Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:127/2018/0014/3 

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Дэлгэрхаан сумын Засаг даргад холбогдох

            Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 тоот тогтоол болон Дэлгэрхаан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Гэрээ хэлцэл, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Э-, хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б-, хамтран хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А-, гуравдагч этгээд О.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны газар нутгийн зарим хэсгийг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч хилийн цэсийг баталсан.

Энэхүү улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтыг 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 тоот Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа өөрийн чиг үүргийн хүрээнд уг тогтоолын хавсралтаар батлагдсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмын дагуу гүйцэтгэж байна.

Түүнчлэн уг журмын 4.7-д зааснаар аймаг дундын отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах өвөлжөө, хаваржааны зөвшөөрлийг орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа олгодог.

Гэтэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 тоот тогтоол болон Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот захирамжаар иргэн Очир овогтой Батсүхэд аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг эзэмшүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 6.2, 18.1.2, 20.1.2, 23.2.4, 35.5, 33,4 дэх хэсгуүд, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.

Дээрх захирамжийг хүчингүй болгуулах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1424 тоот албан бичгийг Хэнтий аймгийн Засаг даргад хүргүүлсэн ба Хэнтий аймгийн Засаг дарга хуулийн хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч шийдвэрлээгүй байна. Улмаар тус захиргаанаас Дэлгэрхаан сумын Засаг даргад 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 153 тоот албан бичгийг хүргүүлсэн боловч Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хариуг ирүүлээгүй болно.

Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар нь Газрын тухай хууль болон Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох ашиглах журам, Газар зохион байгуулалт хийх журам зэргийг зөрчиж нэр бүхий иргэнд газар эзэмшүүлэх, ашиглах эрх олгосон хууль бус шийдвэрийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулахаар харьяаллын дагуу Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхэд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 тоот тогтоол болон Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот захирамжаар иргэн Очир овогтой Батсүхэд аялал жуулчлалын зориулалтаар 2 га газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 тоот тогтоолд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтыг баримталсан тул уг тогтоол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, илт хууль бус захиргааны акт болно.

Сумын Засаг даргын 2015 оны А/120 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, илт хууль бус захиргааны акт болно” гэв.

            Хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцээд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, хүснэгтийн 5 дугаарт байгаа, “Гурван түрүүний өвөр 20000 кв м” газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэж, энэ тухайгаа шүүхэд албан бичгээр мэдэгдсэн. Гэвч энэ талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гараагүй байгаа” гэв.

            Хамтран хариуцагч  Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтомжид улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлж болохгүй талаарх заалт байдгаас эзэмшүүлж болохгүй гэх заалт байхгүй. Тиймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан төлөвлөгөөний дагуу газрын дуудлага худалдааг зохион байгуулж, ялагч болсон О.Б-эд сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн юм.

            Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгохоор зарласан байдаг. Манай Дэлгэрхаан сумын газар нутгийн 50-иад хувийг отрын бүс нутаг, улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Манай сумын нутагт түүхэн газрууд нэлээд байдаг учраас цаашдаа аялал жуулчлалын бүсийн нэг хэсэг болж өргөжих байх. Мал аж ахуйгаа хөгжүүлэхээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ асуудал цаашдаа яригдах нэлээд том асуудлын нэг гэж би хувьдаа үзэж байна” гэв.

            Гуравдагч этгээд О.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн О.Б- би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2015.12.17-ны өдрийн А/120 дугаар захирамжаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг, “Ар цэнхэр усны урд арын дэвсэг” гэх газарт 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон.

2014 онд Хэнтий аймгийн Малчдын зөвлөлгөөнөөс орон нутгаа аялал жуулчлалын бүс болгох уриалга гаргасны дагуу би өөрийн орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санаа шулуудаж уг газрыг дуудлага худалдаагаар 1.380.000 төгрөгөөр худалдан авсан.

Би өөрийн мал төллүүлэх иж бүрэн цогцолбор, 1000 гаруй мал зэргийг зарж, мөн хүүхдүүдээсээ мөнгөний тусламж авч байж 200 гаруй сая төгрөгөөр энэхүү эзэмшлийн газартаа ресторан, амралтын 3 байр, агуулах, боловсон 00, харуулын байр, гүн өрмийн худаг, бүжгийн талбай, 9 гэр, дизель станц, нарны иж бүрэн зай хураагуур бүхий жуулчны бааз барьсан.

2018 оны 5 дугаар сард намайг аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас дуудаж дурдсан газрыг хуулийн дагуу эзэмшсэн эсэхийг магадлаад “таны газар эзэмших эрх хуулийн дагуу байна” гэсэн хариу өгсөн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны ажилтнууд жуулчны бааз, амралтын газарт маань удаа дараа ирж үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаад байсан учир би арга буюу 2018 оны 10 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, ажилчдаа тодорхойгүй хугацаагаар амрааж, цалин хөлсийг олгож чадахгүй байлгаж байна. Энэхүү байдлаас шалтгаалж ганц би бус манай амралт жуулчлалын газар ажилладаг хүмүүс ч давхар хохирч байна.

Нэхэмжлэгч байгууллагаас надад газар эзэмшүүлсэн шийдвэрийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний эрх ашгийг хохироох гэж байгаа үйлдэл байна.

Миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар нутгаас минь хөөхөөр завдаж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх” эрхийг минь зөрчиж, амьдарч буй орон нутгаас минь хууль бусаар шахан зайлуулж, холдуулах гэсэн зорилготой явуургүй, хууль бус оролдлого гэж үзэж эрс эсэргүүцэж байна. Газар эзэмших эрхийг минь хүчингүй болговол би насаараа цуглуулсан хөрөнгөөрөө барьсан жуулчны баазаа яах болж байна, биднийг орлогын эх үүсвэргүй болгочихвол би гэр орон, үр хүүхдээ юугаар тэжээх, бид яаж амьдрах болж байна вэ.

Миний газар эзэмших эрх хуулийн дагуу олгогдсон тул үүнд холбогдох шийдвэрийг хүчингүй болгох нь миний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг бөгөөд үүний учир миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь улсын тусгай хэрэгцээний газар- Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэр дэх Хэрлэнбаян- улааны аймаг дундын отрын бэлчээрт иргэнд аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлсэнтэй холбогдуулан, Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 тоот тогтоол болон Дэлгэрхаан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- нь шүүх хуралдаан дээр, сумын Хурлын 2014 оны 3 тоот тогтоолыг бүхэлд нь биш, уг тогтоолын  “2 дугаар хавсралтын хүснэгтийн 5 дахь хэсэг”-ийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн ба энэ нь гуравдагч этгээд О.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байсан тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлээгүй болно.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх байгууллага тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллага байна.

Энэхүү Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулсан ба уг захиргаа нь тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.

Ийнхүү нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь захиргааны байгууллага боловч нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой бөгөөд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1, 60.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тусгай хэрэгцээний газар-Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээрт газар эзэмшүүлсэн Дэлгэрхаан сумын Засаг даргын шийдвэрүүдийн талаар дээд шатны Засаг дарга-Хэнтий аймгийн Засаг даргад хандаж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар тус сумын 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, 2015 оны Газрын төлөвлөгөөг баталж, нийт 15 хавсралт бүхий 03 дугаар тогтоол гаргажээ.

Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталсан байна. Нэхэмжлэгч байгууллага нь энэхүү хавсралтын 5 дугаарт заасан, “Гурван түрүүний өвөр” хэмээх газарт аялал жуулчлалын зориулалтаар 20000 кв.м газрыг эзэмшүүлэхээр төлөвлөсөн нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- нь Захиргааны ерөнхий хуулийг баримталсан ба уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан, утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж тайлбарлаж байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна:

 Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий тогтоол нь 2014 оны 12 дугаар сард гарсан ба тухайн үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан тул уг хуулийг зөрчсөн гэх асуудал яригдахгүй. Харин тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” тухай заалт байсан. Хариуцагчийн 3 тоот тогтоолыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч нь тайлбарлахдаа, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг баримталсан нь утга агуулгын илэрхий алдаатай” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.  

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт зааснаар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх бүрэн эрхтэй ба хариуцагч Дэлгэрхаан сумын Хурал нь 03 тоот тогтоолдоо уг хуулийн заалтыг баримталсныг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхгүй.

 Харин улсын тусгай хэрэгцээний газар-аймаг дундын отрын бэлчээрийн нутагт хариуцагч Дэлгэрхаан сумын Хурал нь  аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөж, улмаар уг газрыг сумын Засаг даргын захирамжаар иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улааны нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг тогтоосон. Энэхүү тогтоолд заасан хилийн цэсийн дагуу Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрлалтай байна.

Хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар тус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэхдээ Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээрт хамаарах Гурван түрүүний өвөр хэмээх газарт 20000 кв м газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалтад нийцэхгүй байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт зааснаар, улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэх эрх хэмжээтэй байна.

Иймд, хариуцагчийн 2014 оны 03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дугаар заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар, захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага гаргасан гэж үзэж, тухайн акт илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзэв. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул уг захиргааны актыг хүчингүй болгох шаардлагагүй юм.

Мөн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.9 дэх хэсэгт заасны дагуу, ган, зуд болон байгалийн гамшиг тохиолдсон үед ашиглах зорилгоор  тодорхой газар нутгийг отрын нөөц нутгаар тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авдаг байхад хариуцагч нь уг газарт өөр зориулалтаар буюу аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар тогтоолын заалтыг үндэслэн, сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/97 дугаар захирамжаар Гурван түрүүний өвөр хэмээх газарт 20000 кв м газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, дуудлага худалдаанд ялагч болсон иргэн О.Б-эд уг газрыг сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамжаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Сумын Хурлын 2014 оны 03 дугаар тогтоолын холбогдох хэсгийг шүүх илт хууль бус болохыг тогтоосон тул уг тогтоолыг үндэслэн гарсан сумын Засаг даргын 2015 оны А/120 дугаар захирамж нь хууль бус шийдвэр болох тул уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Гуравдагч этгээд О.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд захиргааны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл уг асуудлыг жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь заалт илт хууль бус болохыг тогтоож, хамтран хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.БАЛЖМАА