Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/00162

 

 

 

 

 

 

    2017 оны 01 сарын 11 өдөр

   Дугаар 101/ШШ2017/00162

Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч: Г.Г нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Х.Т холбогдох

 

          Түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 5,250,000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                   

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, *******,******* тоот орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр Х.*******тай харилцан тохирч гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсанаас хойш сарын дараа төлбөрөө бөөнд нь төлөхөөр тохирсон. Х.******* нь бүрэн тавилгатай байранд ороогүй бөгөөд эхний 2 сарын төлбөрийг цувуулж өгсөн. Мөн ашиглалтын зардлуудыг төлөөгүй байсан. 2016 оны 5-11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд 10 дугаар сарын 06, 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд төлбөрийг төлөх талаар бичиг хийж өгч байсан. 11 дүгээр сард гэрээгээ цуцлах талаарх хүсэлтийг амаар гаргасан, 12 дугаар сард бичгээр гаргаж, жижүүрт үлдээсэн боловч хүлээж аваагүй байсан. Ашиглалтын төлбөр нь ам бүлийн тооноос хамаарахгүй, бүгд тоолуурын заалтаар явагддаг, тэгэхээр хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. 2016 оны 11 дүгээр сарын 20-доор гэрээгээ цуцалсан.

Иймд миний бие түрээсийн гэрээ, түрээслэгч өөрийнхөө гараар бичиж өгсөн баталгаа, тодорхойлолт зэргийг үндэслэн 7 сарын түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 5,250,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Х.******* нь иргэн Г.*******ын 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу уулзаж воли апартментэд байрлах 609 тоот байрны 1 өрөөг 2016 оны 02 дугаар сараас эхлэн түрээслэсэн. Анх байранд ороход бүрэн тавилгатай гээд сарын 500,000 төгрөгөөр түрээслэнэ гэж байсан ч телевизор байхгүй, хөргөгч байхгүй байна гэхэд чи өөрөө худалдаад авчих сарын түрээсээ 450,000 төгрөг болгоё гэж тохиролцсоны дагуу би өөрөө 32 инчийн лед телевизор, мидиа брендийн 2 хаалгатай хөргөгчийг худалдаж авсан. Мөн анх байрны ашиглалтын зардал их бага гардаг гэж хэлж байсан ч энэ нь бодит байдал дээр худлаа байсан. Өвөлдөө 83,000-85,000 төгрөг, зундаа 73,000-78,000 төгрөг гараад байхаар нь Г.******* гуайд энэ тухай хэлсэн ч тэрээр “аан би энэ байрны ашиглалтын алба, худалдаж авсан эзэдтэй тооцоотой байгаа юм, миний тооцооноос энэ байгууллага ингэж өндөр гараад байгаа юм, чи надтай тооцоогоо нийлээд л явж бай, харин чи өөрөө хэзээ ч эднийхтэй тооцоо хийж болохгүй шүү, надад мөнгөө бэлнээр нь өгч байгаарай гэдэг байсан”. Анх би мэдэлгүй 84,000 төгрөгөөр 1 удаа, 100,000 төгрөгөөр 1 удаа ашиглалтын зардлыг нь өгч байсан. Сая шүүхийн асуудал гарч ирэхэд 4 хүний өмч учраас 4 хүний ашиглалтын зардлаар тооцож явдаг гэдгийг мэдсэн. Би 2016 оны 02 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх ашиглалтын нийт зардал болох 750,000 төгрөгийг нь Г.******* гуайд төлсөн. Хийсэн ажлын мөнгө орж ирэхгүй удаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 2016 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар дуусталх 7 сарын түрээсийн төлбөрөө төлж чадаагүй байна.

Иймд би түрээсийн төлбөрийг сарын 450,000 төгрөгөөр тооцно гэж тохиролцсоны дагуу төлнө. Мөн ашиглалтын зардлыг 1 хүний зардлаар тооцож түрээсийн төлбөрөөс суутгамаар байна. Би өнөөдрийг хүртэл уг байранд сууж байгаа учраас гэрээний алданги 1,750,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 5,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Х.******* нь түрээсийн төлбөрийг сарын 450,000 төгрөгөөр тохиролцсоны дагуу төлнө, ашиглалтын зардлыг 1 хүний зардлаар тооцож түрээсийн төлбөрөөс суутгамаар байна, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, *******,******* тоот, 25.43 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203029003 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууц нь Г.******* нарын 3 хүний өмчлөлд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгдэж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.*******тай 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Түрээсийн гэрээ” нэртэй гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын төлбөр 500,000 төгрөг байхаар, төлбөрийг сар бүрийн 20-ны дотор төлөхөөр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохирсон, Х.******* 2016 оны 5-11 дүгээр сарын нийт 7 сарын төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн зүйлийн 302.4-т “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заасан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд хуулийн 294.2.1-д зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болохоор зохицуулсан байна.

 

Хуулийн 288.2.3-т “… эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах” гэж хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч Г.*******ын эрхийг заажээ.


           Өөрөөр хэлбэл хөлслөгч Х.******* нь гурван сараас дээш хугацаагаар буюу 7 сарын турш хөлсөө төлөөгүй байх бөгөөд хөлслүүлэгч Г.*******ын хувьд Х.*******ийг гэрээний үүргээ зөрчсөн буюу орон сууцны хөлсөө төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 20-нд гэрээгээ цуцалсан нь үндэслэлтэй байна.

 

Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цуцалж байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан 3 сарын хугацааг хөлслүүлэгч Г.******* баримтлах шаардлагагүй юм.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” үүргийг хөлслөгч буюу хариуцагч Х.******* хүлээсэн байх бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, түүний удаа дараа гаргаж байсан баталгаа зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Х.******* нь түрээсийн төлбөрийг сарын 450,000 төгрөгөөр тохиролцсоны дагуу төлнө, ашиглалтын зардлыг 1 хүний зардлаар тооцож түрээсийн төлбөрөөс суутгамаар байна гэсэн тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь хариу тайлбартаа “Орон сууц ашиглалтын төлбөрийн тооцоо” гэсэн баримтуудыг ирүүлсэн боловч эдгээр нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул эдгээр нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх хуулийн үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд зохигчид алдангийн талаар гэрээндээ тохирсон, нэхэмжлэгч нь хугацаанаас өмнө гэрээгээ цуцалсан тул алданги нэхэмжлэх эрхтэй, харин хариуцагчийн одоо би уг орон сууцанд амьдарч байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.******* нь гэрээгээ цуцалж, 7 сарын орон сууц хөлслүүлсэний төлбөр 3,500,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 5,250,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Х.*******аас гаргуулж, Г.*******од олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Г.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хариуцагч Х.*******т 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан бөгөөд уг өдрөө түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ямар эрх, үүрэгтэй оролцох талаар тайлбарлаж өгсөн боловч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тогтоолын дагуу баталсан маягт болох “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай” баримтад гарын үсэг зураагүй байна, харин уг баримтыг дэлгэрүүлсэн “Та үүнийг заавал уншиж, танилцан эрх, үүргээ хэрэгжүүлээрэй” гэсэн эрх, үүргийн дэлгэрэнгүй танилцуулсан баримтад гарын үсгээ зурсан байх тул хариуцагч Х.*******ийг эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор шүүх хангасан гэж үзнэ.

 

Хариуцагч Х.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч зохигчдын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр товлож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмаар буюу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүний 95586600 дугаарын утсаар хурлын товыг мэдэгдэхэд “ойлголоо” гэсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Х.*******ийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

 1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.*******аас 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******од олгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 98,950 /ерэн найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******од олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ