Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 189

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Бд холбогдох эрүүгийн 2007001140221 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

******* Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дээд боловсролтой, ...................................................... сурдаг, ам бүл 7, ээж, ах,  дүү нарын хамт, .........................................................................  тоотод оршин суух,

Урьд нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

******* овогт Э.Б /РД:/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудалд хохирогч У.Птой тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... би тэр өдөр зочид буудлын үүдний хэсэгт гар утсаа хайгаад байж байхад хохирогч намайг элдвээр хэлээд цохихоор нь би нүүр лүү нь цохьсон гэм буруугаа ойлгож байна ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2020 оны 02 дугаар сарын 25 ны шөнө би өдөр ороод гарсан Мерри зочид буудлын үүд хэсгээр гар утсаа хайгаад байж байхад У.П гэх залуу ахын дүү энэ тэр гээд ахархаад надтай юм ярих гээд байхаар нь зүгээр бай би утсаа хайгаад явж байна гэсэн. Над руу хүрээд ирэхээр нь би түлхэхэд газар унасан . Тэгтэл хажууд юу ч юм яриад байсан. надаас юм шалгаагаад байх нь чи ямар ядаргаатай юм вэ гэхэд У.П намайг заамдаж аваад зүүн хацар хавьд цохиод авахаар нь зөрүүлээд нүүрэнд нь 2 удаа цохиж авсан юм. Дараа нь харахад зүн нүд нь хөхөрсөн байсан. намайг зүүн хацар хавьд нэг цохисон боловч биед учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 дүгээр хуудас/

 

Хохирогч У.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.” 2020 оны 02 дугаар сарын 25  шөнө 04 цагийн үед Мерри зочид буудлын текний хажууд зогсож байсан залуу надтай маргалдаад намайг нүүрэнд 2-3 улаа цохиж аваад гараад зугтаачихсан. Сүүлд бодоод байхад Э.Б ойр зуур юм ярих гэхэд надтай маргаад хүрээд ирэхээр нь текний наана цаанаас барьцалдаад би түрүүлээд нүүрэнд нь цохиход намайг зөрүүлээд нүүрэнд 2 удаа цохисон юм гэх мэдүүлэг, /хх-ийн 10-18 дугаар хуудас/

 

Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 02 р сарын 25 шөнө би ресейпшнээр ажиллаж байхад өндөр нь буудалд өрөө аваад орж гараад яваад байсан. 2 согтуу танихгүй залуу буудлын үүдний хэсэгт текний ард маргалдаж байгаад шууд хоорондоо зодолдож нүүр ам руу цохилцоод тэгснээ арай намхан залуугаа унагаад өшиглөөд байсан. Б салгах гээд татахад дийлдэхгүй байсан. Тэгээд өндөр залуу нь түрүүлээд гараад явсан ...” гэх мэдүүлэг хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/160 дугаар: “...У.Пийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүнэ хацар, хамар цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй, Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө 04 цагийн үед ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудалд хохирогч У.Птой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч Э.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: би тэр өдөр зочид буудлын үүдний хэсэгт гар утсаа хайгаад байж байхад хохирогч намайг элдвээр хэлээд цохихоор нь би нүүр лүү нь цохьсон гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлгийг давхар нотолсон  Хохирогч У.П, Гэрч Б.Нын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/160 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдлуудыг үнэлэн түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч нь урьд 2020 оны 03 дугаар сард үйлдсэн гэмт хэрэгтээ тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №122 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд ******* Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/683 тоот албан бичгээр оногдуулсан ялын үлдэгдэл нь энэ шийтгэх тогтоол гарахад 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах торгох ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ялаар тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            ******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Энхтайваны Баттулгыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баттулгыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялын эдлээгүй үлдсэн 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгийн торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгох ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 650 /зургаан зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД