Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 179

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч С.К,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн ******* овогт М.Нт холбогдох эрүүгийн 2007003170204 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******,******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, оёмол бүтээгдэхүүний технологи /дизайнер/ мэргэжилтэй, ......................................, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, ....................................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ......................................  тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл үгүй,

******* овогт М.Н /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* хорооны нутаг дэвсгэрт тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Ктай маргалдан улмаар түүний толгой руу архины шилээр цохисны улмаас биед зүүн чамархайд шарх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ажлаасаа тараад ирсэн чинь манай базууд  голын эрэг дээр цугласан байсан. Хохирогч манай хамгийн бага баз тэгээд бид хэд ууцгаагаад байж байтал маргаан үүсэж зодоон болсон” гэв.                                             

           

            Хохирогч С.К шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “07 сарын 10-ны өдөр би хадмуудтайгаа зугаалганд явсан. М.Н ирээгүй эхнэр нь ирсэн байсан. Тэгээд хоорондоо наргиж тоглоод нилээн орой М.Н ажлаасаа тараад ирсэн. Ууж идээд байж байтал М.Н миний хувийн амьдралд оролцоод хадам ээж, хүмүүсийн хажууд хэл амаар доромжлоод байхаар нь энд яриад яахав маргааш эрүүлдээ ярья гэж хэлсэн чинь намайг босоод ир гэхээр нь боссон чинь намайг түлхэхээр нь би босож ирээд яагаад байгаа юм бэ ахаа гэсэн чинь намайг дэгээдэж унагаад боогоод амьсгаа давчдаад биеэ хамгаалах гээд нүүр рүү нь маажсан юм уу гар ороод нүүр рүү нь хүрсэн. Тэрнээс хойш түргэн дуудахад М.Нийн эхнэр ч тоогоогүй. М.Н өөрөө намайг сууж байхад шил шидсэн юм уу нэг юм ороод ирсэн тэгээд М.Н зугтчихсан. Удалгүй түргэн ирээд цохисон хүн нь байна уу гэхээр нь зугтчихсан гэсэн чинь за за явъя гээд эмнэлэг дээр ирээд толгойдоо 3 оёдол тавиулсан. Маргааш нь уучлалт гуйхын оронд М.Нийн эхнэр нь ирж манай нөхрийн нүүр амыг маажлаа ажлынх нь нэр хүндэд нь муу нүүр ам нь будаа болсон, чи надаас юу авч долоох юм чи тэр шүүхээрээ явахгүй юу гэж намайг хэл амаар доромжилсон. Одоо 3 сар өнгөрлөө 3 сар болоход нэг ч ирж уучлалт гуйж ирээгүй. Прокурор руу шилжихэд өмгөөлөгчтэйгөө уулзаж уучлалт гуйхаар нь уучлаад гарын үсэг зурсан. Нэхэмжлэх зүйл гэвэл биеэ үзүүлмээр байна. М.Н өөрөө мэдэж байгаа төлнө гэсэн” гэв.

 

            Хохирогч С.Кгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ах дүү нараараа бид салхинд гарч Мойлтын тохойд голын эрэг дээр очсон юм. Оройхон М.Н ажлаа тараад ирж бид нартай сууцгаасан. Шөнө 11 цаг өнгөрч байхад М.Н намайг хэл амаар доромжилж над руу ирээд түлхэж аваад босож зууралдаж аваад газар унасан. Намайг боогоод байхаар нь би биеэ хамгаалаад нүүрийг нь маажчихсан юм. Тэгээд тэр хэд салгаад хэсэг сууж байгаад би уучлалт гуйгаад очиход намайг түлхэж холдуулаад нүүр ам маажлаа чамайг өнөө шөнө ална цустай чинь холино гээд занаад байсан. Бид 2 ширээний хоёр талд сууж байхдаа М.Н танай аав чинь хүчингийн хэргээр шоронд яваад ирсэн. Чи эцгээ дуурайсан гээд доромжилж байгаад над руу эхлээд нэг юм шидэхээр нь би бултаад оногдоогүй, дахиад ширээн дээрээс аяга аваад шидэхэд миний толгойн зүүн талд чихний дээр оноод хуйх язарч цус гарсан. Тэгээд хадам эгч Е.К боож өгөөд би өөрөө түргэн дуудаж эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

            Гэрч Е.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бид нар ах дүү нараараа гүүрний зүүн талд очсон юм. Манай нөхөр М.Н орой ажлаа тараад бид нар дээр ирсэн. Орой бүрэнхий болох үед манай дүү Кенжегүлийн нөхөр С.К манай нөхөр М.Н 2 согтуу хоорондоо юм яриад байж байснаа гэнэтхэн барилцаж аваад М.Нийг дэгээдэж унагаад газар зууралдахад хүргэн Е.Ж бид нар салгасан. Тэгээд нэг хэсэг гайгүй болж зүгээр сууж байгаад дахиад маргалдаж С.К манай нөхрийг эр хүн шиг үзчихье гээд барилцаж аваад М.Нийг С.К дахиж унагаад нүүр рүү нь цохиод маажаад мөн бид салгасан. Тэгээд С.К унт гэхэд унтахгүй суугаад хэрүүл өдөөд байхаар нь М.Н С.К руу аяга аваад шидэхэд толгойны зүүн хажууд нь оноод хагалчихсан юм. Толгойноос нь цус гараад байхаар нь би арчиж боож өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

            Гэрч Е.Кгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 10-ны орой бид ах дүү нараараа мойлтын тохойд голын эрэг дээр салхинд гарч М.Н хүргэн орой ажлаа тараад ирсэн юм. Жаахан сууж ууцгааж байгаад нэг хартал /шөнө 00 цаг өнгөрч байсан байх/ С.К М.Н 2 барилцаад авчихсан зодолдсон. Би салгах гээд дийлэхгүй татаж байхад дүү Таня голоор нь орж салгасан. Тэгээд ширээний 2 талд сууж байхад М.Нээс С.К очиж уучлалт гуйхад чи миний нүүр амыг маажлаа, нүд рүү цохилоо чамайг уучлахгүй гээд түлхсэн. Тэгээд сууж байтал М.Н С.Кйг доромжлоод эцэг эхээр нь оролдоод байтал С.К уурлаад маргахад М.Н сэнжтэй шаазан аяга аваад чулуудахад С.Кйн толгойд чихний дээд талд хуйханд нь онож янзлаад цус гарч бид боож өгсөн. Толгойноос нь цус гараад байсан болохоор түргэн дуудаад С.Кг авч явсан. Би огт уугаагүй эрүүл байсан болохоор бүгдийг харж байсан. Манай нөхөр Төмөрбаатар, Гантулга нар согтуу тасраад майханд унтаж байсан болохоор юу ч мэдэхгүй. Хүргэн Жумахаан согтуу байсан ч хажууд сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №527 дугаар :

            “1. С.Кйн биед зүүн чамархайд шарх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн *******-36 дугаар хуудас/, 

           

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч М.Н нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Ктай маргалдан улмаар түүний толгой руу архины шилээр цохисны улмаас биед зүүн чамархайд шарх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ажлаасаа тараад ирсэн чинь манай базууд голын эрэг дээр цугласан байсан. Хохирогч манай хамгийн бага баз тэгээд бид хэд ууцгаагаад байж байтал маргаан үүсэж зодоон болсон” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч С.К шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг босоод ир гэхээр боссон чинь намайг түлхэхээр нь би босож ирээд яагаад байгаа юм бэ ахаа гэсэн чинь намайг дэгээдэж унагаад боогоод амьсгаа давчдаад биеэ хамгаалах гээд нүүр рүү нь маажсан юм уу гар ороод нүүр рүү нь хүрсэн. Тэрнээс хойш түргэн дуудахад М.Нийн эхнэр ч тоогоогүй. М.Н өөрөө намайг сууж байхад шил шидсэн юм уу нэг юм ороод ирсэн тэгээд М.Н зугтчихсан” гэх мэдүүлэг,

 

             Гэрч Е.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Орой бүрэнхий болох үед манай дүү Кенжегүлийн нөхөр С.К манай нөхөр М.Н 2 согтуу хоорондоо юм яриад байж байснаа гэнэтхэн барилцаж аваад М.Нийг дэгээдэж унагаад газар зууралдахад хүргэн Е.Ж бид нар салгасан. Тэгээд нэг хэсэг гайгүй болж зүгээр сууж байгаад дахиад маргалдаж С.К манай нөхрийг эр хүн шиг үзчихье гээд барилцаж аваад М.Нийг С.К дахиж унагаад нүүр рүү нь цохиод маажаад мөн бид салгасан. Тэгээд С.К унт гэхэд унтахгүй суугаад хэрүүл өдөөд байхаар нь М.Н С.К руу аяга аваад шидэхэд толгойны зүүн хажууд нь оноод хагалчихсан юм. Толгойноос нь цус гараад байхаар нь би арчиж боож өгсөн” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Е.Кагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Жаахан сууж ууцгааж байгаад нэг хартал С.К М.Н хоёр барилцаад авчихсан зодолдсон. Би салгах гээд дийлэхгүй татаж байхад дүү Таня голоор нь орж салгасан. Тэгээд ширээний 2 талд сууж байхад М.Нээс С.К очиж уучлалт гуйхад “чи миний нүүр амыг маажлаа, нүд рүү цохилоо чамайг уучлахгүй” гээд түлхсэн. Тэгээд сууж байтал М.Н С.Кйг доромжлоод эцэг эхээр нь оролдоод байтал С.К уурлаад маргахад М.Н сэнжтэй шаазан аяга аваад чулуудахад С.Кйн толгойд чихний дээд талд хуйханд нь онож цус гарч бид боож өгсөн” гэх мэдүүлэг,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №527 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

Хохирогч С.Кгийн эрүүл мэндэд учирсан “зүүн чамархайд шарх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл” нь архины шилээр толгой руу нь цохих, шидэх үед үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.Н нь хохирогч С.Кгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Н нь дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч С.К нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “бид сайн дураараа эвлэрч одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж бичгээр хүсэлт гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт “эрүүл мэндэд учирсан хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилж, мөн толгойн зураг авахуулах шаардлагатай байна” гэж мэдүүлсэн. Хохирогч С.К нь эмчилгээ хийлгэсэн, эм тариа худалдан авсан талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, 3.000.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хохирлоо баримтаар нэхэмжилбэл нөхөн төлөхөө илэрхийлсэн ба хохирогч С.К нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гэм буруутай этгээдээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал /дээд боловсролтой, онцгой байдлын албанд нийт 11 жил тасралтгүй ажиллаж байгаа/ зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.К нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Э.ЭНХЖАРГАЛ