| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0191/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбаяр,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир
Насанд хүрээгүй хохирогч Б.М,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******
шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Б.Пт холбогдох эрүүгийн 2007002220214 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ам бүл 7, ээж, эхнэр, 4 хүүхдийн хамт, ………………………………………… тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Б.П /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо “Хар чулуутын ам” гэх газарт Хыюндай-Соната-5 маркийн ........................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а “......согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 14.6 “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгсэл дотор зорчиж байсан Насанд хүрээгүй Б.Мын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт: “..Архи ууж машин барьсан миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие зүгээр болсон гомдол саналгүй” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “миний хүүгийн бие одоо зүгээр болсон. Нэхэмжлэх зүйлгүй. Дүү минь ар гэрээ тэжээдэг, нялх 4 хүүхэдтэй байдлыг харгалзан хорих ял битгий өгөөч ээ” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 16 ны өдөр 15 цагт найзуудтайгаа 3 шил архи хувааж уугаад 16 цагийн үед найзууд явцгаасан. Би хэсэг унтаж байгаад 19 цагийн үед сэрээд *******ын аманд байх найз Оийнд очихоор эхнэр Б хүүхдүүд болох П.Б.Пдорж, П.Б.Псүрэн, П.******* нагац эгчийн *******ын хүү *******ыг аваад өөрийн эзэмшлийн ******* дугаартай Соната -5 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явсан. Ингээд *******ын ам бараг орох гээд Илчийн даваа өгсөж явтал машины урд талаас уур савсаад явчихлаар нь би зогсоод машинаас буугаад урд хамраа сөхөх гээд зогсож байтал машин гэнэт хойшоо өнхрөхөөр нь гүйж очоод жолооч талын хаалгаараа ороод машины тоормос дээрээ гишгээд зогсоогоод хартал урд Б.М газраас уйлаад босч байгаа харагдсан ба гүйж очоод тэврээд автал толгойноос нь цус гарсан байсан. тэгээд л *******аас машин дуудаад эмнэлэг орохоор залгаж байтал Чинболд явж таараад машинд нь суугаад ******* дүүргийн эмнэлэг дээр ирээд үзүүлж байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед машин өнхрөөд би машиндаа сууж зогсоох хооронд машин доторх хүүхдүүдийг эхнэр буугаарай гэж орилоход Б.М машинаас үсэрч буухдаа хаалганд цохигдоод газар унасан байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” 2020 оны 05 дугаар сард хавар би гэртээ ганцаараа байж байтал Б.П ах хөдөө явлаа гэхээр нь би дагаад явсан. Ингээд Б.П ах машинаа жолоодоод урьд би бас явж байсан Хар чулуутын ам гэх газарт машины арын сандалд унтаад явж байтал гэнэт буугаарай гээд Б эгч хашгирахыг сонсоод машины арын хаалгыг онгойлгоод үсрээд буутал машины хаалга савж ирээд миний дух хэсэг дээр оноод би газар унасан. Тэгээд миний духнаас цус гарч байсан. ба уйлаад зогсож байтал Б.П ах ирээд намайг тэвэрч аваад удалгүй нэг машинд суулгаад *******ын эмнэлэг дээр ирсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Ойролцоогоор 500-600 мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч Р.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар *******аас хөдлөөд *******ын ам гэх газарт ирээд Илчийн даваа гэх газарт өгсөх гээд явж байтал манай машин нэг о хүчгүйдээд явж өгөхгүй байх шиг байсан. тэгсэн урд талын копуднаас утаа гараад байх шиг байхаар нь нөхөртөө хэлсэн чинь зүгээрээ гээд яваад байсан. тэгсэн удалгүй урд талын копуднаас гал гараад эхэлсэн чинь манай нөхөр машинаа зогсоохоор нь би охиноо тэврээд буссан. Манай нөхөр бууж ирээд копудаа сөхсөн чинь машин хойшоо ухрангуут нь машинд сууж явсан хүүхдүүдээ машинаас буугаарай гэж орилсон чинь манай том хүү жолоочийн эсрэг талын хойд талын хаалгаар үсрээд буусан. Араас нь Б.М мөн үсрээд буухдаа дээшээ хараад унасан чинь машин хойшоо ухарч байх явцдаа хаалганы доод хэсгийн ирмэгээр нүүрээ цохих шиг болсон. Би чи согтуу байна маргааш өглөө явья гэж хэлсэн боловч манай нөхөр миний үгэнд ороогүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дүгаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 08 шэ/*******3 дугаар: “...Б.Мын биед хоёр хөмсөг, ух, зулай, зүүн чамархай хэсгийн хуйхны хуйларсан шарх, тархи доргилт, тархины эдийн цэгчилсэн цусархаг няцрал, хоёр нүдний зовхи, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал дух, баруун хацар шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.31-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/ ,
Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 30 ны өдрийн № 57 дугаартай дүгнэлтээр : хариулт 1. ******* дүүргийн 3 дугаар хороо Хар чулуутын ам гэх газарт насанд хүрээгүй Б.М нь автомашин дотроос унаж гэмтсэн нь МУ- Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 “ зам тээврийн осол – тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх , ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал” заалтаар заагдсан байх тул зам тээврийн осол мөн байна гэж үзэж байна.
Хариулт 2 Хыюндай-Соната-5 маркийн ........................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 . Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм , сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. 14.6 . жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх , өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух , түүнийг орхиж явахыг зөвшөөрнө . орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно “ гэсэн заалтыг зөрчиж жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх арга хэмжээ аваагүйгээс тээврийн хэрэгсэл хойш ухрах үйлдэл хийсэн байх тул тус тус дүрмийн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Зорчигч Б.М нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзлээ. Зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь Хыюндай-Соната-5 маркийн ........................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн тээврийн хэрэгслээ өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ аваагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна гэж үзэж байна.
Хариулт 3 Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн зүйлгүй гэж үзэж байна. дүгнэлт гаргасан Цагдаагийн ахмад Э.Хишигтогтох гэсэн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Пийн согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 45 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой бичгэн баримтууд,
Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол дээр тогтоосон акт, /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо “Хар чулуутын ам” гэх газарт Хыюндай-Соната-5 маркийн ........................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а “......согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 14.6 “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа .. гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл өнхөрч байхад дотор нь зорчиж байсан зорчигч Б.М нь машинаас буух явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Пийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 16 ны өдөр 15 цагт найзуудтайгаа 3 шил архи хувааж уугаад 16 цагийн үед найзууд явцгаасан. Би хэсэг унтаж байгаад 19 цагийн үед сэрээд *******ын аманд байх найз Оийнд очихоор эхнэр Б хүүхдүүд болох П.Б.Пдорж, П.Б.Псүрэн, П.******* нагац эгчийн *******ын хүү *******ыг аваад өөрийн эзэмшлийн ******* дугаартай Соната -5 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явсан. Ингээд *******ын ам бараг орох гээд Илчийн даваа өгсөж явтал машины урд талаас уур савсаад явчихлаар нь би зогсоод машинаас буугаад урд хамраа сөхөх гээд зогсож байтал машин гэнэт хойшоо өнхрөхөөр нь гүйж очоод жолооч талын хаалгаараа ороод машины тоормос дээрээ гишгээд зогсоогоод хартал урд Б.М газраас уйлаад босч байгаа харагдсан ба гүйж очоод тэврээд автал толгойноос нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Б.Мын өгсөн:” ...Б.П ах машинаа жолоодоод урьд би бас явж байсан Хар чулуутын ам гэх газарт машины арын сандалд унтаад явж байтал гэнэт буугаарай гээд Б эгч хашгирахыг сонсоод машины арын хаалгыг онгойлгоод үсрээд буутал машины хаалга савж ирээд миний дух хэсэг дээр оноод би газар унасан гэх мэдүүлэг, Гэрч Р.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... тэгсэн удалгүй урд талын копуднаас гал гараад эхэлсэн чинь манай нөхөр машинаа зогсоохоор нь би охиноо тэврээд буусан. Манай нөхөр бууж ирээд копудаа сөхсөн чинь машин хойшоо ухрангуут нь машинд сууж явсан хүүхдүүдээ машинаас буугаарай гэж орилсон чинь манай том хүү жолоочийн эсрэг талын хойд талын хаалгаар үсрээд буусан. Араас нь Б.М мөн үсрээд буухдаа дээшээ хараад унасан чинь машин хойшоо ухарч байх явцдаа хаалганы доод хэсгийн ирмэгээр нүүрээ цохих шиг болсон. Би чи согтуу байна маргааш өглөө явья гэж хэлсэн боловч манай нөхөр миний үгэнд ороогүй ” гэх мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 08 шэ/*******3 дугаартай дүгнэлт , Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 30 ны өдрийн № 57 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч Б.Пийн согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл , Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой бичгэн баримтууд, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол дээр тогтоосон акт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Пт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд Улсын яллагч нь шүүгдэгч ******* овогт Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу 2 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 6 сарын хугацаатай хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Пийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасны баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцлийг үнэлэн түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж , хянан харгалзах хугацааг тогтоож албадлагын чанартай үүрэг оногдуулах арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг нэмэлт ялын биелэлтийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Пийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Пт тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Пт оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Пт мэдэгдсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан №810617 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД