| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0207/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 191
2020 05 26 2020/ШЦТ/ 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ийн Г-д холбогдох эрүүгийн 2034000000182 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Баянцагаан суманд 1981 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг Баянцагаан сумын 1 дүгээр багт малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймаг, Баянцагаан сум, Өлзийт гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЗ дугаарын регистртэй, Б овгийн Д-ийн Г
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Г нь Т.Ө-тай бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Шар хөв” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ц.Э-ын 2 тооны адууг хулгайлж 1.477.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000182 дугаартай хэрэгт хохирогч Ц.Э /хх-ийн 13 дугаар хуудас/, яллагдагч Д.Г /хх-ийн 33-36 дугаар хуудас/, яллагдагч Т.Ө /хх-ийн 37-41 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06/24 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-20 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний гэрээ /хх-ийн 23 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Г хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 42-45 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Д.Г нь Т.Ө-тай бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Шар хөв” гэх газраас Ц.Э-ын 2 тооны адууг хулгайлж 1.477.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ц.Э-ын ...2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 настай хүрэн зээр хязаалан үрээ, хээр зүсмийн 3 настай хязаалан үрээ зэрэг 2 тооны адуугаа алдсан... /хх-ийн 13 дугаар хуудас/,
яллагдагч Т.Ө-ын ...хүргэн ах Г намайг хоёулаа урагшаа юманд яваад ирэх үү чамд ченж байгаа юм уу гэхээр нь би байгаа гэж хэлсэн. Ингээд бид хоёр мотоциклтой урагшаа яваад Сэргэлэн сумын нутаг Шар хөв гэх газраас хээр, зээрд зүсмийн 21 толгой адуу мотоциклтой тууж Төв аймагт ирээд Г-ын аавын хашааны үүдэнд шахаж барих гэтэл баригдаагүй. Ингээд би ченж М рүү утсаар яриад Баян сумаас адуу аваад буцаж байна гэж ярьсан. Ингээд 2 адуугаа барьж чадахгүй байж байтал ченж М хүрч ирээд би мотоциклтой сундалж засмал зам руу шахаж байгаад М зээрд морийг бугуйлдаж бариад хээр морийг барьж чадалгүй алдаад явуулсан. М гарал үүслийн бичиггүй ачиж яваа адуунд нийлүүлж бичээд явна гэж хэлээд 500000 төгрөгөөр авахаар болоод Г ахын эхнэрийн данс руу мөнгөө хийлгэж авсан... /хх-ийн 37-41 дүгээр хуудас/
яллагдагч Д.Г-ын ...орой болж байхад манайд ирээд би хоёр адуу хөөгөөд ирлээ баригдахгүй байна. Барилцаад өгөөч гэхээр нь би мотоцикл дээр нь сундлаад Зүүндэлгэр баруун урд хажуу дээр ирэхэд тэнд 2 адуу байсан. Хээр морийг нь барьж чадалгүй алдчихлаа гэсэн. Ингээд зээрд морио М-д ачуулаад 500000 төгрөгөөр зарчихаад тохиролцоод би эхнэр Дэлгэрмаагийн Хаан банкны дансыг өгөөд М 500000 төгрөг шилжүүлсэн. Би маргааш өдөр нь банкнаас мөнгө аваад Ө-д өгөхөд надад 250000 төгрөг өгсөн... /хх-ийн 33-36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06/24 дугаартай ...Ц.Э-ын өмчлөлийн 2 тооны адууг 1477200 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 15-20 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний гэрээ /хх-ийн 23 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Г хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 42-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь Т.Ө-тай бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Шар хөв” гэх газраас Ц.Э-ын 2 тооны адууг хулгайлсан үйлдэл, эс үйлдэхүй нь хамтран оролцооны хэлбэрээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнээрээ бүлэглэн гүйцэтгэх” гэсэн шинжийг,
Мөн шүүгдэгч Д.Г нь Т.Ө-тай бүлэглэн ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг тус тус хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Г-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Харин Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034000000182 дугаартай хэргийг эрүүгийн 1834000000403 дугаартай хэргээс тусгаарлаж, шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, өөрт оногдох хохирлыг нөхөн төлж барагдуулсан бөгөөд тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэн шүүгдэгч Д.Г-д хэргийг тусгаарлан ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах” гэснийг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй ба шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-ын 2 тооны адуу алдагдаж 1.477.200 /нэг сая дөрвөн зуун далан долоон мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Д.Г нь хохирогч Ц.Э-д гэмт хэрэг үйлдэж учруулсан 2 тооны адууны хохиролд 1.477.200 /нэг сая дөрвөн зуун далан долоон мянга хоёр зуу/ төгрөгийн хохирлоос өөрт ноогдох хохирол болох 738.600 /долоон зуун гучин найман мянга зургаан зуу/ төгрөгийг төлсөн болох нь хохирогч Ц.Э-д шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах 89020322 дугаараас 96008901 дугаарт мэдэгдэхэд хохирол барагдсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Харин шүүгдэгчид гомдолтой байна шүүх хуралдаанд суухгүй гэсэн тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Г-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч Ц.Э-ын шүүгдэгч Д.Г-д гомдолтой гэснийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялуудаас хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг доод хэмжээгээр буюу 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Г-д оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 2034000000182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоциклыг шүүгдэгч НЗ дугаарын регистртэй, Б овгийн Д-ийн Г-ын нэр хөрөнгөнөөс гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус дурдсугай.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Г-г бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д-ийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2034000000182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б овгийн Д-ийн Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоциклыг шүүгдэгч НЗ дугаарын регистртэй, Б овгийн Д-ийн Г-ын нэр хөрөнгөнөөс гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Д-ийн Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б овгийн Д-ийн Г-д авсан цагдан хорих сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН