| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0172/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 174
2020 05 18 2020/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх,
хохирогч Ж.Г, Г.Н,
иргэний нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэн,
иргэний хариуцагч Г.Т, түүний өмгөөлөгч Ж.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овгийн Я-ийн Б-д холбогдох эрүүгийн 1934003350274 дугаартай хэргийг 2020 оны 04 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер, нягтлан бодогч мэргэжилтэй, “Номин тав трейд” ХХК-д аж ахуйн албаны нийлүүлэлтийн менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 6-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ХМ дугаарын регистртэй, А овгийн Я-ийн Б,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Я.Б нь “Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Тайсийн хөтөл гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 06 цаг 00 минутын орчимд 44-31 УНП улсын дугаартай Хонда Си Ар Ви маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, зорчигч Ж.Г-ын эрүүл мэндэд хүнд, Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нараас:
Шүүгдэгч Я.Б: ...2019 оны 05 дугаар сарны 03-ны өдөр томилолтоор ажлын 2 хүн буюу Г.Н, Ж.Г хоёртой цуг явсан. Ер нь манай хангамжийн алба нь машинтай хүмүүсийг ажилд авдаг юм. Яагаад гэхээр ийш тийшээ томилолтоор явдаг учраас. Захиралын хэлснээр өөрсдийнхөө унаагаар явна биз дээ гэж хэлснээр явсан. Г-ын машинаар явах гэж байгаад хүүхэд нь өвдсөнөөс болоод миний машинаар явсан. Явж ажлаа хийж дуусаад буцах замдаа осолд орсон. Үзэгдэх орчин хязгаарлагдмал бусад хүчин зүйлээс болж осолд орсон. Өмнө хэлж байсан. Гэхдээ одоо ч гэсэн уучлалт хүсэж байна. Миний буруу... гэж,
Хохирогч Ж.Г: ...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр томилолтоор явж бараа материал татаж авна гэдэг санааг гаргасан юм. Тэгээд 05 дугаар сарын 02-ны өдөр захиралтай уулзаад чи ер нь чиг хандлагыг нь хараад ирээ гэхээр нь юм аа бэлдээд 3-ны өдөр явахаар болсон. Тэгээд би машинаа авч явах гэж байтал манай хүүхэд халуураад машин авч явах боломжгүй болоод Я.Б-ийг машинаа аваад яваач ээ гэдэг санал тавьсан. Тэгээд өдөр 16:00 цагийн үед хэлээд орой 19:00 цагийн явахаар болсон гэдэг шийдээ гаргасан. Томилолтын зардлыг би биечлэн үүсгээгүй. Тэрийг автобусны зардал байсныг ухаан орсны дараа мэдсэн. Машинаа раа яв гэж албадан үүрэг болгоогүй. Томилолтоор явахаар боллоо гэж хэлсэн. Ерөнхийдөө бөөн 300000 орчим төгрөг өгнө гэхээр нь бүгдээрээ хувийн машинтай явъя гэж шийдсэн. Зам тээврийн ослын хувьд зарим зүйлийг нь санахгүй байгаа. Буцах замдаа хурдтай явж байсан. Тэгээд би нэгэнт буцаж байгаа юм чинь яараад яахав дээ удаан яв гэж хэлчхээд арын суудал дээр сууж явж байсан. Тэгээд өмнөх орой сайн унтаж чадаагүй болохоор замдаа унтаад явсан. Яг осол болох үеийг сайн санахгүй байгаа... гэж,
Хохирогч Г.Н: ...Осол ойролцоогоор 14:00 цагийн үед гарсан. Гарахдаа Дарханы захаар дайраад Дарханы тэррановагын цагийг харахад 14:00 минут болж байсан. Жоохон хурдтай явж байсан болохоор удаан яв гэж бид 2 хэлж байсан. Осол яг хаана гарсныг, газрын нэр мэдэхгүй болохоор мэдэхгүй байна. Зүүнхараа салдаг зам өнгөрснийг мэдэж байсан. Яг хаана явж байсныг мэдээгүй. Цаг агаарын нөхцөл тааруу байсан. Томилолтоор явах журамтай танилцаагүй. Томилолтын зардлын үүсгэж мэдэхгүй байсан. Томилолтын зардал миний данс руу орж ирэхээр нь Б-ын данс руу шилжүүлсэн. Хүзүүүний зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Хамар зүүн тийшээ далийсан. Бүс зүүсэн байсан. Хохирол нөхөн төлүүлэхээр баримт өгсөн. Тэрийг төлүүлэх саналтай байна... гэж,
Иргэний нэхэмжлэгч Д.Э: ...Тухайн тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн дундын машин болохоор эхнэртээ өгсөн. Маргааш өглөө нь томилолтоор явсан. Осол болсныг тэр өдөр нь 16 цаг өнгөрч байхад эхнэр утасдаж хэлсэн. Би эгч, ахтай очиж авсан. Манай дүү гэмтэл согогын эмнэлгийн машиныг түрээслэж очиж Г.Н манай эхнэр хоёрыг түрүүлж авч явсан. Харин Ж.Г-ыг Мөнгөнгүүр эмнэлгийн машинаар авч явсан. Эхнэр ажилдаа унаж явдаг байсан. Нэхэмжлэх зүйлийн хувьд машинд гарсан зардлыг Номин компаниас үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилж байна. Гомдол санал байхгүй... гэж,
Иргэний хариуцагч Г.Т: ...Компанийн ажилтан Я.Б, Ж.Г, Г.Н 3 Улаанбаатар хотоос Дархан хооронд томилолтоор ажиллаж яваад буцаж замдаа осолд орсон. Компанийн удирдлагын зүгээс энэ гурван ажилтанд хувийн машинаар явах талаар үүрэг чиглэл өгөөгүй. Номин Холдинг компанийн гүйцэтгэх захирлын баталсан томилолтын журмын хавсралт 1-д орон нутагт албан томилолтоор ажиллах журамд заасны дагуу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг хооронд нийтийн тээврээр зорчих нэг хүний 15000 төгрөг гурван хүний ирж очих зардал нийт 90000 төгрөгийн томилолтын зардал өгсөн. Хэрэв ажилчид өөрийн тээврийн хэрэгслээр явах болсон тохиолдолд энэ журмын 7.1.3-т зааснаар тээврийн хэрэгсэлд зарцуулах бензинийн зардлыг 20 хувиар өсгөж олгох ёстой байсан. Тус компанийн ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхдээ тус компанийн хөдөлмөрийн дотоод журам болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зааврыг чанд сахин биелүүлэх талаар ажилтан, ажил олгогч нар хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан байдаг. Гэвч компанийн нийлүүлэлтийн менежер Я.Б нь албан томилолтоор явах үедээ томилолтын журамд заасны дагуу дотоодын нийтийн тээврээр зорчих ёстой байтал хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үйлдэл буюу сайн дураараа хувийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдад учруулсан гэм хорийг компани хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн Я.Б өөрийн нөхөр Д.Э-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол услын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад гэм хор учруулсан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хор юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Б нь нөхөр Д.Э-ын тээврийн хэрэгслийг өөрөө шилжүүлсэн Я.Б-ийн гэрчийн мэдүүлэг, Д.Э-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Энэ нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн ашиглагч, өмчлөгч буюу эзэмшигчийг өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлсэн тохиолдолд учирсан хохирлыг эзэмшигч буюу өмчлөгч өөрөө хариуцана гэсэн үүрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч Д.Э нь бусдад буюу Г.Н, Ж.Г нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Гэхдээ компанийн зүгээс 10625000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байдаг. Хохирогч Ж.Г-д 8000000 орчим төгрөг, Я.Бэд 1800000 орчим төгрөг, Г.Н-д 840000 орчим төгрөгийг өгсөн байдаг. Бусдын эд хөрөнгөнд болгоомжгүй үйлдлээр учруулсан тээврийн хэрэгслийн хохирлыг шүүгдэгч Я.Б нь хариуцан арилгах нь хуульд нийцэхээр байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934003350274 дугаартай хэрэгт хохирогч Ж.Г /1-р хх-ийн 73-75 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ш /1-р хх-ийн 77 тал/, хохирогч Г.Н /1-р хх-ийн 82, 96-97 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Э /1-р хх-ийн 84 тал/, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т /1-р хх-ийн 89, 90, 239 тал/, гэрч Б.Г /1-р хх-ийн 92 тал/, гэрч Д.О /1-р хх-ийн 93 тал/, яллагдагч Я.Б /1-р хх-ийн 91, 94-95, 135-136, 137-138 тал/ нарын мэдүүлэг,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 99 тал/,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 101 тал/,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 301 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 103 тал/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 110-111 тал/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09/231 дугаартай авто машин техникийн үнэлгээ, үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 117-120 тал/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 4 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 5 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-7, 8-8а тал/, төлбөрийн даалгавар /1-р хх-ийн 11 тал/, томилолтын баримтууд /1-р хх-ийн 13-25 тал/, “Номин Холдинг” ХХК-ийн тушаалууд, томилолтын журам, орон нутагт томилолтоор ажиллагсдын албан томилолтын зардлын хэмжээ, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1-р хх-ийн 26-49 тал/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, байгаль орчны сургалт зохион байгуулах, шалгалт авах журам болон бусад баримтууд /1-р хх-ийн 51-71 тал/, хохирогчийг төлөөлөх итгэмжлэл /1-р хх-ийн 78 тал/, иргэний хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл /1-р хх-ийн 87 тал/, хохирогч Ж.Г-ын хохирлын баримтууд /1-р хх-ийн 220-226 тал/, яллагдагч Я.Б-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 139-143, 163, 193-206 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Я.Б нь “Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Тайсийн хөтөл гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 16:00 цагийн орчим 44-31 УНП улсын дугаартай Хонда Си ар ви маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, зорчигч Ж.Г-ын эрүүл мэндэд хүнд, Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж.Г-ын “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед санагдаж байна. Дархан хотоос гараад би тээврийн хэрэгслийн ар талын суудал дээр бусад нь баруун талд жолоочийн яг ард сууж явсан. Тэгээд Б-д Дарханаас гарахдаа 100 орчим км/цагийн хурдтай яваад байхаар нь буцаж явж байж яараад яахав гэж хэлээд 60-70 км/цагийн хурдтай болгосон... Тэгээд би унтаад өгсөн ба нэг мэдсэн Н яанаа Б эгчээ гэж хэлэх шиг болохоор нь сэртэл аваар болж нэг мэдсэн би машинаас гараад гадаа хэвтэж байсан... Би хамгаалах бүс зүүгээгүй. Урд суусан 2 хамгаалах бүс зүүсэн байсан. Би яг осол болох үед унтаж явсан болохоор хэдэн км/цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй... Миний биеийн байдал муу байна. Хугарсан хавирга, няцарсан дал огт бороолохгүй босож, сууж чадахгүй байна... Би гомдолтой байна. Биеэ эрүүл саруул болгомоор байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75 тал/,
хохирогч Ж.Г-ын хууль ёсны төлөөлөгч Ө.Ш-ын: “...Манай нөхрийн эрүүл мэнд хүнд байгаа. Босож, сууж чадахгүй хагас бие нь саажилттай, хавирганы хугарал нь эдгэхгүй, байнга өвчин намдаах эм уудаг, цас багадалттай маш хэцүүхэн байна... Миний хувьд маш их гомдолтой байна. Нөхрөө л болгож авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-77 тал/,
хохирогч Г.Н-ын: “...Байгууллагаас ямар унаагаар яаж явах талаар хэлээгүй. Харин та нар зүг чинь тохирох эсэхийг үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд бид 3 Г-ын машинаар явахаар болсон ба өглөө Б эгч ирж намайг авсан бөгөөд Г-ын хүүхдийн бие өвдсөн гээд машинаа үлдээхээр болсон гэж байсан... ...Миний хувьд осолтой холбоотой биед үүсэн гэмтлийн эмчилгээнд зарцуулсан төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82 тал/,
...Дархан-Уул аймаг ороод буцаад явж байх замдаа осолд орсон... ...асфальтан зам маш их эвдрэлтэй байсан. Б эгч эсрэг урсгалын зам руу нүх тойрч гараад тэгээд буцаад урсгалдаа орж байхад өөдөөс машин гэрлээ рээ дохиод байсан. Тэгсэн баруун гар тал руугаа дараад тэгээд уначихсан. Машин өнхрөөд байсан. Би өнхөр байгааг мэдээд байсан. Тэгээд машины доошоо хараад унасан... ...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /1-р хх-ийн 96-97 тал/,
иргэний нэхэмжлэгч Д.Э-ын: “...44-31 УНП улсын дугаартай Х.CR-V маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ...Тээврийн хэрэгслийн үнэлгээ одоо зах зээлийн ханш нь 8 орчим сая төгрөг байгаа... ...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ... /1-р хх-ийн 84 тал/,
иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-ийн: “...Манай байгууллагын зүгээс иргэний хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тус байгууллагын Б, Н, Г нар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт томилолтоор ажиллах талаараа байгууллагад ашигладаг ERP системд хүсэлтээ илгээсэн байдаг. Манай байгууллагын томилолтын журмын 7.1.1-т “Томилолтоор ажиллах газар хүртэлх болон эргэж ирэх тээврийн зардал” гэж заасан байдаг бөгөөд журмын хавсралтын 1-т Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын хооронд нийтийн тээврээр зорчиход нэг хүний 15000 төгрөг гэж заасан байдаг бөгөөд дээрх ажилчид нийтийн тээврээр явна гэж хүсэлт илгээсний дагуу байгууллагаас 3 хүний зардалд 90 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн ажилчид хувийн тээврийн хэрэгслээр явах талаараа мэдэгдээгүй. Энэ талаар байгууллагын зүгээс хувийн унаатай яв гэсэн чиглэл өгөөгүй. Манай байгууллагын зүгээс тухайн 3 ажилтнаа аваарт орсны дараа биеийн байдал хүнд байсан учир удирдлагын зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмчилгээнд нь зориулж тодорхой хэмжээний зардлыг гаргасан...” /1-р хх-ийн 89 тал/,
гэрч Б.Г-ийн: “...Анхан шатны болон урьдчилсан шатны зааварчилгааг манай байгууллагын ажилтан бүрт өгч гарын үсэг зуруулж танилцуулсан... ...Манай байгууллагын хувьд Монгол улсын стандартын дагуу зааварчилгаа өгдөг бөгөөд ажлын байрны ноцлог, эрсдэлээс шалтгаалан зааварчилгааг өдөр тутам уу, давтамжтай юу гэдгийг тогтоон өгдөг...” /1-р хх-ийн 92 тал/,
гэрч Д.О-ийн: “...Миний хувьд ямар тээврийн хэрэгслээр яв гэсэн үүрэг өгөөгүй. Харин би Дархан-Уул аймагт очиж хийх талаар л үүрэг чиглэл өгсөн... ...Манай хүмүүс тусдаа аялал, жуулчлал, томилолт хариуцсан менежер У гэх хүнээс нийтийн тээврээр явах, хувийн унаагаар явах гэсэн сонголтоос манай ажилчид нийтийн тээврээр явах сонголт хийсэн байсан ба осол болсон хойно хувийн унаагаараа явсан гэдгийг мэдсэн...” /1-р хх-ийн 93 тал/,
яллагдагч Я.Б-ийн ...тэгш замаар явж байтал эсрэг урсгалын машин өөдөөс гэрлээрээ дохихоор нь тоормос гишгээд баруун гар тал руугаа шахсан чинь жолоодлого алдаад машины үрүүл салгалаад явчихсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Н бид хоёр бүсэндээ зүүгдээд доошоо харсан байж байсан. Тэгээд Н бид хоёр бүсээ тайлаад цонхоороо гарсан чинь Г машинаас зайдуу хэвтэж байсан... ...Г дээр очиход хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд холбогдох газрууд руу утсаар залгаж мэдэгдсэн... ...Дарханд очоод Номингийн салбар дээр очиж бараа сонгох ажлыг 06 цаг хүртэл хийгээд буудалд амраад 5 сарын 03-ны өглөө 08 цагт босоод ажлаа хийж байгаад 12 цагт Дархан аймгаас хөдөлсөн. Дархан-Уул аймгаас гараад осол болсон... /1-р хх-ийн 94-95 тал/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 300 дугаартай ...Ж.Г-ын биед 2 уушгины эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, хий хуралт, зүүн талын 1-8-р хавирга, баруун талын 1-р хавирга, зүүн дал яс, атгаал ясны далд хугарал, хэвлийн хөндийн цус хураа, элэг дэлүүний няцрал, духанд шарх, зүүн хацар, шанаа духанд зулгаралт, шарх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 99 тал/,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай ...Г.Н-ын биед тархи доргилт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, хүзүү, хэвлий, баруун, зүүн гуя, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөгт цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 101 тал/,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 301 дугаартай ...Я.Б-ийн биед тархи доргилт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 103 тал/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай ...4431 УНП улсын дугаартай Honda CR-V маркийн тээврийн хэрэгслийн жолооч Я.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, гэсэн заалтыг тус тус зөрчсөн... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 110-111 тал/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09/231 дугаартай ...иргэн Д.Э-ын эзэмшлийн 4431 УНП улсын дугаартай Honda CR-V маркийн тээврийн хэрэгслийг 4901200 төгрөгөөр үнэлсэн... авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 117-120 тал/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 4 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 5 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-7, 8-8а тал/, төлбөрийн даалгавар /1-р хх-ийн 11 тал/, томилолтын баримтууд /1-р хх-ийн 13-25 тал/, “Номин Холдинг” ХХК-ийн тушаалууд, томилолтын журам, орон нутагт томилолтоор ажиллагсдын албан томилолтын зардлын хэмжээ, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1-р хх-ийн 26-49 тал/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, байгаль орчны сургалт зохион байгуулах, шалгалт авах журам болон бусад баримтууд /1-р хх-ийн 51-71 тал/, хохирогчийг төлөөлөх итгэмжлэл /1-р хх-ийн 78 тал/, иргэний хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл /1-р хх-ийн 87 тал/, хохирогч Ж.Г-ын хохирлын баримтууд /1-р хх-ийн 220-226 тал/, яллагдагч Я.Б-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 139-143, 163, 193-206 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Я.Б нь “Хонда Си Ар Ви” маркийн 44-31 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, зорчигч Ж.Г-ын эрүүл мэндэд хүнд, Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хөдөлгөөнд аюул саад тулгарахад тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгслийн хурдыг хасах буюу зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд тухайн болгоомжгүй гэм буруугаас гарсан үйлдэл, эс үйлдэхүй нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ийм учраас уг үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Я.Б-ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Я.Б-ийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Э-ын эд хөрөнгөнд хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч Я.Б нь хохирогч Ж.Г-д 953.000 /есөн зуун тавин гурван мянга/ төгрөг төлсөн ба хохирогч Г.Н-д хохирол төлсөн зүйлгүй бөгөөд хохирогч Г.Н нь энэ талаарх баримтаа мөрдөн байцаалтын шатанд гаргасан өгөөгүйг,
мөн “Номин холдинг” ХХК-иас зүгээс зам тээврийн осолд орсон нэр бүхий 3 ажилтан буюу Ж.Г-д 8,873,368 /найман сая найман зуун далан гурван мянга гурван зуун жаран найм/ төгрөг, Г.Н-д 846,461 /найман зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөг, шүүгдэгч Я.Б-д 1,827,728 /нэг сая найман зуун хорин долоон мянга долоон зуун хорин найм/ төгрөг, нийт 11.547.557 /арван нэгэн сая таван зуун дөчин долоон мянга таван зуун тавин долоо/ төгрөг төлсөн гэх боловч иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс 10.625.000 /арван сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг байгууллагын зүгээс ажилчдын эрүүл мэндэд анхаараад мөнгөн тусламж хэлбэрээр өгсөн гэж мэдүүлэг, дүгнэлтийг гаргасныг хохирогч, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Т болон түүний өмгөөлөгч Ж.Давааням нар ...”Номин холдин” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна, Компанийн тухай хуулинд “Номин холдинг” ХХК, “Номин тав трейд” ХХК хоёр нь тус тусдаа компани ба охин компани нь юм. Шүүгдэгч Я.Б нь компанийн томилолтын журам зөрчиж хувийн унаагаар явснаас болж тухайн зам тээврийн осол гарсан. Тийм учраас “Номин холдинг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй бөгөөд цаашлаад “Номин тав трейд” ХХК компанийг мөн иргэний хариуцагчаар татах нь үндэслэлгүй... гэсэн мэдүүлэг, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, дүгнэлтийг хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон оролцогчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдтэй харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Я.Б-ийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч хохирогч Ж.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримтыг хүн тус бүр дээр гаргасан 1 дүгээр хавтас хэргийн 44-45, 46-47, 48-49 дүгээр хуудаснуудад авагдсан акт тогтоосон 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актуудаар тус тус үйлдвэрлэлийн осол мөн гэж үзлээ.
Мөн дээрх үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилчид болох Я.Б, Г.Н нар нь “Номин тав трейд” ХХК-д, ажилтан Ж.Г нь “Номин холдинг” ХХК-д тус тус харьяалагдан ажилладаг болох нь 1 дүгээр хавтас хэргийн 51, 56, 58, 62-68 дугаар хуудсанд авагдсан тушаал, хөдөлмөрийн гэрээнүүд, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ зэрэг нотлох баримтуудаар тус тус тодорхойлогдох бөгөөд “Номин тав трейд”, “Номин холдинг” ХХК-иудын ажилчдыг оролцуулан дээрх ажилчдыг албан томилолтоор Дархан-Уул аймагт явуулсан байна.
Түүнчлэн “Номин тав трейд” ХХК нь “Номин холдинг” ХХК-ий ажилтан Ж.Г-ыг ажил үүрэг гүйцэтгүүлэхээр шууд томилох эрх зүйн харилцаа үүсэхгүй ба “Номин холдинг” ХХК-иас гарсан албан томилолтын журам, тус журмын хавсралт-3-ын албан томилолтоор ажиллах удирдамж зэргээс үзэхэд ажил гүйцэтгэхээр орон нутагт ажилласан зорилго нь “Номин холдинг” ХХК-ий үйл ажиллагааны зорилгоор томилолтоор ажил гүйцэтгэж явсан болох нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл “Номин холдинг” ХХК, түүний охин компиан “Номин тав трейд” ХХК болох хоёр аж ахуйн нэгжээс томилогдсон этгээдүүд толгой компанийн ажил үүргийг гүйцэтгэн явсан нь баримтаар тогтоогдлоо.
Түүнчлэн 1 дүгээр хавтас хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан № ......../001489 томилолтын баримтаас үзэхэд “Номин тав трейд” ХХК томилолтыг олгосон байх хэдий ч томилолтоор гүйцэтгэсэн ажил үүргийн тухайд авч үзвэл мөн 1 дүгээр хавтас хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан №......00/1489 томилолтын баримтаар “Номин холдинг” ХХК, “Номин тав трейд” ХХК хэн аль нь зардлын баримтад гарын үсэг зурсан, мөн албан томилолтын удирдамж нь “Номин холдинг” ХХК-иас баталсан журам, удирдамжийн дагуу явагджээ.
Иймд журмын дагуу “Номин холдинг” ХХК /толгой компани/ хариуцах нь зүйтэй байна.
Мөн томилолтоор ажил гүйцэтгэхээр явсан 3 хүнд томилолтын зардлыг нийтийн тээврийн зардлаар тооцож олгосон гэж тайлбарлах боловч тухайлан тээврийн хэрэгслийг зааж өгөөгүй тул дээрх 3 ажилтан олгосон томилолтын зардалд багтаан тээврийн хэрэгслээ сонгон явсныг шууд буруутгах, томилолтоор ажиллуулсан компанийг үйлдвэрлэлийн ослын хохирлыг төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд хохирогч Ж.Г, Г.Н нарт зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг “Номин холдинг” ХХК, шүүгдэгч Я.Б нар хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тэднээс хохирлыг хувь тэнцүүлэн гаргаж шийдвэрлэх нь зүйтэй.
Үүнээс дүгнэхэд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Г нь зам тээврийн улмаас эрүүл мэндэд болон бусад зардалд учирсан хохирол 1.927.622 /нэг сая есөн зуун хорин долоон мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөг, хохирогч Г.Н 354.078 /гурван зуун тавин дөрвөн мянга далан найм/ төгрөг, хоёр хохирогчоос нийт 2.281.700 /хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга долоон зуу/ төгрөг нэхэмжилсэн ба хохирогч Ж.Г-ын хувьд шүүгдэгч Я.Б-ээс 963.811 /есөн зуун жаран гурван мянга найман зуун арван нэг/ төгрөг, “Номин холдинг” ХХК-иас 963.811 /есөн зуун жаран гурван мянга найман зуун арван нэг/ төгрөг, бүгд 1.927.622 /нэг сая есөн зуун хорин долоон мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөг,
хохирогч Г.Н-ын хувьд шүүгдэгч Я.Б-ээс 177.039 /нэг зуун далан долоон мянга гучин ес/ төгрөг, “Номин холдинг” ХХК-иас 177.039 /нэг зуун далан долоон мянга гучин ес/ төгрөг, бүгд 354.078 /гурван зуун тавин дөрвөн мянга далан найм/ төгрөг, нийт шүүгдэгч Я.Б-ээс 1.140.850 /нэг сая нэг зуун дөчин мянга найман зуун тавь/ төгрөг, “Номин холдинг” ХХК-иас 1.140.850 /нэг сая нэг зуун дөчин мянга найман зуун тавь/ төгрөг тус тус гаргаж, олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хохирогч Ж.Г, Г.Н нар нь шүүгдэгч Я.Б-ээс цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Я.Б-ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Харин иргэний нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэн нар шүүхийн хэлэлцүүлэгт “Номин холдинг” ХХК-иас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 4.901.200 /дөрвөн сая есөн зуун нэг мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжилнэ гэснийг шүүх хүлээн авч хангах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Я.Б, иргэний нэхэмжлэгч Д.Э нар нь Гэр бүлийн тухай хуулинд зааснаар эхнэр, нөхөр бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь нөхөр болох Д.Э-ын өмчлөлд бүртгэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй... гэсний дагуу мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Э-ыг иргэний хариуцагчаар татах ёстой байсан хэдий ч татаагүй, харин иргэний нэхэмжлэгчээр татсан нь ойлгомжгүй байна.
Гэхдээ Д.Э-ыг иргэний хариуцагчаар татаагүй боловч хохирол, хор уршигтай холбоотой зардлыг иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд болох Д.Э төлж байгаа нь угтаа эхнэр, нөхөр болох Д.Э, Я.Б нараас болон тэдний гэр бүлийн төсвөөс гарах тул дахин түүнийг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн ба харин дахин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргахгүй байхыг мөрдөгч болон прокурорт анхааруулж байгааг нь мэдэгдэх нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэйгээр иргэний нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэн нарын “Номин холдинг” ХХК-иас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 4.901.200 /дөрвөн сая есөн зуун нэг мянга хоёр зуу/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Я.Б-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо хангасан баримтын хүрээнд төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан болгоомжгүй гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Я.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба нэг /1/ жилийн хугацаагаар эрх хассан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 1934003350274 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нь Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А овгийн Я-ийн Б-ийн В ангиллын жолоочийн 231723 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад хүргүүлэхийг,
шүүгдэгч Я.Б-ээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Я-ийн Б-ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Я-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Я.Б-д шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Б-д шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн хэд хэдэн үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1934003350274 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Я.Б-ээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А овгийн Я-ийн Б-ийн В ангиллын жолоочийн 231723 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Я-ийн Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Я-ийн Б-ээс нийт 1.140.850 /нэг сая нэг зуун дөчин мянга найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч СФ дугаарын регистртэй, И овгийн Ж-ийн Г-д 963.811 /есөн зуун жаран гурван мянга найман зуун арван нэг/ төгрөг,
хохирогч ТЖ дугаарын регистртэй, Т овгийн Г-ын Н-д 177.039 /нэг зуун далан долоон мянга гучин ес/ төгрөг,
“Номин Холдинг” ХХК-иас нийт 1.140.850 /нэг сая нэг зуун дөчин мянга найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч СФ дугаарын регистртэй, И овгийн Ж-ийн Г-д 963.811 /есөн зуун жаран гурван мянга найман зуун арван нэг/ төгрөг,
хохирогч ТЖ дугаарын регистртэй, Т овгийн Г-ын Н-д 177.039 /нэг зуун далан долоон мянга гучин ес/ төгрөг тус тус олгосугай.
8. Хохирогч СФ дугаарын регистртэй, И овгийн Ж-ийн Г,
хохирогч ТЖ дугаарын регистртэй, Т овгийн Г-ын Н нар нь тус бүр цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А овгийн Я-ийн Б-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Иргэний нэхэмжлэгч УД дугаарын регистртэй, Б овгийн Д-ийн Э-ын нэхэмжилсэн эд хөрөнгөнд учирсан хохирол болох 4.901.200 /дөрвөн сая есөн зуун нэг мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А овгийн Я-ийн Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А овгийн Я-ийн Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН