Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 174

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Э.Ад холбогдох эрүүгийн 2007003610201  дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ................................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овгийн Э.А /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Э.А нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим ******* дүүргийн 01 дүгээр хороо Энгэршандын задгайд хохирогч Н.Чтэй “нөхрийг зодсон” гэх шалтгаанаар маргалдан нүүр, хүзүү, цээж хэсэгт нь гараараа маажиж биед нь нүүр, хүзүү, цээж, зүүн бугалга, нуруунд зулгаралт, баруун төмсөгний хуйхнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Хохирогч Н.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 50 минутын үед ******* дүүргийн 1 дүгээр хороонд ус авахаар очсон. Тэнд очихдоо пошиг дотор үхрийн баас байсныг тэнд хаячихсан юм. Тэгтэл тэнд нэг залуу хог хаялаа гэж уурласан. Тэгэж уурлаж байхдаа татаж хаясан тамхиа газар хаяхаар нь наадах чинь ч гэсэн хог гэж хэлээд хоорондоо маргалдсан юм. Тэгтэл тэр залуугийн эхнэр гэх хүүхэн ирсэн. Бид хоёрыг зодолдож байна гэж бодсон юм шиг байна лээ. Бид хоёрын дундуур орж ирээд нүүр рүү гараараа самардаад миний нүүрний хэсэгт маажсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8  дугаар хуудас/,

 

            Гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг өнгөрч байхад ус авах гээд гэрээсээ гараад явж байтал портертой танихгүй залуу үхрийн баас асгаад зогсож байхаар нь “энд битгий хог асгаад бай аваад яв” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу чамд ямар хамаатай юм бэ хаана асгах нь чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад гэр рүүгээ ороод утсаа авч гарч ирээд хог асгаж байгаа байдлыг нь бичлэг хийсэн. Тэгтэл нөгөө залуу нөгөө асгасан баасаа аваад айлын хог дээр асгах гэхээр нь наадах чинь айлын хог чи авчирсан газар руугаа аваад явчих гэж хэлээд тэр залуу тэндээ үлдсэн. Би өөр худаг руу явж усаа авахаар явсан. Тэгтэл тэр залуу араас ирээд утсаа гаргаж ирээд “чи намайг бичлэг хийлээ, би чамайг бас бичнэ” гээд тэрнээс болоод хоорондоо маргалдсан. Тэгээд намайг явуулахгүй савтай усыг тэрэг дээрээс авч буулгаад байсан. Тэгэж байхдаа усаа авах гэж байхдаа зууралдаж байгаад газар уначихсан юм. Тэгтэл эхнэр Э.А нь хүрч ирээд намайг өмөөрөөд “чи яагаад хүн түлхэж байгаа юм бэ наадах чинь бие муутай хүн” гэхэд манай эхнэрийг гэдэс рүү нь түлхэхээр нь манай эхнэр чи яахаараа хүн түлхдэг юм бэ гэж хэлээд цээж рүү маажчихсан юм тэгэхэд манай эхнэрийг барьчихаад тавихгүй зууралдаж ноцолдож байгаад салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн: “Н.О нь ус авах гээд цаашаагаа явсан усанд явчхаад ирэхгүй 30-40 минут болсон. Тэгэхээр нь гараад хартал нөгөө хог асгаж байсан залуу нөхрийн ус авах гэж явсан худаг дээр оччихсон манай нөхрийг түлхээд унагаж байгаа харагдахаар нь би нөхрийгөө бие муутай болохоор нь хүнд зодуулж бана гэж бодоод очоод тэр залуутай хоорондоо маргалдаад би нөгөө залууг нөхрөөсөө салгах гээд зууралдаад татаж чангаалцсан манай нөхрийг тэр залуу зууралдчихаад тавихгүй байсан тул би наадах хүн чинь бие муутай хүн тавь гээд тэр залуутай зууралдаад нөхрөө салгаад явсан. ...Би салгах гээд зууралдаж байхдаа цээж хүзүүний ар хэсгээс нь гараараа маажсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №643 дугаар:

            “1. Н.Чийн биед нүүр, хүзүү, цээж, зүүн бугалга, нуруунд зулгаралт, баруун төмсөгний хуйхнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

            ******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, Э.Аын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 47 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, Өрхийн амьжилгааны түвшинг тодорхойлох судалгаа /хх-ийн 52 дугаар хуудас/, Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтэр /хх-ийн 53-57 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/, Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Э.А нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо Энгэршандын задгайд хохирогч Н.Чтэй “нөхрийн зодсон” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүр, хүзүү, цээж хэсэгт нь гараараа маажиж биед нь нүүр, хүзүү, цээж, зүүн бугалга, нуруунд зулгаралт, баруун төмсөгний хуйхнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Н.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгтэл тэр залуугийн эхнэр гэх хүүхэн ирсэн. Бид хоёрыг зодолдож байна гэж бодсон юм шиг байна лээ. Бид хоёрын дундуур орж ирээд нүүр рүү гараараа самардаад миний нүүрний хэсэгт маажсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгтэл эхнэр Э.А нь хүрч ирээд намайг өмөөрөөд “чи яагаад хүн түлхэж байгаа юм бэ наадах чинь бие муутай хүн” гэхэд манай эхнэрийг гэдэс рүү нь түлхэхээр нь манай эхнэр чи яахаараа хүн түлхдэг юм бэ гэж хэлээд цээж рүү маажчихсан юм тэгэхэд манай эхнэрийг барьчихаад тавихгүй зууралдаж ноцолдож байгаад салсан” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №643 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

Хохирогч Н.Чийн эрүүл мэндэд учирсан “...нүүр, хүзүү, цээж, зүүн бугалга, нуруунд зулгаралт, баруун төмсөгний хуйхнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл” нь гараараа маажих, ноцолдох үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Аыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Н.Ч нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

             Шүүх шүүгдэгч Э.Аыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бие муутай нөхрөө өмөөрсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /жирэмсэн, өрхийн амьжиргааны түвшин доогуур, нөхөр нь 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялаас чөлөөлсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Ад оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ