| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0703/Э |
| Дугаар | 684 |
| Огноо | 2020-10-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Ц.Ганчимэг,
шүүгдэгч Ө.Б , Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Ө-ын Б , Т овогт Н-ын Ж нарт холбогдох эрүүгийн 2010015200898 дугаартай, 187/2020/0703/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны .....дүгээр сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .........настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, техникч мэргэжилтэй, ........ ажилтай гэх, ам бүл............ хамт, Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Ө-ын Б /................./,
Монгол Улсын иргэн, ....... оны .... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдлмөр эрхэлдэг гэх, ам бүл-........ хамт, Хан-Уул дүүргийн ......... дугаар хороо........... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Т овогт Н-ын Ж /..................../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.Б нь 2020 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд иргэн Х.Ч-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгой руу архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь зулай, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, дэх, зүүн шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатй учруулсан,
Н.Ж нь 2020 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд иргэн С.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ө.Б нь 2020 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд иргэн Х.Ч-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгой руу архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь зулай, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, дэх, зүүн шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатй учруулсан,
Н.Ж нь 2020 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд иргэн С.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ө.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч Н.Ж ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Х.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 22 цаг өнгөрч байхад байрны гадаа машин дотор С.Давхарбаяр, Батболд бид гурав 2 шил архи уугаад сууж байхад Ө.Б ирсэн. Тэгэхэд нь Ө.Б ийг С.Давхарбаяр би чамтай архи хувааж уухгүй чи яв гэсэн. Тэгээд байж байхад Н.Ж гэдэг хүн ирсэн. Н.Ж , Ө.Б 2 маргалдаж байгаад Ө.Б архины шилээр миний толгой руу 1 удаа цохьсон. Өөр намайг цохиж зодсон хүн байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/
4. Хохирогч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 1 цаг орчимд дүү Батаа, тэрний найз Батболд нартай уулзаад хөдөөнөөс ирсэн гээд бага зэрэг ууж байсан. Тэгэхэд манай баз хүргэн Н.Ж , Ө.Б нар нилээд согтуу ирэхээр нь би Ө.Б ийг би чамтай ууж идэхгүй чи яв гэсэн. Тэгэхэд Ө.Б цагдаагийн бууны нохой гэж хэлээд хэрэлдээд байсан. Тэгэхэд Н.Ж миний найзыг хөөлөө гээд надтай барилцаад авсан. Н.Ж гараараа миний нүүрний хэсэгт цохьсон. Намайг нилээд хэдэн удаа цохиж авсан. Яг хаана хэдэн удаа цохиж авсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед би бас нилээд халамцуу байсан. Надад учирсан гэмтлийг Н.Ж гараараа цохиж учруулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-ын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 8635 дугаартай “...С.Д-ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн зулай, хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, 2 хөлийн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт ханаарна” гэх дүгнэлт /хх-19-20/,
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-ын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 8636 дугаартай “...Х.Чулуунболорын биед зулай, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-23-24/,
7. Шүүгдэгч Ө.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчим Нисэх дээр намайг очиход 64 дүгээр байрны гадна С.Давхарбаяр, Х.Чулуунбат, Болдоо нар архи ууж байсан. Тэгээд намайг тэд нар дээр очоод удаагүй байж байхад Н.Ж ирсэн тэгэхэд С.Давхарбаяр, Х.Чулуунбат 2 намайг чи эндээс зайл, би чамтай хамт архи уудаг гар биш гээд байсан. Тэгээд голын эрэг дээр Н.Ж , С.Давхарбаяр, Х.Чулуунбат бид 4 очсон. Намайг одоо буугаад ир гээд заамдаад татахаар нь би хундагалаж байсан тал шил архиараа толгойд нь нэг удаа цохиод авсан. Тэгээд Х.Чулуунбат намайг барих гээд байхаар нь би зугтаагаад яваад өгсөн. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Тухайн гэмтлийг учруулсан талаараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/
8. Шүүгдэгч Н.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 28-нд найз Ө.Б той 1 шил архи уугаад би айлд ороод гараад ирсэн чинь Ө.Б байхгүй болохоор нь утсаар ярьсан. Тэгээд яваад очиход Ө.Б , С.Давхарбаяр, Х.Чулуунбат нар байсан. Архи задлаад ууж байхад С.Давхарбаяр, Ө.Б ийг зайл гээд байсан. Би найз Ө.Б ийг өмөөрсөн. Тэгээд С.Давхарбаяр бид 2 маргалдаж эхэлсэн С.Давхарбаяр, Ө.Б руу дайраад байхаар нь би үүрч унагаад, дахиж босч ирэхээр нь түлхэж унагаад байсан. Би с.Давхарбаярыг баруун гараараа зүүн нүднийй орчим нэг удаа цохьсон. Тэгээд үүрч унагаахад духаараа газар мөргөсөн байж магадгүй С.Давхарбаярт учирсан гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Б , Н.Ж нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 50/-аар тогтоогдлоо. Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8635, 8636/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ө.Б нь 2020 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд иргэн Х.Ч-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгой руу архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь зулай, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, дэх, зүүн шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатй учруулсан,
Н.Ж нь 2020 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд иргэн С.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ө.Б , Н.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Х.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй “ гэсэн баримт /хх-ийн 8-10/, хохирогч С.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй “ гэсэн баримт /хх-ийн 11-12/, Ө.Б ийн хувийн байдал /..........., эрэгтэй, халх, дээд боловсролтой, техникч мэргэжилтэй, “..........” ХХК-д техникч ажилтай гэх, ам бүл-............хамт амьдардаг.../, Н.Ж ын хувийн байдал /.........., эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдлмөр эрхэлдэг гэх, ам бүл-........... хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ө-ын Б , Т овогт Н-ын Ж нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг тус бүр 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Б , Н.Ж нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүгдэгч Ө.Б , Н.Ж нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ө-ын Б , Т овогт Н-ын Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ө-ын Б , Т овогт Н-ын Ж нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Б , Н.Ж нарт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Шүүгдэгч Ө.Б , Н.Ж нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ө.Б , Н.Ж нарт сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Б , Н.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР