Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 220

 

Д.М-д холбогдох

             эрүүгийн хэргийн тухай                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор С.Оюунжаргал,

            Шүүгдэгч Д.М,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 204 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр Д.М-д холбогдох эрүүгийн 1803000010029 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.М нь 2017 оны 12 дугаар сарын 1-ний өглөө, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн суудлын вагонд хамт зорчиж явсан Ц.Эын ХААН банкны картыг хулгайлан авч, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын билетийн касс дотор байрлах Голомт банкны АТМ-ээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокуророос эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэж заасан байна. Гэтэл Тээврийн прокурорын газраас эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх санал үйлдэлгүй 54 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтэд “...Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай. ...” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар бүлгийн 5.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ялын төрөлд “тэнсэх” гэсэн хариуцлагыг хуульчлаагүй тул прокурорын “1 жил тэнсэх” гэсэн санал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан “прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.4-д заасан “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” нөхцөл байдал хангагдаагүй гэж шүүх дүгнэв. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр Д.М-д холбогдох 1803000010029 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцаав” гэжээ.

Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Яллагдагч Д.М-д холбогдох хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ыг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр, яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ” гэж заасны дагуу яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч Д.М-д танилцуулж, гарын үсэг зуруулсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийн хянан шийдвэрлэнэ”, 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана”, 9 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэсэн зүйл хэсгийг зөрчжээ гэж үзэхээр байна.

2. Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар бүлгийн 5.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ялын төрөлд “тэнсэх” гэсэн хариуцлагыг хуульчлаагүй...” гэж хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу бичиж хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар бүлгийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан байна.

Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 204 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

Шүүгдэгч Д.М “Тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбаргүй” гэв.

           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.М-д холбогдох хэргийг прокурор С.Оюунжаргалын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.М-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээсэн, хэргийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй, прокурорын сонсгосон ялын төрөл, түүний хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж яллагдагчаас үзсэн тохиолдолд хялбаршуулсан журмаар шүүх хэргийг хянан шийдвэрлэж болохоор тусгагджээ.

Дээрх байдлуудаас гадна, прокурор нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг нягтлан үзэж, улмаар уг нөхцөлүүд хангагдсан гэж үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлэх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, яллагдагч Д.М нь прокурор С.Оюунжаргалын үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаартай яллах дүгнэлттэй танилцаж, “...прокурорын өгсөн ялыг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талд маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.

Прокурор хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай санал гаргаж яллагдагч Д.М-д танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.6 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гээд мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын төрлүүдийг заажээ.

Хуулийн дээрх зүйлд заасан ялын төрлүүдэд “тэнсэх” ял гэж байхгүй байхад прокурор “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх. ...” гэж ялын санал гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Иймд, прокурор С.Оюунжаргалын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 204 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хийгдэх ажиллагаа болохыг анхаарвал зохино.

Прокурорын эсэргүүцлийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийн хянан шийдвэрлэнэ”, 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана”, 9 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэсэн зүйл хэсгийг зөрчжээ гэж үзэхээр байна. ...” гэж хэргийг прокурорт буцааж болохгүй гэсэн агуулагаар бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар ч журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал байгаа, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй зэрэг тохиолдолд хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, Үндсэн хуулийн хүний эрхийг хамгаалах суурь зарчмуудад нийцнэ.