Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 966

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Мөнхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/00561 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Мөнхбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын цалин болох 1 548 939 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болор-Эрдэнэ, П.Ариунаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 9 сарын 22-ны өдөр УБТЗ ХНН-ийн Сайншанд дахь замын 4 дүгээр ангийн даргаар томилогдон ажиллаж байгаад Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2016 оны 11 сарын 01-ний Б-М-153 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзан үзвэл зохих нөхцөл байдлуудыг зөв үнэлээгүй гэж үзэх тодорхой үндэслэлүүд байх тул хууль бус шийдвэр гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна.  Тушаалын нэгдүгээр заалтанд Ж.Мөнхбатад ямар шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй. Тодруулбал, “Ажлын ноцтой алдаа гаргасан, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны  дүрэм, журмыг ноцтой зөрчснөөс осолд дөхсөн нөхцөлийг бүрдүүлсэн, байнгын хяналт тавиагүй зэрэг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Замын 4-р ангийн дарга Ж.Мөнхбатыг үүрэгт ажлаас нь 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс чөлөөлж, Ж.Мөнхбатыг Хөдөлмөр харилцааны албаны мэдэлд сахилгын шийтгэл тус тус ногдуулсугай” гэж заасан нь утга агуулгын хувьд авцалдаагүй, уялдаа холбоогүй, ойлгомжгүй байдаг. УБТЗ ХНН-ийн Хөдөлмөрийн харилцааны албаны дарга Б.Оюунчимэгтэй уулзаж, тушаалын утга агуулгыг тодруулж, ямар төрлийн зөрчилд, яг ямар сахилгын шийтгэл хүлээж байгаагаа асуухад “2016 оны 10 сарын 24-ний өдөр төмөр замын Цагаанхад зөрлөг дээр Зам засварын машинт станцын ажилтан К.Энхбаатар бетонон дэр ачих ажил хийж байгаад өндөр хүчдэлийн шугамын утас тасдсантай холбогдуулж, чамайг ажлаас халсан гэж хэлсэн.

Тушаалын үндэслэх хэсэгт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтыг иш татсан боловч энэ заалтанд хамаарах нэг ч үйл баримтыг дурдаагүй байдаг. 2016 оны 10 сарын 24-27-ны хооронд Улаанбаатар төмөр ХНН-н даргын намрын улирлын ээлжит үзлэг Замын-Үүдээс Сайншандын хэсэглэлд хийгдэхэд би уг газарт ажиллаж байсан. Энэ үеэр ангийн даргын үүрэгт ажлыг орлогч дарга Д.Эрдэнэбаатар орлож, хөдөлгөөний аюулгуй байдлыг сахиулж үлдсэн. Ангийн орлогч дарга Д.Эрдэнэбаатар 2016 оны 10 сарын 24-ний өдөр “Цагаанхад” зөрлөгт бетонон дэр ачих ажлыг төлөвлөж, шуурхай ажлын тушаал гарган ажил удирдагчаар замын 4-р ангийн инженер Д.Жамъянсүрэнг томилж Зам засварын машинт станцын ажилтнуудаар гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Ажил гүйцэтгэх явцдаа Зам засварын машинт станцын ажилтан К.Энхбаатар ажил удирдагч Д.Жамъянсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр краныг хөдөлгөж, өндөр хүчдэлийн шугам тасдсан зөрчил гаргасныг Замын даргын үзлэгийн комисстой хамт Замын-Үүд өртөөнд ажиллаж байхад замын 4-р ангийн диспетчер мэдэгдсэн. Миний бие Цагаан хад зөрлөгт хийгдсэн ажлыг зохион байгуулах талаар ямар нэг үүргийг ажилтнуудад өгөөгүй. Зөвхөн хэрэг явдал болсоны дараа ангийн диспетчер мэдэгдсэний дагуу холбогдох хүмүүсийн хамт газар дээр нь очиж шуурхай арга хэмжээ авч ажилласан. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын албанд Цагаан хад зөрлөгт өндөр хүчдэлийн шугам тасалсан асуудал осолд дөхсөн тохиолдлоор бүртгэгдсэн эсэх лавлагаа гаргаж өгөхийг хүсэхэд “Осолд дөхсөн тохиолдолоор бүртгэгдээгүй, лавлагаа хийж өгөх боломжгүй. Эрх бүхий байгууллага шаардсан үед л болно” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр огт ийм нөхцөл үүсээгүй байхад ийм нөхцлийг бий болгосонд буруутгаж намайг ажлаас халсан нь үндэслэлгүй болж байна.

Замын 4 дүгээр ангийн инженерүүдийн гаргасан тооцооллоор энэ ажил 2 цагаас илүүгүй хугацаанд бүрэн хийгдэж дуусдаг. Тодорхой хугацаанд онцгой шаардлагаар хийгдээд дуусдаг энэ төрлийн ажилд байнгын хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй. Нөгөө талаар зөрчил гаргасан ажилтан К.Энхбаатар нь Зам засварын машинт станц буюу төмөр замын өөр нэг салбар байгууллагын ажилтан байдаг. Тэс өөр байгууллагын ажилтны үйл ажиллагаанд замын 4-р ангийн даргыг байнгын хяналт тавиагүй гэх үндэслэлээр буруутгасан нь зүйд нийцэхгүй тул тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний бие 2016 оны 10 сарын 29-нөөс 2016 оны 11 сарын 13-ны хооронд ОХУ-д суралцах томилолттой байхад буюу 2016 оны 11 сарын 01-нд тушаал гарч, миний оронд А.Оргодол замын 4-р ангийн даргаар томилогдож, 2016 оны 11 сарын 04-ний өдөр ажлаа хүлээж авсан байдаг. 2015 онд эдэлсэн ээлжийн амралтаас хойш тушаал гарах хүртэл буюу 2016 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл 11 сар тасралтгүй ажилласантай холбоотой ээлжийн амралтын болон цалин хөлсний тооцоо хийгдээгүй. 2016 оны 11 сарын 01-ээс хойш цалин хөлс, олговор бүгд зогссон. ОХУ-д суралцах томилолтоо дуусган Монголд ирсэний дараа тушаалыг албан ёсоор надад танилцуулаагүй. Хууль зүйн хувьд үндэслэлгүй, утга агуулгын хувьд ойлгомжгүй, илт алдаатай, огт үүсээгүй нөхцөл байдлуудыг бий болгосон хэмээн буруутгаж надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан энэхүү хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын цалин болох 1 548 939 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэн, төмөр замын байгууллагад ажилласан хугацааг тасраагүйгээр тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, П.Ариунаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Мөнхбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “УБТЗ”-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-И-153 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаап нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж гарсан. Ж.Мөнхбат нь өөрийн удирдсан ангийн үйл ажиллагаанд байнгийн хяналттай байх зарчмыг хэрэгжүүлээгүйгээс тус ангийн хэмжээнд ажлын төлөвлөлтийг зөв хийгээгүй, өвлийн бэлтгэл ажил хангалтгүй, ажиллагсадын ажлын сахилга хариуцлага суларсанаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хад зөрлөгийн хажуугийн замаас КЖДЭ -253 кранаар төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг Замын 4-р ангийн ажилчид гүйцэтгэх үедээ өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны 10 квт-ын агаарын шугамыг тасалсан ноцтой зөрчил гарсан. Замын 4-р анги дээр Замын аж ахуйн албаны дарга Белош К.Р-ийн удирдаж хийлгэсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шуурхай хурлын тэмдэглэл №01-д албаны дарга нь тухайн осолд дөхсөн нөхцөл гарсан шалтгааныг тус ангийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил хангалтгүй байсан, ажиллагсадын ажлын сахилга хариуцлга их замбараагүй байгаагаас үүдэлтэй гэдгийг онцолсон байна. Уг хурлаас “2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр КЖДЭ кранаар төмөр бетон дэр ачих ажил гүйцэтгэж байхдаа цахилгааны 10 000 квт-ын цахилгааны утас тасалсан, замын ангийн өвөлд бэлдэх ажил хангалтгүй байгаа тул Замын 4-р ангийн дарга Ж.Мөнхбатын ажлыг өөрчлөх саналыг Замын даргад илтгэх” гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу Замын дарга нь “УБТЗ” ХНН-ийн дүрмээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Ж.Мөнхбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээр дурдсан нөхцөл, үндэслэлийг харгалзан үзэж Ж.Мөнхбатын гаргасан Замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний Б-II-153 тоот тушаалыг Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгап, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, төмөр замд ажилласан хугацааг тасралтгүйгээр тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

    Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мөнхбатыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Замын 4 дүгээр ангийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1 548 939 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Мөнхбатад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мөнхбатын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас улсын тэмдэгтийн хураамжид 39 733 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан  шаардлагын дагуу үнэлээгүй. Тухайн төмөр бетон дэр ачих буулгах ажлыг Замын 4 дүгээр ангийн шууд удирдлага дор гүйцэтгэж, ажлын үр дүн нь тухайн салбар нэгж дээр тооцогдох ажил байсан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "3амын аж ахуйн албаны дарга Белош К.Р-ийн удирдан хийсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлд ... 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр КЖДЭ кранаар төмөр бетон дэр ачих буулгах ажлыг Замын 4 дүгээр ангийн ажилчид ажил гүйцэтгэх үедээ өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны 10 000 квт-ын агаарын шугамыг тасалсан, замын ангийг өвөлд бэлдэх ажил хангалтгүй байгаа тул Замын 4-р ангийн дарга Ж.Мөнхбатын ажлыг өөрчлөх саналыг Замын даргад илтгэх ... гэж шийдвэрлэсэн байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна" гэжээ. Хурлаас Ж.Мөнхбатын ажлыг өөрчлөх саналыг Замын даргад илтгэх гэсэн шийдвэр гарсан ба Замын дарга нь тухайн хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрч түүнтэй Замын 4 дүгээр ангийн даргын ажил үүрэг гүйцэтгүүлэхээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр КЖДЭ кранаар төмөр бетон дэр ачих буулгах ажлыг Замын 4 дүгээр ангийн ажилчид ажил гүйцэтгэх үедээ өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны 10 000 квт-ын агаарын шугамыг тасалсаныг нэхэмжлэгч Ж.Мөнхбат хөдөлмөрийн гэрээний 2.3 дах хэсэгт заасан "Ажилтан нь аваар сүйрэл, ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, ... түүнээс урьдчилан сэргийлэх, байнгийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй" ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм" гэжээ. Ж.Мөнхбатын удирдаж байсан Замын 4 дүгээр ангийн хэмжээнд уг ажлыг гүйцэтгэж байх үед тухайн осол гарсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийнхээ дагуу тухайн ангийн дарга хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэл, хэргийн үйл баримтыг хянан үзэж шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Мөнхбатын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтийг залруулан дүгнэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.Мөнхбат нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ж.Мөнхбат нь 2012 оны 9 сарын 20-ны өдрөөс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Сайншанд дахь замын 4 дүгээр ангийн даргын албан тушаалд томилогдон ажилласан байна.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1-137 дугаар тушаалаар ажилтан Ж.Мөнхбатыг Улаанбаатар төмөр замын 4 дүгээр ангийн даргын албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасныг тус тус үндэслэжээ. /хх-ийн 11-12 дугаар тал/

 

Ажил олгогчоос ажилтан Ж.Мөнхбатыг хөдөлмөрийн ноцтой зөрчил буюу “аваар сүйрэл, ажлын ноцтой алдаа гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хариуцагч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Цагаан хад зөрлөгт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр КЖДЭ-253 кранаар төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг 4 дүгээр ангийн замын орлогч дарга Д.Эрдэнэбаатар төлөвлөж, шуурхай ажлын тушаал гаргасан үйл баримтын талаар талууд маргаагүй, энэ талаархи бичгийн нотлох баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 14-15 дугаар тал/

 

            Уг ажлыг гүйцэтгэх явцад станцын машинч К.Энхбаатар нь өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны агаарын шугамыг тасалж, байгууллагад хохирол учруулсан нь ажилтан Ж.Мөнхбатын буруутай үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой болох нь тогтоогдоогүй .

Тодруулбал, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр замын 4 дүгээр ангийн орлогч дарга Д.Эрдэнэбаатар нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд шуурхай ажлын тушаал гаргах үед ангийн дарга Ж.Мөнхбат  албан томилолтоор Замын-Үүд хотод ажиллаж байсан нь тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй ба уг шуурхай ажлын тушаалд заасан төмөр бетон дэр ачих, буулгах ажил гүйцэтгэх гэж буйг тэрээр мэдээгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар  ирцийн бүртгэлээр нотлогдож байна. /хх-ийн 95 дугаар тал/

 

Иймд Ж.Мөнхбатыг аваар сүйрлээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, төмөр бетон дэр ачих, буулгах үед цахилгааны агаарын шугамыг тасалсан үйлдэлд түүнийг буруутгах нь учир дутагдалтай.

 

Түүнчлэн Ж.Мөнхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу ажлаас чөлөөлөх тушаал гарах үед захиргааны чөлөөтэй, ОХУ-ын Эрхүү хотын Улсын зам харилцааны их сургуульд  2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл томилолтоор явсан байна. /хх-ийн 17 дугаар тал/

Гэтэл ажил олгогч  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан ажил, албан тушаал хэвээр хадгалах тухай заалтыг зөрчиж, захиргааны чөлөөтэй үед ажлаас чөлөөлсөн нь буруу.

 

Иймд Ж.Мөнхбатыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 4 дүгээр ангийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай  тус тус нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/00561 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 733 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Т.ТУЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ