтол 2 цагаан машин зогсчихсон хүмүүс маргалдаад байх шиг байсан. Дөхөөд очтол нэг залууг өндөр залуу нь 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Нүүрээ дараад газар суугаад босож ирэхэд зодуулсан залуугийн нүүр ам нь цус болсон байхаар нь болиоч гэж би хэлсэн. Хажууханд М.Н хамрынх нь дор цус гарч шалбарсан харагдсан. Тэгтэл цохиулсан залуу нь цаашаа зугатаж зодоон болоод дууссаны дараа цагдаагийн машин өөдөөс нь гарч ирсэн. Зодсон залууг ******* гэдэг гэж М.Н хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 59 дүгээр хуудас/
Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Б.О бид хоёр таксинд явж байхад манай найз Г.Э Б.О руу залгаж таксинд явж байгаа юм уу ордны урд хүрээд ирээч гэхээр нь очтол машинд сууж хуурай эгч г аваад гэрт нь хүргээд өгье хөдөлчих гээд явцгаасан. 1 дүгээр хорооны Баянзүрхийн 5 дугаар гудамжинд очиход , 2 эмэгтэй, 2 залуу, нийт тавуулаа зогсож байсан. Г.Э бууж очоод тэнд байсан ******* гэдэг залуутай маргалдаад байхаар нь Б.О буугаад Г.Эыг явъя гэж машинд суулгаад бид 3 хөдлөөд явж байхад Г.Э руу залгаж аниагаа хүргээд өг хүрээд ир би найзуудаа явуулчихлаа гэхээр нь бид нар буцаж очиж г 1 эмэгтэй найзтай нь машинд суулгаж эргээд цагаан худгийн баруун талд явж байтал ******* машинтайгаа урд хөндлөн зогсоод дүүтэйгээ гарч ирээд машины хаалга онгойлгож Г.Эыг дуудаж гаргаад татсанаа хавирч унагаад дээрээс нь гар хөлөөрөө толгой нүүр хэсэгт нь хэд хэд цохиж өшиглөж зодсон. салгах гэж ойртоод түлхэгдээд унаж байгаа харагдсан. Боль гээд байхад болихгүй муудалцаад байхаар нь Б.О цагдаад дуудлага өгсөн. Анх очиход *******тай хамт байсан залуу нь хараад зогсож байсан. Сүүлд зодохдоо ******* хаанаас ч юм дүүгээ дагуулаад гурвуулаа болоод ирсэн...” гэх мэдүүлэг,/1хх-ийн 34 дүгээр хуудас/
Гэрч Б.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө намайг Буян-*******ын хажууд найз Б.Ттэй таксинд явж байхад манай найз Г.Э залгаж таксинд явж байгаа юм уу ордны урд хүрээд ирээч гэхээр нь очтол машинд сууж таньдаг эгч г авна гээд 1 дүгээр хорооны 5 дугаар гудамжинд очсон. Тэгэхэд тай хамт байсан ******* гэх залуутай Г.Э муудалцаад байхаар нь би явъя гээд машиндаа суулгаад бид 3 эргээд гудамжны үзүүрт явж байхад Г.Э руу залгаж гэр рүү хүргээд өг гэхээр нь буцаж нөгөө газраа очоод г суулгаж хөдөлтөл ******* машинтайгаа урд хөндлөн зогсоод дүүтэйгээ гарч ирээд машины хаалга онгойлгож Г.Эыг дуудаж гаргаад татсанаа хавирч унагаад дээрээс нь гар хөлөөрөө толгой нүүр хэсэгт нь хэд хэд цохиж өшиглөж зодсон. Би болиулах гээд татсан ч дийлээгүй. Одоо больцгоо гэсэн ч болихгүй муудалцаад байхаар нь би тэднээс жаахан холдож байгаад цагдаагийн жижүүр рүү залгаж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66 дугаар хуудас/
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өглөө 08 цагт хотод ажилтай байсан болохоор урьд өдөр нь ах руу залгаад машиныг чинь аваад хот явна шүү гэж хэлж байсан юм. Тэгээд өглөө 05 цагийн орчим Буян-******* дээр очиж машиныг нь аваад би жолоодож хөдлөхөд Б.Б ах 1 дүгээр хорооны голын гудамж оръё манай найзууд байгаа гэхээр нь засмалтай гудамжинд очиход хэдэн хүмүүс байсан. Ах бууж очоод Г.Э гэдэг залуутай муудалцаж зодолдсон. Машины ард гараад тэр хоёр барьцалдаж аваад Б.Б ах хавирч унагаад дээрээс нь хэд хэд цохисон. Тэгэхэд Г.Э босож ирээд дахиж зодолдоно гээд дайрахаар нь ах дахин унагаж хэд хэд цохиход би газар очиж салгасан. Тэр үед дундуур нь согтуу хүүхэн гүйч очоод өөрөө нүүрээрээ газар унаж байгаа харагдсан. Тэгээд явцгаасан. Анх муудалцах гээд байхаар нь би Г.Эт ах согтуу байнаа чи явчих муудсаны хэрэггүй гэж хэлээд байхад өөрөө далчигнаад зодолдоно үзье гэж байгаад зодуулсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/254 дугаар:
1. Г.Эын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн доод зовхинд шарх, баруун зүүн тохойнд зулгаралт, зүүн нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /1хх-ийн 76 дугаар хуудас/
Хохирогч М.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед хамт барилга дээр ажилладаг найз Б.Б манай гэрт ирсэн юм. Тэгээд бид хоёр манай гудамжинд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад 21 цаг өнгөрч байх үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд Бахатбай бид хоёр хамт ороод нийт 0,5 литрийн 6 шилтэй Нийслэл пиво авч уугаад гарах гээд явах үед Б.Б гарах хаалганы дотор талд ганцаараа зогсож байгаад ямар ч үгийн зөрөөгүй сугадаж авч гадаа гараад цэцгийн мандал дээр цамцны захаар хоолой боосон ба би ухаан алдсан. Энэ үед манай найз Бахатбай намайг сэрээгээд би босоод ирэхэд Б.Б цаана зогсож байхаар нь очоод чи намайг яасан гэж боож байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б.Б чи юу яриад хуцаад байна гэж хэлээд барьцгүй хавсарч би замын боржуур дээр ар дагзаараа савж унаад ухаан алдсан. Тэгээд гэртээ ухаан орсон юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр орой харанхуй болж байсан цагийг нь санахгүй байна. Машинтай таксинд явж байгаад “Эргэн дурсахуй” баарны гадаа Б.Бтай тааралдаад юм ярьж байгаад Б.Б ах уг бааранд орсон юм. Ингээд хэсэг хугацааны дараа Б.Б ганцаараа гарч ирэхдээ дугуй малгай өмссөн 25 орчим насны согтуу залуутай зууралдсан байдалтай гарч ирээд нөгөө залуу нь пизда би Азийн цагаан бар суух газраа суугаад гарч ирсэн хүн гэж орилж байсан чинь Б.Б уг залууг зүгээр байгаарай тэнэг бацаан минь гэж хэлээд цамцных нь захаар боогоод унагасан. Энэ үед би гүйж очоод салгасан юм. Ингээд Б.Б ахыг аваад цаашаа явж байтал нөгөө согтуу залуу араас гүйгээд ирэх үед нь Б.Б ах нөгөө залууг барьцгүй хавсарч газар унагаад нөгөө залуу нь газар хэвтээд үлдсэн юм. Тэгээд би машиндаа суугаад явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31 дүгээр хуудас/
Гэрч Б.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 00 цаг өнгөрч байх үед найз М.Мы хамт ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд ороод 4 лааз пиво уугаад тамхи татах санаатай гадаа гасан чинь манай найз М.М Хово машин барьдаг Б.Б гэх залуутай маргалдаад зогсож байхаар нь би салгаад М.М бид хоёр буцаад бааранд орсон юм. Ингээд бааранд дахин нэг лаазтай пиво уугаад гарч явах үед баарны үүдэнд Б.Бтай тааралдаад М.Мыг сугадаад аваад гарсан юм. Ингээд гадаа гараад Б.Б нь М.Мыг цамцных нь захаар боогоод М.М ухаан алдаад газар унаад хэсэг хугацааны дараа сэрээд босоод ирэх үед нь Б.Б би ийм жижигхэн болсон байна уу гэж хэлээд М.Мыг барьцгүй хавсарч энэ үед М.М хойшоо саваад унах үедээ толгойн ар хэсгээрээ чулуу мөргөж унаад ухаан алдсан юм. Гэтэл Б.Б явсан. Би үлдээд М.Мыг сэгсэрч байгаад сэрээж гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 34 дүгээр хуудас/
Гэрч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Б.Б 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай бааранд ирээд надтай уулзаад бид хоёр гадаа гараад тамхи татаад зогсож байхад хашааны гадаа М.М нэг найзынхаа хамт зогсож байгаа харагдсан. Гэтэл хажууд нь манай Б.Б зогсож байгаад юунаас болсныг нь мэдэхгүй М.Мтай маргалдаж байгаад Б.Б М.Мыг урдаас нь түлхээд унагасан юм. Энэ үед би зодоон болж магадгүй гэж бодоод Б.Быг аваад баар руу орсон. Харин М.М хэвтээд найз нь хажууд нь үлдсэн. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,/1хх-ийн 41 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/368 дугаар:
1. М.Мы биед их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2018.07.19/, тархины эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /1хх-ийн 82 дугаар хуудас/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №08836 дугаар өвчний түүх /хх-ийн 89-95 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Бын Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа,/1хх-ийн 122-123, 177 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 179 дүгээр хуудас/ ,
Шүүгдэгчийн эд хөрөнгийн болон ажил эрхэлж байгаа талаарх зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнийн 05 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ ******* дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 5 дугаар гудамжинд хохирогч Г.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэрэгт хамааралтай гэж шүүхээс үзсэн : шүүгдэгч Б.Бын өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар гудамжинд архи хэрэглэсэн байдалтай байхад зүс таних Г.Э гэх залуу ирээд хэрүүл хийж муудалцаж байгаад би Г.Эыг хавсарч унагаад нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж зодсон нь үнэн....” гэх, хохирогч Г.Эын “...******* нь эхлээд нүүрний зүүн шанаа хэсэгт цохиж дүү нь гэх залуу араас тэвэрч аваад өргөөд хөл хавсарч унагаж улмаар хоёр талаас цохиж өшиглөж байхдаа 1 нь нүүр рүү өшиглөхөд нүдний дор язарсан бололтой цус гараад эхэлсэн.... Тэгээд би арай гэж босоод машинаа тойроод ард нь гарахад ******* нь араас ирж барьцалдаад газар унагаж 4-5 удаа өшиглөсөн...” гэх, Гэрч М.Нгийн “...******* гэх залуу Г.Эыг хамт ирсэн залуутайгаа бүлэглэж зодож байгаад зугтаагаад яваад өгсөн юм.” гэх, Гэрч Н.Аын “...Дөхөөд очтол нэг залууг өндөр залуу нь 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Нүүрээ дараад газар суугаад босож ирэхэд зодуулсан залуугийн нүүр ам нь цус болсон байхаар нь болиоч гэж би хэлсэн...” гэх, Гэрч Б.Тийн “...Г.Эыг дуудаж гаргаад татсанаа хавирч унагаад дээрээс нь гар хөлөөрөө толгой нүүр хэсэгт нь хэд хэд цохиж өшиглөж зодсон...”гэх, Гэрч Б.Оы “...******* машинтайгаа урд хөндлөн зогсоод дүүтэйгээ гарч ирээд машины хаалга онгойлгож Г.Эыг дуудаж гаргаад татсанаа хавирч унагаад дээрээс нь гар хөлөөрөө толгой нүүр хэсэгт нь хэд хэд цохиж өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №08 шэ/254 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн 2018 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн Дурсахуй баарны гадаа М.Мыг хавсарч унагааж биед нь их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэрэгт хамааралтай гэж үзсэн нотлох баримтууд болох: шүүгдэгч Б.Бын өгсөн “...гадаа гараад уг баарны төмөр хайсны гадна талд би М.Мыг заамдаж аваад хойш нь түлхэх үед М.М бөгсөөрөө газар суугаад үлдсэн би цаашаа явж байхад дахин араас гүйгээд ирэхээр нь барьцгүй хөлийг нь хавсарч цээж рүү нь гараараа түлхэх үед М.М нь хойшоо саваад газар унах үед нь Золбаяр ирээд намайг салгаж аваад явсан...” гэх, хохирогч М.Мы “...Б.Б цаана зогсож байхаар нь очоод чи намайг яасан гэж боож байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б.Б чи юу яриад хуцаад байна гэж хэлээд барьцгүй хавсарч би замын боржуур дээр ар дагзаараа савж унаад ухаан алдсан....” гэх, Гэрч М.Бийн “...Б.Б уг залууг зүгээр байгаарай тэнэг бацаан минь гэж хэлээд цамцных нь захаар боогоод унагасан...ингээд би Б.Б ахыг аваад цаашаа явж байтал нөгөө согтуу залуу араас гүйгээд ирэх үед нь Б.Б ах нөгөө залууг барьцгүй хавсарч газар унагаад нөгөө залуу нь газар хэвтээд үлдсэн юм.” гэх, Гэрч Б.Бн “...М.Мыг барьцгүй хавсарч энэ үед М.М хойшоо саваад унах үедээ толгойн ар хэсгээрээ чулуу мөргөж унаад ухаан алдсан юм...” гэх, Гэрч Ц.Зын “...Б.Б М.Мыг урдаас нь түлхээд унагасан юм. Энэ үед би зодоон болж магадгүй гэж бодоод Б.Быг аваад баар руу орсон. Харин М.М хэвтээд найз нь хажууд нь үлдсэн....”гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №08 шэ/368 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Быг хохирогч Г.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч М.Мы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасныг баримтлан түүнд холбогдох бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ял шийтгэл оногдуулах дүгнэлтийг, Хохирогчийн өмгөөлөгчөөс торгуулийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар хор уршигийг арилгах үүргийг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учирсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр ангийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эын: ... шүүх хуралд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...”гэсэн хүсэлтийг үндэслэн хохирогч Г.Эт төлөх төлбөргүй, хохирогч М.Мы эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг төлсөн, хохирогч М.Мы гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Хохирогч М.М нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд дахин хандах эрхтэйгээр шийдвэрлэлээ.
Хохирогчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахуулахаар санал гаргасныг хангах үндэслэлгүй байна. Учир нь хохирогч нь энэ шийтгэх тогтоол гаргахад баримтаар гаргасан нэхэмжлэлгүй байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ болох хохирол, хор уршигийг арилгах үүргийг хүлээлгэх үндэслэлгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 / арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 11,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Мд эмчилгээний зардалд 5,000,000 /таван сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус заасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД