Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/00242

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/00242

Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.О нэхэмжлэлтэй,     

    Хариуцагч: Т.О

   Хариуцагч: Ц.А нарт холбогдох

 

    Зээлийн гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг, үйл ажиллагааны зардалд 100,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Т.*******, Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов. 

 

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                   

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.*******, Ц.******* нар нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг үндэслэн 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээ хийсэн бөгөөд хүчинд автуулж гэрээ хийсэн зүйл байхгүй. Уг зээлийг өдөрт 60,000 төгрөг төлөхөөр, 2 сарын хугацаатай хийгдсэн. Т.******* нь 2016 оны 7, 8 дугаар сард 20 өдөр 60,000 төгрөгөөр нийт 1,200,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2 сарын хүүд 600,000 төгрөг, үндсэн зээлээс 600,000 төгрөг тус тус тооцсон. Алдангийг 2016 оны 8 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 100 хоног тооцож, 1,200,000 төгрөг гарч байгаа болно. Зээлийг Т.*******т хүлээлгэн өгсөн бөгөөд Ц.******* нь батлан даалт гаргаж гэрээнд гарын үсэг зурсан, энэ хоёр цаашаа хэрхэн яаж хэрэглэснийг би яаж мэдэхэв. Т.*******ийг эрж хайхад гарсан үйл ажиллагаанд 100,000 төгрөгийн зардал гарсан.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,400,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, үйл ажиллагааны зардал 100,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.*******аас 3,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд миний бие зарцуулж, зээлийг би төлж байсан. Нийтдээ 1,200,000 төгрөгийг төлсөн. Мөн 200,000 төгрөгийг 10 хоногийн зайтай 100,000 төгрөгөөр төлсөн. Би энэ зээлийг бүрэн хариуцаж төлнө. Цайны газар ажиллуулдаг байж байгаад одоо больчихсон учраас төлж чадаагүй юм. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,400,000 төгрөгийг зөвшөөрч байна. Алдангийн хувьд хэт өндөр байгаа тул багасгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.*******тэй 2010 онд монгол хуушуурт хамт ажиллаж байсан юм. Тэр үеэс хойш таньдаг болсон. Тэгээд мэндийн зөрүүтэй л байдаг байсан. Ар гэрийн байдлыг нь сайн мэддэггүй байсан. 2016 оны хавар билүү намар нь Т.******* манай гэрт сар гарантай нярай хүүхдээ дагуулан гуанз ажиллуулж байгаа юм түрээсээ төлөх гэсэн мөнгө байдаггүй, тэгээд нэг хүн 10 хувийн хүүтэй өдрийн зээл өгдөг гэнэ батлан даагч хэрэгтэй байна, та надад туслаад батлан даагч болоод өгөөч гээд уйлан гуйгаад байсан юм. Хүүхдээ дагуулаад уйлаад байсан хүнд үгүй гэж хэлж чадаагүй юм. Тэгээд дүү нь өдөр болгон 60,000 төгрөг төлөөд явна таньд ямар нэг асуудал үүсгэхгүй гэсэн. Би тухайн үед энэ хүн цайны газраа ажиллуулаад өдөр болгон орлого олоод төлөөд явах юм байна гэж ойлгосон. Гэтэл одоо Т.******* нь зээлээ төлж чадаагүйгээс болоод Г.******* нь надаас зээлийг нь төлөхийг шаардаж, хэл амаар доромжилж сүрдүүлсэн. Би аргаа бараад 2 ч удаа цагдаа дуудаж байсан. Би Т.*******ийн өмнөөс зээлийг нь төлж чадахгүй, учир нь 2015 оны 3 дугаар сард шүүхийн шийдвэрээр 5 сая гаруй төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс өдөр болгон шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаарддаг. Мөн миний нэр дээр 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн гэрээ” ¹БГ1309/18/53 дугаартай 8,000,000 төгрөгийн зээл, ¹ЗГ 1701/05/02 дугаартай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10,500,000 төгрөгийн зээлийн гэрээтэй байна. Миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, дээрх өөрийн нэр дээр байгуулсан зээлийн төлөлтийг хийж чадахгүй хүнд хэцүү байдалтай байж байхад Т.*******ийн зээлийг төлөх надад ямар ч бололцоо байхгүй. Би Т.*******ээс ямар ч мөнгө аваагүй. Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй хүн юм. Миний данс шийдвэр гүйцэтгэлээс битүүмжлэгдсэн байдалтай байна. Г.*******аас мөнгийг нь авсан Т.*******ээс л мөнгийг нь гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.  

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Т.*******, Ц.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,400,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, үйл ажиллагааны зардал 100,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч Т.******* нь үлдэгдэл зээл 2,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин алданги хэт өндөр байна гэж, хариуцагч Ц.******* би мөнгө хүлээж аваагүй, батлан даагч хэрэгтэй байна гэхээр нь гэрээнд гарын үсэг зурсан гэж тус тус маргаж байна.

 

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Т.*******, Ц.******* нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор, өдөр бүр 60,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохирч гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, “Иргэд хоорондын зээлийн гэрээ” зэргээр тогтоогдож байна.

 

Уг гэрээний дагуу Г.******* нь 3,000,000 төгрөгийг Т.*******т хүлээлгэн өгсөн болох нь зээлийн гэрээний арын нүүрэнд бичигдсэн мөнгө хүлээлцсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийг нэхэмжлэгч Г.******* нь Т.*******т хүлээлгэн өгсөн нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь буюу хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчилэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байхаар хуульчилжээ.

 

Гэтэл гэрээнд Ц.******* гарын үсэг зурсан боловч бодитоор зээлийг авч хэрэглээгүй, нэхэмжлэгч нь Ц.*******д Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө хүлээлгэн өгөөгүй, батлан даалт гаргасан гэх зохигчдын тайлбар зэргээс үзэхэд Ц.*******ыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн уг зээлийг Т.******* нь миний бие хүлээн авсан, би хариуцан төлнө гэсэн тайлбараас үзэхэд Ц.*******ыг хамтран хариуцлага хүлээх этгээд гэж үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигчид нь алдангийн талаар гэрээндээ тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 100 хоногийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2,400,000 төгрөгөөс тооцож, 1,200,000 /100 хоног х 12,000 төгрөг/ төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Т.******* алдангийн хэмжээ хэт өндөр байна гэж маргадаг бөгөөд энэхүү тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна алданги нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой хариуцлагын хэлбэр юм.

 

Нэхэмжлэгч нь үйл ажиллагааны зардалд 100,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт 3,600,000 /2,400,000+1,200,000/ төгрөгийн шаардлагыг хангаж, 100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

           1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.*******ээс үндсэн зээл 2,400,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 72,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай. 

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЭНХЖАРГАЛ