Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ш.Гандансүрэн /и/ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, 

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч П.Н , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогч Б.С,

иргэдийн төлөөлөгч А.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн П-ийн Н-д холбогдох эрүүгийн 2034002200238 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

       

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1978 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг, Жаргалант сум, Бууралын 1 дүгээр баг, задгай  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2000 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НМ дугаарын регистртэй, Т овгийн П-ийн Н

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч П.Н  нь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн Салхит 2-2 тоотод 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.С-ийн хөлөн тус газарт хутгалсны улмаас биед зүүн шилбэнд шарх, зүүн шаантны тараагуур судасны тасрал, урагдал, булчингийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

  

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н :

...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээрээ явна... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С:

...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18-19 цагийн үед П.Н-ынд орсон.

Шүүгдэгч П.Н  бид хоёр эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул ял шийтгэлийг нь хөнгөрүүлж багасгаж өгнө үү. Би цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1834009210462 дугаартай хэрэгт хохирогч Б.С /хх-ийн 7-8, 9-10 дугаар хуудас/, гэрч П.Н  /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Б.Ч /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Э.Э /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Э.Д /хх-ийн 14 дүгээр хуудас/, яллагдагч П.Н  /хх-ийн 25-27 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,  хохирогч Б.С-ийн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, шүүгдэгчийн П.Н-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 32-47 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Шүүгдэгч П.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн Салхит 2-2 тоотод Б.С-ийн хөлөн тус газарт хутгалсны улмаас биед зүүн шилбэнд шарх, зүүн шаантны тараагуур судасны тасрал, урагдал, булчингийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.С-ийн ...босож ирээд хутгаар миний зүүн хөлийн шилбэрүү хутгалсан. Тэгээд би яаж байна гээд хэлтэл хутгаа сугалаад нөгөө Ш гээд залуу нь ор руу чирээд аваад явсан. Тэр Н агсраад дайраад байсан. Тэгээд би их хэмжээний цус алдаад байж байтал Ш нь хараад нөгөө Наа чи хүн хутгалсан байна гэж загнаад байсан. Тэгтэл нөгөө Н нь гүйцээгээд ална гээд дайраад байсан... ...Надад ор хоногийн мөнгө гээд 100.000 мянган төгрөг дансаар явуулсан ... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

...Юунаас болж хутгаар миний зүүн хөл рүү гэмтэл учруулсан мэдэхгүй байна. Гэрт архи согтууруулах ундаа ууж байсан. Ш буюу Э-тэй, П.Н  тоглоод Э нь Н-ын дээрээс дараад тэгтэл Н Э-ын суган доогуур шургаж гарч ирээд гартаа хутгатай миний зүүн хөлний шилбэ хэсэгт хутгаар нэг удаа хутгалж гэмтэл учруулсан юм. Тухайн үед Н бид 2 муудалцаагүй... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

гэрч Б.Ч-ийн ...Д над руу залгаад агаа та аавын гэрт ирээд морь авчих гэж хэлсэн. Энд аав хүн хутгалсан байна гээд тэгээд би яваад очтол С нь хөлнөөс нь цус гараад орилоод Э боогоод сууж байсан. Н ах агсраад сууж байсан. Тэгээд ороод дүүгийн морийг аваад явсан... ...Намайг ороход хутга харагдаагүй тал шил архи байсан. Тэрийг нь гаргаад хаясан... /хх-ийн 12 дугаар хуудас/,

гэрч Э.Э-ын ...намайг С дуудаад намайг хатгачихлаа гээд дуудаад би сэртэл булчинд нь хатгасан цус гараад байж байсан. Би боолтоор боосон урсаад гойжоод байсан. Би боолт хийгээд эмнэлэг дээр авчирсан. Тэгээд намайг цагдаа ирээд авсан... ...Хоорондоо маргалдаагүй зүгээр байсан... ...Бид 3 л байсан би санахгүй байсан. Тасарсан байсан... /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч Э.Д-ын ...Э ах над руу залгаад аав чинь хүн хутгалсан байна ир гэж дуудсан. Тэгээд би морьтой давхиад иртэл гэрээр нил цус болсон аав зүүн орон дээр согтуу сууж байсан. Баруун талд С-ийн хөлнөөс цус гараад Э хөлийг нь боогоод сууж байсан. Тэгээд Э ах эмнэлэг аваад явсан. Тэгээд би гэрийг нь цэвэрлүүлээд үлдсэн Ч ахыг би ирээд морь авчих аав энд хүн хутгалсан байна гэж дуудсан... ...Намайг ороход хутга байхгүй байсан тал шил архи байсан тэрийг нь би хаясан... ...Намайг очих үед тэр 3 л байсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

яллагдагч П.Н ын ...С, Ш-д би тэр гар утасны чинь тал мөнгийг өгөө биз дээ гээд хэрүүл болоод байсан. Тэгээд би согтоод цаашаа юу болсон мэдэхгүй нэг ухаан орсон чинь сумын эмнэлэг дээр миний хуруу юманд зүсэгдсэн эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд ухаан ороод сумын цагдаагийн хэсэг дээр очоод хэсгийн төлөөлөгч намайг хүний биед хутгаар гэмтэл учруулсан архийг нь гарахаар өглөө аваад ирээрэй гээд эгчид хүлээлгэн өгсөн юм... ...Тухайн хутга манай гэрийн хутга байсан юм... ...Б.С-ийн эрүүл мэндэд хутгаар хүнд хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 25-27 дугаар хуудас/,  гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаартай ...Б.С-ийн биед зүүн шилбэнд шарх, зүүн шаантны тараагуур судасны тасрал, урагдал, булчингийн няцрал бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,  хохирогч Б.С-ийн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, шүүгдэгчийн П.Н-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 32-47 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

  

 Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч П.Н-ын Б.С-ийн хөлөн тус газарт хутгалсны улмаас биед зүүн шилбэнд шарх, зүүн шаантны тараагуур судасны тасрал, урагдал, булчингийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусад руу дайрч, хатгах, хутгалах, гэмтээж бэртээх нь хууль бус шинжтэйг мэдсээр байж хутгалсан, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд санаатай гэмт үйлдэл хохирогчид учирсан хүнд хохиролтой шууд шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч П.Н-ыг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд зүүн шилбэнд шарх, зүүн шаантны тараагуур судасны тасрал, урагдал, булчингийн няцрал бүхий хүнд хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.С нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой 350.700 /гурван зуун тавин мянга долоон зуу/ төгрөгийн баримт гаргаж нэхэмжилсэн ба шүүгдэгч П.Н  нь 460.000 төгрөгөөр, 100.000 төгрөгөөр, 200.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн өгч нийт 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөгийг төлсөн болох нь хохирогчид хохирлоо төлсөн талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хохирогч Б.С-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн тухай хүсэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч П.Н-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б.С нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж байсан хэдий ч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч П.Н-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.Н-д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 2034002200238 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Н  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.С нь шүүгдэгч П.Н-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно. 

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

                1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

                                          болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн П-ийн Н-ыг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн П-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн П-ийн Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн 2034002200238 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Б.С нь шүүгдэгч П.Н-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн П-ийн Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

  

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн П-ийн Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА

 

                                                                              Ж.МӨНХТУЯА

                                             

                                                                              Ш.ГАНДАНСҮРЭН