| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0195/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 180
2020 05 19 2020/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б-н Г-д холбогдох эрүүгийн 2034000690199 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НУ дугаарын регистртэй, Б овгийн Б-н Г
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Босгын гарам” гэх газарт 98-93 УБС улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам” зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Г.Ч-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000690199 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г /хх-ийн 18 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Н.О /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Л.Г/хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Б.Г /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Б.Х /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Н.О /хх-ийн 24 дүгээр хуудас/, яллагдагч Б.Г /хх-ийн 45-46 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 175 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-35 дугаар хуудас/,
Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12, 12а дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, иргэний хариуцагч Н.О-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 68 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47, 51-67 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Босгын гарам” гэх газарт 98-93 УБС улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам” зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Г.Ч-ын амь насыг хохироосон үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ийн ...дүү Б.Г-ийн хамт манай ээж явж байгаад зам тээврийн осолд орсон бөгөөд түүнээс хойш Налайх дүүрэг дээр тосож аваад эмнэлгийн байгууллагаар явсан хүн бол би өөрөө байгаа юм... ...ах дүү нар бүгд байсан болохоор гомдол саналгүй гэдгээ илэрхийлж цагдаагаар шалгуулаагүй юм... ...манай дүү нарын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Н.О-ийн ...Уг тээврийн хэрэгслийн манай нөхрийнх юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр миний нэрээр явдаг юм... ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ...Үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхгүй... /хх-ийн 20 дугаар хуудас/,
гэрч Л.Г-ын ...Эрдэнэ сумын нутаг Зүүн баянгийн адаг гэх газарт явж байгаад замын ховилд цохиулаад нэг мэдсэн онхолдсон байсан... /хх-ийн 21 дүгээр хуудас/,
гэрч Б.Х-ийн ...миний ээж миний төрсөн дүү Б.Г-той явж байгаад зам тээврийн осолд орсон байгаа... /хх-ийн 23 дугаар хуудас/,
гэрч Н.О-ийн ...тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд албан ёсны эзэмшигч нь манай нөхөр болох Б.Г-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ...миний хувьд ямар нэгэн байдлаар хохироогүй учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 24 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Г-ийн ... Эрдэнэ сумын Зүүний адаг гэх газарт явж байтал шарвалт өгч тээврийн хэрэгсэл хажуу талаараа онхолдсон юм. Тэгээд ээжийг машинаас гаргах гэтэл толгой хэсэгт бага зэрэг хагарчихсан байсан. Тэгээд тэрэлж дээр очиж анхны тусламж үзүүлж Налайх дүүрэгт эмнэлгийн тусламж үзүүлж байгаад ээж маань Улаанбаатар хот ГССҮТ-д эмчлүүлж байгаад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барсан юм... /хх-ийн 45-46 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 175 дугаартай ...Талийгаач Г.Ч-ын цогцост тархины зүүнтал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хүзүүний 5, 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал духанд шарх, толгойн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-35 дугаар хуудас/,
Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай ...“Toyota land cruiser-80” маркийн 98-93 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12, 12а дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, иргэний хариуцагч Н.О-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 68 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47, 51-67 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Босгын гарам” гэх газарт 98-93 УБС улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам” зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Г.Ч-ын амь насыг хохирсон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн хийж буй үйлдлээ хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний амь хохирсон үйл баримтыг гэм буруугийн болгоомжгүй гэмт хэрэг гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Б.Г нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.
Мөн шүүгдэгч Б.Г-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүдээр,
мөн шинжээчийн 175, 23 дугаартай дүгнэлтүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, иргэний хариуцагч Н.О-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, шүүгдэгч Б.Г-ийн баримтууд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Б.Г-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Г-ийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Г.Ч-ын амь нас хохирсон байна.
Шүүгдэгч Б.Г-оос амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой оршуулгын болон бусад зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Б.Г-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй талаарх хүсэлт, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 18, 49 дүгээр хуудас/,
мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.О нь эд хөрөнгөнд учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, 98-93 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхгүй талаарх мэдүүлэг /хх-ийн 20,68 дугаар хуудас/ зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Г-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх ба түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Г-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, амь хохирогчийн хууль төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба гурав /3/ жилийн хугацаагаар эрх хассан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2034000690199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, иргэний нэхэмжлэгч Н.О нар нь шүүгдэгч Б.Г-д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-н Г-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-н Г-д шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-н Г-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2034000690199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, иргэний нэхэмжлэгч Н.О нар нь шүүгдэгч Б.Г-д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-н Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б-н Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б-н Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН