Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 967

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Т.Туяа  даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00484 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Мөнххишигт холбогдох

 

Гэм хорын хохиролд 2 460 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Мягмарсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Төмөрцэцэг,

Хариуцагч: Ц.Мөнххишиг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Эрдэнэчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар саны 24-ний орой “Монопол” төвийн  караокед н.Мандахнаран, н.Энхтуяа, н.Мөнхсайхан нартай хамт дуулах зорилгоор орсон. Бид нар тус “Монопол” төвд  лангуу түрээсэлдэг бөгөөд ажил тарж байсан учир 1 цаг дуулчихаад гэртээ харих бодолтой орсон. Тухайн үед хариуцагч Ц.Мөнххишиг бид нарын орсон өрөөнд орж ирээд энд архи ууж болохгүй гэж хэлсэн. Бид нар архи уухгүй, караокед орж дуулна гэж хэлсэн. Удалгүй хариуцагч Ц.Мөнххишиг гаднаас маш их уур бухимдалтай ирээд чамтай би тооцоо бодохоор орж ирлээ гэж хэлээд миний нүүр, амыг маажаад, зодох гэж дайрсан, миний хөл гараас татаж, намайг сандалаас татаж унагах гэж байсан. Тэр үед гэрч н.Энхтуяа нь “хүүе чи чинь юу болж байна” гэж хэлэхэд нь түүний үснээс татаад унагаасан. Хариуцагч Ц.Мөнххишигийн уг үйлдлийн улмаас миний нүүрэнд гүн сорви тогтсон, баруун хацар, хамрын хажуу  хэсэг зэргийг хумсаараа урж сорвижуулсан тул би арга буюу “Гоо үзэсгэлэн” ХХК-ийн “Зууны эмэгтэй” гоо заслын эмнэлэгт 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 1 600 000 төгрөг, эмчилгээний тосны үнэ 210 000 төгрөг, эм, тосны үнэ 50 000 төгрөг болон шүүх, өмгөөллийн зардалд 600 000 төгрөг зэрэг нийт 2 460 000 төгрөгийг хариуцагч Ц.Мөнххишигээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

    Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Мягмарсүрэн бид нарын болсон хэргийн талаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн байцаагч н.Буянтогтох шалгаад Н.Мягмарсүрэнгийн биед гэмтэл учраагүй гэдэг үндэслэлээр гомдлыг хааж шийдвэрлэсэн. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр Н.Мягмарсүрэнгийн биед учирсан гэмтэл байхгүй, гэмтэл учраагүй, гэмтэл тогтоогдоогүй гэсэн байхад Н.Мягмарсүрэн 2 460 000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн нь ойлгомжгүй санагдаж байна. Иймд энэ хүний гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Н.Мягмарсүрэнгийн эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн цахим хуудас руу хандсан, мөн тус эмнэлгийн ажилтантай ярьж, эмчилгээний үнийн тарифын талаар асуухад 1см хумсны хөнгөн соривыг 22 000 төгрөгөөр эмчилдэг гэсэн. Хөнгөн хумсны гэмтлийг лазер эмчилгээнд дахин давтан ордоггүй, нэг удаа ороход бүрэн арилна гэж хэлсэн. Гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг өөр эмнэлэгүүдээс асуухад сорив арилгадаг тосыг 1 сар гаруй түрхээд бүрэн арилна гэж маш олон эмнэлэг хэлсэн. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хэт өндөр үнэтэй нэхэмжилж байна гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ц.Мөнххишигээс 210 000  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 310 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 6 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

                 Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Учир нь шүүх хэт нэг талын эрх ашгийг хамгаалж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн. Тодруулбал, миний бие 2 460 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх зөвхөн 210 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл миний нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол гаргуулах 2 460 000 төгрөгийн баримт хангалттай байхад шүүх үндэслэлгүйгээр тухайн баримтуудыг үнэлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын 2 250 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн нь хариуцагч Ц.Мөнххишигт холбогдуулан гэм хорын хохиролд 2 460 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5/541 дугаар хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ¹11869 тоот дүгнэлт, гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Ц.Мөнххишиг нь нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнгийн зүүн хөмсөгний гадна буланд 2х0.2см, баруун хацарт 2-03см, 1х0.2см, хамрын нуруунд 0.5х0.3 см улаан ягаан өнгийн зулгаралтын гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон, уг үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 8-15, 24 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Ц.Мөнххишигээс шаардах эрхтэй гэж зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… нүүрэнд үүссэн сорви арилгах тос 210 000 төгрөг, сорви арилгах лазер эмчилгээний төлбөр 1 600 000 төгрөг, толгойны эм 50 000 төгрөг, өмгөөлөгчид ажлын хөлс төлсөн 600 000 төгрөг, нийт 2 460 000 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсон боловч ийнхүү учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн нь “Зууны эмэгтэй” гоо заслын эмнэлэгт 1 600 000 төгрөгийн үнэтэй сорви арилгах лазер эмчилгээг 4 удаагийн давтамжтай хийлгэсэн гэх дээрх хэмжээний төлбөрийг нэхэмжилсэн байх боловч тэрээр өөрийн нүүрэнд үүссэн сорвийг зайлшгүй лазер эмчилгээ хийж эмчлэх шаардлагатай нотлох баримтыг хэрэгт цуглуулж өгөөгүй байна.

 

Хэрэгт “Зууны эмэгтэй” гоо заслын эмнэлгийн менежерээс гаргасан тодорхойлолт, 1 600 000 төгрөг төлсөн баримт авагдсан боловч эдгээрийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчийн толгойд гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэж, толгойны эм 50 000 төгрөгийн баримт цаг хугацааны хувьд тухайн үйл баримттай холбоотой гэж үзээгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн нь “Астра фарм” ХХК-иас 210 000 төгрөгөөр сорви арилгах тос худалдан авсан болох нь  зарлагын баримтуудаар тогтоогдсон, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас түүний нүүрэнд шарх, сорви тогтсон гэж үзээд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Нэхэмжлэгч өөрийн эдлэх эрхийг хэрхэн хэрэгжүүлэх нь түүний хүсэл зоригийн асуудал бөгөөд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, түүнд ажлын хөлс 600 000 төгрөг төлсөн гэх  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн зардал нь нэхэмжлэгчээс зайлшгүй гарах  хохирол төлбөрт хамаарахгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00484 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Т.ТУЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ