Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221

 

Б.М-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ц.Отгонсүрэн,

            Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М-дхолбогдох эрүүгийн 1708013080069 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Батцэнгэлийн Б.М, 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 66 дугаар гудамжны 9а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УХ94101817/.

Б.М нь 2017 оны 8 дугаар сард, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар гудамжны 15а байрны гаднаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодиc”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, уг сэтгэцэд нөлөөт ургамлыг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Б.Мөнхмандах, Ё.Даваахүү, Д.Гэрэлсүх нарт өгсөн гэмт хэрэгт холбогджээ.  

Нийслэлийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Батцэнгэлийн Б.Мыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хальсан уутны хамт 0,4 грамм жинтэй “өвс”, цэнхэр өнгийн 0,5 литрийн бөөрөндөө 2 хэсэг газар цоолсон улаан өнгийн тагтай усны сав, ямар нэгэн бичилтгүй, дөрвөлжин дэвтрийн цаас, базаж үрчийлгэсэн уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээсэн, хохиролгүй, гэм хор арилсан зэрэг байдлуудыг харгалзан хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн” гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Хөнгөн гэмт хэрэгт анх удаа шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн хэргийн нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж, гэм буруугаа ухамсарлан ойлгосон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой тул энэ заалтыг миний үйлчлүүлэгчид хэрэглэж, нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байгаа тул Б.Мт оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Мт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй бүхий болсон байна гэж үзэв.

Б.М нь 2017 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар гудамжны 15а байрны гаднаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодиc”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, уг сэтгэцэд нөлөөт ургамлыг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Б.Мөнхмандах, Ё.Даваахүү, Д.Гэрэлсүх нарт өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Ё.Даваахүүгийн “...Б.Мөнхмандахын зүс мэдэх хүнтэй таарсан. Тэр хүн бид гурвыг “пиво уух гэж байгаа юм уу” гэж асуухаар нь тийм ээ гэтэл “би сургуулийн хашаанд ороод байж байя, та гурав 0,5 литрийн савтай цэвэр ус аваад ир” гэсэн. Тэгэхээр нь “за” гэж хэлээд 26 дугаар байрны урд талын ТҮЦ-нээс цэвэр ус аваад очсон. Тэгтэл нөгөө ах юм ярьж зогсож байснаа цэвэр устай савыг аваад цаашаа хараад нэг юм хийгээд байсан. Бид 3 наана нь пивоо ууж дуусгаад Б.Мөнхмандах нөгөө ах дээр очоод “наадах чинь юу юм бэ?” гэж асуутал “цаашаа байцгаа, та нарт хамаагүй” гэсэн. Тэгээд хэсэг байж байтал “за нааш ир” гээд “ахын дүү нар энийг сорцгоо” гэхээр нь “юу юм бэ” гэтэл нэг нэр хэлээд “хэрэглэж мэдэх үү” гэсэн. Тэгэхээр нь бид 3 барьж үзээд сонирхсон чинь “ингэж сордог юм” гэж хэлээд зааж өгсөн. Эхлээд Б.Мөнхмандах 1 удаа сороод надад өгөхөөр нь би нэг удаа сорсон. Миний дараа тойруулж сорцгоосон. Тэр ахын өвс нь дуусаад дахиад хийж байтал цагдаа ирсэн. ...” /Хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С.Гэрэлсүхийн “...82 дугаар сургуулийн хашаа руу ортол Б.Мөнхмандах бид хоёрын зүс харж байсан Мийгаа гэх ах таараад “мөнгө байвал ус аваад ирээч” гэхээр нь бид 3 ТҮЦ ороод 0,5 литрийн багтаамжтай жижиг цэвэр ус авчирч өгсөн. Тэгтэл “усныхаа талыг нь уучихаад өгчих” гэхээр нь уучихаад өгтөл цаашаа хараад нэг юм хийгээд ундааны сав оролдоод юм хийгээд байсан. Эхэндээ “цаашаа байцгаа” гээд байсан бөгөөд хэсэг хугацааны дараа “та нар эндээс сорж үзэх үү” гэхээр нь “юу юм бэ” гэтэл “өвс” гэж хэлсэн. Тэгэхээр нь сонирхоод Б.Мөнхмандах сороод араас нь би сороод, тэгээд Ё.Даваахүү сороод бүгд тойруулж сорцгоож өвсөө дуусгаад дахиад өвс гаргаад бэлдэж байтал цагдаа нар ирэхээр нь зугтаагаад сааданд очоод сууж байтал энгийн хувцастай цагдаа ирээд баригдсан. Бид 3 эхлээд Мийгаа гэх ахыг сорох үед нь гадарлаж байсан. Бид нарт соруулахын өмнө мансууруулах ургамал гэдгийг нь хэлсэн. ...” /Хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхмандахын “...Бид гурвыг “жижиг цэвэр ус аваад өгөөч” гэхээр нь бид гурав явж 0,5 литрийн Вита нэртэй ус нэгийг аваад буцаж Мийгаа ах дээр ирэхэд тухайн усны савыг цоолоод ямар нэгэн юм хийгээд байх шиг байсан бөгөөд дараа нь хар тамхины төрлийн ургамал татаад байгааг нь мэдсэн бөгөөд бид гуравт хандан “май сорох уу?” гэхэд нь бид гурав сонирхож үзмээр санагдаад сорцгоосон бөгөөд удалгүй энгийн хувцастай цагдаа ирэхээр нь бид хэд зугтаад 32 дугаар байрны орчим хөдөлгөөнтийн машинд баригдсан. ...” /Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Д.Сүхбаярын “...2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 23 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ харихаар 82 дугаар сургуулийн зүүн талд явж байтал үл таних 4 хүүхэд сууж байсан. Тэр хүүхдүүдийн хажуугаар өнгөрөх үед нэг онцгой үнэр үнэртсэн. Ямар нэгэн өвс, ургамал шатаж байгаа мэт үнэртсэн. Тэгээд тэр 4 хүүхэд рүү ойртож очтол тэр 4 хүүхэд 82 дугаар сургуулийн зүүн талын подвалийн хажууд усны саванд хийсэн зүйл сорж байсан. Би тухайн үед энгийн хувцастай явж байсан бөгөөд цагдаагийн алба хаагч учир тухайн содон үнэрийг мансууруулах үйлчилгээтэй өвсний үнэр байна гэж мэдсэн учир тэр хүүхдүүд рүү дөхөж очоод “ах нь юм асууя” гэж хэлтэл тухайн 4 хүүхэд 4 зүгт зугтчихсан. Тэгэхээр нь би 82 дугаар сургуулийн манаачийн өрөөний хажууд тавьсан байсан мотоциклоо асаагаад тэр хавиар хайсан. Гэтэл уг 4 хүүхдийн 3 нь 33 дугаар байрны урд талын тоглоомын талбайд сууж  байсан. Би явж очоод бичиг баримтаа үзүүлээд, тухайн 3 хүүхдийг саатуулаад эргээд 82 дугаар сургуулийн буюу тэд нарын мансуурч байсан газар очоод хөдөлгөөнт эргүүл дуудсан. ...” /Хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

Б.Мын яллагдагчаар өгсөн “...Би одоогоос 3-4 жилийн өмнө хамгийн анх каннабисын төрлийн өвсийг хэрэглэж үзсэн. Үүнээс хойш хааяа хэрэглэдэг болсон. Гэвч би байнга хэрэглээд байдаггүй. 2017 оны 8 дугаар сард Баянзүрх дүүрэгт, Жуков хавьцаа ургадаг гэж нэг хүнээс сонсоод тэр газар нь очиж үзсэн. Гэтэл уг газарт нэг уруу газар байдаг, айлын хашааны гадна талд уг өвс ургасан байсан. Би тэр өвснөөс бага зэргийг түүж авсан. Намайг уг өвсийг түүх үед хатсан, хуурайдуу байсан бөгөөд базахад 1 атга хэмжээтэй болж байсан. Тэгээд уг өвсийг хувцасныхаа халаасанд хийгээд авч явдаг байсан ба хэрэг үйлдэгдсэн гэх 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хэрэглэсэн. Би тэр өдөр бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байсан юм. Тэгээд 82 дугаар сургуулийн хашаанд зүс таних 3 хүүхэдтэй таарсан. Тэр гурав 82 дугаар сургуулийн хашаанд пиво ууж байсан. Тэгээд миний халаасанд байсан өвсийг гаргаж ирээд хэрэглэсэн. Тухайн үед 82 дугаар сургуулийн хажууд талын подвальд нэг усны сав байсныг хэрэглэсэн санагдаж байна. ...Тэгээд бид нар сороод нэг их удаагүй байтал энгийн хувцастай хүн ирээд “юу хийж байгаа юм бэ” гэхээр нь сандарсандаа зугтчихсан. ...” /Хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 8588 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Даваахүү 2017.09.06” гэж хаягласан хуванцар савтай шээс 90 мл орчим, “Гэрэлтсүх 2017.09.06” гэж хаягласан хуванцар савтай шээс 100 мл орчим, “Мөнхмандах 2017.09.06” гэж хаягласан хуванцар савтай шээс 60 мл орчмыг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Даваахүү 2017.09.06” гэж хаягласан хуванцар савтай шээс, “Гэрэлтсүх 2017.09.06” гэж хаягласан хуванцар савтай шээс, “Мөнхмандах 2017.09.06” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол нь 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10776 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Б.М” гэж хаягласан хуванцар савтай шээс 50 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.М” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илэрсэн. ...” гэх шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.М нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан байх бөгөөд тэрээр уг бодисыг өөрөө хэрэглэж байхдаа тохиолдлын байдлаар бусдад дамжуулан хэрэглүүлсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Б.Мөнхмандах, Ё.Даваахүү, Д.Гэрэлсүх нар нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх боловч хэрэглэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй бөгөөд харин тэдний үйлдэл Зөрчлийн хуульд заасан хэргийн шинжтэй байна.

Б.М-дхолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлээр Б.М-доногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.