| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0178/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.От холбогдох эрүүгийн 2007003440208 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр, Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, ахын хамт ................................. тоотод бүртгэлтэй боловч, *******,*******,******* тоотод түр оршин суух, урьд нь ял шийтгэл үгүй,
******* овогт Б.О /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.О нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны шөнийн 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аав мод” амралтын газарт хохирогч З.Этой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн гуя хэсэгт нь 2 удаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байгаа” гэв.
Хохирогч З.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 02-ны орой Налайх дүүргийн нутагт байрлах Аав мод амралтын газарт амрахаар Б.О, Б, манай эхнэр А бид нар орой 22 цагийн орчимд очсон. Б.О намайг санасандаа тоглоё гээд байхаар нь тоглоод би хожсон. Тэгээд надад мобикомын дугаар өмнө нь зарна гэдэг байсан болохоор нь за яах вэ би нэг сая төгрөг өгөөд дугаарыг чинь авчихъя гэхэд битгий хуц гэхээр нь өгч чадахгүй юм бол яах гэж санасандаа тоглосон юм гэсэн. Гэтэл Б.О намайг “банди гөлөг чинь ална шүү” гэхээр нь чи ер нь яах гээд байгаа юм гэхэд барьж байсан хутгаараа миний зүүн гуянд 2 удаа хутгалсан. Тэгтэл манай эхнэр орон дээрээс босож ирээд ноцолдож байгаад хутгыг авсан. Би үүд рүү гүйж очоод байшингаас гарч унаад зүүн гуяны ард урд 2 газраас цус годгойдож байхаар нь гутлын үдээсээ тайлаад дээгүүр нь боож цусаа хориод түргэн дуудсан. Тэгтэл Б.О хутгаа цонхоор чулуудаж байсан. Зүүн гуяны ард урд 2 хэсэг газар хутгалуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
Гэрч И.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын 02-ны өглөө найз залуу Б.О, Баяраа нартай уулзаад гадуур явж байгаад орой 20 цагийн орчимд манай гэрт ирээд намайг аваад Б.Оын лагер дээр очих гэж байгаад болиод Шовог гэх найзынх нь амралтын газар очихоор болоод Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аав мод амралтын газарт орой 22 цагийн орчимд ирсэн. Тухайн амралтын газрын 3 дугаар байшинд ороод тоглож байгаад унтацгаах үед Б.О, манай найз залуу хоёр муудалцаад байтал Б.О цонхны давцан дээр байсан хутгыг аваад манай найз залуугийн гуя хэсэгт хоёр удаа хутгалсан. Тэгээд би Б.О гэх хүнтэй ноцолдоод байж байтал Баяраа манай найз залууг аваад байшингаас гарсан. Тэгээд эмнэлэгт хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед найз Б.О, түүний хуурай дүү нь гэх Очироо гэдэг залуу, Очироогийн найз охин А гэх хүүхэн, бид дөрвүүлээ Аав мод гэдэг амралтын газарт ирсэн юм. Ирээд нэг өрөө байшинд орж байрлаад авчирсан зүйлээ идэж уугаад, архи пиво уунгаа хөзөр тоглож байгаад Б.О, Очироо 2 маргаж муудалцсан. Очироо томроод чи санасандаа тоглож чадахгүй байна дэвсэж ална шүү нохойн гөлөг гээд занаж доромжлоод босож гараараа далайж бариад байсан. Тэгээд маргалдаж байснаа Очироо орилоод гэрээс гараад явчихаар нь юу болов гэхэд намайг хутгалчихлаа ш дээ гээд өмдөө тайлахад доошоо цус урсаж байсан. Очироо гутлын үдээсээ тайлж дээгүүр нь боож хорио хийгээд би түүнд нь тусалсан. Тэгээд би түргэн рүү залгаж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Оын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед хуурай дүү З.Э, түүний найз охин А, манай найз Б нарын хамт амрахаар Аав мод амралтын газарт очоод хоол унд идэж, архи ууцгааж сууцгаасан. Шөнө хөзөр тоглож байгаад хоорондоо маргалдаж хуурай дүү З.Э цохих гэж байгаа юм шиг босоод ирэхээр нь би айхдаа өрсөөд хутгатай гараараа 2 удаа гуянд нь хатгачихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №616 дугаар :
“1. З.Эын биед зүүн гуянд хатгаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй
6. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №4278 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 11 см ягаан өнгийн төмөр иштэй 23 см урттай хутга, шилний хагархай хэсгүүд дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 78 дугаар хуудас /, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны шөнийн 02 цагийн орчим ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аав мод” амралтын газарт иргэн З.Этой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн гуя хэсэгт нь 2 удаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч З.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.О намайг “банди гөлөг чинь ална шүү” гэхээр нь чи ер нь яах гээд байгаа юм гэхэд барьж байгаа хутгаараа миний зүүн гуянд 2 удаа хутгалсан” гэх мэдүүлэг,
Гэрч И.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.О, манай найз залуу хоёр муудалцаад байтал Б.О цонхны давцан дээр байсан хутгыг аваад манай найз залуугийн гуя хэсэгт хоёр удаа хутгалсан. Тэгээд би Б.О гэх хүнтэй ноцолдоод байж байтал Баяраа манай найз залууг аваад байшингаас гарсан. Тэгээд эмнэлэгт хандсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Ирээд нэг өрөө байшинд орж байрлаад авчирсан зүйлээ идэж уугаад, архи пиво уунгаа хөзөр тоглож байгаад Б.О, Очироо 2 маргаж муудалцсан. Очироо томроод чи санасандаа тоглож чадахгүй байна дэвсэж ална шүү нохойн гөлөг гээд занаж доромжлоод босож гараараа далайж бариад байсан. Тэгээд маргалдаж байснаа Очироо орилоод гэрээс гараад явчихаар нь юу болов гэхэд намайг хутгалчихлаа ш дээ гээд өмдөө тайлахад доошоо цус урсаж байсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №616 дугаар дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн шинжээчийн №4278 дугаар дүгнэлт зэрэг болно.
Хохирогч З.Эын эрүүл мэндэд учирсан “зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” нь 2 удаагийн үйлчлэлээр хутгаар хатгах үед үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.О нь хохирогч З.Эын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.От дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч З.Э нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би цувуулж авсаар байгаад 2.750.000 төгрөг авсан. Гомдолгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Хохиролд цувуулж 2.750.000 төгрөг өгснөөс гадна эд зүйлийг нь ломбарднаас чөлөөлсөн зэрэг нийлээд 3.400.000 төгрөг болсон тул энэ хэмжээгээр хохиролд төлснөөр тооцож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан ч нэгэнт хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, хохиролд 3.400.000 төгрөг өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хохиролд 3.400.000 төгрөг төлсөн гэж тооцох үндэслэлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гэм буруутай этгээдтэй тохиролцсон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт
битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг хутга, 1 /нэг/ ширхэг хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ