Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 256

 

Г.Г-д холбогдох

          эрүүгийн хэргийн тухай                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Алтансүх,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гын гаргасан давж заалдах гомдлоор Г.Г-д холбогдох эрүүгийн 1706023370251 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Ганболдын Г.Г, 1995 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант төв гудамжны 1-2 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 887 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 40 дүгээр захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 7 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД: МТ95021915/.

Г.Г нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Оргилын 1-6 тоотод оршин суух Ц.Ганшагайн монгол гэрийн ханыг эвдлэн орж, Самсунг брендийн 36 инчийн өнгөт зурагтыг хулгайлж, 256.000 төгрөгийн хохирол, мөн иргэн М.Бямбадуламын байшингийн цонхоор нэвтрэн орж, зургийн аппарат болон бусад үнэ бүхий зүйлүүдийг хулгайлан авч, 221.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Ганболдын Г.Гыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Гыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Гаас 65.000 /жаран таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Ганшагай/РД: ЙР95031911/-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Г.Г миний бие дээрх хэргийг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээж, хохирогчид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хаана ч байсан заавал хохирлыг төлөхөө одоо ч илэрхийлсээр байгаа. Ар гэрт минь санхүүгийн боломж муу байгаа. Би эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт амьдардаг бөгөөд зөвхөн эх минь ажил хийдэг. Аав минь бие муутай, дүү минь оюутан гэх зэрэг бэрхшээлтэй байгаа билээ. Иймд ар гэр болон дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоон, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан хэргийг минь хөнгөрүүлж өгч тус болно уу. Мөн надад Хан-Уул дүүрэг дээр анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан бөгөөд уг хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх боломжийг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Г нь урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан. Энэ удаад 2 хэрэг үйлдсэн гэх байдлаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Г.Г нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул ял хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон хувийн байдлыг нь харгалзан шүүх дараах байдлаар ял хөнгөрүүлж болно” гэжээ. Г.Гын хувийн байдлын хувьд урьд хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан тул ял хөнгөрүүлэх боломжгүй болохыг шүүх шийтгэх тогтоолдоо дурдаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байна. Хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх гомдлын тухайд, Г.Г нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шалгагдаад цагдан хоригдсон байсан. Энэ хугацаанд Баянзүрх дүүрэгт үйлдсэн хэрэг нь шалгагдаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 2 дахь  хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” талаар, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж болно” гэж тус тус заасан. Иймд Г.Ганболдод холбогдох хэргийг тус тусад нь шийдвэрлээд ялыг нь нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Г.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Г.Гыг яллагдагчаар цагдан хорих тухай” /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, “Яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай” /хавтаст хэргийн 56, 57, 122-123 дугаар дугаар хуудас/ захирамжуудаас үзэхэд Г.Г нь өөр гэмт хэрэгт цагдан хоригдсон байна.

Шүүгдэгч Г.Г нь “өөр гэмт хэрэгт холбогдож, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гээд үйлдсэн хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх” талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй.

Г.Гын холбогдсон эрүүгийн 1710006260153, 1706023370251 дугаартай хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд ялуудыг нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Г.Г-д оногдуулах ялуудыг нэгтгэхэд энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилжээ.

Харин тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулалгүй орхигдуулжээ.

Энэ тохиолдолд тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэг хүний үйлдсэн хэргийн үйлдэл бүрт тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлж, хэд хэдэн шийтгэх тогтоол гаргасан нөхцөлд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй болно.

            Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.