| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/09095/и |
| Дугаар | 101/ШШ2017/00188 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2017/00188
| 2017 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2017/00188 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У холбогдох,
Ажиллаагүй хугацааны цалин 812,000 төгрөг, хоол унааны мөнгө 80,000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 812,000 төгрөг, нийт 1,704,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Л.Алтангэрэл нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/22 тоот тушаалаар Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл ОНӨААТҮГазар зам талбайн мастераар ажилд орж ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/383 тоот тушаалаар зам цэвэрлэгээний инженерээр сэлгэн ажилласан болно. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/638 дугаар захирамжийн дагуу НҮУБНэгтэл ОНӨААТҮГазрыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр татан буулгаж, тус байгууллага нь Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Хот тохижилтын газар, Усны барилга байгууламж гэсэн гурван газар болон өөрчлөгдсөн бөгөөд тус гурван газарт хуучин байгууллагад ажиллаж байсан ажилчид, албан хаагчид хуваагдан хуваарилагдан очсон юм. Миний хувьд Улаанбаатар зам, засварын газарт хуваарилагдан очсон бөгөөд тус газрын дарга Ж.Чинзориг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуудан уулзаж таньтай хамтран ажиллах боломжгүй, таны орон тоо байхгүй хэмээн мэдэгдсэн. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нарийн бичиг нь залгаад ирж тушаалаа ав, тойрох хуудсаа зуруул гэснийх нь дагуу очиж тойрох хуудсаа зуруулж тушаалаа авсан. Ер нь бол газрын дарга Ж.Чинзориг ажил авсаныхаа дараа орон тоо хасагдсан, ажилтаны тоог цөөрүүлсэн, ийм ийм орон тоо байхгүй болсон тухай огт мэдэгдээгүй, танилцуулга өгөөгүй. Нөгөө талаар би хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй ажлаа бүрэн хариуцан ажиллаж байсан. Тухайн үед тус байгууллагад хуваарилагдан очиж орон тооны цомхотголд орсон 17 хүн байсан бөгөөд би ойлгохдоо бүгдийг нь дуудаж тушаалыг нь өгч байгаа юм байх гэж бодсон. Тэгтэл маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тушаал чинь 11 дүгээр сарын 01-ний өдрөөр гарахаар болсон шүү гэж оффисоос нь нэг эмэгтэй хүн залгасан. /хэн гэдгийг нь тухайн үед асуугаагүй/. Учрыг нь бусад хамт цомхотголд орсон хүмүүсээсээ асуухад Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой түүний дагуу 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тушаал гарахаар болсон гэхээр нь минийх ч бас адилхан байлгүй гэж бодоод очиж уулзаагүй. Тэгтэл цомхотголд орсон хүмүүсийн тушаал гараагүй байна гэсээр 2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой гарч би тушаалаа авах гээд очтол чиний тушаал 2016 оны 10 дугаар сарын 03-нд гарсан хуучин тушаалаараа бусад нь тушаалаа аваагүй байсан болохоор 2016 оны 11 дүгээр сарын 01-нээр гарч байгаа гэсэн тайлбарыг надад өгсөн. Яагаад миний тушаалыг 11 дүгээр сарын 01-ээр гаргахгүй байгаа юм бэ гэж тухайн үед хүний нөөц хийж байсан н.Ариунболдоос асуухад чи өөрөө гүйж ирээд тушаалаа аваад явсан, би тушаал чинь хүчингүй болсон гэж огт хүнээр яриулаагүй одоо тэр тушаалаараа яв. Тэгээд ч чи тушаалаа авчихаад Фэйсбүүкэд тавьсан одоо чиний тушаалыг өөрчлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Фэйсбүүкэд нийтэлсэн нийтлэлийн хувьд найз нөхөддөө ажилгүй болсон тухайгаа бичиж тушаалын зургийг нь авч тавьсан ба тус байгууллагыг ямар нэгэн байдлаар буруутгасан зүйл бичээгүй байхад чи яах гэж тушаалаа интернэтэд тавьсан юм гэсэн утгатай юм надад ярьсан. /Фэйсбүүкэд тавьсан нийтлэлийг хавсаргав./ Үүний дараа тус газрын дарга Ж.Чинзоригтой миний тушаал хоцорчихсон байна ямар учиртай юм бэ гэхэд чам дээр 2 тушаал гаргах боломжгүй тэр тушаал гаргаагүй хоцроосон хүнээсээ мөнгөө олж ав, би чиний нүдийг чинь боож гарыг чинь хүлж байгаад тушаалыг чинь өгөөгүй, чи гуйж ирээд тушаалаа авчихаад одоо битгий ийм юм ярь, тэгээд ч би чам руу хүнээр яриулаагүй гэсэн хариулт өгсөн. Ж.Чинзориг нь бусад хүмүүсээс намайг ялгаварлан үзэж, халагдах тушаалыг нэг сарын өмнө гаргасан. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 40.5, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтуудыг зөрчиж, намайг хохироож байна.
Ажилгүйдлын тэтгэмжийн 812,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний дансанд хийснээр хүлээн авсан тул энэхүү шаардлагаасаа татгалзаж, одоо ажиллаагүй хугацааны цалин болох 812,000 /10 дугаар сарын цалин/ төгрөг, хоол унааны мөнгө 80,000 төгрөг, нийт 892,000 төгрөгийг тус байгууллагаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ, тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзиймаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай" 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/638 дугаар захирамжийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазрыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр татан буулгаж “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Геодез, Усны барилга байгууламж” ОНӨААТҮГ гэсэн гурван байгууллагад хуваан зохион байгуулсан. Нийслэлийн Засаг даргын “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/638 дугаар захирамж, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр баталгаажиж гарсан. Энэ захирамжийг батлагдан гарсан өдрөөс нь “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал Д.Энхсайхан байгууллагын нийт ажилтнуудад татан буугдаж байгаа тухай, ажилтнуудыг мэргэжил, мэргэшлийн дагуу харьяалагдах байгууллагад шилжүүлнэ гэж сонсгол хийсэн. Энэ захирамжийн 1-д “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл’’ ОНӨААТҮГазрыг татан буулгах комиссыг хавсралтаар байгуулж, 2-т татан буулгах комиссын хэрэгжүүлэх үүргийг зааж өгсөн байна. Үүнд: захирамжийн 2.4-т “...зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу тэтгэмж олгох ... гэжээ”. “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Л.Алтангэрэлийг ажилд томилон хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ч татан буулгах комиссын зохион байгуулснаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазрын цалингийн хэмжээгээр нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг Л.Алтангэрэлд олгосон. Л.Алтангэрэл нь “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-т 2016 оны 10 дугаар сард ажиллаагүй тул хоол унааны мөнгө 80,000 төгрөг, 10 дугаар сарын цалин 812,000 төгрөгийг олгох боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 812,000 төгрөгийг Л.Алтангэрэлд олгосон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажиллаагүй хугацааны цалин 812,000 төгрөг, хоол унааны мөнгө 80,000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 812,000 төгрөг, нийт 1,704,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь ажлаас халагдсаны тэтгэмжид 812,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн үндэслэлээр нэхэмжлэгч энэхүү шаардлагаасаа татгалзаж багасгасан, одоо 2016 оны 10 дугаар сарын цалин буюу ажиллаагүй хугацааны цалин 812,000 төгрөг, хоол унааны мөнгө 80,000 төгрөг, нийт 892,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Л.Алтангэрэл нь ажлаас чөлөөлөгдөж, 2016 оны 10 дугаар сард ажил хийгээгүй тул уг хугацааны цалинг олгох үндэслэлгүй гэж маргаж байна.
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 дугаартай “Л.Алтангэрэлийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/638 захирамжийг тус тус үндэслэн “Л.Алтангэрэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, түүний ажлыг 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор хүлээлцэж, холбогдох тооцоог зохих журмын дагуу хийж дуусгахыг, Л.Алтангэрэлд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох”-оор шийдвэрлэжээ.
Уг тушаалын үндэслэл болон ажлаас чөлөөлөгдсөний хувьд нэхэмжлэгч Л.Алтангэрэл маргаагүй тул энэхүү тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Дээрх тушаалын дагуу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Л.Алтангэрэлд ажлаас халагдсаны тэтгэмжид 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 812,000 төгрөгийг хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас олгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Харин Л.Алтангэрэлийг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр гаргана гэж надад хэлсэн, бусад ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад 10 дугаар сарын цалинг олгосон тул надад ч гэсэн олгох ёстой гэж нэхэмжлэгч тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ажилтаны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохоор зохицуулсан бөгөөд Л.Алтангэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн тул ажиллаагүй хугацааны цалин нэхэмжлэх эрхгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Алтангэрэлийн “2016 оны 10 дугаар сарын цалин буюу ажиллаагүй хугацааны цалин 812,000 төгрөг, хоол унааны мөнгө 80,000 төгрөг, нийт 892,000 төгрөг гаргуулах” тухай хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, Л.Алтангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,214 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л.Алтангэрэлд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ