Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 113/ШШ2019/0006

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн

  зөвшөөрснийг баталж, хэргийг

  хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Н-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Г-д холбогдох “улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 0165189 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлт (гомдол)-ээр захиргааны хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Ч” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь ирүүлээгүй гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, 0165189 дугаартай шийтгэлийн хуудсаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахдаа Л.С-ыг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоогоогүй, шийтгэл ногдуулахдаа Л.С-ыг хуулийн этгээдтэй адилтган үзэж торгууль ногдуулсан зэрэг зөрчил гаргасан буюу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Н-ийн үйлдсэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Н-ийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг 2019 оны  4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 113/ШЗ2019/0028 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.                

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Н-ийн “улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 0165189 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Г хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Н-ийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Г хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Н-ийн “улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 0165189 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.                                                                              

 

 

ШҮҮГЧ                                            З.ГАНЗОРИГ