| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0704/Э |
| Дугаар | 685 |
| Огноо | 2020-10-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 685
2020 10 19 2020/ШЦТ/685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч П.Энхболд,
шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт М Э холбогдох эрүүгийн 2010000000887 дугаартай, 187/2020/0704/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны ..... дүгээр сарын ..........-ны өдөр Оросын холбооны улсын Москва хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл ............... хамт Баянгол дүүргийн .......... дугаар хороо, ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт М овогт Э РД /....................../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүрэг 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах Вүүдэн хауст байрлах караокед иргэн Н.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, түүний дээд эрүүний зүүн хажуугийн 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: М.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүрэг 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах Вүүдэн хауст байрлах караокед иргэн Н.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, түүний дээд эрүүний зүүн хажуугийн 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч М.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вүүдэн хаус караокед хоёр ах хоёр эмэгтэйн хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн газар нэг шили виски захиалж уусан тэгээд тухайн газрын ариун цэврийн өрөө орох гэж байгаад үл таних нэг залуутай маргалдаж муудалцсан. Тэгтэл тэр залуу шууд хүрч ирээд намайг нэг удаа цохиж унагаасан. Тэгээд газар унасан байх үед нэг удаа цохьсон. Тэгээд цаашаа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/
3. Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр барилгачдын баяр болж манай ажлынхан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Вүүдэн хаус караокед орж дуулж ууж идэцгээсэн. Тэгээд тухайн газар хаах болж бид нар гарцгаасан тэгээд өрөөнөөсөө гараад тухайн караокены коридор хэсгээр явж байтал манай ажлын залуу Энхээ миний урд явж байсан тэгээд хажуугаар зөрсөн залуутай ноцолдох шиг болоод цаашаа явсан би араас нь дагаад гадаа гарсан тэгээд гадаа гарч тамхи татчихаад буцаад ороход нөгөө залуу текны орчим зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/
4. Сидинд үллэг хийсэн тэмдэглэл “...00:07 секунтэнд цагаан өнгийн хувцастай саравчтай малгай өмссөн нүдний шилтэй залуу цагаан өнгийн хүрэм өмссөн залууг зүүн гараараа толгойн тус газар нэг удаа цохиод, баруун хөлөөрөө өшиглөж унагаагаад толгойн тус газар хоёр удаа цохиж байга мэт харагдана. 00:10 секунтэнд саарал өнгийн хувцастай эмэгтэй орж байгаа харагдах ба хар өнгийн малгайтай цамц өмссөн залуу салгах гэж очсон чинь цагаан өнгийн хувцастай саравчтай малгай өмссөн нүдний шилтэй залуу буцаж явж байхдаа цагаан өнгийн хүрэмтэй залууг зүүн гараараа нэг цохиод гарч явж байгаа харагдана...” гэх /хх-7-8 тал/
5. Шүүхий шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 10264 дугаартай “...Н.Б-ын биед дээд эрүүний зүүн хажуугийн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-22-23/,
6. Шүүгдэгч Э.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Н.Баяржаргал гэх залуугийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан мааш их харамсаж байна мөн эмчилгээний зардалд тухайн хүнд 2.500.000 төрсөг төлж хохирол нь 100 хувь барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10264/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь М.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүрэг 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах Вүүдэн хауст байрлах караокед иргэн Н.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, түүний дээд эрүүний зүүн хажуугийн 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч М.Э гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/, түүний хувийн байдал /....27 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Лип ХХК-д туслах ажилтан ажилтай гэх, ам бүл 9, эгч, хүргэн ах, 6 дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт М Э г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
М.Э холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт М Э г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. М.Э холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.Э сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР