Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Эд холбогдох эрүүгийн 200700*******00195 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, *******-ны өдөр, Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............................................................ тоотод оршин суух,

Урьд Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

******* овогт Г.Э /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-ний шилжих шөнө ******* дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 6 дугаар гудамжны 459 тоотод Б.Бтай маргалдан барьцалдан газар унаж, улмаар хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 онц 07 дугаар сарын 09-ний шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад гаднаас хүргэн ах Г.Э согтуу орж ирсэн. Миний төрсөн эгч Б.Уийн ална чи хаяад явчихлаа гээд агсарахаар нь би болиочээ гэж хэлээд миний цамцнаас татаад намайг боосон. Би гарыг нь тавиулах гэж ноцолдоод бид хоёр давхаралдаад газар унасан. Тэр үед боохоо болихгүй байсан учир би хүргэн ахын нүүрэн тус газар гараараа цохисон. Тэр үед ээж гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд хүргэн ахыг барьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хаачихаад 01 цаг өнгөрч байхад гарах үед хоёр хүн сууж байсан. Намайг нөхөр таниад “нааш ир пизда минь” гэхээр нь “юу гэнээ” гэхэд дуугүй болсон. Би шууд ажлынхаа хүний машинд суугаад аавындаа очсон. Утсаар араас залгаад “чи намайг ингээд хаяад явчихдаг юм уу” гэхээр нь “чи согтуу байна” гэж хэлээд утсаа салгасан. Аавынд ороод ээждээ болсон явдлыг хэлээд сууж байхад нөхөр ороод ирсэн. Ээж “чи одоо боль” гэж нөхөрт хэлэхэд “намайг хаяад явчихлаа” гэж орилоход нь дүү Б.Б босож ирээд “та одоо болиоч цаг хэд болж байна, айл хүндэлдэггүй юм уу” гэж хэлээд тэр хоёр барилцаад авсан. Тэр хоёр бие биенээ заамдаад газар унасан ээж тэр үед салгаад цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,         

            Гэрч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө 01 цагийн үед охин Б.У гэртээ ирсэн. Б.У Г.Эг ажлын гадаа согтуу байж байсан. Янз бүрээр дуудахаар нь би очоогүй шууд ажлынхаа хүний машинд суугаад хүрээд ирлээ гэсэн. Араас нгь Г.Э согтуу орж ирээд Б.У рүү пизда минь ягаад хаяад явчихав гэж агсарсан. Тэр үед хүү Б.Б босч ирээд айл гэр хүндлэхгүй, ээж аавыг маань хүндлэхгүй гэхэд чи яах юм гэж хэлэхэд чи яах юм гээд тэр хоёр барилцалдаад авсан. Хүү Батхуягийг Г.Э боосон тэр үед би салгаад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд бид нар дүүргийн цагдаа дээр ирж мэдүүлэг өгчихөөд гэрлүүгээ харьсан. Тэр үед хүү Батхуягийн хүзүү нь нэлээн зулгарсан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Г.Эгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Б.Б босч ирээд айл хүндэлсэнгүй юу гээд бид хоёр маргалдсан. Барьцалдаж аваад зууралдаад ноцолдсон. Би Б.Бийг заамдаж боосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №518 дугаар:

            “1. Б.Бийн биед хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Г.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52  дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, ******* дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 97 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Яллагдагч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ******* дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 6 дугаар гудамжны 459 тоотод Б.Бтай маргалдан барьцалдан газар унаж, улмаар хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Б.Б босч ирээд айл хүндэлсэнгүй юу гээд бид хоёр маргалдсан. Барьцалдаж аваад зууралдаад ноцолдсон. Би Б.Бийг заамдаж боосон” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Б.Бийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “Миний төрсөн эгч Б.Уийн ална чи хаяад явчихлаа гээд агсарахаар нь би болиочээ гэж хэлээд миний цамцнаас татаад намайг боосон. Би гарыг нь тавиулах гэж ноцолдоод бид хоёр давхаралдаад газар унасан. Тэр үед боохоо болихгүй байсан учир би хүргэн ахын нүүрэн тус газар гараараа цохисон. Тэр үед ээж гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дүү Б.Б босож ирээд “та одоо болиоч цаг хэд болж байна, айл хүндэлдэггүй юм уу гэж хэлээд тэр хоёр барилцаад авсан. Тэр хоёр бие биенээ заамдаад газар унасан ээж тэр үед салгаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хүү Б.Б босч ирээд айл гэр хүндлэхгүй, ээж аавыг маань хүндлэхгүй гэхэд чи яах юм гэж хэлэхэд чи яах юм гээд тэр хоёр барилцалдаад авсан. Хүү Батхуягийг Г.Э боосон тэр үед би салгаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн шинжээчийн №518 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогдон хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа, иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж мэтгэлцсэнийг шүүх хянаж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл өөр, мөн шүүгдэгч Г.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байгаа зэргийг харгалзан шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Б.Бийн эрүүл мэндэд учирсан “хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” нь түүнийг боох үед үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь ******* Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Эг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Б.Б нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатараас “шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал /тогтмол тодорхой орлогогүй/ зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эд 240  /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ