Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 932

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/00315 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Севиллиа аудит” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж 113 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гүйцэтгэсэн ажлын хөлс 52 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч: Д.Гансүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Билэгсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Севиллиа аудит” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5/012-13 тоот хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5/004-13 тоот удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээг тус тус байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК 5/012-13 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 49 000 000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 5/004-13 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 64 000 000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус шилжүүлсэн. “Севиллиа аудит” ХХК нь гэрээ байгуулснаас хойш календарийн 45, 60 хоногийн дотор хийж өгөх ёстой атал заасан хугацаанд нийлүүлэлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс манай компанид нийтдээ дээрх хоёр гэрээний дагуу 113 000 000 төгрөгийн авлага үүссэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, авлага барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд “Севиллиа аудит” ХХК нь 5/012-13 тоот гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээ хийх, 5/004-13 тоот гэрээний дагуу удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээ хийх гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйгээс манай компанид учруулсан хохирол болох 113 000 000 төгрөгийг “Севиллиа аудит” ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

  

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ерөнхий захирал Ч.Даваасүрэн нь 4 сар цагдан хоригдсоны дараа 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Хэдий нөхцөл байдал хүнд байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, эдгээр гэрээт ажлыг хийж дуусгах хүсэлтэй байсан. Иймээс “Севиллиа аудит” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Т/170 тоот албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хандаж, дээрх гэрээнүүдийн хугацааг сунгах хүсэлтээ илэрхийлсэн. Харилцан тохиролцооны хувьд дээр дурдсан гэрээнүүдийн хугацааг сунгах талаар 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Т/170 тоот албан бичгийг явуулах үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд өөрчлөгдсөн байсан. “Севиллиа аудит” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д явуулсан энэхүү албан тоотыг шинээр томилогдсон ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хандаж хаягласан. Гэвч 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Эрдэнэ үйлдвэр” ХХК-иас БУ-05-12/629 тоот албан бичиг ирсэн бөгөөд ерөнхий захирлыг эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг гарын үсэг зурсан байсан. “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийн энэхүү албан бичигт удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээ, хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээнүүдийн гүйцэтгэлийг дахин мөнгө төлөхгүйгээр танай авсан урьдчилгаанд тооцохоор тайлангуудыг хүлээлцэх гэж дурдсан байсан. Хэдийгээр энэ санал нь “Севиллиа аудит” ХХК-д 52 000 000 төгрөгийн алдагдалтай байсан боловч бид өмнөх хамтын ажиллагаа, бизнесийн ёс зүйг харгалзан саналыг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөр болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжлэхгүйгээр ажлыг хийж, тайланг хүргүүлсэн. Гэрээний үүргийн биелэлт ба тайлан хүргэлтийн тухайд “Севиллиа аудит” ХХК нь хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээнд заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайланг бэлтгэж, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ерөнхий захирал Ч.Даваасүрэн өөрийн биеэр очиж, хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс ерөнхий нягтлан бодогч Платонов.М.В, түүнийг орлож ерөнхий нягтлан бодогчийн орлогч Хандсүрэн гарын үсэг зурсан байсан. Гэвч Хандсүрэн нягтлан бодогч тэтгэвэртээ гарч, түүний оронд ерөнхий нягтлан бодогчийн орлогчоор Пүрэвсүрэн гэдэг хүн ажиллаж байсан. Иймээс ерөнхий нягтлан бодогчийн орлогч Пүрэвсүрэнтэй уулзаж, тайлангаа танилцуулсан. Ингэж танилцуулах үедээ би уг аргачлалыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмнөх жилүүдийн тоо болон жишээн дээр үндэслэж хийсэн байгаа, та бүхэн чухам аль хөрөнгө оруулалтын хувьд энэ аргачлалаар тооцоо хийлгэх хүсэлтэй байна, тэр мэдээ баримтаа өгөөрэй гэсэн. Харин Пүрэвсүрэн нягтлан бодогч компанийн нууцлалтай холбоотой тул ямар баримт өгч болох эсэхийг би мэдэхгүй, удирдлагуудаасаа асууя гэж хэлсэн. Нэг цаг орчим ярилцаж, тайлангаа танилцуулсны дараа эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг захиралтай уулзаж танилцуулъя гэж намайг дагуулан захирлын өрөөнд очсон. Алтанхуяг захирлын үүдний өрөөнд намайг хүлээлгээд Пүрэвсүрэн нягтлан бодогч өөрөө дотогш орсон, хэсэг хугацааны дараа гарч ирээд захирал завгүй байна, бид дотроо ярилцаж байгаад хариу хэлье. Буцаж бай гэсэн. Ингээд би 2 хувь тайлангаа ерөнхий нягтлан бодогчийн орлогч Пүрэвсүрэнд өгөөд Улаанбаатар хот руу буцсан. “Севиллиа аудит” ХХК нь удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээнд заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайланг бэлтгэж, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хандсан тайлан хүргүүлэх тухай Т/176 тоот албан бичгийн хамтаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д баталгаат шуудангаар илгээсэн. Энэхүү тайланг бэлтгэн дуусаж байх үедээ Ч.Даваасүрэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн орлогч Пүрэвсүрэнтэй утсаар ярьж, тайлангаа дууссан уулзая, захирлуудаасаа цаг авч өгөөч, өмнөх тайлангаа авч хэлэлцье, танай зүгээс санал байна уу, хэрэв тайлангийн талаар санал байхгүй бол тайлан хүлээлцсэн акт үйлдье гэхэд захирлууд завгүй уулзах боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Сүүлдээ утсаа авахгүй болохоор нь Ч.Даваасүрэн тайлангаа баталгаат шуудангаар илгээсэн болно. Үл хамтран ажилласан талаар “Севилла аудит” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх тайланг, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр удирдлагын бүртгэлийн нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайланг хүргүүлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс ямар нэг хариу ирүүлээгүй, санал тавиагүй, түүнчлэн гомдол ч гаргаагүй. “Свиллиа аудит” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Т/16 тоот хариу албан бичгээс хойш дахин 1 жил 4 сар гаруй хугацаа өнгөртөл буюу 2016 оны 11 дүгээр сар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас ямар нэг хариу, баримт материал ирүүлээгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Севиллиа аудит” ХХК нь хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээнд заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайланг бэлтгэж, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ерөнхий захирал Ч.Даваасүрэн өөрийн биеэр очиж, хүлээлгэн өгсөн. Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээнд заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайланг бэлтгэж, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хандсан тайлан хүргүүлэх тухай Т/176 тоот албан бичгийн хамтаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д баталгаат шуудангаар илгээсэн. Тайланг хүргүүлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс ямар нэг хариу ирүүлээгүй, санал хүсэлт тавиагүй, түүнчлэн гомдол ч гаргаагүй. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэ үйлдвэр ХХК-иас БУ-05-12/629 тоот албан бичиг ирсэн бөгөөд Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг гарын үсэг зурсан байсан. “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийн энэхүү албан бичигт удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээ, хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээнүүдийн гүйцэтгэлийг дахин мөнгө төлөхгүйгээр танай авсан урьдчилгаанд тооцохоор тайлангуудыг хүлээлцэх гэж дурдсан байсны дагуу бид хамтын ажиллагаагаа хүндэтгэн 52 000 000 төгрөгийг нэхэмжлэхгүйгээр гэрээгээ дуусгавар болгох юм байна гэж ойлгоод явж байтал энэ албан бичгээс хойш 3 жил 2 сарын дараа урьдчилгаа төлбөр 113 000 000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх тул манай компани дээрх 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ дуусгавар болгосон шийдвэрээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК хүчингүй болгож байгаа юм байна гэж ойлгон гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/012-13 тоот Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр 28 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5/004-13 тоот удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 24 000 000 төгрөг, нийт 52 000 000 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Севиллиа аудит” ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлан, удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайланг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бөгөөд харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлын тайлангуудыг хүргүүлсэн гэх боловч гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн талаар баримт байдаггүй ба өнөөдрийг хүртэл дээрх 2 тайланг албан ёсоор хүлээн аваагүй, тайлан хүлээлцсэн акт үйлдэгдээгүй байна. “Севиллиа аудит” ХХК-ийн захирал Ч.Даваасүрэн нь 5/004-13, 5/012-13 дугаартай гэрээнүүдээр гүйцэтгэх ажлын хугацаа хэтэрсэн асуудлыг Авилгатай тэмцэх газарт шалгагдаж, цагдан хоригдож байсан тул гэрээнд заасан хугацаанд тайланг хийж гүйцэтгээгүй гэсэн тайлбар өгдөг. Гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш 6 cap өнгөрсний дараа буюу 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Т/170 тоот албан бичгээр гэрээний хугацаа сунгах талаар санал ирүүлсэн нь манай компанийн хувьд саналыг хүлээн авах боломжгүй санал гэж үзсэн ба уг гэрээт ажлаар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээ, удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил зөвхөн тухайн цаг үе буюу 2013 онд манай компанид нэн хэрэгцээтэй зүйл байсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа нэхэж шаардсан ба “Севиллиа аудит” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дотор тайлангаа ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өр барагдуулах албаны даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 79/15-141 тоот албан бичгийг факсаар явуулсан. “Севиллиа аудит” ХХК уг албан бичгийг хүлээж авснаа хариу мэдэгдсэн боловч тайлангаа ирүүлээгүй. Харин 2015 оны 5 дугаар сард “Севиллиа аудит” ХХК-аас хэлбэр төдий тайлан ирүүлснийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК судалж үзэхэд шаардлага хангахгүй нэр төдий байсан тул 2015 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн 108-01 тоот, 2015 оны 6 дугаар сарын 24-ний 79/15-141 тоот албан бичгээр тус тус албан ёсоор хариу мэдэгдсэн. “Севиллиа аудит” ХХК-ийн захирал Ч.Даваасүрэн цагдан хоригдсон асуудал нь гэрээний дагуу ажил гүйцэтгэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьд иргэн Ч.Даваасүрэнтэй бус хуулийн этгээд “Севиллиа аудит” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд уг компани нь гэрээний аргаар итгэл төрүүлж, урьдчилгаа мөнгө аваад ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй нь манай компанийн хувьд итгэл алдсан найдваргүй түнш гэдгийг нотолсон юм. Иймд “Севиллиа аудит” ХХК-иас нэхэмжилж байгаа 52 000 000 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч байгаа тул уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

               Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “Севиллиа аудит” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 113 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 52 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Севиллиа аудит” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-д зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухай ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж үзэж хууль буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. “Севиллиа аудит” ХХК нь 5/012-13 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээ хийх гэрээт ажлыг, 5/004-13 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээ хийх гэрээт ажлыг тус тус гэрээ байгуулснаас хойш календарийн 45 хоногийн дотор хийж өгөх ёстой атал заасан хугацаанд нийлүүлэлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, захиалагчид хүлээлгэж өгөх ёстой хугацаанаас хойш зургаан сарын дараа тайланг танилцуулсан боловч захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй тул гүйцэтгэгчид буцаасан. Захиалагч 5/012-13, 5/004-13 тоот гэрээнүүдийн 1.3-т заасан хугацаанд тайлангуудыг гүйцэтгэгчээс хүлээж аваагүй бөгөөд ажил гүйцэтгэгч нь гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Севиллиа аудит” ХХК-ийг гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд үүнээс үүссэн авлага барагдуулах талаар мөн шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна. “Севиллиа аудит” ХХК нь дээрх 5/012-13, 5/004-13 тоот гэрээнүүдийн дагуу захиалагчид тайлангуудыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, акт үйлдээгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг  зөрчиж шийдвэр гаргасан байна. Захиалагч 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 79/15-141 дугаартай албан бичигт түүнд хавсаргасан тус компанийн Эдийн засаг маркетингийн хэлтсийн тайланд санал хүргүүлсэн аргачлал, онол талаас нь хийсэн, Эрдэнэт үйлдвэрийн урьд жилүүдийн тайлан тооцоо дээр тулгуурлан судалгаа, дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, Эрдэнэт үйлдвэрийн тоот баримтанд суурилан аргачлалыг боловсруулаагүй учраас шаардлага хангахгүй гэж үзсэн нэхэмжлэгчийн нотлох баримтуудыг шүүх үнэлж үзсэнгүй. Иймд “Севиллиа аудит” ХХК-иас 113 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хариуцагч “Севиллиа аудит” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 113 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл 52 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Зохигчид 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээ, 2012 оны 10 дугаар сард удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдээр хариуцагч “Севиллиа аудит” ХХК нь удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил, хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах ажлыг гүйцэтгэх,  нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь  нийт 150 000 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 7-10 дугаар тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь ажлын хөлсний урьдчилгаанд нийт 113 000 000 төгрөгийг хариуцагч “Севиллиа аудит” ХХК-д төлсөн талаар зохигчид маргаагүй, энэ талаархи бичгийн баримт хэрэгт авагджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… “Севиллиа аудит” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг одоо болтол хүлээлгэж өгөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 113 000 000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тодорхойлсон нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  Учир нь “Севиллиа аудит” ХХК-иас ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн үйл баримт нь  талуудын тайлбар, шуудангийн баримтаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас тухайн ажлын үр дүнг доголдолтой хэмээн буцаан хүргүүлсэн гэж маргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь доголдолтой ажлын үр дүн хүлээн авсан гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлын үр дүнг хүлээн авсан, доголдолтой болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэл буюу “Севиллиа аудит” ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө 113 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг буюу ажлын үр дүнг гаргуулан авахаар бус харин гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо арилгуулах хуульд заасан нэмэлт үүрэгтэй холбоотой шаардлага байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 гэсэн холбогдох заалтыг нэмж тогтоох хэсэгт тусгах шаардлагатай.

 

Хариуцагч “Севиллиа аудит” ХХК нь ажлын үр дүнгийн үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал баримтаар нотлоогүй, уг үйл баримтын талаар талууд маргаагүй ба гэрээний хугацаа хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан байсан болох нь баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн ажлын хөлсний үлдэгдэл 52 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/00315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ