Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0023/З |
Дугаар | 221/МА2022/0473 |
Огноо | 2022-06-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2022/0473
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар
Нэхэмжлэгч “Н” ХХК
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 360 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, Ц.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, С.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн
Хэргийн индекс: 128/2022/0023/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр:
2.1. “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 60 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бг дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь заалтад “Хариуцагч ... Захиргааны ерөнхий хуульд заасан үүргийнхээ хүрээнд бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй ... гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар тайлбар гаргаж байгаа нь утга агуулгын хувьд хоорондоо зөрчилдөж байна хэмээн үзлээ". Мөн "... хариуцагчийн маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд шалган тогтоох ажиллагааг хууль журамд нийцүүлэн дахин явуулж ... түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ" гэжээ. Энэ нь хариуцагчийн бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй, хийх ёстой ажлаа хийгээгүй байна гэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
3.2. “Н” ХХК нь хуулийн дагуу газар эзэмшиж, газрын зориулалтыг өөрчилсөн зөвшөөрлийг шинээр авч Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарсан нь хууль ёсны шийдвэр юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 тоот захирамж хууль бус эсэх асуудлыг шүүх санаачлагаараа хөндсөн нь үндэслэлгүй юм. Бид Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/182 дугаар захирамжтай маргаж, түүний "Ну" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
3.2.1. Нийслэлийн захиргааны шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж талуудын маргаанд шууд хамааралгүй асуудлыг захиргааны шүүх өөрийн санаачлагаар Засаг дарга урьд өмнө нь ажиллаж байсан өөр Засаг даргын гаргасан шийдвэрийг хянах, өөрчлөх хугацаа тогтоож өгсөн нь хууль бус гэж үзэж байна. Захиргааны шүүх хэрэг маргааныг нэхэмжлэлийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй байтал тэдэн оны, тийм шийдвэрийг хянаж өөрчлөх, хүчингүй болгон шийдвэрлэхийг даалгаж шүүхийн шинэ жишиг тогтоож, эрх хэмжээгээ зөрчсөн гэж үзэж байна.
3.2.2. Иймд Нийслэлийн захиргааны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 360 дугаартай шийдвэрийн "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 сарын 28 өдрийн А/369 дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 60 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.
3.3. Баянзүрх дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Д.Ж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10 өдрийн 360 тогтоолын "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг 60 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж" шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй бөгөөд энэхүү шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна...” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй тухайд:
4.1.1. “Н” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/541 дүгээр захирамжаар эзэмшсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Засаг даргын А/182 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгуулж, зориулалтыг өөрчилсөн байна.
4.1.2. Нэхэмжлэгч нь эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Тухайлбал эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж байгаа гэж тайлбарладаг боловч газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тогтоогдоогүй болно.
4.1.3. Дээрх үйл баримтаар газрын гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, болзлыг хангаагүй, зориулалтын дагуу орон сууц барьж, үйлдвэрлэл эрхлээгүй болох нь тогтоогдож байхад шүүх "нэхэмжлэгчийн 2020 оны А/182 дугаар захирамжаар газрын зориулалтаа өөрчилж, шинээр гэрээ байгуулснаас тооцоход газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх 2 жилийн хугацаа болоогүй байсан” гэх тайлбарын дагуу дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн” дүгнэсэн нь зориулалтын дагуу ашигласан байхыг заавал шаардаж буй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасныг болон Улсын дээд шүүхийн 2008 оны "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах" тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсгийг зөрчиж, буруу үнэлсэн. Учир нь 2020 оны А/182 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, хугацааг сунгасан болохоос биш нэхэмжлэгчид шинээр газар эзэмшүүлсэн асуудал биш бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа үргэлжилж байсан.
4.1.4. Нэхэмжлэгчийн тухайд 2021 онд газрын жилийн төлбөрт 10,791,144 төгрөгийг төлөх байтал 2021 оны 1, 2 дугаар улиралд ногдох төлбөр 6,179,038 төгрөгийг Засаг даргын "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох" тухай 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн A/319 дугаар захирамж гарах хүртлэх хугацаанд төлөөгүй 6,342,715 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... утга агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй тайлбар, үйл баримтыг түүнд ашигтай байдлаар тайлбарлах замаар маргаан бүхий үйл баримтыг шийдвэрлэх боломжгүй" гэж илт хууль бус дүгнэлт хийж, хууль зөрчсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэснийг зөрчсөн. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр жилийн төлбөрийг нөхөж төлсөн байдлаар гарсан тул цаг хугацааны хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос хойш төлөгдсөн төлбөрүүдэд хамаарч байгаа нь нотлогдсон.
4.2. Шүүх хууль буруу хэрэглэсэн талаар:
4.2.1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д "Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна" гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр телехеер зохицуулсан. Харин 33.1.2-т "энэ хуулийн 29.1. 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1. 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ..." гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч газар эзэмшсэн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 35 дугаар зүйлийн 35.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдож байхад хуулийн шаардлагыг зөрчиж, буруу хэрэглэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны едрийн А/369 дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 60 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй бөгөөд шийдвэр хууль ёсны болж чадсангуй.
4.2.2. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны едрийн 360 дугаартай шийдвэр нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бегеед үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаагүй тул еерчлэлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. Үүнд:
3.1. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлах нэгж талбарын 18663299814691 дугаар бүхий 100,000 м.кв талбай, орон сууц зориулалт бүхий газрыг нэхэмжлэгч “Н” ХХК тус дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” А/541 дүгээр захирамжаар “Дээд өнгө” ХХК-иас 5 жилийн хугацаатайгаар анх шилжүүлэн авсан бөгөөд уг захирамжийн хавсралтын 4-д “дуудлага худалдааны үнэ төлсөн” гэж тэмдэглэгдсэн байна. Үүний дараагаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” А/182 дугаар захирамжаар газрын зориулалтыг Үйлдвэрлэл болгон өөрчилж, газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгажээ.
3.2. Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжаар нийт 80 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд уг захирамжийн хавсралтын 2 дугаарт нэгж талбарын 1333108376 дугаар бүхий нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмших эрхтэй байсан маргаан бүхий газар багтжээ.
3.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргана” гэж тус тус хуульчилсан.
3.4. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тооцсон Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамж гарах үед 6,342,715 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
3.5. Харин анх газар эзэмших эрх олж авсан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” А/541 дүгээр захирамжид “дуудлага худалдааны үнэ төлсөн” гэж тэмдэглэсэн боловч хариуцагчаас энэ нь илт хууль бус алдаатай бөгөөд тус дуудлага худалдааны анхны үнийг маргаан бүхий акт гарсны дараагаар төлж барагдуулсан хэмээн тайлбарлаж байна.
3.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11 дүгээр зүйлийн 11.3-д “Дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө.” гэж тус тус зохицуулжээ.
3.7. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Н” ХХК-д хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 13/531, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13/1827 албан бичгүүдээр нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан ба “Н” ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад 48 дугаар албан бичгээр “...дуудлага худалдааны үнэ 132,000,000 төгрөг дээр харилцан тохиролцож график гаргуулах хүсэлтэй...” талаар дурдсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь дуудлага худалдааны анхны үнийг маргаан бүхий акт гарахад төлөөгүй бөгөөд энэ нь газар эзэмших гэрээний нөхцлийг зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн хариуцагчаас газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй.
3.8. Мөн хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг тайлбарлан мэдэгдсэнд нэхэмжлэгчээс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломжгүй талаар хариу мэдэгдэл хүргүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагаас шийдвэр гаргах журам буюу мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэх боломжгүй учир нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3.9. Үүнээс гадна 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан сансрын зураг зэргээр нэхэмжлэгч нь эзэмших эрх бүхий газар дээр аливаа үйлдвэрийн барилга байгууламж бариагүй, үйл ажиллагаа явуулаагүй болох нь нотлогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
4.1. Түүнчлэн нэгэнт шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/182 дугаар захирамжтай маргаж, түүний "Норолхажалбу" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж тодорхойлсон байхад .... Нийслэлийн захиргааны шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж талуудын маргаанд шууд хамааралгүй асуудлыг захиргааны шүүх өөрийн санаачлагаар Засаг дарга урьд өмнө нь ажиллаж байсан өөр Засаг даргын гаргасан шийдвэрийг хянах, өөрчлөх хугацаа тогтоож өгсөн нь хууль бус гэж үзэж байна” гэх гомдол ойлгомжгүй бөгөөд уг гомдлын үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, 3 дахь заалтыг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА