Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 953

 

 

 

 

 

 

 

 

2020        11       09                                    2020/ШЦТ/953      

 

 

                               

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “Ё” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,

Шинжээч Л.Баттулга,

Шүүгдэгч М.Т, хууль ёсны төлөөлөгч С.Байгалмаа, тэдгээрийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Б овогт М-гийн Т-т холбогдох эрүүгийн 2009000000651 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй ам бүл 2 ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 70-935 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт М.Т

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.Т нь 2020 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг Дамбадаржаагийн 70-935 тоотод Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад Л.О, эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ж.Н, эрүүгийн мөрдөгч Н.Т нарыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулж тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн Хууль сахиулагчийг эсэргүүцсэн,

2020 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг Дамбадаржаагийн 70-935 тоотод Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад Л.О-ын баруун гарын алгыг хутгаар зүсэж биед баруун гарын алганд шарх буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Хохирогч Л.О-ын “...эрүүгийн мөрдөгч Ж.Н, эрүүгийн мөрдөгч Н.Т нарын хамтаар монгол гэр рүү орсон. Араас жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Н.Хуягбаатар машинаа байрлуулаад орж ирж байсан. ...Сүхбаатар дүүргийн цагдаагаас явж байна гэрлээ асаачих өөртэй чинь уулзах гэсэн юм гэж хэлээд үнэмлэх бичиг баримтаа утасны гэрэлд үзүүлсэн. Гэтэл тухайн орон дээр хэвтэж байсан залуу орны хажууд байрлах шүүгээн дээрээс нэг эд зүйл аваад ална аа та нарыг гэж хэлээд хөнжлөө сөхөөд босоод ирсэн. Босож ирэхээр нь гартаа байсан эд зүйлийг харахад хутга байсан. Тэгээд хутгаараа шууд миний бие рүү чиглүүлээд хатгасан би баруун талын гараараа түүний хутганаас барьж аваад энэ залуу хутгатай байна шүү гэж нөгөө хоёр хүндээ орилж хэлээд ... би түүний хутга барьсан баруун талын гартай зууралдаж эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ж.Н тухайн залуугийн зүүн гараас бариад Т утасны гэрлээ тусгасан чигээрээ түүний толгойн хэсгээс дараад газар унагаасан. Тухайн үед нөгөө залуу хутгаа зүүн гартаа авсан. Бид нар цагдаагийн албан хаагчид байна хутгаа хая гэж шаардлага тавихад хамаагүй ээ бүгдийг чинь дүрж ална гэж орилж байсан. хутгыг хэн яаж хаяулсныг мэдэхгүй байна нэг мэдэхэд жижүүрийн жолооч ахлах ахлагч Хуягбаатар түүний зүүн гарыг нурууных нь ард хэсэгт өчиж дараад үйлдлийг хязгаарласан. Энэ үйл явдал болсны дараа миний баруун гарын алга орчим халуу дүйгээд байхаар нь гараа харахад долоовор хуруунаас эрхий хуруу хоёрын хооронд байрлах нугалам хэсэгт зүсэгдсэн цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/

 

Хохирогч Ж.Н-ийн “... гэрт ахмад Л.О бид хоёр орсон. Ороход гэр харанхуй байсан би гар утасны гэрлийг асаасан. ...ахмад Л.О бичиг баримтаа гаргаж ирээд цагдаагаас явж байна босоод ир тодруулах зүйл байна гэж хэлсэн. Энэ үед миний араас эрүүгийн мөрдөгч дэслэгч Т орж ирсэн байсан. Тэгтэл нөгөө орон дээр байсан залуу өндийгөөд ална гэж хэлээд орны урд байсан жижиг сандал дээр байсан хутгыг аваад шууд ахмад очир руу нэг удаа чичих шиг болсон. Тэр үед О арагшаа нэг ухраад хутга авчихлаа гэж хэлээд хутгатай гараас нь бариад авсан. ... тэгтэл хутгаа баруун гараасаа зүүн гар руугаа шилжүүлсэн. Тэгэхээр нь би зүүн гарын урдаас нь атгасан. Энэ үед Төрболд гэрийн зүүн талаар тойроод хутгатай гарыг нь араас нь татсан. Тэгээд доош нь дараад байж байтал манай жолооч Хуягбаатар орж ирээд нөгөө хүний гарын доор нь байсан хутгыг холдуулаад Хуягбаатар бид хоёр нөгөө хүнийг харыг нь ард нь өчиж авч гавласан...” гэх мэдүүлэг/31-32-р хуудас/,

 

Хохирогч Н.Т-ын “...ахмад Л.О, дэслэгч Н бид гурав хутгалсан гэх хүний гэрийн хаягаар очиход хашаан дотор монгол гэр байсан. Монгол гэр лүү эхлээд ахмад Л.О, дараа нь дэслэгч Н нар орж сүүлд нь би орсон. ... гэрт ороход гэрэлгүй байсан бөгөөд ахмад Л.О амрыг эрье дүүргийн цагдаагаас явж байна гэж өөрийгөө танилцуулахад гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан үл таних 30-35 насны залуу босож ирээд орны урд байсан сандал дээрээс хутга авч хэн бэ юу вэ алнаа гэж орилоод ахмад О руу дайрсан. Тэгэхээр нь дэслэгч Н бид хоёр тухайн хутгатай хүнийг орон дээр дарж унагаад гаднаас жолооч ахлах ахлагч Хуягбаатарыг дуудаж тухайн хүнээс хутгыг нь салгасан. Гэрээс гарахад ахмад Л.О-ын баруун гараас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /36-37-р хуудас/,

 

           Гэрч Э.Хуягбаатарын "... бусдад хутгалуулсан хүн гэмтлийн эмнэлэгт ирж хэвтсэн байна гэсэн дуудлагын дагуу Эрүүгийн мөрдөгч О-ын хамт явсан. ...замаасаа Эрүүгийн мөрдөгч Төрболд, Н нарыг аваад хохирогчийн эгчээр хутгалсан гэх хүний гэрийг заалгаад очсон. Манай гурван мөрдөгч буугаад уг гэр рүү орсон. Би гадаа машинаа гудамжинд эргүүлж хашааны үүдэнд ирж зогссон. Тэгээд байж байтал манай мөрдөгч нарын орсон гэрээс нэг нь Хуягаа ахаа гээд орилсон. Тэгэхээр нь гүйгээд ортол гэр нь харанхуй байсан би гэрийн баруун талаар өгстөл очир Хуягаа ахаа наад хүн чинь хутгатай байна хутга нь нөгөө талд нь байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад гэрийн зүүн талаар нь тойроод очтол манай гурав нөгөө хүнийг доош нь дараад газарт хэвтүүлсэн байсан. Би зүүн гараас нь татсан манай нөгөө хэд мөн нөгөө гарыг нь татаад дээш нь өндийлгөтөл нөгөө хүний доороос хутга гарч ирсэн. Тэгээд би хутгыг нь холдуулж авсан. Гадаа гартал мөрдөгч Очирын гар зүсэгдсэн байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “хутгийн ажлын хэсэг нь 13.5 см бариул хэсэг нь 12 см хар өнгийн иштэй хутганы ажлын хэсэг нь цус мэт хүрэн улан өнгийн зүйлээр бохирлогдсон бариул хэсэг нь хойд тал нь 4 см хагарсан ... байв” гэх /хх- ийн 15-р хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл “...ажлын хэсэг нь 13.5 см, бариул хэсэг нь 12 см хар өнгийн иштэй хутганы ажлын хэсэг нь цус мэт хүрэн улан өнгийн зүйлээр бохирлогдсон, бариул хэсэг нь хойд тал нь 4 см хагарсан хутгыг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тогтоов” гэх /хх-ийн 19-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн №5563 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:     

1. Л.О-ын биед баруун гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно...” гэжээ /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 583 дугаар дүгнэлт:

 

1. М.Т нь сэтгэцийн хувьд F10.51 Архины шалтгаант солиорох эмгэгтэй байна.

2. М.Т-ын F10.51 Архины шалтгаант солиорох эмгэг нь 2019 оны 07 дугаар сарын үеэс эхэлсэн байх боломжтой байна.

3. М.Т-т сэтгэцийн эмчийн байнгын хяналтад эмчлэгддэг гэх карт болон өвчний түүх үгүй болно.

4. М.Т нь хэргийн талаар бодитойгоор мэдүүлэх чадваргүй байна.

...” гэжээ /хх-ийн 52 дугаар хуудас/,

5. М.Т нь өөрийн үйлдэлд хариуцлага хүлээх буюу хэрэг хариуцах чадваргүй байна. /хх-ийн 114 дүгээр хуудас/

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Т нь 2020 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг Дамбадаржаагийн 70-935 тоотод Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад Л.О, эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ж.Н, эрүүгийн мөрдөгч Н.Т нарыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулж тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн Хууль сахиулагчийг эсэргүүцсэн, 2020 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг Дамбадаржаагийн 70-935 тоотод Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад Л.О-ын баруун гарын алгыг хутгаар зүсэж биед баруун гарын алганд шарх буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Н, Л.О, Н.Т нарын мэдүүлэг, гэрч Э.Хуягбаатарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн №5563 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 583 дугаартай дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч М.Т нь F10.51 “...Архины шалтгаант солиорох эмгэг” өвчтэй байсан. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй байсан. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  заасан Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд шүүх, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг арга хэмжээг СЭМҮТ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт даалгаж хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Л.Баттулга  нь  F10.51 “...Архины шалтгаант солиорох эмгэг ” өвчин нь ямар хугацаанд эмчлэгдэхийг урьдчилан хэлэх боломжгүй бөгөөд доод тал нь 3 ба 6 сар ,  түүнээс дээш хугацаагаар эмчлэгдэх  бөгөөд  эмчилгээний явцад магадлалын шинжилгээ хийж эдгэрэлтийг тогтоох боломжтой гэж мэдүүлсэн ба улсын яллагчаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацааг 6 сараар тогтоох саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих байгууллагад даалгаж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас  22 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

            Хохирогч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч М. Т-ыг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дэх хэсэг, 19.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт М-гийн Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Хууль сахиулагчийг албан үүрэг гүйцэтгэхтэй нь холбогдуулж тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус зааснаар М.Т-т хорих ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт  даалгасугай.

3. Шүүгдэгч М.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт эмчлүүлэхээр шилжүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь  хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих байгууллагад  даалгасугай.

5.  Шүүгдэгч М.Т нь энэ хэргийн улмаас 22 / хорин хоёр / хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ДАРЬСҮРЭН