Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/00259

 

 

 

 

 

        2017 оны 01 сарын 18 өдөр

     Дугаар 101/ШШ2017/00259

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Б СӨХ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Э холбогдох

 

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,195,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.                                                                                                                                                                                                       

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

                

Нэхэмжлэгч “*******” СӨХ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сууц өмчлөгчдийн холбооны харьяа ******* тоотод оршин суудаг Ш.******* нь дундын өмчлөлийн болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр болсон сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг төлөөгүйгээс дундын өмчлөлийн эд хөрөнгөд хийгдэх засвар ажил хойшлогдож сууц өмчлөгчдийн холбоотой аливаа ажилд сөргөөр нөлөөлж байна. *******ын оршин суугчид бусад оршин суугчдын адил лифтээр зорчиж, хог шороогоо цэвэрлүүлж бусад үйлчилгээг эрхийнхээ дагуу эдэлж байгаа мөртлөө үүргээ огт биелүүлдэггүй, 2015 онд шүүхэд өгч байсан.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.3 дахь хэсгийг үндэслэж 2011 оны 7 дугаар сараас 12 сарын 90,240 төгрөг, 2012 оны 1 сараас 12 сарын 224,220 төгрөг, 2013 оны 1 сараас 12 сарын 216,300 төгрөг, 2014 оны 1 сараас 12 сарын 228,000 төгрөг, 2015 оны 1 сараас 12 сарыг дуустал 228,000 төгрөг, 2016 оны 01 сараас 11 дүгээр сарыг дуустал 209,000 төгрөг, нийт 1,195,760 төгрөгийг Ш.*******ээс гаргуулахаар нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагаас 2011 оны төлбөр 90,240 төгрөг, 2012 оны төлбөр 224,220 төгрөг, нийт 314,460 төгрөг, мөн 13 сарын авсан ариутгалын мөнгө 1800 төгрөгийн шаардлагаас тус тус татгалзан багасгаж, 2013, 2014, 2015, 2016 оны төлбөрт нийт 879,500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ш.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотод 1995 оноос хойш амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд тус байрны дээврээс ус алдах /3 удаа/ засвар хийсэн боловч дээврийг засахгүй удааснаас сүүлийн 3 жилийн дотор засвар хийж чадаагүй харин энэ өвөл том өрөө болон коридар,банныхаа өрөөнд засвар хийсэн болно. Удаа дараа засвар хийсний хөлс болон цаашид хийх засварын мөнгийг тус сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулах учир сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Олон удаа дээврээс ус алдсанаас болж жижиг өрөө, гал тогоо, коридарын тааз доогуур орж чийгтсэнээс болж өрөөнүүдийн шал хотолзон хяагтнан дуугардаг болсон ба шалыг солих юм уу засварлах шаардлагатай, мөн 00-ын өрөө, галын өрөөг засах учир мэргэжлийн хяналтын газраас шинжээч томилон хохирлын хэмжээг тогтоож өгнө үү. 2 жилийн өмнө тус сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд өргөдөл өгсөн боловч манай байрыг засах дээр ямар нэг арга хэмжээ аваагүй болно. Миний хохирлыг барагдуулвал сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Баян-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ш.*******т холбогдуулан 2011 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал 90,240 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг сарыг дуустал 224,220 төгрөг, 2013 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 216,300 төгрөг, 2014 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 228,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 228,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал 209,000 төгрөг, нийт 1,195,760 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээс 2011 оны төлбөр 90,240 төгрөг, 2012 оны төлбөр 224,220 төгрөг, мөн 13 сарын авсан ариутгалын мөнгө 1800 төгрөг, нийт 316,260 төгрөгийн шаардлагаас тус тус татгалзан багасгаж, 2013-2016 оны төлбөрт нийт 879,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

 

“Баян-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15, 202, 203, 205 дугаар байрнуудын сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагджээ.

 

Сууц өмчлөгчдөөс сард хураах сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь 2013, 2014, 2015, 2016 онд засвар үйлчилгээ 3600 төгрөг, лифт 7000 төгрөг, цэвэрлэгээ 1000 төгрөг, БОНЗ 300 төгрөг, орцны гэрэл 450 төгрөг, даатгал 1000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг байхаар тогтмол байсан байх бөгөөд жижүүрийн цалинд 2013 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал 4000 төгрөг, 2013 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл 5500 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Ш.******* байх бөгөөд тэрээр 2013, 2014, 2015, 2016 оны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ш.******* нь дээврээс ус алдсаны улмаас манай байранд хохирол учирсан бөгөөд энэ нь сууц өмчлөгчдийн холбооны буруутай ажиллагаанаас болсон тул миний хохирлыг барагдуул гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар тодорхой шаардлага гаргаагүй, энэхүү тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Хэрвээ өөрийн орон сууцанд хохирол учирсан гэж үзэж байгаа бол буруутай этгээдээс жичдээ хохирлоо нэхэмжлэх эрх тань нээлттэй юм.

 

Ийнхүү хариуцагч Ш.******* нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 879,500 /214,500+228,000+228,000+209,000/ төгрөгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөхөөр заасны дагуу төлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.*******ээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 879,500 /найман зуун далан есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Баян-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 25,658 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Баян-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ